Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 203

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0217/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,  
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,  
Шүүгдэгч *** /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох 201709000296 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *** /РД:***/, ***ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 6, ах, эгч, 2 дүүгийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2017 оны 5 дугаар сарын 9-ний шөнө салсан эхнэр ***тай уулзахаар гэрт нь очиж, гэртээ оруулсангүй гэх шалтгаанаар маргалдсаны улмаас Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5/4 дүгээр байрны гадна зогсоол дээр зогсож байсан түүний аав ***гийн эзэмшлийн *** улсын дугаартай Триос маркын тээврийн хэрэгслийн урд, хойд салхины шилийг хагалж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
    
Шүүгдэгч *** нь 2017 оны 5 дугаар сарын 9-ний шөнө салсан эхнэр ***тай уулзахаар гэрт нь очиж, гэртээ оруулсангүй гэх шалтгаанаар

маргалдсаны улмаас Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5/4 дүгээр байрны гадна зогсоол дээр зогсож байсан түүний аав ***гийн эзэмшлийн *** улсын дугаартай Триос маркын тээврийн хэрэгслийн урд, хойд салхины шилийг хагалж, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

-Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ажилтай байсан. Маргааш өглөө нь ээлжнээс буучихаад ээж мод орсон. Өдөр 12 цагийн үед ээж модноос буцаж яваад найзтайгаа уулзаж биллъяард тоглочихоод орой 7 цагийн үед биллъяарднаас гараад 0.75 граммын 1 шил архи, 1, 1 пиво аваад хөл бөмбөгийн талбай дээр очиж хамт уусан. Тухайн үед би нэг найз бүсгүйтэй болсон байсан тэрэнтэй хамт зургаа авахуулаад facebook  хаяг дээрээ тавьсан байсныг *** элдвээр хэлээд коммент бичсэн байсныг манай найз надад харуулсан. Тэр асуудлаас болоод би  *** дээр очиж уурласан байх гэж бодож байна. Би их хэмжээний архи уусан байсан болохоор тухайн үед юу болсныг сайн санахгүй байна. 
…хохирол төлбөрт 452000 төгрөг төлсөн. Миний буруу, хийсэн хэрэгтээ харамсаж байна.” гэх мэдүүлэг, 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-5/, 
-Зарлагын баримт /хэргийн 10/,

-Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 9-ний орой гэртээ унтаж байхад охин ***, эхнэр *** нар орж ирсэн. Тэгээд хаанаас ирж байгаа юм гэтэл “*** ирээд агсам тавьж байгаад явлаа” гэж хэлээд удаагүй байхад гадаа “түс тас” гэх чимээ гарсан. Тэгэхээр нь би *** хогийн сав өшиглөж байна даа гэж бодоод тоолгүй амарсан. Тэгээд өглөө 08 цагт ач болон зээгээ цэцэрлэгт хүргэх гээд гартал миний эзэмшлийн *** улсын дугаартай Териос маркийн автомашины хойд болон урд цонх хагарсан байсан. Тэгээд би хулгай орсон юм болов уу гэж бодоод машинаа шалгахад эд зүйл алдагдаагүй байсан. Тэгээд гайхаад байж байтал эхнэр ***гарч ирээд өчигдөр орой Баттулга ирээд явахдаа л хагалсан байх, орой түс тас гэх чимээ гараад байсан, аяүй бол *** хагалсан байх гээд цагдаад дуудлага өгсөн. ***  хохирол барагдуулсан. Одоо надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 13/, 
    
-Гэрч О.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 9-ний орой 23 цагийн үед хаалга нүдсэн. Тэгээд би очоод онгойлготол манай охины салсан нөхөр *** байсан. Тэгээд “***тай уулзмаар байна” гэхээр нь би ***г дуудсан. Тэгээд *** гадаа гарсан бөгөөд удаагүй байхад *** “ээж” гээд дуудахаар нь би гартал ***, *** 2 хаалга дарсан зогсож байсан. Тэгээд би “битгий хүүхэд дээрэлхээд байгаарай, яв” гэж хэлээд *** явуулсан. Тэгээд гэртээ ортол *** орилоод байсан. Удалгүй түс тас гэх чимээ гарсан. Бид нар бодохдоо *** хогийн сав өшиглөөд байна даа гэж бодоод тоолгүй амарсан.
…манай байрны машины зогсоол дээр их олон машин зогсдог юм, гэтэл зөвхөн манай машины цонхыг Баттулгаас өөр хэн хагалахав дээ.” гэх мэдүүлэг /хэргийн 14/, 

-Гэрч Б.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 9-ний орой гэртээ байж байхад гэрийн хаалга нэг хүн нүдээд ээж онгойлгоход *** байсан. Тэгээд намайг дуудаж байна гэхээр нь би гартал *** нилээд согтуу “танайд ороод хонъё” гэхээр нь би салсан болохоор санаа зовоод оруулалгүй “чи яв, харьж унтаа” гэхэд *** уурлахаар нь би орилоод ээжийг дуудахад ээж гарч ирээд *** хөөж явуулсан. 
…*** орцоор дүүрэн орилоод байж байснаа гэнэт гадаа түс тас гэх чимээ гарсан. Ээж бид 2 ярихдаа *** согтуу хогийн сав өшиглөөд  байна гэж бодоод тоолгүй амарсан. Тэгээд маргааш өглөө нь аав гараад удаагүй буцаж орж ирээд “машины цонх хагарсан байна, та хоёр гараад хар даа” гэхээр нь бид 2 гартал машины урд, хойд цонх хагарсан байсан. Тэгээд *** хагалсан байх гээд цагдаад дуудлага өгсөн.
…надад гомдол санал байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 15/, 

-2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Вендо хөрөнгийн үнэлгээний компаний гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 19/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Б.*** бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч *** нь “...***  хохирол барагдуулсан. Одоо надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 13/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *** нь эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-5/, зарлагын баримт /хэргийн 10/, гэрч О.***гийн мэдүүлэг /хэргийн 14/, гэрч Б.***гийн мэдүүлэг /хэргийн 15/, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Вендо хөрөнгийн үнэлгээний компаний гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 19/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байгаа тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

    Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*** бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт хамаарах бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилсан байх тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*** хохирогч ***гийн эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзэх үндэстэй.

Шүүгдэгч ***урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 34/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *** бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д анхааруулсугай. 
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ