Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/03316

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/03316

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг * тоотод оршин суух Б овогт Н М /РД:  /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг * тоотод оршин суух С овогт Нямдашийн Б /РД:  /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг * тоотод оршин суух Б овогт Мы М /РД:  /

 

Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, орон сууцны ногдох хэсэгт 46,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Н.М, хариуцагч М.М, Н.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Хонгорзул

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Н.Б, М.М нарт холбогдуулан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, уг орон сууцнаас ногдох хэсэг 46,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Хариуцагч Н.Бтай таарамжгүй харилцааны улмаас захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэж, түүний нэр дээр байсан * улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг надад шилжүүлэх, бид хоёр орон сууцны ногдох хэсгээ охин М.Мд шилжүүлэхээр тохиролцож, 2020 оны 6 дугаар сарын 29-ны өдөр захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан.

 

1.2. Дараа нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүрэг * тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй 42 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өөрт ногдох хэсгийг охин М.Мд бэлэглэсэн.

 

1.3. Хариуцагч нар автомашин шилжүүлэх тохиролцоогоо биелүүлээгүй бусдад худалдсан. Мөн орон сууцыг шилжүүлэн авснаас хойш гэртээ оруулахгүй байх, гэрээсээ хөөх, охин М.М нь утсаа авахгүй зугтаах, ээжтэйгээ үгсэн тохиролцож гомдоож байна. Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн үндэслэлээр 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээ”-г хүчингүй болгож, орон сууцнаас ногдох хэсэгт 46,000,000 төгрөг шаардаж байна гэжээ. 

 

2. Хариуцагч Н.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Бид 2007 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2001 онд охин М.Мийг төрүүлсэн. Н.Мы удаа дараагийн гэр бүлээс гадуурх харилцаа болон таарамжгүй харилцааны улмаас гэрлэлтээ цуцлуулахаар тохирч, ямар нэг маргаангүйгээр захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэсэн.

 

2.2. Иймд бид дундын эд хөрөнгөө жагсааж, хуваарилалт хийсэн бөгөөд охин М.Мийн ирээдүйг бодолцож бид хоёр орон сууцнаас ногдох хэсгээ М.Мд шилжүүлэхээр тохирч, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр орон сууц шилжүүлэх баримт үйлдэж, захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан. Энэхүү тохиролцооны дагуу 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, орон сууцыг 100 хувь М.Мийн өмчлөлд шилжүүлсэн.

 

2.3. М.Мийн нэр дээр бүртгэлтэй байсан автомашиныг 11,500,000 төгрөгөөр худалдаж, үүнээс 7,000,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагын зээлийн өрөнд өгч, үлдсэн 4,500,000 төгрөг болон зуслангийн газраа Н.М авсан.    

 

2.4. *улсын дугаартай приус-30 маркийн автомашиныг би цалингийн зээлээр авсан тул надад үлдэж, зээлийг би үргэлжлүүлэн төлөхөөр тохирсон. Гэвч 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Н.М нь бусдад хүнд гэмтэл учруулсаны улмаас хохирол төлөх зорилгоор дээрх автомашиныг худалдаж, үүнээс 6,000,000 төгрөгийг хохирлын төлбөрт өгсөн.

 

2.5. Н.Мыг цагдан хоригдож байх хугацаанд охин нь очиж уулзсан, түүнд гэрийн түлхүүр байдаг тул дуртай үедээ орж, гарч байсан, приус-30 маркийн автомашиныг Н.Мд шилжүүлэхээр тохироогүй, олон жил би зээл төлж байгаа учраас машинаа авч үлдэж, зээлийг үргэлжлүүлэн төлөхөөр болсон, уг автомашиныг Н.Мы хохирлыг төлөх зорилгоор худалдсан, бид хоёрын хувьд Н.Мыг гомдоох үйлдэл хийгээгүй гэжээ.    

 

3. Хариуцагч М.М нэхэмжлэлийг дараах үндэслэлээр татгалзсан байна.

 

3.1. Аав, ээж хоёр маань гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэж, орон сууцаа надад өгөхөөр болсныг би хүлээн зөвшөөрсөн. Миний хувьд ааваасаа зугтаасан үйлдэл гаргаагүй, аавд гэрийн түлхүүр байдаг учраас дуртай үедээ ирж, хамт амьдарч байсан, ковидын халдвар авсан үед нь ээж, бид хоёр эм, тариа, хоол ундаар асарч, эдгээж байсан, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр аавын гаргасан зохисгүй үйлдлээс бол намрын шалгалтандаа орж чадаагүй бөгөөд энэ нь хавар сургуулиа төгсөх байсан миний хувьд хүнд цохилт болсон. Гэвч энэ талаар аавдаа гомдоллож байгаагүй, аавыгаа гомдоосон үйлдэл гаргаагүй гэжээ.    

 

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, байнга оршин суугаа хаягийг лавлагаа, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээ, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа,  зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.  /ХХ-ийн 5-11 дугаар тал/

 

5. Хариуцагчаас  дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхийн гэрээ, тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээ, “Мобиком” ХХК-ийн хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,  их сургуулийн оюутны дүнгийн хуудас, Хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны дансны хуулга /ХХ-ийн 24-35, 41-46, 85-87, 91-92 дугаар тал/

 

6. Хариуцагчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: * арлын дугаартай, тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний талаарх лавлагаа /ХХ-ийн 53-54 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Н.Бтай 2007 оны 5 сард гэрлэлтээ батлуулсан, 2001 онд охин М.М төрсөн. Бид 2020 оноос таарамжгүй харилцаатай болсны улмаас харилцан ярилцаж, захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулах болсон. Ингээд бид хэл амгүй салахаар шийдэж, байраа охиндоо шилжүүлэх, *улсын дугаартай приус-30 маркийн автомашиныг надад шилжүүлэхээр тохирч, орон сууцаа бэлэглэлийн гэрээгээр охин М.Мийн нэр дээр шилжүүлсэн. Харин тохиролцсоны дагуу автомашиныг шилжүүлээгүй, намайг цагдан хоригдож байх хугацаанд худалдсан, байрыг шилжүүлж авснаас хойш гэрээсээ хөөх, охин М.М нь утсаа авахгүй зугтаах, ээжтэйгээ үгсэн тохиролцож гомдоож байна. Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, орон сууцны ногдох хэсэгт 46,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.  

 

3. Хариуцагч Н.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Н.М нь удаа дараа гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, бидний хооронд таарамжгүй харилцаа үүсч, 2020 онд гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулахаар шийдвэрлэсэн. 2011 онд гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг үл маргах журмаар охин, бид 2 авах байсан ч энэ гэрээний журмыг баримтлалгүй, эд хөрөнгөө хуваасан. Ингээд бид хоёр орон сууцны ногдох хэсгээ үл маргах журмаар охин М.Мд шилжүүлэхээр тохиролцож, энэ тухай баримт үйлдэн нотариатчаар гэрчлүүлж, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан. Энэ тохиролцооны дагуу 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, орон сууцаа М.Мийн нэр дээр шилжүүлсэн. Биднийг гэрлэлтээ цуцлуулах үед орон сууц-1, автомашин-2, зуслангийн газар-1, цалингийн болон банк бус санхүүгийн байгууллагын зээл нийт 17,000,000 төгрөгийн өртэй байсан. М.Мийн нэр дээр байсан автомашиныг 2020 оны  10 дугаар сард 11,500,000 төгрөгөөр зарж, үүнээс 7,000,000 төгрөгийг банк бусын зээлд төлж, 4,500,000 төгрөгийг, зуслангийн газрын хамт Н.М авсан, миний нэрээр цалингийн зээлээр авсан приус-30 маркийн автомашин надад үлдэж, зээлийг үргэлжлүүлэн би төлөхөөр тохиролцсон. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Н.М нь миний найз гэх Э.З-г хүнд гэмтээж, энэ хүний хохирлыг төлөх зорилгоор приус-30 маркийн автомашиныг зарж, үүнээс 6,000,000 төгрөгийг хохиролд өгсөн. Иймд бид Н.Мыг гомдоосон асуудал байхгүй, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй гэжээ.

 

4. Хариуцагч М.М нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан байна. Үүнд: Аав, ээж хоёр маань гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэж, орон сууцаа надад өгөхөөр болсныг би хүлээн зөвшөөрсөн. Миний хувьд ааваасаа зугтаасан үйлдэл гаргаагүй, аавд гэрийн түлхүүр байдаг учраас дуртай үедээ ирж, хамт амьдарч байсан, ковидын халдвар авсан үед нь ээж, бид хоёр эм, тариа, хоол ундаар асарч, эдгээж байсан, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр аавын гаргасан зохисгүй үйлдлээс бол намрын шалгалтандаа орж чадаагүй бөгөөд энэ нь хавар сургуулиа төгсөх байсан миний хувьд хүнд цохилт болсон. Гэвч энэ талаар аавдаа гомдоллож байгаагүй, аавыгаа гомдоосон үйлдэл гаргаагүй.     

 

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Н.М, Н.Б нар нь гэр бүл болсноо 2007 оны 5 дугаар сарын 07-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, 2001 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр охин М.Мийг төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаагаар тогтоогдож байна. /ХХ-ийн 26, 42 дугаар тал/

 

Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт гаргана”, мөн хуулийн 13.2 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар нь энэ хуулийн 13.1-д заасан хүсэлтийг хянан үзэж 30 хоногийн дотор гэрлэлтийг цуцалж болно” гэж заасан. Энэ журмаар буюу захиргааны журмаар гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулж, энэ талаарх бүртгэлийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрлэлт дуусгавар болсон үйл баримт тогтоогдов. /ХХ-ийн 8 дугаар тал/

 

Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх худалдах, худалдан авах гэрээгээр Н.Мы өмчлөлд 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр, хамтран өмчлөгч өөрчлөгдөх хэлцлээр 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Н.М, М.М нарын өмчлөлд бүртгэгджээ. Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах ба энэ асуудлаар зохигч маргаагүй. /ХХ-ийн 10, 11 дүгээр тал/  

 

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээ”-гээр Н.М нь маргаж буй орон сууцны өөрт ногдох хэсгийг охин М.Мд шилжүүлж, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр орон сууц М.Мийн өмчлөх эрхэд бүртгэгдсэн байна. Уг гэрээг байгуулах болсон үндэслэлээ нэхэмжлэгч “Н.Бтай ямар нэг хэл амгүйгээр салахаар ярилцаж, дундын эд хөрөнгө болох приус-30 маркийн автомашиныг надад шилжүүлэх, харин орон сууцаа охиныхоо нэр дээр шилжүүлэхээр тохиролцсоны дагуу орон сууцны өмчлөх эрхээ шилжүүлсэн” гэжээ. Энэхүү тохиролцооны дагуу приус-30 маркийн автомашиныг Н.Б шилжүүлээгүй, цагдан хоригдож байх хугацаанд худалдан борлуулсан, мөн охин М.М нь утсаа авахгүй зугтаадаг, гэртээ оруулахгүй, гэрээсээ хөөх, ээжтэйгээ үгсэн тохиролцож гомдоож байгаа үндэслэлээр 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, уг гэрээний зүйл болох орон сууцнаас ногдох хэсэгт хариуцагч нараас 46,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагыг хариуцагч Н.Б эс зөвшөөрч “бид харилцан тохиролцож захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд ингэхдээ ганц охиныхоо ирээдүйг бодолцож бид хоёр орон сууцны ногдох хэсгээ охиндоо шилжүүлэхээр тохиролцож, энэ тухай баримтыг 2020 оны 6 сард үйлдэж гэрлэлтээ цуцлуулсан ба 2020 оны 10 дугаар сард бэлэглэлийн гэрээ хийж өмчлөх эрхийг шилжүүлсэн, зуслангийнхаа газрыг Н.М авсан, мөн охины нэр дээр байсан автомашиныг 2020 оны 10 дугаар сард зарж 7,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт өгч, үлдсэн 4,500,000 төгрөгийг Н.М авсан, приус-30 маркийн автомашиныг цалингийн зээлээр авсан тул энэ машин надад үлдэж, зээлийг би төлөхөөр болсон”, хариуцагч М.М “аав, ээж гэрлэлтээ цуцлуулахдаа орон сууцаа надад өгөх, зуслангийн газраа аав авах, цалингийн зээлээр авсан приус-30 маркийн автомашиныг ээж авахаар тохирч, надад орон сууцаа өгөхөөр болсныг хүлээн зөвшөөрч, бэлэглэлийн гэрээ байгуулж нотариатчаар баталгаажуулсан” гэж татгалзлаа тайлбарлажээ. Талуудын тайлбараас дүгнэвэл приус-30 маркийн автомашин болон орон сууцнаас бусад хөрөнгийг хуваан авсан асуудлаар маргаагүй байна. Иймд гэрлэгчид орон сууцнаас ногдох хэсгээ охиндоо бэлэглэсэн эсэх, эд хөрөнгөө гэр бүлийн гишүүдэд хуваасан эсэх эсвэл орон сууцнаас нэхэмжлэгчид ногдох хэсэгт тооцож приус-30 маркийн автомашиныг өгөхөөр тохиролцсон эсэхийг тогтоох нь талуудын маргааныг шийдвэрлэхэд хамааралтай байна.

 

Н.М, Н.Б нар гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулахдаа орон сууцны ногдох хэсгээ охин М.Мд шилжүүлэхээр тохиролцож, энэ талаарх тохиролцоог 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр бичгээр хийж, нотариатчаар гэрчлүүлжээ. Энэхүү тохиролцоог үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээ”-гээр орон сууцны өмчлөх эрхийг М.Мд шилжүүлсэн байх ба Н.М нь зуслангийн зориулалттай газар болон автомашин худалдан борлуулсан орлогоос хүлээн авсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдов. Талуудын тайлбараас үзвэл гэрлэлт цуцлагдаж байгаагийн улмаас эд хөрөнгөө хуваах шаардлага үүссэн байх ба орон сууцнаас ногдох хэсгийг сайн дураар, үнэ төлбөргүй шилжүүлэх хүсэл зоригийг талуудын хэн аль нь илэрхийлээгүй байна. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэж заасан. Бэлэглэлийн гэрээ нь бэлэглэгчийн бэлэг өгөх, бэлэг хүлээн авагчийн бэлэг авахыг зөвшөөрсөн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдах ба бэлэглэгч нь бэлэг өгөх үүрэг хүлээж, харин бэлэг хүлээн авагчид хариу төлбөр төлөх үүрэг үүсдэггүй. Өөрөөр хэлбэл бэлэглэгч нь аливаа хөрөнгийг сайн дураар, үнэ төлбөргүй шилжүүлэх санал гаргасныг нөгөө тал буюу бэлэг хүлээн авагч зөвшөөрсөн байх шаардлагатай. Харин хөрөнгө шилжүүлсний хариуд нөгөө тал нь ямар нэг үйлдэл, эс үйлдэл хийх үүрэг хүлээсэн тохиолдолд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Иймд гэрлэгчид хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүйгээс гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсгийг тодорхойлж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хуваасан гэж үзэхээр байна. Энэ нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт “Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно” гэж заасанд нийцнэ.  

  

Харин хэрэгт авагдсан баримтуудаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох *улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг гэрлэгчдийг гэрлэлт цуцлах үедээ нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно. Гэрлэлтээ цуцлуулсны дараа тухайн автомашиныг Н.Мы холбогдсон гэмт хэргийн хохирлыг төлөх зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр худалдан борлуулж, үүнээс 6,000,000 төгрөгийг хохиролд төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.2 дахь хэсэгт зааснаар талууд гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд болон гэрлэлтээ цуцлуулсны дараа харилцан тохиролцож гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваасан болох нь тогтоогдож байх тул орон сууцны ногдох хэсэгт 46,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н Б, Мы М нарт холбогдох 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, Баянгол дүүрэг * тоотод байршилтай, 42м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй орон сууцнаас ногдох хэсэгт 46,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н Мы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.      

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461,484 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА