| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 307/2025/0383/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/425 |
| Огноо | 2025-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/425
2025 08 13 2025/ШЦТ/425
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0383/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокжрорын газраас ******* овогт *******гийн *******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000000469 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “ ******* ” ХХК-д нэвтрэгч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******,******* тоотод оршин суух, урьд
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 396 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял,
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял,
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн,
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн ******* ,
******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Өргөө” авто засварын газрын ойролцоо хохирогч Ж.*******г гар утсыг нь авсан гэх шалтгааны улмаас толгой хэсэгт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь дагз, чамархай, духанд шарх, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4/,
Хохирогч Ж.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би *******, гэх хоёр эмэгтэй найзтайгаа 19-20 цагийн орчимд салхинд алхангаа ганц юм уучих санаатай архи зардаг дэлгүүр хайгаад Дархан сумын 7 дугаар багт байрлах “ ” дэлгүүрийн ойролцоо алхаад явж байсан юм. Тухайн өдөр хүүхдийн баяр байсан тул дэлгүүрт архи зарахгүй байсан. Тэгээд явж байтал нэг залуу / ******* / араас та хэд архи хайгаад явж байгаа юм уу гэж асуусан. Бид нарын орсон дэлгүүрийг “наад дэлгүүрт чинь би орсон архи зарахгүй байна лээ” гэж хэлсэн. Тэгээд бид дөрөв нийлээд манай ******* гэх найз “миний нэг таньдаг дэлгүүр байгаа, би тийшээ очиж асуугаад үзье” гээд Дархан сумын 7 дугаар багт байрлах “ ” нэртэй хүнсний дэлгүүр рүү *******, нар 19-20 цагийн орчимд архи авахаар орсон. Эхлээд 1 шил 0.75 граммын ногоон экс нэртэй архи авсан. Тэгсэн ******* “манай хашаанд ууя, би гэрийнхээ түлхүүрийг хаячихсан байгаа, гэхдээ хашаан дотор суугаад уучихаж болно” гэж хэлсэн. Тэгээд бид дөрөв *******ийн гэр рүү очиж нөгөө архиа ууж байтал 20 цагийн орчимд ******* манай найз *******гийн гар утсаар би байрныхаа түрээслэгчтэй утсаар яриад илүү түлхүүр байна уу асуугаадахъя гээд утсаар нь ярьсан. “чи өөрөө утасгүй юм уу” гээд ******* асуухад “би утсаа найдвартай газар хадгалуулчихсан байгаа” гэж хэлсэн. Тэр үед нь би бодохдоо ломбардад тавьчихсан юм байна гэж ойлгосон. Тэгээд ууж байсан архи дуусгаад дахиад нөгөө газраасаа 1 шил архи нэмж авч уусан. Тэрийгээ дуусгаад хоёр эмэгтэй найзаа ******* гэх найзынхаа гэр рүү *******ийн хамт дөхүүлж өгсөн. Гэтэл ******* гэрийнхээ ойролцоо “” дэлгүүрийн замын эсрэг талд 23 цагийн орчимд байх, сайн санахгүй байна “миний утсыг аваад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Юун утас яриад байгаа юм бэ, чи утасгүй байсан биз дээ” гэж хэлсэн. Тэгсэн намайг заамдаж аваад “манай хашаанд орж байгаад хоёулаа учраа олно” гэж хэлээд намайг хашаа руугаа чирсэн. Тэгээд би нөгөөдөхтэй хашаа руу нь орохгүй гэж ноцолдож байгаад жижиг жалга руу халтирч унасан. Гэтэл ******* миний дээр унаад хаанаас ч юм мэдэхгүй нэг чулуу аваад миний толгойны дагз болон орой, дух хэсэг рүү нилээд хэдэн удаа цохисон. Би наад толгой чинь хагарчихлаа, болоо юм биш үү гэж хэлэхэд дахиад цохиод байсан. Тухайн үед цус урсаж байсан. Би чулуугаар цохиж байгааг нь харсан. Гэтэл хүмүүс орилолдоод “чи болиоч ээ наад хүнээ аллаа” гээд хэлж байхыг би сонссон. Тэгсэн ******* цохихоо болиод “энэ миний утсыг авчихсан юм” гэж хэлсэн. Нэг охин “би цагдаа дуудчихсан байгаа шүү, та битгий цохиод бай” гэж хэлж байхыг сонссон, гэхдээ би царайг нь хараагүй. Бас нэг залуу ирээд “хөөе чи наадахаа болиоч ээ, наад хүнээ аллаа, цус нь гоожоод аймар болчихсон байна шүү дээ” гэж хэлсэн. ...Тэгээд удалгүй цагдаа ирээд бид хоёр цагдаагийн машинаар төв цагдаа дээр ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12/,
Хохирогч Ж.*******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 13-14/,
Гэрч Ж.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Хонгор-113 дуудлагатай хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед станцаар Дархан сумын 7 дугаар баг “ ” дэлгүүрийн урд хүмүүс зодолдоод байна гэх дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгахад *******, Ж.******* нар нь хоорондоо маргалдаж улмаар ******* нь Ж.*******гийн биед гэмтэл учруулсан байдалтай байсан. Ж.*******гийн толгойн оройн хэсгээс цус гарч байсан. Миний толгой хагарчихлаа, толгой руу ******* чулуугаар цохиж хагалсан гэж Ж.******* хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/,
Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 01-ний шөнө цагийг нь сайн санахгүй байна, гэрээсээ гараад дэлгүүр орох санаатай Дархан сумын 7 дугаар баг дэлгүүрийн ойролцоо буюу Өргөө авто засварын наад талд 2 эрэгтэй хүн бие биеэ заамдаж аваад боочихсон, нэг залуу нь дээр нь гарчихсан толгойг нь цохиод цус гаргачихсан байдалтай байж байсан. Намайг очиход дээр нь байсан залуу нь гарт байсан зүйлээ хажуу тийшээ шидэх шиг болсон. Тэгээд би болиоч ээ гэж хэлээд тэр хоёрыг салгасан. Удалгүй цагдаа ирээд тэр хоёрыг аваад явсан. Тэр хоёр утасны талаар яриад маргалдаад байсан. Нэг нь утсыг нь авчихсан юм уу хаашаа юм. Миний утсыг өг гээд нэхээд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 31/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 520 дугаартай: “Ж.*******гийн биед дагз, чамархай, духанд шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 35-36, 41-42/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч *******ийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт хүргэж болохыг мэдсэн атлаа зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Ж.******* “...Надад учруулсан хохирол төлбөрийг би эргүүлэн авсан учир надад уг хэрэгт нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 125/ байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Мөн хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 105,462 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байх ба шүүгдэгч нь шүүхийн шатанд уг төлбөрийг төлж барагдуулсан байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргийн шинж чанар, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг удаа дараа үйлдэж түүндээ дүгнэлт хийхгүй байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 1350,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 270,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД