Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 202

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0216/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа, 
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201709000355 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, 1975 оны 12 дугаар сарын 5-ны өдөр *** төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “*** жолооч ажилтай, Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч ***оршин суудаг, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:
-2011 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2013 онд шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 22 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан.
       
Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны орой *** тоотод согтуугаар гэрийн хаалгыг дотроос нь цоожлоод онгойлгохгүй байсан гэх шалтгаанаар иргэн Ч***ын толгойг төмрөөр цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны орой Дархан-Уул аймгийн    
*** тоотод согтуугаар гэрийн хаалгыг дотроос нь цоожлоод онгойлгохгүй байсан гэх шалтгаанаар иргэн Ч***ын толгойг төмрөөр цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

    -Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 6 дугаар сарын 14-нд би хоёр найзтайгаа эгчийн нэр дээр байдаг байшинд хоносон юм. Маргааш нь буюу 2017 оны 6 дугаар сарын 15-нд хоёр найзыгаа тэр байранд нь орхиод шинэ Дарханд ирчихсэн явж байхад тэр хоёр араас утасдаад намайг ирэхдээ архи аваад ир гэхээр нь би архи аваад очтол тэд нар нэг шил архиа хуваагаад уугаад дуусгачихсан байсан. Би тэгээд гараад дахиад долоогийн буудал руу явж дахиж архи авч ирж ууцгаасан. Би тэгээд гадаа утсаар ярьж байхад орж гараад байх шиг байсан. Хамгийн сүүлд *** гараад орох шиг болсон. Би хаалгаа онгойлгох гэтэл хаалга гаднаасаа түгжээтэй байсан. Тэгээд би хаалгаа нүдээд, цонхоо нүдээд онгойлгохгүй болохоор нь цоожоо эвдэж орсон. Би эвдсэн цоожоо засаж байхад тэр хэд хоорондоо чи түгжсэн гээд маргаад байх шиг байсан. *** над дээр ирээд надад эд нар намайг цоожилсон гээд байх юм гэж хэлэхэд би барьж байсан төмрөөрөө цохисон. 
…Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоосоо уучлалт гуйсан.” гэх мэдүүлэг, 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-11/, 
-Хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 17-18/, 
-Эд мөрийн баримтаар  тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 19/,

-Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр танил дүү болох ***гийн төрсөн өдөр болоод *** өөрөө над руу залгаад “төрсөн өдрөө тэмдэглэж байна, хүрээд ирээч” гэж удаа дараа намайг дуудсан. Би амжихгүй гэж хэлсэн боловч байн байн утасдаад байхаар нь тосгонд байгаа газарт нь яваад очтол эзэнгүй айлд очсон. ***, ***бид 3 очсон тэр айл нь хүнгүй байсан. Бид 3 юм яриад архи уугаад сууж байтал хэсэг хугацааны дараа *** утсаар ярьж *** гэгчийг дуудсан ямар хүн юм бэ? гээд асуусан чинь энэ гэрийн эзэн гэж хэлсэн. *** гаднаас ирэхдээ хоол хүнсний зүйлс мах гурил, нэг шил архитай ирсэн. Бид 4 хэсэг ярьж суугаад гаднаас ***гийн найз болох нэг эмэгтэй бас нэг залуугийн хамт ирсэн.  Бид 6 яриад сууж байсан нилээн орой болсон сүүлд ирсэн найз эмэгтэй нь хамт ирсэн залуугийнхаа хамт гараад явсан. Их оройтсон байсан учир би ч тэндээ хэвтсэн. Тэгсэн хаалга нүдээд байх шиг байна гэж надад хүн хэлсэн. Би хаалгыг нь очиж тайлсан юм шиг байгаа юм, би тэрийгээ санахгүй байгаа юм. Тэгсэн гэнэт үгийн зөрөөгүй *** миний толгой руу цохьсон ба “хаалга үүдээ онгойлгоход яадаг юм, яасан удаан онгойлгодог” юм гэж хэлсэн. Тэгээд миний толгойноос цус гараад тогтохгүй байсан. Босч чадахгүй байсан бөгөөд өөрөө гараад явах гэхээр гарч явж чадахгүй байсан учир тэгж байгаад унтсан байсан.
…тухайн үед би нусны алчуураар өөрийнхөө толгойг дарсан. Маш их цус алдсан хэн ч түргэн тусламж дуудаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 21/, 

-Гэрч О***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр би найз ***гийн хамт *** гэх айлд очиж хоносон юм. Хоноод өглөө нь босож хоол унд хийж идээд тэгээд *** гараад явсан. Гэтэл ***ыг *** “айлд байна, завтай бол ганц юм аваад, хүрээд ир” гээд дуудсан. Нөгөөх нь “ажилтай байна, завтай болохоороо ярья” гээд тэгээд хаана байгаа газраа утсаар зааж байгаад ***ыг гарч тосож аваад буцаад нөгөө айлдаа ирсэн.
...унтаж байтал гэнэт *** дуугараад “та 3 хүний гэрт байж байж, хаалга үүд түгжээд байхдаа яадаг юм” гэж хэлээд ***ыг цохьчихсон. Юугаар цохисныг мэдэхгүй байна. Тэгсэн ***ын толгойны хажуу талаас цус гараад эхлэсэн. Би “чи хүний тархи толгой хагалчихлаа шүү дээ, яаж байгаа юм бэ?” гэсэн чинь *** “яадаг юм” гээд байсан. Би “эмнэлэг явъя” гэж хэлсэн чинь *** “зүгээр ээ, зүгээр байна, цус тогтчихно, зүгээр” гээд яваагүй. Би даавуугаар цусыг нь тогтоож, толгойг нь угаасан. Тэр үед *** хажууд байсан. ***ын цус нь тогтчихоор нь бид нар бөөндөө гараад буудалд орж ууя гээд гарсан. Тэгээд гэрэл борлуулахын хажууд нэг буудалд орсон тэндээ бид 4 ууж байтал манай нөхөр хүүхэд ирж авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 22/, 

-***ын биед тархи доргилт, зулайн шарх, зүүн бугалганы зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үед мөн гарын бугалганы цус хуралт зулгарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу гараар базах, хумсаар маажих үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 660 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 24/,      

-Хохирогч Ч***ад хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хэргийн 42, 60/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч*** нь ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн, эм тариа авч хэрэглэсэн талаар нотлох баримт ирүүлээгүй боловч шүүгдэгч *** нь хохирогчид нийт 430000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдсан /хэргийн 42, 60/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-11/, хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 17-18/, эд мөрийн баримтаар  тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 19/, гэрч О***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…*** дуугараад “та 3 хүний гэрт байж байж, хаалга үүд түгжээд байхдаа яадаг юм” гэж хэлээд ***ыг цохьчихсон.” гэх мэдүүлэг /хэргийн 22/, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 660 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 24/, хохирогч Ч***ад хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хэргийн 42, 60/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байгаа тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *** нь 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2013 онд шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 22 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан боловч хорих ядлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаа дууссан байна. 

Шүүгдэгч *** нь шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүний ар гэрийн амьдрал, эдийн засгийн нөхцлийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй,  хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр гадсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***ад анхааруулсугай. 
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр гадсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ