Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2022/03829

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2022/03829

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо тоотод оршин суух Б овогт Ө Ц /РД:  /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 20 дугаар хороо тоот “А И” НҮТББ /РД:  /

 

16,566,713 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Ө.Ц

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ү.Дд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ө.Ц нь хариуцагч “А И” НҮТББ-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг, алданги, гарсан зардалд 16,894,313 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 16,566,713 төгрөг болгон багасгасан байна. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

 

1.1. Хариуцагчтай 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Ажлын байр түрээслүүлэх гэрээ”-г бичгээр байгуулж, Сүхбаатар дүүрэг 5 давхар *-1,2,3,4,5 /501, 502, 503, 504, 505/ тоот хаягт байршилтай оффисын зориулалттай хөрөнгийг сарын 4,000,000 төгрөгөөр түрээслэсэн. Энэхүү гэрээний төлбөрт 8,000,000 төгрөг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна. 

 

1.2. Дээрх төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр тохирсон ба тухай өдөр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээнд зааснаар 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд алданги тооцож 6,707,600 төгрөг шаардаж байна.

 

1.3. Хариуцагч нь 501 болон 502 тоотын өрөөг нийтийн эзэмшлийн талбайгаас шилэн хаалтаар тусгаарласан бөгөөд уг хаалтыг хагалж, шилийг солиогүйгээс нэхэмжлэгчээс засварын зардалд 267,313 төгрөг гарсан.

 

1.4. Хариуцагч нь оффисийн байрыг чөлөөлж өгөхдөө зарим тавилга, эд хөрөнгүүдээ үлдээхээр болсон бөгөөд хадгалалтын зардлыг нэг хоногийн 10,000 төгрөгөөр тохирсон, 164 хоногийн зардал 1,640,000 төгрөгийг гаргуулна.

 

1.5. Хариуцагчаас төлбөрөө шаардах болон хаягийг олж тогтоох зорилгоор шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргасан, үүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөхөд гарсан зардалд 99,400 төгрөг шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 501, 502 тоотын өрөөг түрээслэж үйл ажиллагаа явуулсан ба эдгээр өрөөний түрээсийн төлбөрт нийт 23,300,000 төгрөг төлөхөөс 24,700,000 төгрөг төлж 1,400,000 төгрөг илүү төлсөн. Үүнийг коридор тусгаарласан 7 сарын төлбөр гэж нэхэмжилснийг тооцож шилжүүлсэн.

 

2.2. 503, 504, 505 тоот өрөөнүүдэд гоо сайхны эмнэлэг ажиллуулахыг нэхэмжлэгч зөвшөөрсний дагуу засварын ажил эхэлсэн боловч цэвэр, бохирын шугам татах боломжгүй болсон, ингээд 2021 оны 2 сард цагаан сарын амралтын дараа 503, 504, 505 тоот өрөөг хүлээлгэн өгсөн, эдгээр өрөөнд үйл ажиллагаа огт явуулаагүй тул өрөөнүүдийг ашиглаагүй хугацааны төлбөр төлөх үндэслэлгүй.

 

2.3. Нэхэмжлэгч нь өрөөгөө хүлээн авахдаа тавилга, эд хөрөнгүүдийг барьцаалан авч үлдсэн. Иймд шүүхийн шийдвэргүй барьцаалагдсан эд хөрөнгөө авч, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлтэй ба ямар нэг өр авлага үүсгээгүй, гэрээний үүргээ биелүүлсэн гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ажлын байр түрээслүүлэх гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 20/9 дугаартай байр, нийтийн эзэмшил талбайг бүрэн бүтэн хүлээлгэн өгөх болон хүлээн авах акт, Ү.Дгийн иргэний үнэмлэхний хуулбар, Сүхбаатар дүүргийн 6, 7 дугаар хорооны тодорхойлолт, Ө.Цгээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/00430 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны тодорхойлолт, Ө.Цгээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2022/02394 дугаартай захирамж, Ө.Цгээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/00854 дугаартай шийдвэр, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн албан тоот, “Дашваанжил” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 22/385 дугаартай албан тоот, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 22/147 дугаартай түрээсийн гэрээ, Ү.Дгийн 2020 оны 5 дугаар саырн 12-ны өдрийн баталгаа гаргах тухай бичиг, “А И” НҮТББ-ын түрээслэгчид баталгаа гаргах тухай бичгүүд, “А И” НҮТББ-ын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолт, “А И” НҮТББ-ын 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн тайлбар, “А И” НҮТББ-ын 10 дугаар сарын 27-ны өдрийн гараар бичсэн баримт, “Скайтел” ХХК-ийн тодорхойлолт, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн мэдэгдэл, шуудангийн байгууллагын тэмдэглэл, гэрэл зургууд, “Пи си молл” ХХК-ийн тодорхойлолт, зарлагын баримтууд, мөнгөний тасалбарууд /ХХ-5, 7-43, 53-63 дугаар тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Ажлын байр түрээслүүлэх гэрээ”-ний дагуу түрээсийн төлбөрт 8,000,000 төгрөг төлөх, 164 хоногийн алданги 6,707,600 төгрөг, оффисийн байранд үлдээсэн эд хөрөнгийн хадгалалтын хөлс 1,640,000 төгрөг, шилэн хаалтны засварын зардал 267,313 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотлох баримт гаргаж өгөхтэй холбоотой гарсан зардалд 99,400 төгрөг нийт 16,566,713 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: 503, 504, 505 тоот өрөөнүүдэд гоо сайхны эмнэлэг ажиллуулахыг нэхэмжлэгч зөвшөөрсний дагуу засварын ажил эхэлсэн боловч цэвэр, бохирын шугам татах боломжгүй болсон, ингээд 2021 оны 2 сард цагаан сарын амралтын дараа 503, 504, 505 тоот өрөөг хүлээлгэн өгсөн, эдгээр өрөөнд үйл ажиллагаа огт явуулаагүй тул өрөөнүүдийг ашиглаагүй хугацааны төлбөр төлөх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь тавилгуудыг барьцаалан авч үлдсэн тул хадгалалтын зардал төлөх үндэслэлгүй, ямар нэг өр авлага үүсгээгүй, гэрээний үүргээ биелүүлсэн гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

4.1. Талуудын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Ажлын байр түрээслүүлэх гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр “А И” ТББ нь Сүхбаатар дүүрэг * 5 давхарт байршилтай ажлын байрны зориулалт бүхий *-ийн 1,2,3,4,5 тоот өрөөг коридорын хамт 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаагаар ашиглах, сарын төлбөр 4,000,000 төгрөг, төлбөрийг сарын бүрийн 01-ний өдөр урьдчилан төлөх үүрэг хүлээжээ. Энэхүү гэрээний агуулга, шинж, нөхцөл, талуудын хүлээсэн эрх, үүргээс дүгнэвэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээг байгуулсан асуудлаар болон хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй. /ХХ-ийн 7-13 дугаар тал/

 

4.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ “хариуцагчтай 1 тоотын өрөөг 900,000 төгрөг, 2 тоотын өрөөг 700,000 төгрөгөөр түрээслэхээр анх тохирсон бөгөөд дараа нь 3 тоотын өрөөг 700,000 төгрөг, 4 тоотын өрөөг 600,000 төгрөг, 5 тоотын өрөөг 900,000 төгрөг, 1 тоотын өрөөний коридорыг ашиглахаар болсон тул коридорын түрээс 200,000 төгрөг гэж тохирч, нийт түрээсийн төлбөрийг сарын 4,000,000 төгрөг байхаар тогтоож, энэ гэрээг бичгээр байгуулахдаа 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөр огноолсон. 1 тоотын өрөөг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, 2 тоотын өрөөг 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 3 тоот өрөөг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр, 4 тоот өрөөг 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр, 5 тоотын өрөөг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түрээслэсэн бөгөөд эдгээр өрөөг хүлээлгэж өгсний дараа 1 болон 2 тоотын өрөөний коридорыг шилэн хаалгаар тусгаарлаж ашиглахаар болж төлбөрийг 400,000 төгрөг байхаар тохирч 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл түрээслэсэн. Энэ хугацааны нийт түрээсийн төлбөрт 32,880,000 төгрөг төлөхөөс 24,700,000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй” гэж тайлбарласан байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

 

а/ 1 тоотын түрээсийн төлбөр 13,140,000 төгрөг, 2 тоотын төлбөр 9,200,000 төгрөг, 1 тоотын коридорын түрээс 310,200 төгрөг, 1 болон 2 тоотын коридорын түрээс 3,192,000 төгрөг нийт 25,842,000 төгрөг төлөхөөс 24,700,000 төгрөг төлж, үлдэгдэл 1,142,000 төгрөг байна. 3 тоотын түрээс 2,875,000 төгрөг, 4 тоотын түрээс 1,440,000 төгрөг, 5 тоотын түрээс 3,210,000 төгрөг нийт 7,525,000 төгрөг болж байгаа бөгөөд түрээсийн нийт төлбөрт 8,667,000 төгрөг төлөхөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчтай тохиролцож түрээсийн үлдэгдэл төлбөрийг 8,000,000 төгрөг гэж тогтоосон.  

 

б/ Түрээсийн төлбөр 8,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр тохирсон ба үүнээс хойш нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 164 хоногийн алданги 6,560,000 төгрөг

 

в/ Хариуцагч нь 1 болон 2 тоотын өрөөг коридорын хамт нийтийн эзэмшлийн хэсгээс шилэн хаалгаар тусгаарласан ба энэ хаалганы шилийг засварлуулсан зардал 267,313 төгрөг

 

г/ Хариуцагчийн үлдээсэн тавилгыг өдрийн 10,000 төгрөгөөр хадгалахаар тохирсон ба 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 164 хоногийн хадгалалтын хөлс 1,640,000 төгрөг

 

д/ Шүүхэд нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардал 99,400 төгрөг нийт 16,566,713 төгрөг шаардаж, нэхэмжлэлийн шаардлагаа 327,600 төгрөгөөр багасгажээ. 

 

4.3. Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч “2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 501, 502 тоот өрөөнүүдийг түрээслэж үйл ажиллагаа явуулсан, 501 тоотыг 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, 502 тоотыг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн, коридор тусгаарласан түрээсийн төлбөрт 7 сарын хугацаанд 1,400,000 төгрөг төлж нийт төлбөр 24,700,000 төгрөгийг төлсөн,  503, 504, 505 тоот өрөөнүүдэд гоо сайхны эмнэлэг ажиллуулахыг нэхэмжлэгч зөвшөөрсний дагуу засварын ажил эхэлсэн боловч цэвэр, бохирын шугам татах боломжгүй болсон, ингээд 2021 оны 2 сард цагаан сарын амралтын дараа 503, 504, 505 тоот өрөөг хүлээлгэн өгсөн, эдгээр өрөөнд үйл ажиллагаа огт явуулаагүй тул өрөөнүүдийг ашиглаагүй хугацааны төлбөр төлөх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь тавилгуудыг барьцаалан авч үлдсэн тул хадгалалтын зардал төлөх үндэслэлгүй, ямар нэг өр авлага үүсгээгүй, гэрээний үүргээ биелүүлсэн” гэсэн тайлбарыг гаргажээ. 

 

4.4. Талуудын тайлбараар түрээсийн төлбөрт 24,700,000 төгрөг төлөгдсөн, 501 тоот өрөөг 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгснөөр гэрээ дуусгавар болсон, хариуцагчийн зарим эд хөрөнгө нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа болох нь тогтоогдож байх ба энэ үйл баримтад зохигч маргаагүй байна. Харин талуудын маргааны зүйл нь 503, 504, 505 тоот өрөөнүүдэд түрээсийн төлбөр төлөх эсэх, хариуцагчийн зарим эд хөрөнгийг түрээсийн төлбөр төлөгдөх хүртэл хадгалахаар тохирсон эсэх, хадгалалтын зардал төлөх эсэх асуудлаар маргаантай байх бөгөөд хариуцагч нь 501 болон 502 тоотын өрөөг коридорын хамт нийтийн эзэмшлийн хэсгээс тусгаарласан шилэн хаалганы засварын зардал болон шүүхэд нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардлын талаарх нэхэмжлэлд тайлбар гаргаагүй байна.   

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлтэйгээ холбогдуулан хариуцагчийн бичгээр гаргасан 10 удаагийн баталгаа /төлөгдөөгүй түрээсийн төлбөрийг төлөх талаар/, нэхэмжлэгчийн эзэмшилд үлдээж буй хөрөнгийн жагсаалт, хэвлэлийн болон нотариатын үйлчилгээний баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч нь тайлбартайгаа холбогдуулан ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн баталгааны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн баримтад “түрээсийн төлбөр 9,965,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 9-22-ны хугацаанд төлж барагдуулах, заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэхийг зогсоож, түрээслүүлэгчид тавилга, эд хэрэгслүүдийг барьцаа болгон хүлээлгэн өгч төлбөрийг барагдуулж дуустал эд хөрөнгийг оффисийн байранд бүрэн бүтэн хадгалж хамгаалсан хоног тутмын төлбөрийг 10,000 төгрөгөөр тооцож төлөх, коридорын хаалгыг авч урьд байсан нөхцөл байдалд оруулах эсвэл шиллэж аюулгүй байдалд оруулах”, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн баримтад “түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7,530,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны дотор төлж, оффисийн талбайг чөлөөлж өгөхөө энэхүү мэдэгдлээр түрээслүүлэгч талд өгч байна. Түрээсийн төлбөр хоцроосон хүү алдангид нийт 470,000 төгрөг буюу төлөлт нийт 8,000,000 төгрөгөөр баталгаа гаргав”, 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн баримтад “2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр АБ центрийн 5 давхарын 501-1 тоот өрөөг хүлээлгэн өглөө. Ковидтой үеийн түрээсийн төлбөрийн өр авлага үүсгэж зарим эд хогшлыг барьцаанд үлдээлээ” гэсэн мэдээллүүд авагдсан, баталгаа гаргагчийн гарын үсэг болон хуулийн этгээдийн тамга дарж баталгаажуулжээ. /ХХ-ийн 38, 41, 42 дугаар тал/

Дээрх баримтуудаар түрээсийн гэрээ цуцлагдах хүртэл хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7,530,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны дотор төлөх, коридор тусгаарласан хаалтны хагарсан шилийг солих, зарим тавилга, эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчид үлдээх, түрээсийн төлбөрийг төлөх хүртэл хугацаанд тавилга, эд хөрөнгүүдийн бүрэн бүтэн байдлыг хангах зардлыг хоног тутамд 10,000 төгрөгөөр тооцохоор талууд тохирсон болох нь тогтоогдсон гэж үзэв. Эдгээр баримт нь хариуцагч “А И” ТББ-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг, тухайн хуулийн этгээдийн тамгаар баталгаажсан, уг баримтуудыг үгүйсгэх ямар нэг нотлох баримтыг хариуцагчаас гаргаж өгөөгүй байх тул төлбөр төлөх баталгааны баримтуудыг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй байна. /ХХ-ийн 31-42 дугаар тал/

 

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иймд дээрх баталгааны баримтуудыг үндэслэн хариуцагчийг түрээсийн төлбөрт 7,530,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэв.

 

Хариуцагчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн баталгаагаар түрээсийн төлөгдөөгүй төлбөрийг 8,000,000 төгрөг гэж нэхэмжлэгч шаардсан боловч уг баримтаар төлөгдөөгүй түрээсийн төлбөрийг 7,530,000 төгрөг гэж тодорхойлж, түрээсийн төлбөр хоцроосны хүү, алдангид 470,000 төгрөг нийт төлөлт 8,000,000 төгрөг гэжээ. Хуульд зааснаар хүү, алданги нь өөр өөр ойлголтууд бөгөөд дээрх баримтаар 470,000 төгрөг юуны төлбөр болох нь тодорхойгүй байх тул түрээсийн төлбөрт тооцох үндэслэлгүй байна. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөгүй түрээсийн төлбөрийг 7,530,000 төгрөг гэж дүгнэсэн болно. /ХХ-ийн 41 дүгээр талын ар тал/ 

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт түрээслэгч нь өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэж заасан. Талуудын тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшил, ашиглалтад 503, 504, 505 тоот өрөөнүүдийг шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдсон, ийнхүү хүлээн авснаас хойш түрээслүүлэгч буюу нэхэмжлэгчийн буруутайгаас бусад шалтгаанаар хариуцагч эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж чадсан эсэхээс үл хамааран гэрээнд заасан хөлс төлөх үүрэгтэй. Дээрх өрөөнүүдийг нэхэмжлэгчийн буруугаас ашиглаж чадаагүй байдлаа хариуцагч баримтаар нотлоогүй, түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь баримтаар /төлбөр төлөх тухай хариуцагчийн гаргасан баталгаа/ тогтоогдсон. Иймд 503, 504, 505 тоот өрөөнүүдэд үйл ажиллагаа явуулаагүй нь төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлсэн гэсэн тайлбараа хариуцагч баримтаар нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.  

    

Хүлээсэн үүргээ хууль болон гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх ба хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсэгт заасан. Мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж тодорхойлсон. Иймд алданги нь гэрээний үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага бөгөөд уг хариуцлагын хэмжээг хуульд заасан хэмжээнээс хэтрүүлэлгүй тогтоосон, бичгээр баталгаажуулсан тохиолдолд шаардах эрх үүснэ. Талуудын түрээсийн гэрээний 7-гийн 1-д алдангийн талаар тохиролцсон, энэхүү тохиролцоо хуульд нийцсэн, хариуцагч түрээсийн төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна. Түрээсийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлөхөөр /төлбөр төлөх сүүлийн хугацаа/ тохиролцсон, уг хугацаанд төлөөгүй тул тухайн өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг 7,530,000 төгрөгийн 50 хувиар буюу 3,765,000 төгрөгөөр тогтоов.

 

Хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан баталгаагаар шилэн хаалтны хагарсан шилийг солих болохоо хүлээн зөвшөөрсөн, энэхүү үүргээ түүнийг биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгчээс гарсан зардалд 267,313 төгрөг шаардсан. Энэхүү шаардлагатай холбогдуулан хариуцагч тайлбар болон баримт гаргаж өгөөгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар шилэн хаалтны хагарсан шилийг солих үүрэгтэй болохоо хариуцагчийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтыг үндэслэн шилэн хаалтыг засварлахад гарсан зардалд 245,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаас 22,313 төгрөг нь шилэн хаалтыг засварлахад гарсан зардалд хамаарахгүй, мөн нэхэмжлэгчээс зардал гарсан гэж үзэх баримт биш байх тул засварын зардал 267,313 төгрөгийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй.   

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт “Газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу төлбөр шаардах эрхтэй байвал түрээсийн байранд байгаа хариуцагчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй. Өөрөөр хэлбэл саатуулан барих эрх нь түрээсийн гэрээний харилцаанаас үүсэх бүхий л эрхийг баталгаажуулах зорилготой бөгөөд тухайн гэрээний дагуу түрээслэгчийн эсрэг шаардлага гаргах эрхтэй байвал үүснэ. Иймд хариуцагчийн бичгээр гаргасан баталгаагаар түрээсийн төлбөр болон хохирол шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байх тул хариуцагч зөвшөөрсөн эсэхээс үл хамааран түрээсийн байранд буй хариуцагчийн эд хөрөнгийг нэхэмжлэгч саатуулан барих эрхтэй байна. Энэхүү эрх нь хуулийн дагуу үүсдэг үүргийн гүйцэтгэлийг хангах аргад хамаардаг ба тухайн эрхийг хэрэгжүүлэх арга журмыг барьцааны эрхийн зохицуулалтаар хангана. Иймд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.5 дахь хэсэгт “барьцааны зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авсан бол түүний бүрэн бүтэн байдлыг хангаж үүнтэй холбогдон гарсан зайлшгүй зардлаа барьцаалуулагчаас шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбоотой зардал шаардах эрхтэй байна. Энэхүү зардлыг нэхэмжлэгч нь хариуцагчтай тохиролцон тогтоосон хэмжээгээр тооцож, 1,640,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ. /ХХ-ийн 38 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримт гаргаж өгөх зорилгоор гарсан гэх нотариатын үйлчилгээний зардалд 64,400 төгрөг, баримт хэвлэх зардалд 35,000 төгрөг нийт 99,400 төгрөг шаардсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ нотлох баримтыг хуульд заасан шаардлага ханган гаргаж өгөх үүрэгтэй нь холбоотой зардал бөгөөд хариуцагчийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохиролд тооцогдохгүй. Иймд нэхэмжлэлээс 99,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.        

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас түрээсийн төлбөрт 7,530,000 төгрөг, алдангид 3,765,000 төгрөг, засварын зардалд 245,000 төгрөг, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбоотой зардалд 1,640,000 төгрөг нийт 13,180,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 3,386,713 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

4.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.3 дахь хэсэгт заасан журмаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирэх боломжгүй байдлаа шүүхэд мэдэгдээгүй, ямар нэг хүсэлт, нотлох баримт ирүүлээгүй. Иймд хариуцагчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журмаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбараа нотлох, тайлбартайгаа холбогдуулан хуульд заасан хугацаанд нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1, 157 дугаар зүйлийн 157.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А И” ТББ-аас 13,180,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө Цд олгож, нэхэмжлэлээс 3,386,713 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,422 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “А И” ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 223,850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Цд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Т.ГАНДИЙМАА