Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/58

 

 

 

 

 

Д.Гт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал хянан шийдвэрлэсэн, 2021 оны 02 сарын 04-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолтой Д.Гт холбогдох 2134000000009 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 03 сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Д.Г нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Баянголын эх гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Бүрэн Майнин” ХХК-ийн гүйцээн баяжуулах цехийн туслах ажилтнаар ажиллаж байхдаа 2020 оны 12 сарын 07-ны өдөр тус баяжуулах цехээс 16,87 грамм алтыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг үйлдэж, “Бүрдэл Майнинг” ХХК-д 2.871.328.6588 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 04-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Махранз овогт Дашдоржийн Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Махранз овогт Дашдоржийн Гыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар 2021 оны 02 сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, 36 дугаартай шийтгэх тогтоол гаргасан бөгөөд уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ...6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана" гэсэн хуулийн заалтыг зөрчиж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 04-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан" гэснийг "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан" гэж өөрчлөлт оруулуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд гаргасан дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж оролцож байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Гт холбогдох эрүүгийн 2134000000009 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.Г нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Баянголын эх гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Бүрэн Майнинг” ХХК-ийн гүйцээн баяжуулах цехийн туслах ажилтнаар ажиллаж байхдаа 2020 оны 12 сарын 07-ны өдөр тус баяжуулах цехээс 16,87 грамм алтыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг үйлдэж, “Бүрдэл Майнинг” ХХК-д 2.871.328.6588 төгрөгийн хохирол санааттай учруулсан болох нь:   

Гэрч Ж. Мөнхжаргал /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, Б.Очирхуяг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, С.Цэдэнбал /хх-ийн 24-25 хуудас/, А.Сайханбилэг /хх-ийн 26-27 хуудас/, Д.Дархи /хх-ийн 32-33 хуудас/ нарын мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Гын яллагдагч /хх-ийн 90-92 хуудас/, гэрчээр мэдүүлсэн /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Дээд шатны прокурорын гаргасан “анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 04-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Прокурорын шатанд яллагдагч Д.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ /хх-ийн 133-р хуудас/. Яллагдагч Д.Гын хүсэлтийг прокурор М.Гансувд хүлээн авч, “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай“ 2021 оны 02 сарын 04-ний өдрийн 05 дугаартай прокурорын тогтоол гаргажээ /хх-ийн 135-р хуудас/.

Прокурор яллагдагч Д.Гыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг яллагдагч Д.Гт танилцуулж, уг саналыг яллагдагч Д.Г хүлээн зөвшөөрсөн тул 2021 оны 02 сарын 04-ний өдрийн 24 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг зөрчсөн, прокурорын саналын хүрээнд шийдвэр гаргаагүй байна. 

Иймд дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч хууль хэрэглээний алдааг зөвтгөж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв  аймаг  дахь  сум  дундын  Эрүүгийн  хэргийн  анхан  шатны шүүхийн

2021 оны 02 сарын 04-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Махранз овогт Дашдоржийн Гыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэснийг “2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Махранз овогт Дашдоржийн Гыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг хангаж шийдвэрлэснийг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

 

 

                   ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАА

 

 

                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ