| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2022/02666/И |
| Дугаар | 102/ШШ2022/03395 |
| Огноо | 2022-10-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2022/03395
| 2022 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2022/03395 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороо тоотод оршин суух Б овогт М Г /РД: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 9 дүгээр хороо тоотод оршин суух Б овогт Б А /РД: /
Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч М.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Б.Аийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Б.Ад холбогдуулан гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1. Хариуцагч нь 2021 оны 8 дугаар сард эрлийз 50 хувийн цустай хүрэн халзан зүсмийн хязаалан гүүг 4,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохирч, гүүгээ авч явсан ба 2022 оны 3 дугаар сард 1,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөгийг шаардаж байна гэжээ.
2. Хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбар, нотлох баримт ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний лавлагаа, Х.Б гэх тайлбар /ХХ-3, 20 дугаар тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 8 дугаар сард хариуцагч нь нэхэмжлэгчээс эрлийз 50 хувийн цустай хүрэн халзан зүсмийн хязаалан гүүг 4,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, гүүгээ авч явсан ба 2022 оны 3 дугаар сард 1,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 3,000,000 төгрөгийг шаардаж байна.
3. Хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар, нотлох баримт ирүүлээгүй бөгөөд шүүхэд мэдүүлсэн утасны дугаараас 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны өмнө нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэхийг хүссэн агуулга бүхий зурвасыг шүүхэд ирүүлсэн байна.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон гэж үзэв.
2021 оны 8 дугаар сард хариуцагч нь нэхэмжлэгчээс эрлийз 50 хувийн цустай хүрэн халзан зүсмийн хязаалан гүүг 4,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохирч, гүүгээ хүлээн авсан ба 2022 оны 3 дугаар сард 1,000,000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тайлбарлажээ. Энэхүү нэхэмжлэлийг хариуцагч 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гардан авсан ба нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсэх талаар хариу тайлбар, нотлох баримт ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасан. Энэ үүргээ биелүүлээгүйн үр дагаврыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зохицуулсан. Иймд хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд амаар хийх хэлцэл хийгдсэн гэж үзнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл хуульд заавал бичгээр хийх хэлбэрийн шаардлага тавигдаагүй бол хэлцлийн гол нөхцөлийн талаар амаар хэлэлцэн тохирсон бол тухайн хэлцлийг хийсэн гэж үзнэ. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх, худалдан авагч нь хариу төлбөр төлөх үүрэг хүлээх бөгөөд энэ гэрээний дагуу шилжүүлэх эд хөрөнгө болон түүний үнийн талаар харилцан тохиролцоонд хүрсэн бол гол нөхцөлийг тохирсон гэж үздэг. Тухайн гэрээг бичгээр хийх талаар хуульд заагаагүй тул уг гэрээг амаар хийж болно. Талууд худалдах буюу шилжүүлэх эд хөрөнгө, түүний үнийн талаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон тул Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг гэрээний зүйл болох эд хөрөнгийг худалдан авагчийн буюу хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Мөн хариуцагч нь нэхэмжлэлийг гардаж авахдаа шүүхэд мэдүүлсэн * дугаарын утаснаас 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр /шүүх хуралдаанаас өмнө/ “иргэн н.Гийн 3 сая төгрөгийн нэхэмжлэлтэй хэргийг миний эзгүйгээр шийдэж өгнө үү, 3 сая төгрөгийг төлөх нь үнэн тул маргах зүйлгүй” гэсэн утга бүхий бичвэрийг /зурвас/ шүүхэд ирүүлсэнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б овогт Б Аээс 3,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б овогт М Гт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Гт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА