Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/60

 

 

 

 

Ц.Т, А.Т, Н.Г, Г.Ц, Л.С

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

                        Прокурор Г.Энхбат

                        Шүүгдэгч Г.Ц

                        Шүүгдэгч Г.Ц, цагаатгагдсан этгээд А.Т, Н.Г,

                        Л.С нарын өмгөөлөгч Э.Ганбат

                        Цагаатгагдсан этгээд А.Т, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу

                        /цахим сүлжээгээр/

                        Шүүгдэгч Ц.Тийн өмгөөлөгч Ж.Энхтуяа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай   /цахим сүлжээгээр/,

                        Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Цийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ц.Т, А.Т, Н.Г, Г.Ц, Л.С нарт холбогдох эрүүгийн 1734004490502 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

 

Монгол Улсын иргэн,

 

Монгол Улсын иргэн,

 

Монгол Улсын иргэн,

 

Монгол Улсын иргэн,

 

 

Шүүгдэгч Ц.Т нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр амь хохирогч Э.Ариуны биед үзлэг хийж, оношлохдоо “Хүүхдийн өвчний цогц менежмент стандарт”-ын дагуу эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 2017 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 2 нас 2 сартай Э.Ариун нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт нас барсан,

 

Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр амь хохирогч Э.Ариуны биед үзлэг хийж, оношлохдоо “Хүүхдийн өвчний цогц менежмент стандарт”-ын дагуу эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 2017 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 2 нас 2 сартай Э.Ариун нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт нас барсан,

 

Шүүгдэгч Г.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр амь хохирогч Э.Ариуны биед үзлэг хийж, оношлохдоо “Хүүхдийн өвчний цогц менежмент стандарт”-ын дагуу эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 2017 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 2 нас 2 сартай Э.Ариун нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт нас барсан,

 

Шүүгдэгч Л.С нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр амь хохирогч Э.Ариуны биед үзлэг хийж, оношлохдоо “Хүүхдийн өвчний цогц менежмент стандарт”-ын дагуу эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 2017 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 2 нас 2 сартай Э.Ариун нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт нас барсан,

 

Шүүгдэгч А.Т нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр амь хохирогч Э.Ариуны биед үзлэг хийж, оношлохдоо “Хүүхдийн өвчний цогц менежмент стандарт”-ын дагуу эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 2017 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 2 нас 2 сартай Э.Ариун нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт нас барсан гэмт хэрэгт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Ц.Т, А.Т, Н.Г, Г.Ц, Л.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Монгол овогт Намнансүрэнгийн Г, Суврага овогт Лхамсүрэнгийн С, Их заан овогт Алтангэрэлийн Т нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Г, А.Т, Л.С нарыг цагаатгаж,

 

Шүүгдэгч Юндэн хүлэгч овогт Цагаачийн Т, Санийн далай овогт Ганбатын Ц нарыг эрүүл мэндийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Т, Г.Ц нарын эмчлэх эрхийг 1 жилийн хугацаагаар тус тус хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Л.С, А.Т, Н.Г нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т, Г.Ц нар нь ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ тус тус авч,

 

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т, Г.Ц нар нь шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичгийн баримтаар хэрэгт ирсэн зүйлгүй, хохирол төлбөргүй, А.Т нь 6 хоног цагдан хоригдсон, Л.С, Г.Ц, Ц.Т, Н.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Ц гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад 14 цагийн үед Э.Ариун гэх хүүхдийг /эх Уянга хамт ирсэн/ үзэж эрэмбэлэн ангилах журмын дагуу үзлэгээр тогтоогдсон үзүүлэлтэд үндэслэн эмчилгээ бичиж, зөвлөгөө өгч, амбулаторийн эмчийн үзлэг, хяналтад дахин орох талаар хэлж, анхан шатны тусламжийн хуудсыг хөтөлж ажилласан.

 

Үзлэг хийх үед: Өндөр халууралтгүй, амин үзүүлэлтүүд /зүрхний цохилт, амьсгалын тоо/ хэвийн, хүчтэй өвдөлт, таталт үгүй, биеийн байдал дунд зэрэг, орчиндоо харьцаатай зэрэг байдалтай байсан.

 

Эмчилгээ: Үрэвслийн эсрэг антибиотик /флемоксин/, халуун бууруулах лаа /параденк/ ацикловир уухаар бичиж өгсөн. Эдгээр эмчилгээг эмчийн заавраар хэрэглээд хэрэв зовиур нэмж шинээр илэрвэл /татах, хэт өндөр халуурах, амьсгаадах, гэх мэт/ дахин дуудлага өгч үзүүлэх, зовиур нэмэгдэхгүй тайван байвал амбулаторийн эмчид заавал үзүүлж хяналтад орохыг зөвлөсөн.

 

Миний дээрх үүргээ биелүүлсэн нотолгоо нь яаралтай тусламжийн хуудаст тэмдэглэгдэж хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Гэтэл шүүх хэвтүүлэх ёстой байхад зөв оношилж хэвтүүлээгүй гэж үзсэнд гомдолтой байна.

 

Учир нь эрэмбэлэн ангилах журам ёсоор ийм шинжтэй үед хэвтүүлэх шаардлага тухайн үед байгаагүй тул амбулаторийн эмчийн хяналтад эмчилгээ хийх шийдвэр гарсан, эмчилгээг бичиж, зөвөлгөөг өгсөн.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1340 дугаар дүгнэлт гаргасан шинжээч нараас шүүх хуралд оролцсон шинжээч н.АмарТ, н.Энхбаяр нар нь миний үзлэг хийхэд “...хүүхдэд илэрсэн шинж биеийн үзүүлэлттэй үед хэвтүүлэх шаардлага гараагүй байжээ...” гэж хариулж байсан. Гэтэл шүүх гэм буруутай гэж үзсэнд гомдолтой байна. Иймд хэргийг үндэслэлтэй шийдвэрлэж намайг гэм буруугүй болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай /цахим сүлжээгээр/ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маш олон шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Хохирогчийн үхлийн шалтгаан нь эмч, эмнэлгийн байгууллагын ажилтануудын буруу үйл ажиллагаанаас болсон гэдэг нь тогтоогдсон. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Цагаатгагдсан этгээд А.Тгийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу /цахим сүлжээгээр/ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч А.Тг цагаатган шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна гэв.

 

            Шүүгдэгч Г.Ц, цагаатгагдсан этгээд А.Т, Н.Г, Л.С нарын өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Г.Цийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Түүнд анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй. Хэрэгт авагдсан баримтуудаар түүнийг гэм буруутай гэж үзэх нөхцөл байхгүй байхад үндэслэл бүхий үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд Г.Цид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж өгнө үү гэв.

 

            Шүүгдэгч Ц.Тийн өмгөөлөгч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоодог.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулатори болон хүүхдийн тасагт эмчээр ажиллаж байсан Г.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний, Ц.Т нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны, Л.С, А.Т, Н.Г нар нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд тус тус 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн буюу 02 нас 02 сартай Э.Ариунд үзлэг, оношилгоо хийхдээ “Хүүхдийн өвчний цогц менежмент стандарт”-ын дагуу эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Э.Ариун нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний шөнийн 01 цаг 10 минутын орчимд нас барсан гэмт хэргийн үйл баримт тогтоогддог.

 

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Цийн гаргасан давж заалдах гомдлыг дагуу хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу мөрдөн шалгах, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл байдлыг заавал нотлох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан.

 

            Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоохоор хуульчилсан.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд харьцуулан шинжлэн судлахад мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан зарим нөхцөл байдлуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн гүйцэд тогтоож чадаагүй байна.

 

            Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” гэж ...эмнэлгийн тусламж үйлчилгээг, мөн зүйлийн 3.1.5-д зааснаар “эмнэлгийн мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг ойлгохоор тогтоожээ.

 

               Эмнэлгийн мэргэжилтэн нь үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамж зэргийг мөрдөх үүргийг Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т зааснаар хүлээлгэсэн байдаг.

 

            Хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж үзвэл Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн сувилагч ажилтай Д.Наранчимэг “...натри, витамин С залгаад халууныг нь үзсэн чинь эх нь 38.2 байна гэсэн. Тэгэхээр нь би та хоёр гэртээ хэд хоног халуурсан бэ, халуундаа юу хийж байсан талаар асуухад 3-4 хоног халуурсан, халуундаа лаа буюу параденк хийж байсан гэхээр нь би тэгвэл одоо нэг удаа смесь буюу аналгин димедрол хийе гэж гараад эмчдээ хэлэх гэсэн чинь эмч байхгүй байхаар нь би тарианы өрөөнөөс кг жин, насанд нь бодоод аналгин димедрол 0.2 хувь, натри хлорид 5 мл судсаар нь хийсэн...” гэх хэмээн гэрчээр мэдүүлжээ.[1] 

 

            Дээрх мэдүүлгээс үзвэл /гэрч/ сувилагч Д.Наранчимэг нь амь хохирогч Э.Ариунд эмчилгээ хийсэн гэж ойлгогдож байгаа ба, сувилагч нь ямар тохиолдолд эмчийн зөвшөөрөлгүйгээр өвчтөнд эмчилгээ хийх ёстой байдаг, энэ нь эрх бүхий байгууллагаас баталсан ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжид нийцсэн эсэхийг шалган тогтоогоогүй байна.

 

            Түүнчлэн амь хохирогч Э.Ариун 2017 оны 11 дүгээр сарын 01-ний шөнийн 0110 цагийн үед зүрх зогсон нас барсан талаар гэрч, яллагдагч нарын мэдүүлгүүдэд дурдагдсан байх тул сувилагч Д.Наранчимэгийн хийсэн гэх халуун бууруулах эмчилгээ хохирогчийн үхэлд нөлөөлсөн эсэх, өвчтөнд өмнө нь халуун бууруулах эмчилгээ хийгдсэн байсан эсэх, уг эмчилгээг хэдэн цагийн зайтай хийх ёстой байдаг, халуун бууруулах эм, тариа хэрэглэснээр хүний биеийн эрхтний аль хэсэгт нөлөөлж биеийн халуун хэвийн хэмжээнд очдог эсэхийг тодруулалгүй орхигдуулсан нь буруу байна.

 

            Хэргийн 1 дүгээр хавтасны 21-29-р талд авагдсан “Өвчний түүх”-ийн 25-р талд эмч А.Т өвчтөн Э.Ариунаас “...ЦДШ, Биохими /э.ү.а, шф, глюкоз, са, уураг, срб,/, R0 цээж зураг авхуулах...” зэрэг нийт 3 төрлийн шинжилгээ авахаар бичжээ.

 

            Гэтэл хэрэгт дээрх 3 төрлийн шинжилгээ авагдсан эсэх талаар баримт огт авагдаагүй байх бөгөөд хэрэв уг шинжилгээнүүд авагдаагүй бол хэрхэн юуны учир авалгүй орхисон, үүнийг ажил үүргийн хуваариар хэн хариуцан ямар хугацаанд хийж гүйцэтгэх ёстой байсан, уг шинжилгээнүүдээр амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэх өвчин бүрэн гүйцэд оношлогдох боломжтой байсан эсэх, хэрэв бүрэн гүйцэд оношлогдсон тохиолдолд эм, тариа болон мэс заслын аргаар хохирогчийн амь насыг аврах боломжтой байсан зэргийг зайлшгүй шалган тогтоох шаардлагатай болно. 

 

            Мөн Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тогтоол үйлдэн Н.Гийг яллагдагчаар татсан атлаа түүний хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, өөрөөр хэлбэл Н.Г нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй нь цаашид шүүх түүнийг гэм буруутай гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангийг зөв хэрэглэн түүнд ял оногдуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байна.

 

            Хэрэгт авагдсан хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлтүүдэд амь хохирогч Э.Ариун нь төрсөн цагаасаа эхлэн нас барах хүртлээ 20 гаран удаа амьсгалын замын халдварт өвчнөөр өвчилж байсан, энэ нь төрөлхийн биеийн дархлааны дутмагшилтайгаас үүдэлтэй гэж үзнэ хэмээн дүгнэжээ.

 

            Талийгаачийг үхэлд хүргэсэн өвчин “...цочмог идээт менингоэнцефалит /тархины бүрхүүл, тархины эдийн идээт үрэвсэл/...”-өөр дархлааны дутмагшилтай хүүхэд бүр өвддөг эсэх, ийм хүүхдийн биед үзлэг хийсэн эмч нь оношийг зөв тодруулах зорилгоор заавал нарийвчилсан шинжилгээ авах ёстой талаар эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагааны стандарт тусгагдсан байдаг эсэх зэргийг мөрдөн байцаалтаар нөхөн гүйцэтгэж тогтоосны эцэст Г.Ц, Ц.Т, Л.С, А.Т, Н.Г нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр хэлэлцэх нь зүйтэй байна.

 

Иймд энэ магадлалд дурдагдсан ажиллагаануудыг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Цийн гаргасан “...эмчийн хувьд өөрт ногдох үүргээ биелүүлсэн атал анхан шатны шүүх гэм буруутай гэж үзсэнд гомдолтой байгаа тул, гэм буруугүй болохыг тогтоож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9

дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Ц, Ц.Т, Л.С, А.Т, Н.Г нарт холбогдох эрүүгийн 1734004490502 дугаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорын газарт хүргэгдэн очтол Г.Ц, Ц.Т, Л.С, А.Т, Н.Г нарт урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧИД                                                Т.ЭНХМАА

 

 

                                                                                 М.МӨНХДАВАА

 

[1] хх-ийн 1-р хавтас 13-14-р тал