| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/01115/И |
| Дугаар | 183/ШШ2022/02913 |
| Огноо | 2022-10-11 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2022/02913
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, 314а тоотод оршин суух, М овогт Т.Б /РД:**********/,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, 314а тоотод оршин суух, М овогт Т.С /РД: **********/,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, 314а тоотод оршин суух, Р овогт Г.Б /РД:**********/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, 314а тоотод оршин суух, М овогт Т.Н /РД: **********/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Х дүүрэг, 16 тоотод оршин суух, Х овогт Г.С /РД: **********/ нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.Б , Т.С , Г.Б,
Хариуцагч Т.Н,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.М,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.С,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.Б , Т.С , Г.Б нар нь хариуцагч Т.Н-д холбогдуулан өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Т.Б, Т.С, Г.Б, Т.Н бид нар төрсөн эгч дүүс бөгөөд Улаанбаатар хотын Х дүүргийн 314а тоотод оршин суудаг. Бид энэ хашаандаа төрсөн эх Д.Ц-гийн хамт амьдардаг байсан ба эх минь 2015 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр насан өөд болсон. Бидний амьдарч байгаа хашааны газрын эзэмшигч нь эх Д.Ц бүртгэлтэй байсан. Тус хашаа нь 168мкв талбайтай ба 4x5 харьцаатай байшинд Т.Б, Г.Б бид нар ам бүл долуулаа, урд талд нь барьсан гэрт Т.Н нь амьдарч байна. Эхийг нас барснаас хойш өв нээлгээгүй байсан. Т.Н нь ээж гэрээслэл үлдээсэн одоохондоо та нарт үзүүлж болохгүй байна. Өв нээлгэх хэрэгтэй тийм тул та нар гэрээслэлийн дагуу тус газар дээр өөрсдөдөө өв нээлгэхээс татгалзах тухай бичиг хийж өг, тэгээд биднийг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын хойд талын нотариатч дээр оч гэсэн. Бид тус тусдаа очоод өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтэд гарын үсэг зурсан. Бидэнд гэрээслэл байгаа талаар хэлсэн учраас л тус өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтийг хийлгэх ёстой гэж ойлгосон. Мөн татгалзах бичгийг хийж өгснөөр гэрээслэлийг уншиж болдог юм байна л гэж ойлгоцгоосон. Тэгтэл биднийг өв хүлээн авахаас татгалзуулсан хүсэлтийг төөрөгдөлд оруулан хийлгүүлж аваад өөртөө өв нээлгэсэн байна.
Иймд бидний дүү Т.Н нь бидэнд өөртөө өв хүлээн авахаас татгалзах тухай бичгийг хийж өгвөл ээжээс үлдээсэн гэрээслэлийг үзэж болно гэж ойлгуулсан тул бид тэр үгэнд итгэж ноцтой төөрөгдөлд орж хүсэлтэд гарын үсэг зурсан тул 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн **** дугаартай, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн **** дугаартай, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн **** дугаартай өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоон шийдвэрлэж өгнө үү.
Т.Б намайг Т.Н эгч гэртээ байж байхад дуудаад дүүрэг дээр яаралтай ир гэсэн, дүүргийн нотариат дээр очиход “ээж танай хүүд газраа үлдээсэн, 18 насанд хүртэл нь миний нэр дээр байж байг” гэж хэлсэн. Тэгээд “гэрээслэл байгаа үзүүлнэ” гэж хэлсэн болохоор л гарын үсгээ зурсан.
Т.Н нь Т.С над дээр ирж “гадаадаас тэрбумын өв залгамжлагч болчихлоо, энд гарын үсэг зурчихвал би таньд байр, машин авч өгье” гэж хэлсэн. Өөрийнхөө гар утсан дээр мессеж ирсэн гээд үзүүлсэн. Тиймээс итгээд гарын үсгээ зурж өвөөс татгалзсан.
Т.Н нь Г.Б надтай уулзаад “таньд хоосон хашаа авч өгье” гээд гарын үсэг зуруулсан. Гэтэл хэлсэн ярьсандаа байгаагүй. Биднийг хуурч мэхлээд өвөөс татгалзуулсан байна.
Тиймээс энэ хүсэлтүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн шаардлагаа дэмжиж байгаа гэв.
2.Хариуцагч Т.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч Т.Б, Т.С, Г.Б нарын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Х дүүрэг, 314А тоот газар байшин дээр 2003 оноос ээж Д.Ц-тай хамтран өмчлөгчөөр Т.Н миний охин Н.А нар байсан. 2015 онд шинэчлэгдсэн гэрээ гаргаж ээжийн нэр дээр дангаар үлдсэн. Тухайн үед би гэрчилгээг ээжтэйгээ хамт очиж аваад, ээж надад уг гэрчилгээг хадгалж байгаарай, миний охины өмч шүү гээд үлдээсэн. Энэ талаар миний ах, эгч, дүү гурав бүгд мэдэж байсан. Ээж маань 2015 онд хүнд өвдөж, хагалгаанд орж би ээжийгээ асарч байсан. Энэ хугацаанд ах, эгч, дүү гурав огт анхаардаггүй байсан. 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өөд болсон. 2021 онд миний бие ах, эгч, дүү гуравтайгаа ярилцаад өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, газрын гэрчилгээ миний нэр дээр гарсан. Өвлөх гэрчилгээ гаргуулахад ах, эгч, дүү гурав сайн дураараа татгалзаж надад өвлүүлэхийг зөвшөөрсөн. Нотариатч тухайн үед уг өвөөс татгалзаж Т.Н-д өвлүүлэхийг зөвшөөрч байна уу? гэж асууж зөвлөж хүсэлтийг нь бүртгэж авсан, хууль ёсны дагуу уг өвөөс татгалзсан. Нэхэмжлэлд дурдьсан шиг гэрээслэл байгаа гэж худлаа хэлж өвөөс татгалзуулаагүй, бид хоорондоо ярилцаад ойлголцоод ээжийн үлдсэн ганц хөрөнгийг үрэн таран хийлгүйгээр надад өвлүүлэхээр шийдсэн болно. Миний дүү Т.Б миний охинтой муудалцсанаас болж, намайг хөөлөө, би буруу хүсэлт гаргасан гэж ах, эгч хоёрыг уруу татаж шүүхэд гомдол гаргасан байна. Хоорондоо муудах болгондоо хууль ёсны дагуу хийгдсэн үйлдлийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан нь үндэслэлгүй гэв.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн Т.Б нь өөрийн төрсөн эгч Т.Н-ийн хамт манай ажлын байранд хүрэлцэн ирсэн бөгөөд тэрээр 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр миний эх болох Д овогтой Ц /**********/ нас барсан, түүний өмчлөлд байсан Х дүүргийн 314 а тоот хаягт байрлах *** м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 00036**** дугаартай гэрчилгээтэй, Г-2206****** улсын бүртгэлийн дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг би өвлөн авахаас өөрийн сайн дураараа татгалзаж өөрийн төрсөн эгч болох Т.Нд өвлүүлэх хүсэлтэй байна. Иймд миний энэхүү хүсэлтийг гэрчилж өгнө үү гэж хандсан болно. Тухайн үед нотариатч би Т.Б гийн баримт бичгийг нягтлан үзэж, хурууны хээг төхөөрөмжинд уншуулахад өөрөө мөн байсан, мөн хүсэлтдээ өөрөө гарын үсэг зурсан тул өв хүлээн авахаас татгалзах тухай түүний хүсэлтийг нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 240 бүртгэлийн дугаарт бүртгэн гэрчилсэн болно. Мөн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Т.С нь төрсөн дүү Т.Нтэйгээ хамт хүрэлцэн ирж, өөрийн талийгаач эх болох Д.Ц-гийн өмчлөлд байсан ХУД-ийн 314 а тоот хаягт байрлах 168 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 00036**** дугаартай гэрчилгээтэй, Г-2206****** улсын бүртгэлийн дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг би өвлөн авахаас сайн дураараа татгалзаж байна, өөрийн төрсөн дүү болох Т.Н-д өвлүүлэх хүсэлтэй байна, миний хүсэлтийг гэрчилж өгнө үү гэж хандсан бөгөөд тухайн үед нотариатч би түүний баримт бичгийг нягтлан үзэж, хурууны хээг төхөөрөмжинд уншуулахад өөрөө мөн байсан, мөн хүсэлтдээ өөрөө гарын үсэг зурсан тул өв хүлээн авахаас татгалзах тухай түүний хүсэлтийг нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн *** бүртгэлийн дугаарт бүртгэн гэрчилсэн болно. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн Г.Б нь өөрийн төрсөн дүү Т.Нтэйгээ хамт манай ажил дээр хүрэлцэн ирж, талийгаач эх Д.Ц-гийн өмчлөлд байсан Х дүүргийн 314 а тоот хаягт байрлах 168 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 00036**** дугаар гэрчилгээтэй, Г-2206****** улсын бүртгэлийн дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг өөрийн сайн дураар өвлөн авахаас татгалзаж байна, өөрийн төрсөн дүү болох Т.Н-д өвлүүлэх хүсэлтэй байна, хүсэлтийг гэрчилж өгнө үү гэж хандсан бөгөөд тухайн үед түүний баримт бичгийг нягтлан үзэж, хурууны хээг төхөөрөмжинд уншуулахад өөрөө мөн байсан, мөн хүсэлтдээ өөрөө гарын үсэг зурсан тул өв хүлээн авахаас татгалзах түүний хүсэлтийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн *** бүртгэлийн дугаарт бүртгэн гэрчилсэн болно. Нэр бүхий эдгээр иргэд нь өв хүлээн авахаас татгалзах хүсэлтээ гэрчлүүлэхдээ өөрийн биеэр хүрэлцэн ирсэн, хүсэлт дээрээ өөрсдөө гарын үсгээ зурсан, өвөөс өөрт оногдох хэсгээс сайн дураараа татгалзаж, өөрийн төрсөн дүү, эгч болох Т.Н-д өвлүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ тодорхой илэрхийлж байсан тул Монгол Улсын Иргэний хууль, Нотариатын тухай хууль тогтоомжийн дагуу эдгээр иргэдийн хүсэлтийг гэрчилж бүртгэсэн болно. Иймд хууль тогтоомжийн дагуу гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгох үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. Миний бие нэхэмжлэгч Т.Б , Т.С , Г.Б нар болон хариуцагч Т.Н-д бүгдэд нь өвөөс татгалзах талаарх тайлбарлаж, хууль зүйн үр дагаврыг нь хэлж өгсөн, өөрсдөө сайн дураар хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан болно гэсэн.
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т.Б гийн иргэний үнэмлэхний хуулбар, Х дүүргийн Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн *** тоот тодорхойлолт, Т.С ын иргэний үнэмлэхний лавлагаа, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн *** тоот тодорхойлолт, Г.Бгийн иргэний үнэмлэхний хуулбар, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн *** тоот тодорхойлолт, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Өв хүлээн авахаас татгалзах хүсэлт, Г-2206****** дугаарт бүртгэлтэй Д.Ц-гийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Өв хүлээн авахаас татгалзах хүсэлт, Д.Ц-гийн иргэний үнэмлэхний хуулбар, №000016**** дугаарт бүртгэлийн Д.Ц-гийн нас барсны бүртгэлийн гэрчилгээ, Т.Н-ийн иргэний үнэмлэхний хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Өв хүлээн авахаас татгалзах хүсэлт /хэргийн 2-13, р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хариу тайлбар, Г-2206****** дугаарт бүртгэлтэй Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээ, Г-2206****** дугаарт бүртгэлтэй Д.Ц-гийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Өв хүлээн авах хүсэлт /хэргийн 23-28-р хуудас/ гэсэн баримтуудыг,
гуравдагч этгээдээс хариу тайлбар /хэргийн 36-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гар утасны мессежид, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гар утасны мессеж, фэйсбүүкийн харилцан яриан үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлсэн, гуравдагч этгээдийн хүсэлтээр нотариатын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийж, тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан. /хэргийн 49-57, 59-64-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2.Нэхэмжлэгч нар нь хариуцагч Т.Н-ийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн **** дугаартай, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн **** дугаартай, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн **** дугаартай өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтийг хуурч мэхлэн ноцтой төөрөгдөлд оруулан хийлгэж, өөртөө өв нээлгэсэн, гэрээслэл байгаа гэж хуурсны улмаас хүсэлтэд гарын үсгээ зурж, өвөөс татгалзсан тул өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардсан.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Т.Б , Т.С , Г.Б нар өвлөх гэрчилгээ гаргуулахад ах, эгч, дүү гурав сайн дураараа татгалзаж, надад өвлүүлэхийг хүлээн зөвшөөрсөн тул хүсэлтэд гарын үсэг зурсан, гэрээслэл байгаа гэж хуурч мэхлээгүй, хууль ёсны дагуу өвлөх эрхээсээ татгалзсан гэж үгүйсгэсэн.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдөө хүрэлцэн ирж өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг гаргаж, өв хүлээн авах хүсэлтээ гаргаж, өвлөх эрхийн гэрчилгээ авсан бөгөөд хийгдэж байгаа нотариатын үйлдэл бүрийн үр дагаврыг тайлбарлаж өгсөн, өөрсдөө хүлээн зөвшөөрч баримтад гарын үсгээ зурсан гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигч нарын эх Н овогт Д.Ц нь 57 настайдаа 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эмнэлэгт өвчнөөр нас барсныг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нас барсны бүртгэлийн ****-рт бүртгэж, №000016**** дугаартай нас барсны гэрчилгээ олгосон байх тул Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д “өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ” гэж зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс өв нээгджээ.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д “өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж зааснаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №00036**** дугаартай гэрчилгээгээр Нийслэлийн Х дүүргийн 314а тоот хаягт байршилтай 18****27724 нэгж талбарын дугаартай 168 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр Г-2206****** дугаарт Д.Ц бүртгэгдсэн байсан болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Т.Б , Т.С , Г.Б, хариуцагч Т.Н нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-д зааснаар хууль ёсны өвлөгчид бөгөөд адил хэмжээгээр өвлөх эрхтэй байсан байна.
Гэвч өв нээгдсэн байхад хууль ёсны өвлөгчид болох Т.Б , Т.С , Г.Б нар нь хэн аль нь өв хүлээн авах хүсэлт, өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хүсэлтээ гаргаж байгаагүй бөгөөд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д “өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Т.Б , Т.С , Г.Б нар нь өв хүлээн авахаас татгалзсан болох нь хэрэгт авагдсан “Өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт”, “Өв хүлээн авах хүсэлт”, өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Хариуцагч Т.Н нь бусад өвлөгч нар өвөөс татгалзсан тул өв хүлээн авах хүсэлтээ нотариатид гаргаж, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №00** дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”-нд өвлүүлэгч Д.Ц өвлөгч охин болох Т.Н-д гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Х дүүргийн 314а тоот хаягт байршилтай 168 м.кв талбайтай газрыг бусад өвлөгчид уг өвөөс татгалзаж Т.Н-д өвлүүлэхийг зөвшөөрсөн тул хөрөнгийг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ.
Хэрэгт авагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанд “...Улаанбаатар хот Х дүүрэг 314а тоот 168 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр Төрөөс хувьчилсан газрын өмчлөх эрхийг анх удаа бүртгэх 2015 оны 9 дүгээр сарын 30-нд Д.Ц өв залгамжлуулсан, өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдөх 2021 оны 10 дугаар сарын 20-нд Т.Н” гэжээ.
5.Талууд өв нээгдсэн, хууль ёсны өвлөгчид болох талаараа маргаагүй, өвөөс татгалзах хүсэлтийг хууран мэхлэж, ноцтой төөрөгдүүлэн хийлгэсэн гэж маргаж байна.
6.Хэрэгт авагдсан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №0*** дугаар “Өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт”-д өвлөгч Т.Б би өөрийн эх Ц-гийн хууль ёсны өвлөгчийн хувьд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.5 дах заалтыг үндэслэн өвлүүлэгч Д.Ц нь 2015 оны 11 сарын 18-нд нас барснаар өв нээгдэж нас барсан бүртгэлийн **** дугаарт бүртгэгдсэн бөгөөд өвлүүлэгчийн хөрөнгийн мэдээлэлд өмчлөлийн газар Х дүүргийн 314а тоот 168 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, дээрхи хөрөнгийг ИХ-ийн 528.1-д зааснаар өв хүлээн авахаас татгалзаж байна, өөрт ногдох хэсгээ өвлөх эрхээ өөрийн эгч Т.Нд өвлүүлэхийг зөвшөөрч байна.
Мөн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №0*** дугаартай “Өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт”-д өвлөгч Т.С нь өвлүүлэгч Д.Ц-гийн хөрөнгө болох газрын өөрт ногдох хэсгээс татгалзаж, өөрт ногдох хэсгийн өвлөх эрхээ өөрийн төрсөн дүү Т.Н-д өвлүүлөхийг зөвшөөрч байна.
2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №0*** дугаартай “Өв хүлээн авахаас татгалзах хүсэлт”-д өвлөгч Г.Б нь өвлүүлэгч Д.Ц-гийн хөрөнгө болох газрын өөрт ногдох хэсгээс татгалзаж, өөрт ногдох хэсгийн өвлөх эрхээ өөрийн төрсөн дүү Т.Н-д өвлүүлэхийг зөвшөөрч байна гэжээ.
Дээрх “Өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт”-ийг нэхэмжлэгч нар нь хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардаж, уг хүсэлтийг хариуцагч Т.Н хуурч мэхлэж, гэрээслэл байгаа гэж ноцтой төөрөгдөлд оруулсны улмаас бичсэн гэж тайлбарласан боловч тайлбараа баримтаар нотлоогүй, уг хүсэлтийг нэхэмжлэгч нар нь өөрсдөө сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн нотариат дээр очин хийсэн нэг талын хэлцэл байгаа болно.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу нотариатч Г.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...нэхэмжлэгч нар нь өөрсдөө ажлын байранд хүрэлцэн ирж, сайн дураараа газар өвлөн авахаас татгалзаж байна гэж, өөрийн эгч болон дүү Т.Н-д өвлүүлэх хүсэлтэй байна гэсэн, өвөөс татгалзах хүсэлт гаргахын үр дагаврыг тайлбарлаж, өөрсдөөр нь гарын үсгийг нь зуруулсан, хүсэлтийг уншиж танилцаж, гарын үсгээ зурсан болно” гэж тайлбарласан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бүртгэлийн дэвтэр, өвөөс татгалзах хүсэлт, талуудын тайлбараар нотлогдож байна гэж үзэв.
Хэрэгт авагдсан Монголын нотариачтын танхимын Бүртгэлийн дэвтэрийн гарын үсэг-1 /2021оны 1 сарын 18наас 2021 оны 11 сарын 16-ны өдөр гэсэн/-д “...*** дугаарт Т.Б , ***-д Т.С , ***-д Г.Б нар өвлөхөөс татгалзсан, Н-д өвлүүлэх хүсэлтэй байна гэсэн, ***-д Т.Н өв хүлээн авах хүсэлт” бүртгэгдсэн, гарын үсэг зуржээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу нотариатч нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д зааснаар “үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх” үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үндэслэл байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзах, бусад үндэслэлээр нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхгүй тул нэхэмжлэгч нарын хүсэлтээр “өв хүлээн авахаас татгалзах хүсэлт”-ийг бүртгэснийг буруутгах үндэслэлгүй юм.
Мөн Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцохоор заасан боловч энэ үндэслэл тогтоогдоогүй болно.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь өвлөгч нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д заасны дагуу өв хүлээн авахаас татгалзвал нотариатч хүсэлтийг нь гэрчилж түүнд ногдох хэсгийг бусад өвлөгчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.
Иргэний хуулийн 58 дугаар зүйлд ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, 59 дүгээр зүйлд хууран мэхэлж хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох боловч нэхэмжлэгч нарын гэрээслэл байгаа гэж ноцтой төөрөгдүүлсэн, тэрбумын өв залгамжлагч болсон, байр, хашаа, машин авч өгнө гэж хууран мэхлэж өвөөс татгалзуулсан гэдэг нь баримтаар тогтоогдоогүй.
Иймд нэхэмжлэгч Т.Б , Т.С , Г.Б нарын хариуцагч Т.Н-д холбогдуулан гаргасан өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5 дахь хэсэг зааснаар нэхэмжлэгч Т.Б , Т.С , Г.Б нарын хариуцагч Т.Н-д холбогдуулан гаргасан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0*** дугаартай, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 0*** дугаартай, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0*** дугаартай өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Т.Б , Т.С , Г.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН