Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 125/ШШ2023/0007

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАРИМ

 ШААРДЛАГААСАА ТАТГАЛЗСАН, ХАРИУЦАГЧ

НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАРИМ ШААРДЛАГЫГ ЗӨВШӨӨРСНИЙГ

 БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ 

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Г.Янжиндулам даргалж,  

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Ховд аймгийн Онцгой комисс

Хариуцагч: Ховд аймгийн Мянгад сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Онцгой комиссын 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаартай “Шуурхай арга хэмжээ авах тухай” тогтоол, Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/224 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Урьдчилсан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, тэмдэглэл  хөтлөгчөөр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Ховд аймгийн Онцгой комиссын “М” ХХК-нийн өрөмдлөгийн үйл ажиллагааг буцаан эхлүүлэх, үргэлжлүүлэх тухай шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, “М” ХХК-нийн өрөмдлөгийн үйл ажиллагааг буцаан эхлүүлэх, үргэлжлүүлэх” шийдвэр гаргахыг Ховд аймгийн Онцгой комисст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчээс “Ховд аймгийн Онцгой комиссын 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаартай “Шуурхай арга хэмжээ авах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Мөн Ховд аймгийн Мянгад сумын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/224 дугаартай нэхэмжлэгч компанид хүргүүлсэн мэдэгдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад холбогдох Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/224 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А  урьдчилсан хэлэлцүүлэг гаргасан тайлбартаа: 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, Ховд аймгийн Мянгад сумын 300 иргэнээс өргөдөл, гомдол ирсэнтэй холбоотой шийдвэр гаргасан.

 Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирсэн дүгнэлтийг үндэслэн лабораторийн шинжилгээ эцэслэн гарах хүртэл хугацаа зааж тогтоол гаргасан.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шинжилгээний багийн дүгнэлт нь “... хүн, мал, амьтны амьдрах орчинд ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлөхгүй” гэсэн шийдвэр гарсан тул 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр буюу өнөөдрөөр тасалбар болгож Ховд аймгийн Онцгой комиссын 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаартай “Шуурхай арга хэмжээ авах тухай” тогтоолыг хүчингүй болгохоо илэрхийлж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК нь анх Ховд аймгийн Онцгой комисст холбогдуулан “Ховд аймгийн Онцгой комиссын “М” ХХК-нийн өрөмдлөгийн үйл ажиллагааг буцаан эхлүүлэх, үргэлжлүүлэх тухай шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, “М” ХХК-нийн өрөмдлөгийн үйл ажиллагааг буцаан эхлүүлэх, үргэлжлүүлэх” шийдвэр гаргахыг Ховд аймгийн Онцгой комисст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “...Ховд аймгийн Онцгой комиссын 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаартай “Шуурхай арга хэмжээ авах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах...” гэж өөрчилж, “...Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/224 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах...”-аар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч “М” ХХК-ны 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10/2023 дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах”, 28.2.5-д заасан “эвлэрэх” эрхийг, хариуцагч Ховд аймгийн Онцгой комиссын дарга Э.Б-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-д мөн хуулийн 28.2.2-т заасан “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх” эрхийг тус тус олгосон байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч “М” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М нь Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “...Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/224 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах...”-ыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ховд аймгийн Онцгой комиссын дарга Э.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь нэхэмжлэгчийн “...Ховд аймгийн Онцгой комиссын 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаартай “Шуурхай арга хэмжээ авах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах...”-ыг хүссэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө тус тус илэрхийлжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах,  хариуцагч нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд энэ тухайгаа урьдчилсан хэлэлцүүлэгт илэрхийлж, маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн  67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар “М” ХХК-нийн Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/224 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар “М” ХХК-нийн Ховд аймгийн Онцгой комисст холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Онцгой комиссын 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаартай “Шуурхай арга хэмжээ авах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн татгалзсан хэсэгтэй холбогдуулан дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ЯНЖИНДУЛАМ