Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2022/03051

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Б дүүрэг, 22 тоотод оршин суух, Шг овогт Д.Д /РД:********/-гийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Х дүүрэг, **** байранд байрлах, Х сан /РД:****** /-д  холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Нэг удаагийн тэтгэмж 3 075 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны  өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Д , 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н , 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Д  нь хариуцагч Х санд холбогдуулан нэг удаагийн тэтгэмж 3 075 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Үүнд:

Д.Д  миний бие 2021 оны 3 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Х сангийн мэдээлэл технологийн хэлтэст мэргэжилтэнээр ажилласан. Энэ хугацаанд ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг сайн гүйцэтгэж байсан бөгөөд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр  аж ахуйг дэмжих сангийн захирал хурал дээр "манай сан удахгүй татан буугдана. Та хэд өөр ажил төрөл бодох хүн байвал эрхтэн бодоорой” гэж хэлээд "Монгол улсын Тусгай сангийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа эрхэлдэг "Х сан" нь 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Хөдөө аж ахуйн корпораци"-ийн зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулахаар Засгийн газар, ХХААХҮЯ-ны хүрээнд бэлтгэл ажил ханган ажиллаж байна. Дээрх чиг үүргийн хүрээнд Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд "Х сан"-ийн төсөв, зардал тусгагдаагүй болно" гэсэн мэдэгдэх хуудсыг өгсөн. Улмаар 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлээр ажлаас халсан бөгөөд 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Б\25 тушаалаар 3 075 000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор болсон. Гэвч энэхүү тэтгэмжийг өнөөдрийг хүртэл олгоогүй. Тэтгэмжийн талаар Х сангийн Захиргаа үйлчилгээний даргаас асуухад удахгүй гэсэн хариу өгсөөр өнөөдрийг хүрлээ. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1.1-т заасны дагуу нэг удаагийн тэтгэмж болох 3 075 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Д.Д  миний бие 2021 оны 3 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг Х сангийн мэдээлэл технологийн хэлтэст мэргэжилтнээр алдаа зөрчил гаргаагүй сайн ажиллаж байсан. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралд дээр "манай сан удахгүй татан буугдана. Та хэд өөр ажил төрөл бодох хүн байвал эрхтэн бодоорой” гэж хэлсэн. Удалгүй 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлээр ажлаас халсан бөгөөд 2022 оны 2 дугаар сарын 18 өдрийн Б\25 тушаалаар 3 075 000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор болсон. Гэвч энэхүү тэтгэмжийг өнөөдрийг хүртэл олгоогүй. Тэтгэмжийн талаар Х сангийн Захиргаа үйлчилгээний даргаас асуухад удахгүй гэсэн хариу өгсөөр дахин дахин явуулсаар өнөөдрийг хүрлээ. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1.1-т заасны дагуу нэг удаагийн тэтгэмж болох 3 075 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Манай сан татан буугдана гээд хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдаагүй, мөн дүүрэгт маргаан таслах 3 талт хороо байгуулагдаагүй учраас байгууллагадаа хандаа өгөхгүй байгаа тул шүүхэд хандсан юм гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус сан нь татан буугдсан тохиолдолд тэтгэмж олгох тухай тушаал гарсан боловч сан одоо болтол татан буугдаагүй байгаа тул тушаалын биелэлтийг хангах эрх зүйн орчин боломж байхгүй байгаа болно. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х сан татан буугдаж байгаатай холбогдуулаад  Д.Д гийн гэрээг нь цуцалж үүрэгт ажлаас чөлөөлж тэтгэмж олгох тушаал гаргасан нь үнэн. Энэ тушаалыг орон тоо цөөрсөн тул захиргаа үйлчилгээний мэдээлэл технологийн мэргэжилтэн Д.Д д 3 сарын цалинтай дүйцэх хэмжээний тэтгэмж олгосугай  гэх тушаал гаргасан. Х сан нь татан буугдаж Хөдөө аж ахуйн корпораци болж өөрчлөгдөх байсан. Захирлын тушаалын дагуу Хөдөө аж ахуйн яаманд дээр төсвийн дагуу тэтгэмжийн асуудлуудыг шийдвэрлүүлээд шилжүүлье гэхээр Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны төрийн сангийн мэргэжилтэн нягтлан бодох бүртгэлийн ажилтнууд нь  төрийн хяналтын тухай хууль болон төрийн сан татан буугдаагүй байгаа учраас олгох боломжгүй, захирлын тушаалыг биелүүлэх боломжгүй гэсэн хариу өгдөг. Тэгээд  бид тэтгэмжийг нь өгөх боломжгүй, татан буугдах гэж байгаа учраас дахин ажилд авах ч боломжгүй болчихоод байгаа гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Х сангийн ажлын албаны 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/06 дугаартай захирлын тушаал, 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Б/25 дугаартай тушаал /хх-ийн 3-6-р хуудас хуудас/,

хариуцагчаас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын №16 дугаартай тогтоол, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дугаартай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал, хариу тайлбар гэсэн баримтуудыг /хх-ийн 11, 6-19-р хуудас/ шүүхэд ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч Д.Д  нь хариуцагч Х сангийн  мэдээлэл технологийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байгаад байгууллага татан буугдана, орон тоо цөөрсөн гэж хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэмж 3 075 000 төгрөгийг олгохоор болсон боловч тушаалаа биелүүлээгүй, тэтгэмжийг өгөхгүй байгаа гэж гаргуулахаар шаардсан. 

3.Хариуцагч Х сан нь нэхэмжлэгч Д.Д тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас нь чөлөөлсөн боловч байгууллага татан буугдаагүй байгаа тул нэг удаагийн тэтгэмж 3 075 000 төгрөгийг олгох боломжгүй гэж үгүйсгэсэн.  

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Д  нь Х сангийн Захиргаа үйлчилгээний газрын Мэдээлэл технологийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд түүнийг 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн №Б/06 дугаартай “Д.Д тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4 дэх заалт, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалт, 82 дугаар зүйлийн 82.3 дах заалт, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 83.4, 83.5, 83.6 дах заалт “Х сангийн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.3.1, 12 дах заалтыг тус тус үндэслэн Х сан татан буугдаж буйтай холбогдуулан Д.Д тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тасалбар болгон цуцлаж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Мөн Х сангийн ажлын албаны захирлын 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №Б/25 дугаар “Д тэтгэмж олгох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалт, Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 394 дүгээр тогтоол, Х сангийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.1.13, Хөдөлмөрийн дотоод журмын 3.17 дахь заалтыг үндэслэн сан татан буугдаж, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тул Захиргаа үйлчилгээний газрын Мэдээлэл технологийн хэлтсийн мэргэжилтэн Д.Д д 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 3 075 000 төгрөгийг нэг удаагийн тэтгэмж олгохоор заажээ.

 

5.Зохигч талууд хөдөлмөрийн гэрээг цуцласан, нэг удаагийн тэтгэмж олгохоор тушаал гарсан талаар маргаагүй, сан татан буугдаагүй тул тэтгэмж олгох эсэх талаар маргаж байна.

 

            6.Нэхэмжлэгч нь “Д-д тэтгэмж олгох тухай” 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №Б/25 тоот тушаалыг хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, эсхүл дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч уг хороо нь байгуулагдаагүй, байгууллага дээр маргаан таслах комисс байгуулаагүй тул мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д зааснаар гомдлоо шүүхэд гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй болно.

 

7.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцласан байх бөгөөд энэ талаар зохигч талууд маргаагүй.

 

Мөн ажил олгогч буюу хариуцагч Х сангийн ажлын алба нь Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр ажилтан буюу нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан тул мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, 82.1.1-д “тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх” тэтгэмжийг олгоно гэж зааснаар Х сангийн ажлын албаны захирлын 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №Б/25 дугаар “Д тэтгэмж олгох тухай” тушаалаар 3 075 000 төгрөгний тэтгэмжийг олгохоор заасан тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй, хариуцагч нь хууль болон тушаалд заасан тэтгэмжийг өгөх үүрэгтэй болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тэтгэмжийг өгөх боломжгүй байгууллага буюу сан нь татан буугдаагүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.

Иймд хариуцагч Х сангаас нэг удаагийн тэтгэмж 3 075 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгохоор шийдвэрлэв.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Д   нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 150 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Д д олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 64 150 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х сангаас нэг удаагийн тэтгэмж 3 075 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д д олгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Д   нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 150 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.Д д олгож, хариуцагч Х сангаас улсын тэмдэгтийн хураамжид 64 150 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

                                                                                                         

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН