Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/02687

 

 

2022 оны 09 сарын 23 өдөр            Дугаар 183/ШШ2022/02687         Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Б  дүүрэг, 0 тоот хаягт оршин суух, Х овогт Г.М /РД: 00000000/-ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Х дүүрэг, 0 давхарт байрлах, Д  ХХК /РД:********/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах  тухай нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х

Хариуцагчийн өмгөөлөгч  Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Д ХХК-д  холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар  нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Г.М би 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Д ХХК-д засварчин албан тушаалд сарын 1 500 000 төгрөгний цалинтай, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд, байнгын ажлын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд Д ХХК-ийн захирлын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар ажилд жинхэлж цалинг 1 800 000 төгрөг болгож, дээрхи хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр захирлын Б-387 тушаалаар хөдөлмөрийн гэрээнд дахин нэмэлт өөрчлөлт оруулж цалинг 3 800 000 төгрөг болгож ээлжийн мастер болгон албан тушаал дэвшүүлсэн. Гэтэл 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Д ХХК-ийн захирлын Б-023 тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан байдаг.

Учир нь: 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр **** УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2 ширхэг тонголзуур, 2 ширхэг сорочканы амыг солиулахгүй намайг хувьдаа завшсан гэдэг үндэслэлээр ажлаас халсан бөгөөд уг байгууллагын 2021 оны 9 дүгээр сарын 04-ний 7 цагийн засварын бүртгэлийн хуудсанд намайг авсан гэх тоног төхөөрөмжүүдийг сольж өгсөн засварчин, хүлээн авсан жолоочийн гарын үсэгтэй баримт байдаг. Иймээс Д ХХК-ийн захирлын 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Б-023 тоот ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн орох, ажилгүй байх хугацааны цалингаа авах, ажилгүй байх хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэсэн.

Г.М нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Д ХХК-ийн захирлын 2021 Б-387 дугаар тушаалаар ээлжийн мастерын албан тушаалд 4 500 000 төгрөгийн цалинтай болсон бөгөөд 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халсан тул 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 7 сарын цалин 31 500 000 төгрөгийг гаргуулж, мөн дээрх саруудын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хйилгэж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х хариу тайлбартаа:

Г.М нь манай Д ХХК-д 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр засварчин албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс ээлжийн мастер албан тушаалд шилжин ажиллаж байсан. 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Г.М нь засварчингаар ажиллаж байх хугацаандаа (ээлжийн мастераар энэ өдрөөс хойш 18 хоногийн дараа томилогдсон буюу энэ өдөр ээлжийн мастераар ажиллах эрхгүй байсан) **** УАР дугаартай ачааны машинд 2 ширхэг тонголзуур, 2 ширхэг сорочканы амыг сольсон хэмээн хийгээгүй ажлаа хийсэн мэтээр бүртгэж, Засварын хуудас №4218 дээр ээлжийн мастерийн хяналт баталгаажуулалтын хэсэгт гарын үсэг зурж, хамтран ажиллагсадаа төөрөгдүүлэн, журам зөрчин удирдлагуудаараа хянуулахгүйгээр, сэлбэг солиж машиныг кэмпээс гаргаж эрх мэдлээ хэтрүүлсэн. Манай компанийн хувьд засварчин албан тушаалтай ажилтан нь “Засварын үйл ажиллагааны журам”-ыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаж ёстой байдаг. Засварын үйл ажиллагааны журмын 7.9.1 заалтын дагуу ээлжийн мастерын өгсөн тушаал болон засварын хуудсын дагуу засварын ажлыг хийж гүйцэтгэнэ...”, мөн 7.9.3 заалтын дагуу “...гарсан эвдрэл гэмтлийг чанартай засварлаж ээлжийн мастераар шалгуулна..."(зөвхөн засвар хийнэ, кэмпээс машин гаргах эрх байхгүй гэдгийг энэ хэсэгт заасан байна), мөн 7.9.5 заалтын дагуу “...хийгдсэн сэлбэг материалын бүртгэл мэдээллийг засварын ажпын хуудсанд тэмдэглэж, ээлжийн мастераар хянуулна .. "(удирдлагаар хянуулах ёстой гэдгийг журмын энэ хэсэгт заасан) гэж заасан. 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр засварын хэлтсийн дарга Б.С, ерөнхий шалгах инженер Ван Ян нараар хийгдсэн ажлыг хянуулж, Засварын хуудас №4218 дээр гарын үсэг зуруулах ёстой байсан ч, засварчин Г.М нь ээлжийн мастерын баталгаажуулалтын хэсэгт дангаараа гарын үсэг зурж, удирдлагууддаа мэдэгдэлгүйгээр, тэднээр санаатайгаар хянуулахгүйгээр, сэлбэг солигдоогүй машиныг кэмпээс гаргах үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлсэн байна. Шалгах механикч Н.Л-ийн бичсэн мэдүүлэгт “...би яагаад сэлбэг солигдоогүйг тодруулахад М би мэдэж байгаа гээд жолоочийг гаргаад явуулсан...” мөн уг сэлбэгийг гагнах үйл ажиллагааг 300 мин хийсэн гэж засварын хуудас №4218 бичигдсэн гагнуурчин Г.Б ирүүлсэн бичгэн мэдүүлэгт “...миний бие дээрх машинд засвар хийгээгүй...” гэсэн мэдүүлэгүүдээс үзэхэд засварын хуудас №4218 дээрх засварын ажил хийгдээгүй болох нь нотлогдох ба аливаа засвар үйлчилгээг бүрэн гүйцэд хийгээгүй сэлбэг хэрэгслийг кемпээс гаргах зөвшөөрөл олгосон нь засварчин Г. нь өөрт нь олгогдоогүй ээлжийн мастерын эрх мэдлийг хэрэгжүүлж, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гэж үзсэн бид юм. 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Г.М нь Засварчин албан тушаалтай байсан түүний үүргийг Засварын үйл ажиллагааны журмын 7.9.1, 7.9.3, 7.9.5 заалтанд тодорхой заасан бөгөөд амаар болон бичгээр кэмпээс машин гаргах зөвшөөрөл олгох эрх мэдэлгүй. Энэхүү үйлдлээрээ /сэлбэг хэрэгсэл солиогүй мөртлөө шаардах хуудсаар сэлбэгийг хүлээн авах, засвар үйлчилгээ хийхгүйгээр, сэлбэг хэрэгслийг кэмпээс гаргах/ компанийн ажилчид, эд хөрөнгө болон ачаа тээвэрлэлтийн явцад өндөр эрсдэл учруулж, өөрийн албан тушаалыг хэтрүүлэн хэрэглэж, хувийн ашиг сонжоо, санхүүгийн ашиг олох үүднээс энэ үйлдлийг гаргасан байна гэж дүгнэсэн. Эдгээр үйлдлээс харахад ажил олгогчийн зүгээс т цаашид итгэл хүлээлгэн ажиллуулах боломжгүй гэж үзэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан юм.

Ажил олгогчийн зүгээс компанийн хөрөнгө, эд материалыг хувьдаа завших болон завшихыг завдах, хууран мэхлэх, хувийн сахилга бат, ёс зүйгүй байх, эрх мэдлээ хэтрүүлэн аливаа эрсдлийг нэмэгдүүлэх явдлыг хэзээ ч дэмжихгүй бөгөөд бүх ажилчиддаа шударга ханддаг гэдгээ илэрхийлэхийг хүсч байна. Иргэн Г.ын 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан Д ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 2021/Б-023 тоот ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эргүүлэн орох, ажилгүй байх хугацааны цалингаа авах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал нөхөн төлүүлэх тухай гаргасан иргэний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг хүлээн авч хууль ёсны дагуу шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.

Нэхэмжлэгч Г.М-тай байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр цагийн 12 000 төгрөгийн цалинтай байхаар заасан бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл болон татвар шимтгэл суутгаагүй дүнгээр сард 1 440 000 төгрөг байна. Түүнчлэн 2022 оны 2 сард 2 006 651.0900 төгрөгийн цалин хөлс олгогдож, үүнээс ажил олгогч 13,5 хувийн шимтгэл болох 2 708 97 8900 төгрөгийг НДЕГ-т төлсөн байна. Нийгмийн даатгал төлсөн талаарх лавлагаанд цалингын хэмжээ нь тухайн сард цагаар ажилласан нэмэгдэл тооцогдож харилцан өөр байгаа бөгөөд үндсэн цалин 4 500 000 төгрөг байх үндэслэлгүй юм. Иймд тодруулсан шаардлагад дурдагдсан цалингийн хэмжээ үндэслэлгүй, мөн ажлаас хууль бусаар халсан гэх  нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн З.А, Г. нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн АА-2021/38 тоот Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Д ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/Б-114 “Туршилтын хугацааг дуусгавар болгон жинхлэн ажиллуулах тухай” гүйцэтгэх захирлын тушаал, Д ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/Б-387 тоот “Ажилд тушаал дэвшүүлэх тухай” гүйцэтгэх захирлын тушаал, Д ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2021 тоот “Ажилд авах тухай” гүйцэтгэх захирлын тушаал, Д ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн ЕА-2021/10 тоот Хөдөлмөрийн гэрээ /58/, Ажилтны зайлшгүй танилцсан байх журмын жагсаалт, 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 11/609 тоот Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан бичиг, Д ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 22/309 тоот албан бичиг, Д ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 22/040 тоот албан бичиг, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, ГМ-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, Цалин бодолт гэх хүснэгт /хх-ийн 2-19, 89, 104, 109, 110-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 22/049 тоот Д ХХК-иас Т.Ц олгосон итгэмжлэл, англи хэл дээрх хуулбар, Д ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 22/055 тоот Д ХХК-иас Г.Х-д олгосон итгэмжлэл, Д ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ди Жи Кэй ложистик ХХК-ийн хариу тайлбар, Д ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 2022/Б-023 тоот “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах  тухай” гүйцэтгэх захирлын тушаал, Сахилгын шалгалт, шийтгэлийн хуудас, Д ХХК-ийн Засварын үйл ажиллагааны журам, Д ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/Б-23 тоот “Ажилд авах тухай” захирлын тушаал, Д ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ /58/, Д ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /44/, Д ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/Б-114 тоот “Туршилтын хугацааг дуусгавар болгон жинхлэн ажиллуулах тухай” гүйцэтгэх захирлын тушаал, Д ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/Б-387 тоот “Албан тушаал дэвшүүлэх тухай” гүйцэтгэх захирлын тушаал, Д ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн АА-2021/38 тоот Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ DGK/EA58-01, Засварын бүртгэлийн хуудас, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Д ХХК-ийн шаардах хуудас, Механикч Н.Л-ийн гараар бичсэн тайлбар, Г.Б-н бичсэн тайлбар, Г.М-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 22/068 тоот Д ХХК-ийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад өгсөн хариу тайлбар, хүснэгт, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 22/055 тоот Д ХХК-ийн Г.Х олгосон итгэмжлэл /англи хэл дээрх хувь/, Д ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д ХХК болон Б.Ц нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 22-24, 29-88, 105-107, 111-112, 113, 119-121-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Э.Ж, Б.С нарыг гэрчээр дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 98-103-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Г.М-ыг хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Д ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай” №Б-023 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/  хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 12.8.4.1.9, 12.8.4.1.10 дахь заалтууд, 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.9, 6.5.10 дахь заалтуудыг үндэслэн Г.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

           

            Нэхэмжлэгч  ажлаас чөлөөлсөн тухай 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн №Б-023 тоот тушаалыг хүлээн авч, Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, эсхүл дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч уг хороо нь байгуулагдаагүй, байгууллага дээр маргаан таслах комисс байгуулаагүй тул мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан тухай гомдлоо шүүхэд гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Д ХХК-нд засварчны ажил албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №2021/Б-114 дүгээр гүйцэтгэх захирлын тушаалаар туршилтын хугацааг дуусгавар болгож, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс уг албан тушаалд жинхлэн ажиллуулсан, мөн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №2021/Б-387 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар “ээлжийн мастер”-ийн ажил, албан тушаалд дэвшүүлэн ажиллуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч төлөөлөгч нарын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5.Талуудын маргааны зүйл нь хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцласан талаар байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан талаараа маргаагүй болно.

 

6.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцласан, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан зөрчил гаргаагүй, өөрийн ажил албан тушаалын дагуу засварын хуудсыг бөглөсөн, хувьдаа эд зүйлс ашигласан гэдгийг нотлох баримтгүй гэж тайлбарласан.

 

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь ээлжийн мастераар томилогдоогүй байхдаа 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр засварын бүртгэлийн хуудсыг бөглөөд зохих албан тушаалтанд хянуулалгүйгээр ноцтой зөрчил гаргасан, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 12.8.4.1.9, 12.8.4.1.10 дах заалт, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.9, 6.5.10-д заасан дүрэм, журмыг зөрчсөн болох нь гэрч нарын мэдүүлэг, баримтаар тогтоогдож байгаа гэж мэтгэлцсэн.

Хөдөлмөрийн тухай  /шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар заажээ.

 

Мөн Д ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 12.8.4.1.9-д “компанийн эд хөрөнгө, хамтран ажиллагч болон Ажил олгогчийн үйлчлүүлэгчийн эд хөрөнгийг санаатайгаар үрэгдүүлсэн, шамшигдуулсан, алга болгосон, зөвшөөрөлгүйгээр ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, дурьдсан үйлдлүүдийг хийхээр оролдсон”, 12.8.4.1.10-д “компанийн эд хөрөнгө эсвэл Ажил олгогчоос олгосон эрх мэдлийг хувийн ашиг сонирхолдоо эсхүл санхүүгийн ашиг олох үүднээс урвуулан эсхүл хэтрүүлэн ашигласан, ашиглахыг оролдсон, завдсан, бусдаас шан харамж, хөлс авсан, авахыг завдсан” бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчилд тооцохоор заасан байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.9-д          “компанийн эд хөрөнгө, хамтран ажиллагч болон ажил олгогчийн үйлчлүүлэгчийн эд хөрөнгийг санаатайгаар үрэгдүүлсэн, шамшигдуулсан, алга болгосон зөвшөөрөлгүй ашигласан эрх мэдлээ хэтрүүлсэн дурдсан үйлдлүүдийг хийхээр оролдсон”, 6.5.10-д “компанийн эд хөрөнгө эвсэл ажил олгогчоос олгосон эрх мэдлийг хувийн ашиг сонирхолдоо эсвэл санхүүгийн ашиг олох үүднээс урвуулан эсхүл хэтрүүлэн ашигласан ашиглахыг оролдсон завдсан бусдаас шан харамж хөлс авсан авахыг завдсан” гэж тус тус заасан байна.

 

Хэрэгт авагдсан 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 2022/Б-023 дугаар “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” гүйцэтгэх захирлын тушаалд “...тус компанийн ээлжийн мастер ажил, албан тушаалтай Г. нь 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, 0386 УАР дугаартай тээврийн хэрэгслийн солих ёстой байсан 2 ширхэг тонголзуур, 2 ширхэг сорочканы амыг солиулалгүйгээр өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж кемпээс гаргах зөвшөөрлийг олгосон зөрчил гаргасан” гэж дүгнэсэн байх бөгөөд энэ нь сахилгын шалгалт, шийтгэлийн хуудас, механик Н.Л, гагнуурчин Г.Б нарын тодорхойлолтоор тогтоогдоно гэсэн.

Сахилгын шалгалт, шийтгэлийн хуудсанд “...тус компанийн жолооч нараас Дотоод аудитын газарт гаргасан гомдлын дагуу шалгалтыг явуулсан. Завсарын хэлтсийн ажилтнууд нь 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 0386 УАР дугаартай тээврийн хэрэгслийн завсарыг гүйцэтгэсэн ба батлагдсан зааврын дагуу солих ёстой байсан 2 ш тонголзуур, 2 ш сорочконы амыг солиулалгүйгээр Г. нь өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, компанийн кемпээс гарах зөвшөөрлийг олгосон нь Хөдөлмөрийн гэрээний 6.5.9 болон 6.5.10-т тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь батлагдсан” гэжээ.

Гэвч хэрэгт авагдсан “Ажлын ****” дугаартай Засварын бүртгэлийн хуудсанд “...захиалга авсан огноо 2021.09.03, 08 цаг 23 минут, завсарт орсон огноо 2021.09.04, 7 цаг 00, автомашины мэдээлэл 03-86 Норд, хүлээлгэн өгсөн шалгах механик Н.Л, завсарт хүлээн авсан ээлжийн мастер Г., засвар орсон автомашины жолооч Хатанбаатар, хэрэглэх сэлбэгийн жагсаалт тонголзуур 2 ш, пальц 2ш, срочин дотор ам 2ш, тобуд 3ш, обрын гэрэл 6ш, дөр боолт 2ш, хийгдэх засвар нь 2ш тонголзуур, 2ш пальц, дотор ам 2ш, засварт хийгдсэн ажил 2ш тонголзуур болон 2ш пальц солисон, сорочконы дотор сольсон, цэгэн тосолгоо хийсэн, обрийн гэрэл 6 ш сольсон, дөр боолт 2 ш боосон” гэжээ.

Уг засварын бүртгэлийн хуудсын дагуу шаардах хуудсаар машинд хийгдэх засварын ажлын сэлбэгийг авсан талаар зохигч маргаагүй боловч сахилгын шалгалт, шийтгэлийн хуудсанд болон хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалд дурдсан **** УАР дугаартай тээврийн хэрэгслийн солих ёстой байсан 2 ш тонголзуур, 2 ш сорочканы амыг солиулаагүй гэдгийг баримтаар нотлоогүй болно.   

Учир нь засварын бүртгэлийн хуудсанд шаардах хуудсаар авсан 2ш тонголзуур, 2ш сорочканы амыг сольсон талаар дурдсан байх бөгөөд түүнийг дээрх эд зүйлсийг үрэгдүүлсэн, шамшигдуулсан, алга болгосон, санхүүгийн ашиг олох зорилгоор ашигласан гэх ноцтой зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Г.ыг эд зүйлсийг солиулаагүй болох нь механик Н.Л-н “2021 оны 7 сарын 20-ноос 2021 оны 10 сарын 20 хүртэл засварын инженер Сүхболд мастер ын аман тайлбараар шалгах механикийн албан үүргийг гүйцэтгэж байсан, тухайн үед Хатанбаатар жолоочтой **** УАР дугаартай машиныг шалгаж завсарт оруулахад 2ш ам, 2 ш тонголзуур 2 ш пальц солих шаардлагатай байсан, тухайн машиныг завсарт ороод гарахад шалгахад 1 ш тонголзуур, 1 ш пальц солигдоогүй байсан”, Г.Б-ийн “...гагнуурчнаар ажилладаг бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 03-нд гагнуурын ажил гүйцэтгэж байхдаа 0**6 УАР улсын дугаартай Х жолоочтой машинд сорочикийн ам гагнаагүй, засварын бүртгэлйн хуудсанд миний нэр байгааг гайхаж байна, Л-ээс дээрх жолооч нь 2 ш тонголзуур, 2 ш сорачканы ам засвар хийлгэлгүй авч гарсан талаар сонссон” гэсэн тодорхойлолтуудаар нотлогдоно, эдгээр хүмүүс нь таагүй харьцаатай тул шүүхэд ирэх боломжгүй гэсэн боловч уг тодорхойлолт нь нотлох баримтаар үнэлэгдэхгүй, хуульд заасан журмыг зөрчсөн буюу хууль сануулж гэрчийн мэдүүлэг өгөөгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

Мөн хариуцагч нь жолооч Х-ыг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэнэ гэж гэрчээр дуудаж мэдүүлэг авахуулах хүсэлтийг гаргасан боловч 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 11923 дугаартай захирамжаар гэрчээр дуудагдсан этгээдийн оршин сууж байгаа хаяг тодорхойгүйгээс шүүх дуудан ирүүлэх боломжгүй, байгууллагадаа ажиллаж байгаа эсэх нь тодорхойгүй гэж хүсэлтийг хангаагүй орхисон боловч хариуцагч нь түүний хаягийг тодруулах талаар болон дахин энэ талаар хүсэлтээ гаргаагүй болно. 

 

Д ХХК-ийн засварын үйл ажиллагааны журмын 7.9.2-д “засварын ажилд шаардлагатай сэлбэг материалыг шаардах хуудсаар няраваас хүлээн авна” гэж зааснаар нэхэмжлэгч нь сэлбэгүүдийг авсан байх бөгөөд засварын бүртгэлийн хуудсанд бичигдсэн засвар хийсэн ажилтан болох гэрч Э.Ж-ы “...жолооч нь Хатанбаатар гэж ах байсан, би хамтрагчтайгаа хамт хийсэн, тонголзуур пальц болон дөр боолттой сольж хийсэн, хуучныг нь аваад шинийг сольж хийсэн. Ээлжийн мастер  байсан, Л гэдэг хүн шалгах механикчийн орлогч байсан” гэх мэдүүлгээр засварын бүртгэлийн хуудсанд дурдсан засвар хийгдсэн байна гэж дүгнэв.

Мөн гэрч Б.С “...засвар оруулах эсэхийг жолооч автомашиндаа үзлэг хийнэ, дараа нь шалгах механикаар шалгуулна, хийгдэх ажлын жагсаалтыг шалгах механик гаргаад үүний дагуу засварын хуудас бичнэ, ээлжийн мастер сэлбэгийн шаардах хуудас бичнэ. Шаардах хуудсаа надаар буюу засварын хэлтсийн ахлахаар цохуулна, няраваас сэлбэгээ авна, сэлбэгээр механикууд засвар хийнэ, ээлжийн мастер засварын хуудсанд бичилт хийнэ. Тэгээд шалгах механик шалгаад болсон гэж үзвэл надаар гарын үсэг зуруулна. ыг ээлжийн мастераар би түр томилсон байсан” гэж мэдүүлсэн бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 2.8-д заасан ахлах ажилтан буюу мэргэжилтэн нь нэхэмжлэгчид үүрэг өгсөн, засварын үйл ажиллагааны журамд өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулна гэж заасан байх тул нэхэмжлэгчийг ээлжийн мастераар томилогдоогүй байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзэх үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан Засварын үйл ажиллагааны журмын 7.7-д “шалгах механик тээврийн хэрэгсэлд үзлэг хийнэ”, 8.2.14-д “засвараас гарсан хүнд даацын автомашиныг заавал шалгах механикт шалгуулсан байна” гэж заасан байхад нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэсэн нь ойлгомжгүй, тухайн үед буюу 2021 оны 9 дүгээр сарын 3, 4-нд шалгах механикаар ажиллаж байсан гэх Н.Л нь мөн орлон ажиллаж байсан талаар зохигч маргаагүй болно.

 

 Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрх мэдлээ хэтрүүлж ээлжийн мастераар томилогдоогүй байхдаа уг албан тушаалыг гүйцэтгэж байсан гэсэн боловч гэрч Б.С нь түүнийг ажлын зохион байгуулалтын үед уг ажил албан тушаалыг хариуцуулж байсан гэж мэдүүлсэн, мөн хариуцагч нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийг ээлжийн мастераар томилсон, ажилчдаас гомдол ирсэн, дотоод аудитын шалгалт хийсэн гэсэн боловч тайлбараа баримтаар нотлоогүй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтыг өөрөө шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийг 2 ш тонголзуур, 2 ш сорочконы амыг солиулалгүйгээр эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, компанийн эд хөрөнгөд хохирол учруулсан нь нотлогдохгүй байна гэж дүгнэв.

 

          Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г.М-ыг Д ХХК-ийн ээлжийн мастерийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинг гаргуулах нь зүйтэй байна гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч нь 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 2022/Б-023 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан боловч шүүхээс ажил олгогчийн гаргасан тушаалын хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн бөгөөд цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.

7.Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх дундаж цалинг тооцохдоо түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 2.3.5-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 2 512 883 төгрөг /4 938 000+594 000+2 006 651=7 538 651:3=2 512 883/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны 7 сар 12 хоногийн цалин нийт 18 960 833 төгрөгийг /2 512 883 х 7сар=17 590 181 төгрөг, 2 512 883:22 хоног=114 221 төгрөг, 12 хоног х 114 221төгрөг=1 370 652 төгрөг, 17 590 181+1 370 652 =18 960 833/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

          8.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн  дугаар зүйлийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж зааснаар хариуцагч Д ХХК-нд нэхэмжлэгч Г.М-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

           9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.М нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 252 754 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Г.М-ыг Д ХХК-ийн ээлжийн мастерийн ажилд эгүүлэн томилсугай.

 

2.Хөдөлмөрийн тухай  /шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Д ХХК-иас нэхэмжлэгч Х овогт Г  /РД: *********/-ын  ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18 960 833 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д ХХК-иас нэхэмжлэгч Х овогт Г.М-ын ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгасугай. 

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.М нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсны тэмдэгтийн хураамжид 252 754 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                           Д.ХУЛАН