Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 125/ШШ2023/0005

 

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ

БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам би

Нэхэмжлэгч: Б.Б 

Хариуцагч: Ховд аймгийн ............ хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн ................ хэлтсийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2023 оны 2 дугаар сараас хойшхи цалин гаргуулах, мөн хугацаанаас хойшхи эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2023 оны 02 сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Б  би 2014 оны 04 дүгээр сарын 16-нд анх ажилд орж улмаар 2014 оны 07 дугаар сарын 11-нд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж Ховд аймгийн .....сумын .............. байцаагчаар томилогдон ажиллаж байсан юм.

Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Гэтэл 2022 оны 12 сарын 22-ны өдөр гэмт хэрэг зөрчилд холбогдох үед гэмт хэрэг хийсэн гэм буруутай мэтээр хүмүүсийн дам ярианд итгэж надад ажлаас чөлөөлсөн тухайгаа мэдэгдэхгүйгээр 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 тоот Ховд аймгийн ................ хэлтсийн дарга Н.Б  нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-т зааснаар үндэслэлээр чөлөөлсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-т Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, терел саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт "Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй" гэж заасныг тус тус зөрчиж миний бие болох Б.Б-ыг ажлаас үндэслэлгүйгээр халсан.

Иймд Ховд аймгийн ............ хэлтсийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2023 оны 2 дугаар сараас хойшхи цалин гаргуулж, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн .......... хэлтсийн дарга Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн ........... сумын харьяат Б.Б-ыг нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

....... сумын ........ байцаагч Б.Б нь 2022 оны 12 сарын 20-оос эхлэн хэлтсийн удирдлага болон сум орон нутагтаа асуудлаа хэлж танилцуулж чөлөө зөвшөөрөл авахгүйгээр олон хоногийн ажил тасалж төрийн ажлыг цалгардуулж, иргэд, даатгуулагчдад хүндрэл бэрхшээл учруулах болсон тул арга буюу 2023 оны 1 дүгээр сарын 10-аас эхлэн шүүхээр хувийн асуудлаа шийдвэрлүүлэх хүртлэх хугацаанд түр чөлөөлсөн тушаал гаргасан.

Энэхүү тушаалтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Б.Б-ны 01 дүгээр сарын үндсэн цалинг бүтэн олгосон бөгөөд 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгож байна. Б.Б нь 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орсон байх шаардлагатай гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд “Ховд аймгийн ......... хэлтсийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2023 оны 2 дугаар сараас хойшхи цалин гаргуулах, мөн хугацаанаас хойшхи эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ховд аймгийн ................... хэлтсээс ирүүлсэн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 89 тоот албан бичигт “...Б.Б-ыг хувийн асуудлаа шийдвэрлүүлэх хүртлэх хугацаанд түр чөлөөлсөн тушаал гаргасан. Энэхүү тушаалтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны  ашиг сонирхол хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу тус хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч Б.Б-ны Ховд аймгийн ................ хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ховд аймгийн ................. хэлтсийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2023 оны 2 дугаар сараас хойшхи цалин гаргуулах, мөн хугацаанаас хойшхи эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                               Г.ЯНЖИНДУЛАМ