| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 2409000002011 |
| Дугаар | 2025/ШЦТ/1846 |
| Огноо | 2025-08-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Өнөбат |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1846
2025 07 29 2025/ШЦТ/1846
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Б.Өнөбат,
шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2409 00000 2011 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч тус өдөр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ........... суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Эко хөөс ХХК-нд борлуулагч ажилтай, ам бүл 3, эгч, дүү нарын хамт ........... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ......... гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******/.
Холбогдсон хэргийн талаар:
*******нь Ө.Стай /тусгаарласан/ урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр .......дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .........дансны хуулгыг хуурамчаар үйлдэн С.И-иас гар утас лизингээр худалдан авахдаа ашиглаж Samsung S21 загварын гар утсыг шилжүүлэн авч залилж 3,199,910 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэргээс талуудын хүсэлтээр дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Иргэн Х.Арлунгуагаас “С...........үйл ажиллагаа явуулдаг С.И-нд баримт бичиг хуурамчаар үйлдэж гар утас зээлээр авсан байна” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 17 цаг 46 минутад хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 54 дэх тал/,
Дамно ХХК-ий 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн СБ1-21-1009 дугаартай “Шинэ Samsung s 21 гар утас нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2,879,910 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-24 дэх тал/,
Хохирогч С.И-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч С...........“... Хаан болон .........дансны хуулгыг ..........гэж хүн хийдэг ба хүн болгоноос 100,000 төгрөгийн авч хуурамч бичиг баримт үйлддэг байдал тогтоогдсон. Манай байгууллага зээл гаргахдаа зээл хүсэгчийн сүүлийн 6 сарын дансны хуулга, иргэний үнэмлэхний хуулбар, зээл хүсэгчийн өргөдөл, оршин суугаа газрын тодорхойлолт, ажил хийдэг бол нийгмийн даатгалын хуулбар зэргийг бүрдүүлэн авдаг ... ........... нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр манай байгууллагаас Samsung s-21 загварын гар утсыг 2,879,000 төгрөгийн зээлээр авч залилсан. Манай байгууллагын зарсан гэх гар утасны үнэлгээ нь тухайн хэрэглэгчийн авсан зээлийн дүнтэй ижил байна” гэх мэдүүлэг /хх-ийн 60-62, 65-66 дахь тал/,
Б.С…… 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэрчээр өгсөн “… Би Нямжаргалыг 2017 оноос хойш танидаг болсон. Саяхан ………… төрийн албан хаагчийн анкет бөглөөд өгөөч гэж холбогдсон тэр үед ………. утас лизингдэж аваад тухайн утсаа зараад мөнгө аваад лизингийг ………. болон надтай хувааж төлье гэж ярилцаад би Н-с .........данс аваад хуурамчаар тухайн дансны хуулгыг гарган өгч Ня-ыг ……….. рүү оруулж өмнө хийсэн аргаараа би ченж авчран тухайн гар утсыг 1,800,000 төгрөг, тэгээд тэр мөнгөнөөс 300,000 төгрөг зээлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 дэх тал/,
С.И-ниас ******* авсан зээлтэй холбоотой материалууд, зээл хүсэгчийн анкет, иргэний үнэмлэхийн хуулбар, Хур системийн лавлагааны маягт, .................. тоот дансны хуулга /хх-ийн 81-86 дахь тал/,
Ө.Сыг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоол, тогтоол танилцуулсан баримт /хх-ийн 104-106 дахь тал/,
......... Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоол, тогтоол танилцуулсан баримт /хх-ийн 107-109 дэх тал/,
......... Нийслэлийн прокурорын газраас 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоол /хх-ийн 121-122 дахь тал/,
******* яллагдагчаар өгсөн “Миний танил Н гэх залуугаар дамжуулан ..........гэх хүнтэй танилцаж байсан, 4-5 жилийн өмнө найзууд байсан. 2021 оны 04 дүгээр сарын орчим би .........т хандан найзад нь гар утасны хэрэг байна чамд мөнгө байна уу гэж асуусан. Тэгэхэд ..........С.И-иас гар утсыг зээлээр авч болно гэж хэлсэн ... Тэгээд ..........над руу залгаад утас зээлээр авах асуудал чинь болчихлоо чи ........... ХХК-д хүрээд ир гэсний дагуу очиход ..........надад нэг бичиг өгөөд үүнийг үзүүлээд ороод зээлээ авчих гэж хэлсэн. Тэгээд би тухайн бичиг баримтыг С.И-ний ажилтанд үзүүлээд, миний үзүүлсэн материалыг авч үлдээд таньтай эргүүлэн холбогдье гэсэн. 2-3 хоногийн дараа таны хүссэн Samsung s21 загварын гар утасны зээлийг гаргаж өгөхөөр боллоо гэсэн. Үүний дагуу би тухайн газарт очин 160,000 төгрөгийн урьдчилгаа тушаагаад зээлийн гэрээ холбогдох бичиг баримт дээр гарын үсэг зурж …….. интернэшнлээс зээлээр Samsung s21 загварын гар утсыг өөртөө авсан. Тухайн гар утсыг би авч гараад .........ын хамт ярилцаж байгаад үл таних хүнд 1,500,000 төгрөгт зараад хуваан авсан. ..........надад .........дансны хуулга өгсөн. Би гар утас зээлээр аваад, үүнийг зарж мөнгө олох зорилготой хуурамч бичиг баримт ашиглан зээл авсан. Мөн ..........нь энийг ашиглачихаа ямарч асуудалгүй зээл гардаг гэж хэлсэн учраас зээл авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113 дахь тал/,
******* яллагдагчаар дахин өгсөн “Миний бие .........тай найз Номингоор дамжуулж 2018 онд танилцаж байсан, найз нөхдийн харилцаа холбоотой. 2021 оны 02 дугаар сарын үед мөнгөний хэрэгцээ гараад түрээсэлж байгаа орон сууцны төлбөр нэхэгдээд, ажилд орох санаатай .........тай фэйсбүүкээр холбогдсон, түүнтэй утсаар ярьж байхдаа мөнгө хэрэгтэй байгаа талаараа хэлж ярихад намайг 160,000 төгрөг олчих, ......... утас авах арга байна, авсан утсаа зараад тэнцүү хувааж авъяа, сар болгон төлөлтийг хувааж төлье гэж ярьсан. Ингээд 2021 оны 03 сард намайг Худалдаа хөгжлийн банкинд шинээр данс нээлгэчих, овог, нэр, регистрийн дугаар өгчих гэж гэсэн. Түүний саналыг зөвшөөрөөд өөрийн мэдээллийг өгч, .........данс нээлгэхээр Худалдаа Хөгжлийн банкинд дээр очиход урьд нь нээлгэсэн миний данс байсан. Тэр дансны дугаарыг .........т хэлж өгсөн. ..........миний нэр дээр Худалдаа Хөгжлийн дансны хуулгыг хуурамчаар хийж надад өгөөд намайг .........дээр очоод банкны хуулгын баримтаа өгөөд Самсунг эс 21 маркийн гар утсыг зээлээр авчих, ямар нэг сандрах зүйл байхгүй гээд би Сүхбаатарын талбайн баруун талд байрлах .........дэлгүүр дээр очиж байритаа өгөөд Самсунг эс 21 маркийн 2,800,000 төгрөгийн гар утас авахаар судлуулж, эргээд над руу ярина гэхээр би явсан. Маргааш өглөө нь над руу Сайн элекрониксоос ярьж байна, зээл чинь батлагдлаа гэхээр нь очиж зээлийн гэрээ байгуулж гар утсаа авсан. Гар утасаа авсныхаа дараа .........тай уулзаад ..........таньдаг ченж байгаа гэж дуудаад нэг эрэгтэй хүн ирсэн, тэр хүнийг таньж мэдэхгүй, урьд нь харж байгаагүй хүн ирээд 1,500,000 төгрөгөөр гар утсыг худалдаж аваад миний хаан банкны ......... дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн, мөнгө орж ирэнгүүт 750,000 төгрөгийг .........ын хэлсэн данс руу шилжүүлж өгсөн, мөнгө шилжүүлж өгснөөс хойш 2, 3 хоногийн дараа Сайн элекрониксоос залгаад луйвардуулсан байна ирж уулз гээд очиж уулзахад цагдаагийн байгууллагаар шалгуулна гэсэн. Энэ талаар .........т хэлэхэд надад тодорхой хариу хэлээгүй ... миний нэр дээр хуурамч бичилттэй .........дансны хуулга өгсөн хэрхэн хийсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113 дахь тал/,
Холбогдох хэргийг нэгтгэсэн, тусгаарласан тогтоолууд /хх-ийн 1-2, 102, 172-173,
******* иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 146 дахь тал/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 148 дахь тал/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144 дэх тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 150 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогчийн мэдүүлэг тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, яллах, өмгөөлөх талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.
Гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгч *******нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
*******нь Ө.Стай /тусгаарласан/ урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ........ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .........дансны хуулгыг хуурамчаар үйлдэн С.И-иас гар утас лизингээр худалдан авахдаа ашиглаж Samsung S21 загварын гар утсыг шилжүүлэн авч залилж 3,199,910 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч .........гийн мэдүүлэг, С.И-нд ******* гаргаж өгсөн гэх .........дансны хуулга, Ө.Сын гэрчээр, ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар хангалттай нотлогджээ.
Өмчлөгч, эзэмшигч нь хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд энэ эрхэд хууль бусаар халдаж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч байгаа шунахайн сэдэлтэй үйлдлээр залилан гэмт хэргийн шинж тодорхойлогддог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.
Шүүгдэгч ******* үйлдэл нь бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн С.И-ний өмчлөх, эзэмших эрхэд зохимол байдлыг зориудаар бий болгох аргаар халдан эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан байх, бодит хохирол учирсан байх зэрэг залилах гэмт хэргийн шинжийг хангажээ.
Зээл авахын тулд хуурамч баримт үйлдэж байгааг өөр тусдаа гэмт хэргийн шинж агуулаагүй залилах гэмт хэрэг үйлдэх арга нь болсон гэж дүгнэсэн болно.
*******нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хийгдсэн үйлдэл гэж үзэх ба түүний үйлдлийн улмаас хохирогчид бодит хохирол учирсан, уг үйлдэл, хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож гүйцэтгэгчээр хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Нэг талаас амар хялбар аргаар мөнгө олох санаа сэдэл, нөгөө талаас нөхцөл байдлыг нягтлан шалгадаггүй, хайнга хариуцлагагүй харилцаа хандлага зэрэг нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болжээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч С.И-нд 3,199,910 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон ба нөхөн төлөгдөөгүй тул уг хохирлыг *******, Ө.С нар хувь тэнцүүлэн хариуцуулах нь зүйтэй гэж үзэв.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ******* 1,599,955 төгрөг гаргуулж хохирогч С.И-нд олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгчийн зүгээс дээрх саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд ******* үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд дээрх хуулийн үйлчлэлд хамаарах боловч тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ хуулийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт багтсан, нөгөөтэйгүүр *******нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөөгүй тул түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох эсхүл ялаас өршөөн хэлтрүүлэх зэргээр Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх боломжгүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
******* хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын цогц бөгөөд энэ нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрдэг.
......... мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдэл, холбогдсон хэргийн зүйлчлэл, уг гэмт хэргийн улмаас учрах хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагавар зэргийг хүлээн зөвшөөрч оролцсон гэж үзнэ.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол, хор уршиг учирсан, хохирол төлөөгүй гэх шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан
******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдвэл зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *******нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож гүйцэтгэгчээр хамтран оролцож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ******* 1,599,955 /нэг сая таван зуун ерэн есөн мянга есөн зуун тавин тав/ төгрөг гаргуулж хохирогч С.И-нд олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *******нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ******* авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц дээрх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсонд тооцож, энэ талаар Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ