Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 196

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

-улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

-шүүгдэгч Г.Насанбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Улаалзай хөгдүүд овогт Гомбожавын Насанбаярт холбогдох Эрүүгийн 201719000321 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, яс үндэс буриад, 1974 оны 11 сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 1-р хороо 31-69 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэгдэж байгаагүй гэх Улаалзай хөгдүүд овогт Гомбожавын Насанбаяр /РД:ЖЮ74112917/,

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Насанбаяр нь Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1-р багийн нутаг Харганы ам гэх газар 2017 оны 05 сарын 11-ний өдөр Тоёота аллион маркийн 98-42 УБТ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж онхолдсоны улмаас зорчигч иргэн Н.Мөнх-Очирын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Насанбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг бүртгэлтийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Н.Мөнх-Очирын хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн: “...2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Мандал сум орохоор Насанбаяр ах түүний эхнэр Ганчимэг нарын хамтаар явж байгаад Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Харганы ам гэх газар машинтай онхолдсон юм. Тэгээд миний нурууны сэртсэн яс гэмтсэн юм...Насанбаяр ах надад эм тариа болон эмчилгээндээ хэрэглээрэй гээд нэг саяр хоёр зуун мянган төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо миний бие зүгээр миний зүгээс гомдол санал алга..гэх мэдүүлэг /хх-22-23 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Ганчимэгийн хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн: “.. Би өөрийн нөхөр Насанбаяр таньдаг дүү Мөнх-Очир нарын хамтаар 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Мандал сум орохоор явж байсан бөгөөд 98-42 УБТ дугаартай автомашиныг манай нөхөр Г.Насанбаяр жолоодож явсан бөгөөд Төв аймгийн Баянчандмань сумын нутагт явж байгаад онхолдож машин дээшээ харж унасан юм. Машин дотор Насанбаяр жолоо барьж явсан би урд суудал дээр сууж явсан арын суудал дээр Мөнх-Очир сууж явсан бөгөөд тухайн үед Мөнх-Очирын нуруу эвгүй боллоо гэж байсан миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. 98-42 УБТ дугаартай машин нь миний нэр дээр байдаг боловч манай нөхөр Насанбаярын машин байгаа юм. Би уг машинд эд зүйлийн үнэлгээ хийлгэхгүй. Би өөрөө ч шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-24 тал/,

2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх эмнэлэгийн шинжээчийн үзлэг хийсэн:

-Н.Мөнх-Очирын биед бүсэлхийн 2,3 дугаар нугаламын баруун талын хөндлөн  сэртэнгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх №6334 тоот дүгнэлт /хх-26 тал/,

 

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Хонгорзулын гаргасан:

-Хэргийн материалтай танилцахад Тоёота аллион маркийн 98-42 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Г.Насанбаяр нь МУ-ын ЗХД-ийн заалт зөрчсөн гэж үзэв. МУ-ын ЗХД-ийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв. Хэргийн материалтай танилцахад Тухайн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй гэж үзэв, Жолооч Г.Насанбаярын дээрх ЗХД-ийн заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон гэж үзэв, Хэргийн материалтай танилцахад зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв гэх дүгнэлт /хх-31 тал/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-6 тал/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-11-13 тал/,

- осол гарсан замын байдал /хх-15 тал/,

- гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-21 тал/,

- натур эмнэлэг компьютерт томографийн оношлогоо /хх-27 тал/,

- жолоочийн үнэмлэх, 98-42 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-44 тал/,

- бичиг баримт хураан авсан тэмдэглэл /хх-51 тал/,

- шүүгдэгч Г.Насанбаяр нь урьд ял шийтгэл эдлэж байгаагүй гэх лавлагаа /хх-47 тал/,

-шүүгдэгч Г.Насанбаярыг 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-36-37 тал/, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-41 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Насанбаяр нь Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1-р багийн нутаг Харганы ам гэх газар 2017 оны 05 сарын 11-ний өдөр Тоёота аллион маркийн 98-42 УБТ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж онхолдсоны улмаас зорчигч иргэн Н.Мөнх-Очирын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хохирогч Н.Мөнх-Очирын хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн “2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Мандал сум орохоор Насанбаяр ах түүний эхнэр Ганчимэг нарын хамтаар явж байгаад Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Харганы ам гэх газар машинтай онхолдсон юм. Тэгээд миний нурууны сэртсэн яс гэмтсэн юм...Насанбаяр ах надад эм тариа болон эмчилгээндээ хэрэглээрэй гээд нэг саяр хоёр зуун мянган төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо миний бие зүгээр миний зүгээс гомдол санал алга” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ч.Ганчимэгийн хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн: “Би өөрийн нөхөр Насанбаяр таньдаг дүү Мөнх-Очир нарын хамтаар 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Мандал сум орохоор явж байсан бөгөөд 98-42 УБТ дугаартай автомашиныг манай нөхөр Г.Насанбаяр жолоодож явсан бөгөөд Төв аймгийн Баянчандмань сумын нутагт явж байгаад онхолдож машин дээшээ харж унасан юм. Машин дотор Насанбаяр жолоо барьж явсан би урд суудал дээр сууж явсан арын суудал дээр Мөнх-Очир сууж явсан бөгөөд тухайн үед Мөнх-Очирын нуруу эвгүй боллоо гэж байсан миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. 98-42 УБТ дугаартай машин нь миний нэр дээр байдаг боловч манай нөхөр Насанбаярын машин байгаа юм. Би уг машинд эд зүйлийн үнэлгээ хийлгэхгүй. Би өөрөө ч шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх эмнэлэгийн шинжээчийн үзлэг хийсэн 6334 тоот дүгнэлт, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Хонгорзулын гаргасан дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Насанбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар  яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүхийн шатанд хохирогч Н.Мөнх-Очир нь шүүгдэгч Г.Насанбаяртай сайн дураараа эвлэрсэн байх тул Г.Насанбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

Хохирогч Н.Мөнх-Очир нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, тус шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудалгүй байна.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Г.Насанбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй шүүхэд иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн Г.Насанбаярын №927888 дугаартай жолоочийн үнэмлэхийг Г.Насанбаярт буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Улаалзай хөгдүүд овогт Гомбожавын Насанбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний 1 /нэг/ хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Мөнх-Очир нь шүүгдэгч Г.Насанбаяртай сайн дураараа эвлэрсэн байх тул Г.Насанбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Г.Насанбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн Г.Насанбаярын №927888 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Насанбаярт буцаан олгосугай.

5. Г.Насанбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Насанбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ю.ЭНХМАА