Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
Хэргийн индекс | 183/2022/00075/И |
Дугаар | 183/ШШ2022/03009 |
Огноо | 2022-10-20 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2022/03009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С дүүрэг, 0 дугаар хороо, Өнөр хороолол, 0 дугаар байр, 00 тоотод оршин суух, Б овогт Н. А /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, 00 дүгээр хороо, М хотхон, 000 дугаар байр, 10 тоотод оршин суух, Б овогт Д.М /РД:000000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: M D нэртэй фэйсбүүкийн пэйж дээр хийсэн лайваараа нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, худал, үндэслэлгүй мэдээлэл тараасан Д.М-д уг мэдээллийг тараасан хэлбэрээр няцаалт хийж уучлал гуйлгахыг даалгаж, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, худал мэдээлэл тараасны улмаас учирсан хохирол 100 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов. Иргэдийн төлөөлөгч Ц.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул тэдний зөвшөөрлөөр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Д.М-д холбогдуулан MDavaa нэртэй фэйсбүүкийн пэйж дээр хийсэн лайваараа нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, худал, үндэслэлгүй мэдээлэл тараасан Д.М-д уг мэдээллийг тараасан хэлбэрээр няцаалт хийж уучлал гуйлгахыг даалгаж, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, худал мэдээлэл тараасны улмаас учирсан хохирол 100 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Д.М нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн өөрийн М Davaa нэртэй фэйсбүүк пэйж дээрээ 1 цаг 28 минутын лайв хийсэн бөгөөд уг лайв бичлэгийн 39 минут 45 секундээс 40 минут 8 секундын яриандаа “...өнөөдөр О.Ц ард Н.А байгаа, Н.А О.Ц-ийн төрсөн ах О.С ерөнхий сайд байхдаа Эрдэнэс Монголын захирлаар тавьж байсан. О.С тэндээс их хэмжээний мөнгө олсон, Н.А хүргэн Д-ээрээ дамжуулж их хэмжээний мөнгө олсон, тэрийг “Т” компаниар угаалгасан” гэж, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21 цаг 30 минутад өөрийн М Davaa нэртэй фэйсбүүк пэйж дээрээ 1 цаг 56 минутын лайв хийсэн бөгөөд уг лайваараа Н.А миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал, үндэслэлгүй мэдээ мэдээлэл олон нийтэд тараасан. Тодруулбал, лайв бичлэгийн 5 мин 35 секундээс 5 мин 56 секундэд “...О.Э ерөнхий сайд, Х Б, А нарын угсарсан МАНАН хонгилыг та бүхэндээ эхлээд дарж хүчийг нь сулруулж улс төрөөс зайлуулахгүйгээр энэ цаг үед олигтой ажил төрөл явахгүй байнаа... ”, 11 мин 15 секундээс 11 мин 44 секундэд “... МАНАН 2008 он манайхаас Баттулга, А нар МАНАН-ийн суурийг тавилцсан, 13 минут 22 секундээс 13 минут 48 секундэд “... энэ хоёр намыг хагалан бутаргаж, дахиад ардчилсан намыг авч, өөрсдөө 24 оны сонгуульд орж дахиж 8 оноос хойш 4 оноос хойш ардчиллын нэр дээр хулгай хийж Монголын боломжоос, бусдын боломжоос хулгай хийсэн шиг А Женко нар одоо Монголын ардчилал болсон ардчилсан намыг халааслах гээд сүүлийн үед шаргуу дайрч байна...”, 15 минут 15 секундээс 15 минут 41 секундэд "... 12 онд би энэ хоёр хулгайчид мандатаа дээрэмдүүлсэн ч гэсэн, яагаад гэвэл 12 онд А намын дарга, Б. Баянхонгороос нэр дэвшиж байсан, ардчилсан намын дүрмийн дагуу би аймгийнхаа намын хорооны журмын хэдэн гишүүдийнхээ нэр дээр ялж гарч ирээд их хуралд нэр дэвших мандатаа өвөртлөөд ирсэн чинъ А Б хоёр миний боломжоос хулгай хийгээд дээрэмдчихсэн ...”, 18 минут 58 секундээс 19 минут 34 секундэд “... ардчилсан намын байрыг А зараад идчихсэн, Ардчиллын өргөө гээд баахан хүмүүсээс хандив авсан А , алтан мөнгөн тоосго зараад арав хориор нь хандив авсан, А нэгийг нь ч буцааж өгөөгүй, би хүртэл А 20 000 000 төгрөгний хандив өгч байсан энэ ардчиллын өргөө дээр, 2012 онд сонгууль болох гэж байсан та аян замдаа алжаалгүй сайн яваарай гээд би 12 онд би 50 000 000 тушааснаас гадна А 20 000 000 төгрөг өгч байсан, 20 000 000 төгрөгийг гардуулсан газрыг нь та бүхэнд харуулсан ч болно, нэг нууц газар намайг дуудаад надаас авч байсан Түгжил, энэ намын байрыг зараад идчихсэн ... ”, 19 минут 38 секундээс 20 минут 18 секундэд "... А Худалдаа хөгжлийн банк буюу С Эг Улаанбаатар банкны эзэнд 7,5 тэрбум төгрөгөөр зарчихсан, 2.5 тэрбум төгрөгийг нь А хувийн аж ахуйн нэгжээр аваад идчихсэн, өөрийнх нь гарын үсгээр буюу өөрөө намын дарга байх үед худлаа үнэн зарлага гаргаад аваад идчихсэн, жишээ нь 2012 онд сонгуульд нэр дэвшсэн Өмнөговиос дэвшсэн Ажнай бол өөрийнхөө зардлыг гаргаад л явсан шдээ сонгуульд хөөе, би өөрийнхөө зардлыг гаргана гээд 50 000 000 төгрөгөө өөрөө би тушааж байсан, 2012 онд нэр дэвших горилогчтой бүх хүмүүс 100-аад хүн тавь тавин сая төгрөг тушааж байсан, намын байр зарахааргүй сонгуульд орох боломж байсан А гуай, А зараад идчихсэн... ”, 21 минут 30 секундээс 21 минут 36 секундэд "... А луйварчны намынхаа байрыг зарж идсэн буйр нь энэ /ipad дээрээс дроноор хийсэн бичлэг харуулав/...", 21 минут 59 секундээс 22 минут 15 секундэд "... Энэ манай намын байр, зураг нь энэ байна, хөөрхий минь хүзүүвч гээд, хажуу талд том театр байна дуурь бүжгийн театр байна, соёлын төв өргөө байна, энүүгээр манай намын байр байсан, А Худалдаа хөгжлийн банкинд зарж идсэн... ”, 22 минут 31 секундээс 23 минут 20 секундэд "... А дахиад надаас 20 000 000 төгрөг авсан байр нь энд байна /ipad дээрээс бичлэг харуулав/ энийг хараарай манайхан, оффшор объект нь, эндээ дандаа хахуулиа авдаг байсан объект нь... ”, 25 минут 31 секундээс 25 минут 37 секундэд "... А зэрэглэлийн газар, үнэтэй газар, 2 сая долларын газар... ”, 26 минут 36 секундээс 27 минут 40 секундэд “...за А ийн саяны объектыг та бүхэн харсан байх, МУИС-ын Эдийн засгийн хажуу талд, тэр объект нь бол хуучин байж болно, балгас байж болно, газар нь үнэтэй байхгүй юу, одоо 2024 онд А ялвал энэ балгасаа яах уу, засна, А зэрэглэлийн газар үнэтэй, бараг А зэрэглэлийн ийм газар Улаанбаатарт хоёр гурван сая доллар байгаа, хулгай хийнэ, дахиад л бусдын боломжоос хулгай хийнэ, А бол найгүй хулгайч, за бас нэг объектыг нь харуулна, эхлээд А ийн объектыг харуулаад... нэг нь намын байрыг цөлмөөд авчихсан байна, нэг нь Монголын ардчилсан холбоог авсан байна, хоёулаа ардчилагчдын нөмөр нь байсан (27 мин 23 секунд дахин нягталж сонсох), хоёуланг нь гусчихсан энэ хоёр за юу, хоёулангийнх нь оффшор объект бол зөндөө, намын нэр дээр дандаа албан тушаалд очиж объектууд гусдаг байхгүй юу, захын жаахан юм нь, хоёулаа адилхан авгайгаа хайрладаггүй хулгайч нар... ”, 30 минут 08 секундээс 35 минут 33 секундэд “...А-н бас нэг дараагийн оффшор объектыг танилцуулъя, далай далай далай хүний өөрийнгүй нийгэм бухимдаж байна, дургуй хүрч байна, А гээд би бүр нэр өгчихсөн фолдер нэр өгсөн байгаа, дараагийн объект нь энэ байна, манай ардчилсан намын объектыг зараад идчихсэн, дараагийн объект нь энэ байна. Ipad дээрээс С1 телевизийн гадна талын бичлэг харуулав/”, за энэ харагдаж байна А-н объект, бас нэг оффшор объект нь / Ipad дээрээс 08М0 гэх хаягтай барилгын гадна болон дотор талыг бичлэгээр харуулав/ за ингээд А ийн оффшор объектууд их бий, дахиад би нэг объект харуулья та бүхэнд, дараагийн обьект нь энэ байна / Ipad дээрээс Хаан жимс амралтын газрын зургийг харуулав/, “Хаан жимс”, Туул голын эхэнд бий, нацаргана тарьдаг, 00-оо Туул голруу ингэж асгадаг, зургийг нь хараарай, хэвлэлээр явж байсан, ийм хүн Монголоо хайрлалаа юу, ардчилсан намаа хайрлалаа юу, ийм л бүтэхгүй нөхөр шдээ, ...Яагаад гэвэл 2012-2016 онд А ийн Засгийн газар засаглаж байхад Женко заналтайгаар огцруулна гээд энэ 2 чинь хоорондоо тийм найз биш мөнгөө хуваалцаж чадаагүй, яагаад гэвэл Чингис бондоос 1,5 тэр бум босгоод А*-аа чи надад тэдийг нь өг, тэгэхгүй бол чамайг унагаана шүү хулгайчаа, ингээд л унагачихсан шдээ, маш амархан, А нь үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд хамаарал бүхий хамаатан садандаа замбараагүй их мөнгө өгсөн А, 42 минут 42 секундээс 43 минут 54 секундэд "... А баахан залуучуудыг бие даалгасан, А-ийн нэр дээр бие даасан залуучуудыг бүгдийг нь сайхан ярьж өгнөө, За 2020 онд А ямар залуучууд бие даалгасан юм бэ би харуулья, баримт нотолгоотой нь харуулья за юу, / Ipad дээрээс зураг, тексттэй ворд файл харуулав/ За энэ А агсны Э М Архангайд бие даасан. Энэ А нарийн бичгийн даргаар ажиллаж байсан манай нэг найз байдаг юм, тэр нөхрийг шууд төрийн нарийн бичгийн даргаар тавьсан энэ хамтрагч найз нь Хайдавмөнх, Сэлэнгэд би даасан ардчилсан намын саналыг унагаасан. Алтангадасын даалгавар, А даалгавараар Төв аймагт бие даасан Д , А А дэд сайд өгч байсан, бас л хэрэгт төвөгт орооцолдож явсан нөхөр. Н. А өөрөө Орхон аймагт бие даасан... ”, 44 минут 00 секундээс 44 минут 37 секундэд "... за А-аа өөрийн чинь зөвлөх байсан Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн Д А, Чингэлтэйд бие даасан, үнэн үү, ингэж л та хогийн шаар загнаж ардчилсан намаа хоёр хагалж 20 оны сонгуульд ялагдуулсан ш дээ, та намын дарга болохгүй бол болохгүй, та ерөнхий сайд байхгүй бол болохгүй ийм л хогийн шаар та. За нөгөө алдартай Г нь, ийм л хулгайч нараар та А ингэсэн ш дээ, хараарай, Монгол УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулъд нам бус Н.А ийн нэр дэвшүүлсэн бие даагчид, ийм л хулгайч шдээ А аа... ”, 44 минут 58 секундээс 45 минут 18 секундэд за энэ бол А-нх, П.М гээд, энэ хараа П гээд А ерөнхий сайд байхдаа Эрчим хүчний дэд сайдаар тавъж байсан юм, тэрний хүү, бас л нэг дарга, сайдын олигархын хүү гэсэн үг, А. П нъ хуучин эхнэрийнх нь төрсөн дүү гэж ярьдаг билүү, тийм хамааралтай ... ”, 51 минут 52 секундээс 52 минут 37 секундэд "... Одонгийн Цогтгэрэлээ чиний бурхан болсон ахыг А ерөнхий сайд байхдаа Эрдэнэс Монголын захирлаар тавьсан, үнэн үү үнэн, манай намынхан хоорондоо ярьдаг, Тэсо гээд маруужин зардаг хүүхдүүд рүү Засгийн газраас асар их үнэ тогтворжуулах хэмжээний мөнгө төгрөг орлоо, төрийн өмчүүд рүү шахсан шахааны мөнгө хөрөнгө оруулалтаар орлоо, А хүргэн Д дамжуулж таван толгой гээд аваагүй тендер хулгайныхаа бүх мөнгийг Тэсо дээр оффшор болгож нуусан, та нар ийм л хүн, чи дараа нь намын дарга болчихоод Жен А хоёрт хадган дээр тавъж намын дарга л өгөх гэж байгаа шд, намын тамга, ингэж Монголын ардчиллыг Жен групд, А хулгайч нарын гарт чи өгөх гэж байгаа шүү...” гэж Н.А миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал, үндэслэлгүй мэдээ мэдээлэл олон нийтэд тараасан байна. Иргэн Д.М дээр дурдаж байгаа үйл баримт огт болж байгаагүй бөгөөд ор үндэсгүй худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тарааж, намайг гүтгэж буй уг үйлдэл нь миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг зориудаар унагах оролдлого гэж харж байна.
Мөн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн өөрийн M Davaa гэсэн фэйсбүүк хаягаараа “...А Хан-Уулын иргэний хэргийн шүүхэд уучлалт гуй гээд гомдол гаргачихжээ. А-аас уучлал гуйяөө ум ма ни бад ми хум уучлаарай А аа, Г гэлүү өөрийнх нь туслах байсан нөхөр нь Солонгос явчихсан байсан хүүхнийг аваад суусан чинь үнэн ш дээ С гээд, та яасан Х ордонд хуйвалдаж байгаад У та яасан Сан Францискод явуулсан нь үнэн ш дээ, Ардчилсан намын Соёлын төв өргөөний хажуу талын хүзүүвчийг та 14 тэрбум төгрөгөөр зараад идчихсэн нь үнэн, 12 онд намын дарга байхдаа асар олон хүнээс авилга хандив авсан нэр дэвшүүлнэ, мандатыг чинь шийдэж өгнө гээд үнэн ш дээ, тийн надаас хүртэл их хэмжээний мөнгө бэлнээр авж байсан хулгайч, энэ бүгдийн төлөө уучлал гуйя А аа” гэх мэтээр нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал, үндэслэлгүй мэдээ, мэдээллийг тараасан.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, 21.9-д “Энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана”, 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 511.1-д “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ”, 511.2-д “Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно” гэж тус тус заажээ.
Иймд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн M Davaa нэртэй фейсбүүкийн пэйж дээрээ хийсэн лайваараа Н.А миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал, үндэслэлгүй мэдээ мэдээлэл тараасан Д.М-д уг мэдээллийг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж, мэдээ тараасны улмаас учирсан хохиролд 100 000 000 төгрөгийг гаргуулж, Н.А миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж өгнө үү гэжээ.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа, нэхэмжлэлдээ 3 удаагийн лайв бичлэгээрээ нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан болохыг дурдсан. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн лайв бичлэгт гэж дурдсан боловч үзлэгийн явцад уг лайв н 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн байсан гэдгийг тодруулах нь зүйтэй байх гэж үзэж байна.
Хариуцагч нь Н.О ерөнхий сайд, Х.Б, н.Ц нар нь МАНАН-ийн суурийг тавилцсан гэж яриад байгаа. Ардчиллын нэр дээр хулгай хийсэн гэж байгаа үүнийг ойлгохгүй байна. Н.А, н.Ц нар миний боломжоос хулгайлсан. Би Н.А 20 000 000 төгрөг хандивлаж байсан лайвын туршид Н.А луйварчин хулгайч гэж доромжилсон гэх худал үндэслэлгүй лайв хийсэн. Үүний дараа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дараа П.М нь лайв хийж Н.А намайг Хан-Уул дүүргийн шүүхэд өгсөн байна. Уучлалт гуйлгах гээд байгаа юмуу уучлаарай ум ма ни бад мэ хум гэсэн лайв хийж удаа дараа нэр төрд нь халдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Үндсэн хуулинд заасан хүний халдашгүй байх эрх буюу нэр төрд үндэслэлгүйгээр халдаж болохгүй, мөн нэхэмжлэгч нь улс төрийн албан тушаалтны хувьд ажил хэргийн нэр хүндэд нь хохирол учруулсан гэж үзэж байгаа гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. Хариуцагч Д.М нь өөрийн фэйсбүүк хуудсаараа 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр лайв хийсэн нь үнэн, гэхдээ энэ нь үндэслэлгүйгээр худал, мэдээ мэдээлэл тараагаагүй. Учир нь урьд өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан, сайтууд дээр тавигдсан байсан мэдээллийг л өөрийн фэйсбүүк хуудсаараа ярьсан байдаг юм. Мөн уг лайваар ганцхан нэхэмжлэгчийн талаар дурдаагүй, зөндөө олон хүмүүсийн талаар ярьсан. Гэхдээ өөрөө бичлэг хийхдээ сэтгэл хөдлөл ихтэй хүн учраас уурлаж бухимдахдаа тухайн үеийн нөхцөл байдлаас хамаараад хулгайч, Түгжил гэх мэтийн буруу үг хэллэг хэрэглэсэн байсан. Энэ үгийг хэлсэндээ уучлал гуйж болно, харин мэдээ, мэдээлэл түгээсэн, лайв хийсний хувьд бол Үндсэн хуулинд заасан үзэл бодлоо л чөлөөтэй илэрхийлсэн, иргэн хүн хардах, үг хэлэх эрх чөлөөтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Н.А-аас Х.О олгосон итгэмжлэл, 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн тодорхойлолт, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Н.А Х.О олгосон итгэмжлэл, 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, шуудангийн дугтуй, бичлэгийн СиДи /хэргийн 5-6, 15-16, 17-19, 30-32, 33-34, 35-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хүсэлт, тайлбар, 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Д.М-ээс Э.Б-д олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн мэдээлэл, сайтууд дээр гарсан мэдээллүүд /хэргийн 14, 27, 47-49, 97-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 225 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 29 дүгээр “Ажилд томилох тухай” тушаал, 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 74 дүгээр “Ажилд томилох тухай” тушаал, 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 216 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Авлигатай тэмцэх газраас Г.Д нарт холбогдох эрүүгийн 2014250007486 дугаартай хэрэгт мөрөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаарх тодорхойлолт, Эрдэнэс тавантолгой ХК-иас 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 24 дүгээр “Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгох тухай” тогтоол, 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 44 дүгээр “Эрдэнэс таван толгой ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгох тухай” тогтоол, Эрдэнэс монгол ХХК-иас 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Гүйцэтгэх захиралыг чөлөөлөх тухай” төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 11 дүгээр сарын 09-ний өдрийн 05 тоот “Гүйцэтгэх захиралыг санал болгох тухай” төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг нотлох баримтаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхэд гаргаж өгсөн 2 ширхэг сидид үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр M Davaa пэйж хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр mglpress.mn, chuhal.mn8 peoplenews.mn, fact.mn, trends.mn, montsame.mn. news.zindaa.mn, control.mn, zarig.mn гэх нийт 9 цахим мэдээллийн сайтад буй нийтлэл, мэдээлэлд, мөн egazar.gov.mn, opendata.burtgel.gov.mn бүртгэлийн системд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 58-68, 73-84, 105-106, 120-123, 130-152-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Д.М-г M Davaa нэртэй фэйсбүүкийн пэйж дээр хийсэн лайваараа нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, худал, үндэслэлгүй мэдээлэл тараасан Д.М-д уг мэдээллийг тараасан хэлбэрээр няцаалт хийж уучлал гуйлгахыг даалгаж, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, худал мэдээлэл тараасны улмаас учирсан хохирол 100 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Н.А-ийн талаар буруу ташаа мэдээлэл тараагаагүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бусад сайтуудад нийтлэгдсэн, тараагдсан мэдээлллийг өөрийн фэйсбүүкийн хуудсаар лайв хийсэн, Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэсэн, улс төрийн албан тушаалтны хувьд иргэд хардах эрхтэй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч нь өөрийн M Davaa нэртэй фэйсбүүкийн нүүр хуудсаар 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хийсэн 1цаг 28 минутын бичлэгт “...Өнөөдөр О.Ц-ийн ард Н.А байгаа, Н.А О.Ц-ийн төрсөн ах О.С ерөнхий сайд байхдаа Эрдэнэс Монголын захирлаар тавьж байсан. О.С тэндээс их хэмжээний мөнгө олсон, Н.А хүргэн Д-ээрээ дамжуулж их хэмжээний мөнгө олсон, тэрийг “Тэсо” компаниар угаалгасан” гэж,
2021 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн 1цаг 56 минутын бичлэгт “...Оюун-Эрдэнэ ерөнхий сайд, Х Б, А нарын угсарсан МАНАН хонгил, МАНАН 2008 онд эхэлсэн байна, манайхаас Б, А нар МАНАН-гийн суурийг тавилцсан, энэ хоёр ардчилсан намыг хагалан бутаргасан, мандатаа өвөртлөөд ирсэн чинь А, Б хоёр миний боломжоос хулгай хийгээд дээрэмдчихсэн, ардчилсан намын байрыг А идээд зарчихсан, Ардчиллын өргөө гээд баахан хүмүүсээс хандив авсан, нэгийг нь ч буцааж өгөөгүй, А Худалдаа хөгжлийн банк буюу Э Улаанбаатар хотын банкны эзэнд 7,5 тэрбум төгрөгөөр зарчихсан, 2,5 тэрбумыг нь А хувийн аж ахуйн нэгжээр аваад идчихсэн, А-ийн оффшор обьектуудын зургийг харуулав, Хаан жимс Туул гол руу 00 асгадаг, А баахан залуучуудыг бие даалгасан, А ийн нэр дэвшүүлсэн бие даагчид ийм л хулгайч ш дээ, А хамаатнуудаа дэд сайдаар тавьж байсан, хүргэн Д-ээрээ дамжуулж таван толгой гээд аваагүй тендер хулгайгийнхаа бүх мөнгийг Тэсо дээр нуусан...” гэж,
2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн бичлэгт “...шүүхэд гомдол гаргачихжээ, уучлал гуйяа, эхнэрээ хаясан, өөрийн туслах хүүхнийг аваад суучихсан чинь үнэн ш дээ, Хаан жимс дээр амралтын газар хийчихээд нойл нь Туулын эх рүү цацдаг байсан нь сайтууд гаргаж тавьсан нь үнэн ш дээ, хулгай хийсэн обьект байгаа, ардчилсан намын хүзүүвчийг зараад идчихсэн, 12 онд намын дарга байхдаа асар олон хүнээс авилга, хандив авсан, нэр дэвшүүлнэ, мандатын чинь шийдэж өгнө гээд...” гэж ярьсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан фэйсбүүкийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч нь хариуцагчийг дээрх 3 удаагийн лайв бичлэгээр нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, худал, үндэслэлгүй мэдээ мэдээллийг олон нийтэд тараасан, хүний Үндсэн хуулинд заасан халдашгүй байх эрхийг зөрчсөн гэсэн.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт “...мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно...” гэж тус тус заажээ.
Хариуцагч нь 3 удаагийн лайв бичлэгийг хийсэн нь үнэн, уг бичлэгт зөвхөн Н.А-ийн талаар яриагүй, Л.О, Х.Б, н.С, н.Д, н.Ц, н.У, н.С нарыг болон өөр хүмүүсийн талаар дурдсан, бусад эх сурвалж буюу сонин, мэдээллийн сайт дээр гарсан байсан мэдээллийг өөрийнхөө фэйсбүүкээр ярьсан, Үндсэн хуулинд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, улс төрийн албан тушаалтных нь хувьд иргэд хардах эрхтэй гэж маргасан.
6.Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрх чөлөөтэй, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана” гэж тус тус заажээ.
Мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлд “1.Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй, 2. Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана” гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн талаарх мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу сайтуудад тавигдсан эх сурвалж, баримтыг үндэслэн ярьсан гэж тайлбарласан бөгөөд энэ нь түүний нотлох баримтаар ирүүлсэн MGLpress.mn сайтын “МАНАН бүлэглэлийн мөнгө угаагч О.Ц төрд шургалах уу”, Chuhal.mn сайтын “АН-ын даргад нэр дэвшигчдийн гэр бүлтэй танилц”, Peoplenews.mn сайтын “Сохорсон биш завшсан Х.С”, Fact.mn сайтын “Хаан жимс-т хариуцлага тооцож татан буулгана”, Trends.mn сайтын “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд нэр дэвшигчид хэний хэн бэ”, Montsame мэдээллийн хуудсанд “Сан Францискод суух ерөнхий консул үүрэгт ажилдаа оров”, Control.mn сайтын “Н.А намын байр зарсан 7 тэрбум төгрөгөө төлчөөд дараа нь намын даргад нэрээ дэвшүүл”, Zindaa сайтын “АН-ын Ардчилалын өргөө сүндэрлэх газрыг Женкогийн банк худалдаад авчихсан гэв үү”, Zarig.mn сайтын “Н.А намаасаа хөөгджээ” гэсэн мэдээллүүдээр тогтоогдож байна.
Иймд хариуцагч нь Үндсэн хууль болон Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хүрээнд аливаа мэдээллийг хүлээн авч, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөөтэй, энэ эрхээ хэрэгжүүлсэн байна гэж үзэв.
Хэдийгээр хүний нэр төр, алдар хүнд халдашгүй байх эрх бол Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т заасан халдашгүй, чөлөөтэй байх ерөнхий эрхээр хүлээн зөвшөөрөгдсөн үндсэн эрх боловч хүн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй юм.
Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг улс төрийн албан тушаалтных нь хувьд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг нь гутаасан гэсэн боловч хариуцагчийн төлөөлөгч нь иргэд хардах эрхтэй гэж тайлбарласан бөгөөд улс төрч өөрийнх нь талаар нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудал дээр иргэнээс илүү шүүмжийг хүлцэн тэвчих бөгөөд намтай холбоотой ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэсэн нь зөвхөн нэхэмжлэгчийн талаар дурдаагүй, МАНАН бүлэглэлийг Л.О, Х.Б, Н.А нарын угсарсан МАНАН хонгил, МАНАН 2008 онд эхэлсэн, манайхаас Б, А нар МАНАН-гийн суурийг тавилцсан, энэ хоёр ардчилсан намыг хагалан бутаргасан гэж дурджээ.
Иймд нэхэмжлэгч Н.А ийн хариуцагч Д.М-д холбогдуулан гаргасан M Davaa нэртэй фэйсбүүкийн пэйж дээр хийсэн лайваараа нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, худал, үндэслэлгүй мэдээлэл тараасан Д.М-д уг мэдээллийг тараасан хэлбэрээр няцаалт хийж уучлал гуйлгахыг даалгаж, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, худал мэдээлэл тараасны улмаас учирсан хохирол 100 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Харин хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үзэл бодлоо илэрхийлэхдээ сэтгэл хөдлөлийн улмаас зохисгүй “...хулгайч, Түгжил гэх мэт” гэх мэт үг хэллэг хэрэглэсэндээ уучлалт гуйж байгаа гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
7.Иргэдийн төлөөлөгч Ц.Б нь товлон зарласан шүүх хуралдаанд өвчний учир хүрэлцэн ирэх боломжгүй гэсэн боловч холбогдох баримтаа ирүүлээгүй бөгөөд зохигч талууд түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар тэдний зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 938 750 төгрөгийг /70 200+70 200+70 200+70 200+657 950/ улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нэхэмжлэгч Н.А-н хариуцагч Д.М-д холбогдуулан гаргасан M Davaa нэртэй фэйсбүүкийн пэйж дээр хийсэн лайваараа нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, худал, үндэслэлгүй мэдээлэл тараасан Д.М-д уг мэдээллийг тараасан хэлбэрээр няцаалт хийж уучлал гуйлгахыг даалгаж, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, худал мэдээлэл тараасны улмаас учирсан хохирол 100 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 938 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ