Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/03325

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2022/03325

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо тоотод оршин суух Б овогт Д О /РД:  

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо  тоотод оршин суух Б овогт Ж О /РД:  /

 

Зээл болон алдангид 14,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа

 

Хариуцагч Ж.О шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн ба хүсэлтэд заасан үндэслэл тогтоогдоогүй тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Ж.От холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Хариуагч Ж.Отай 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан гэрээгээр 10,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай зээлүүлсэн. Уг гэрээний дагуу хариуцагчид 10,000,000 төгрөг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн.

 

1.2. 2019 оны 11, 12 сард хариуцагчийн шилжүүлсэн 5,300,000 төгрөгөөс зээлийн хүүд 3,000,000 төгрөгийг тооцсон ба үүнээс өөр төлбөр хариуцагч төлөөгүй, дансаар орж ирсэн бусад мөнгийг зээлийн гэрээний үүрэгт тооцох үндэслэлгүй, өөр гэрээний үүрэгтэй холбоотой. Иймд хариуцагчаас зээлийн үндсэн үүрэг 10,000,000 төгрөг, алдангид 5,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөг гаргуулна гэжээ.  

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Эхнэр Д.Г болон найз С.Нийн Хаан банкны дансаар шилжүүлсэн бүх мөнгийг зээлийн гэрээний үүрэгт тооцож, бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: иргэний үнэмлэхний хуулбар, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, Д.Э Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга  /ХХ-3-6 дугаар тал/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: С.Нийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга  /ХХ-79-80 дугаар тал/

 

5. Шүүх хариуцагчийн хүсэлтээр “Хаан банк” ХХК-иас Д.Ггийн дансны хуулгыг авч нотлох баримт бүрдүүлсэн байна. /ХХ-ийн 33-75 дугаар тал/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээгээр хариуцагчид 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагчийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр зээлийн үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөг шаардсан ба шүүх хуралдааны явцад 1,000,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 14,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Зээлийг ашигласан 3 сарын хүү 3,000,000 төгрөгийг хариуцагчийг төлсөн гэж үзсэн байна.  

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Эхнэр Д.Г болон найз С.Нийн Хаан банкны дансаар нэхэмжлэгчид шилжүүлсэн бүх мөнгийг зээлийн үүрэгт тооцож бүрэн төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээгээр хариуцагч Ж.О нь нэхэмжлэгч Д.Оээс 10,000,000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй, 3 сарын хугацаанд зээлэхээр тохиролцжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан. Иймд хариуцагч нь зээл болон зээлийг ашигласан хугацааны хүү нийт 13,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна. 

 

 Дээрх гэрээний дагуу хариуцагч 10,000,000 төгрөг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, энэ асуудлаар зохигч маргаагүй, харин хариуцагч нь 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд эхнэр Д.Г, найз С.Н нарын данснаас шилжүүлсэн мөнгийг зээлийн гэрээний үүрэгт тооцож, үүргийг дуусгавар болгосон гэж маргав.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгчийн дүү Д.Энхжаргалын дансаар хүлээн авахаар талууд тохирсон нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт нийцсэн байна. Тухайн дансанд 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “өмгөөлөгч” гэсэн утгаар 500,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “өмгөөлөгч” гэсэн утгаар 500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “хоол” гэсэн утгаар 15,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “О” гэсэн утгаар 2,000,000 төгрөг, мөн өдөр “отгонбаатар” гэсэн утгаар 1,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “ажил” гэсэн утгаар 20,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “О” гэсэн утгаар 3,300,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр “omg gyals” гэсэн утгаар 150,000 төгрөг нийт 7,485,000 төгрөгийг Д.Г, С.Н нарын данснаас шилжүүлсэн үйл баримт тогтоогдов. Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаанаас гадна хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний харилцаатай холбоотой маргаан байгаа болох нь тэдний тайлбараар тогтоогдсон ба тухайн гэрээний үүргээ нэхэмжлэгчийг биелүүлээгүй үндэслэлээр түүнд шилжүүлсэн бүх мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт тооцно гэж хариуцагч маргасан. Харин нэхэмжлэгч нь хариуцагчийн шилжүүлсэн 7,485,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг зээлийн хүүд тооцно, үлдсэн нь өөр гэрээний үүрэгтэй холбоотой гэжээ.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл талууд анх тохиролцсон үүргээс өөр үүрэг хүлээлгэн өгч үүргийн харилцааг дуусгавар болгохоор тохиролцож болно. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээлгэн өгөхөөс өмнө үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай. Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчид мөнгөн хөрөнгө шилжүүлэхэд түүнийг зээлийн гэрээний үүрэгт тооцохыг нэхэмжлэгч зөвшөөрсөн байх нь хуульд нийцнэ. Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагчийн шилжүүлсэн 7,485,000 төгрөгийг бүхэлд нь зээлийн гэрээний үүрэгт тооцохоор талууд тохиролцсон, нэхэмжлэгч зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр С.Нийн данснаас шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн аваагүй гэж маргасны улмаас хариуцагч нь С.Ноос гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг хангасан ба шүүх хуралдаанд хариуцагч, гэрч нар хүрэлцэн ирээгүй. Мөн хариуцагч нь гэрчийг шүүхэд хүрэлцэн ирж гэрчийн мэдүүлэг өгөхгүй болохыг шүүхэд мэдэгдсэн, С.Нийн данснаас шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт тооцохыг нэхэмжлэгч зөвшөөрсөн байна. Иймд С.Ноос гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа явагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.   

 

Иймд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Д.Г данснаас “О” гэсэн утгаар шилжүүлсэн 2,000,000 төгрөг, мөн өдөр С.Н данснаас “отгонбаатар” гэсэн утгаар шилжүүлсэн 1,000,000 төгрөг нийт 3,000,000 төгрөгийг 3 сарын зээлийн хүүд тооцох үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Д.Ггийн данснаас “О” гэсэн утгаар шилжүүлсэн 3,300,000 төгрөгийг өөр гэрээний үүрэгтэй холбоотой болохыг баримтаар нотлоогүй тул тухайн мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт тооцох нь зүйтэй. Харин бусад утгаар шилжүүлсэн 1,185,000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх зорилготой байсан, зээлийн гэрээний үүрэгт тооцохыг нэхэмжлэгч зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно. Иймд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 6,700,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.   

 

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх ба хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсэгт заасан бөгөөд мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж тодорхойлсон. Иймд алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага бөгөөд уг хариуцлагыг талууд харилцан тохиролцож, бичгээр баталгаажуулсан тохиолдолд хүлээнэ. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги шаардах эрхтэй байна. Алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх багасгаж болох тул хариуцагчийн гэрээний үндсэн үүргээ биелүүлж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж 1,675,000 төгрөг /алданги 3,350,000 төгрөгийн тал/ гаргуулахаар шийдвэрлэв. Иймд хариуцагчаас зээлийн үндсэн үүрэгт 6,700,000 төгрөг, алданги 1,675,000 төгрөг нийт 8,375,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 5,625,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б овогт Ж Оаас 8,375,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б овогт Д Од олгож, нэхэмжлэлээс 5,625,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 төгрөгөөс 232,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 65,000 төгрөг, хариуцагч Ж.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 148,950 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА