| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2034003700383 |
| Дугаар | 2021/ДШМ/59 |
| Огноо | 2021-06-11 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2021/ДШМ/59
А.Г, Н.П нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Энхбат,
Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа хянан шийдвэрлэсэн, 2021 оны 02 сарын 10-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолтой А.Г, Н.Пагамсүрэн нарт холбогдох 2034003700383 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 03 сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч А.Г нь Н.Птай бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуйн В02-01 тоотод 2020 оны 04 сарын 30-ны өдөр С.Оюунцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.П нь Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуйн В02-01 тоотод 2020 оны 04 сарын 30-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн ах Н.Энхбаярыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, шүүгдэгч А.Гтой бүлэглэн С.Оюунцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн Прокурорын газраас Н.П, А.Г нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Н.Пд холбогдох үйлдэлд мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 10-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор: Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Сод овгийн Намдагийн П, Боржигон овгийн Алтанбаганын Г нарыг бүлэглэн С.Оюунцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Сод овгийн Намдагийн Пыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д тус тус зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Н.Пд үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Н.П нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Энхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Н.П, А.Г нарыг бүлэглэн С.Оюунцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан:
Шинжээчийн 2020 оны 05 сарын 06-ны өдрийн 248 дугаартай дүгнэлтэд: "1. С.Оюунцэцэгийн биед зүүн хацар, баруун бугалганд цус хуралт, буйланд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй." гэх,
Шинжээчийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн нэмэлт 34 дугаартай дүгнэлтэд: "1. С.Оюунцэцэгийн биед 11-р шүдний булгарал, зүүн хацар, баруун бугалганд цус хуралт, буйланд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 4.11, 52.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги 5 %-иар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлтүүд болон аймгийн нэгдсэн эмнэлэгт тухайн хэрэг учрал болсны дараа үзүүлсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, мөн хохирогч С.Оюунцэцэгийн: "...Энхбаярыг цохиж зодоод байхаар нь би та нар одоо боль гэсэн чинь П нь чи дуугай бай эндээс зайль гээд намайг хацарт алгадсан. Би тэгэхээр нь чи намайг алгаддаг хэн бэ гэсэн чинь П нь намайг заамдаж аваад чирээд хацарт хоёр удаа гараараа цохиж зодсон. Тэгэхээр нь би заамдсан гарыг нь тавиулсан чинь Г нь ирээд миний нүүрлүү цохьсон юм. Гэрт хадам ээж, эгч, нөхөр Энхбаяр нарын хамтаар байсан чинь гаднаас Г эхнэр П нар орж ирээд учир зүйгүй нөхөр Энхбаярыг цохиж зодоод байхаар нь би та нар боль гэж хэлсэн чинь П нь чи дуугай бай гээд хацарт гараараа нэг удаа алгадсан. Би тэгэхээр нь яаж байгаа юм гэсэн чинь П нь намайг заамдаж аваад чирээд гараараа шанааруу хоёр удаа цохьсон, би тэгэхээр нь заамдсан гарыг нь тавиулсан чинь Г нь ирээд нүүрлүү гараараа нэг удаа цохьсон юм. Юунаас болж намайг болон манай нөхөр Энхбаярыг цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Тухайн үед П, Г хоёр наад муу эмгэн шуламыг нохойд хаяж өг, янхан гичийг дагасан янхан гичий ялтан минь гэх мэтээр хэл амаар доромжлоод намайг гэрээс хөөж гаргаад цонхоор хараад орж ирүүл ална шүү гээд намайг гадаа гаргаад оруулахгүй байсан, бие өвдөөд би алхаад аймгийн эмнэлэгт ирж үзүүлж цагдаад мэдэгдсэн юм." гэх мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар яллагдагч Н.П, А.Г нар нь бүлэглэн С.Оюунцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон болно.
Иймд шүүгдэгч Н.П, А.Г нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 10-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичиж, хүргүүлэв.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 10-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл гаргасан. Учир нь шүүхээс шүүгдэгч А.Г, Н.П нарыг бүлэглэн С.Оюунцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдохгүй байна гэж хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Г, Н.П нарт холбогдох эрүүгийн 2034003700383 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарч чадаагүй байна.
Анхан шатны шүүх нь хохирогч С.Оюунцэцэгийн биед Н.П, А.Г нарын хэн нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдоогүй, насанд хүрээгүй гэрч О.Галхүү /хх-ийн 153-р хуудас/, гэрч Ц.Доржпагам /хх-ийн 152-р хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Н.П, шүүгдэгч Б.Г, хохирогч С.Оюунцэцэг, хохирогч Н.Энхбаяр нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Н.П, А.Г нар нь бүлэглэн хохирогч С.Оюунцэцэгийн биед халдаж түүнд хөнгөн хохирол учруулсан нь няцаагдаж байна гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П, А.Г нарыг бүлэглэн С.Оюунцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх хохирогч С.Оюунцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийг шүүгдэгч Н.П, А.Г нар бүлэглэн эсхүл тэдний хэн нь үйлдсэн буюу хэргийн бодит байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг удирдлага болгон ноцтой зөрүүтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна. Шийтгэх тогтоолд шүүгдэгч Н.П, А.Г нар бүлэглэн хохирогч С.Оюунцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзэх ямар эргэлзээ гарсан талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Мөн шүүгдэгч Н.П, А.Г нарыг бүлэглэн хохирогч С.Оюунцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ шүүгдэгч нарыг яллаж байгаа нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, уг үндэслэлээ нотолж буй нотлох баримтын агуулга зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолд тусгаагүй байна.
Хохирогч С.Оюунцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлгийнхээ эх сурвалжаа заан мэдүүлсэн байтал анхан шатны шүүх хохирогчийн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.
Анхан шатны шүүх хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 сарын 06-ны өдрийн 248, мөн тус албаны 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 34 дугаартай дүгнэлтүүдийг үнэлээгүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шийтгэх тогтоолд заагаагүй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул прокурор Г.Энхбатын гаргасан “Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр” гаргасан эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 10-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон шүүгдэгч Н.П, А.Г нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Прокурор Г.Энхбатын гаргасан эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Р.МӨНХ-ЭРДЭНЭ