Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2022/03080

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2022/03080

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ХХК-д холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Т  нь хариуцагч А ХХК-д  холбогдуулан Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б.Т  миний бие 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Н.Б-тай харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн 0000 ХЭА улсын дугаартай Норт бенз нд 0000 маркийн автомашиныг түүнд 90.562.500 төгрөгөөр худалдахаар Н.Б  нь автомашины төлбөрт 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр А  ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу ажлын хөлсөнд авч байгаа тус компанийн Хан-Уул дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж ашиглалтанд оруулж байгаа П  апартмент хотхоны В блокийн 1 дүгээр орц, 2 давхрын А айл, 51.75 м.кв орон сууцыг шилжүүлэн өгөхөөр болж бид тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах, эрх худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж миний бие автомашинаа тухайн үед шилжүүлэн өгч, орон сууцаа ашиглалтанд орсоны дараа А  ХХК-иас хүлээн авч, одоо тухайн орон сууцандаа амьдарч байгаа болно. Н.Б д автомашинаа өгч төлбөрт нь түүний захиалсан орон сууцыг авахаар тохиролцож гэрээ байгуулахаас өмнө А   ХХК-нд урьдчилан мэдэгдсэн бөгөөд тухайн компанийн зүгээс хүлээн зөвшөөрч, барилгын ажил гүйцэтгэлийн хөлсөнд баригдаж байгаа барилгын 2 давхар А айл /51.75 м.кв/ орон сууцыг олгохоор тохиролцсон, 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Н.Б-тай байгуулсан ОСЗГ-ПА-19/14 тоот захиалгын гэрээний эрхийг бусдад шижлүүлэх бүрэн боломжтой гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн. 2020 онд орон сууц ашиглалтад ороход компанийн зүгээс орон сууцыг надад хүлээлгэн өгсөн. А  ХХК-ийн зүгээс орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг надад гаргаж өгнө гэсээр байгаа боловч өнөөдрийг хүртэл миний орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг надад шилжүүлэн өгөхгүй, миний өмчлөх эрх зөрчигдөж байна. Иймд миний худалдан авсан П  апартмент хотхоны В блокийн 1 дүгээр орц 2 давхарын А айл, 51.75 м.кв орон сууц /0 дугаар байрны 0 тоот/-ын өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Төмөртулга надад гаргаж өгөхийг А  ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч А  ХХК-ийн зүгээс Б.Т  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 200 дугаар байр  0 тоотод байрлах, 51.75 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Т  нэр дээр шилжүүлэн өгнө гэжээ.

3. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 70.200, 540.563 төгрөг тус тус төлсөн баримт, иргэн С.Э  олгосон итгэмжлэл, Б.Т , Н.Б  нарын хооронд байгуулагдсан 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 813 дугаар эрх худалдах, худалдан авах гэрээний хуулбар, А  ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн АБ-01/31 дугаартай тодорхойлолт, А  ХХК болон иргэн Н.Б  нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан ОСЗГ-ПА-19/14 тоот Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, П  апартмент хотхоны В блокын орон сууц захиалгын гэрээний хуулбар зэргийг хавсарган ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд Б.Т  нь иргэн Н.Б-тай 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн 813 дугаар эрх худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж, гэрээний дагуу Б.Т  нь 0000 ХЭА улсын дугаартай, Норд бенз НД4254 маркийн, 2016 онд үйлдвэрлэгдсэн, ачааны автомашиныг Н.Б-д худалдах, худалдан авагч Н.Б  нь уг гэрээний дагуу төлбөрт өөрийн А  ХХК-тай байгуулсан 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ОСЗГ-ПА-19/14 тоот Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Пирамид апартмент хотхоны В блокын орон сууц захиалгын гэрээний дагуу орон сууцыг нэхэмжлэгч Б.Т шилжүүлэхээр тус тус тохиролцжээ.

3. Мөн хэрэгт А ХХК болон иргэн Н.Б нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан ОСЗГ-ПА-19/14 тоот Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, П  апартмент хотхоны В блокын орон сууц захиалгын гэрээний хуулбар ирсэн бөгөөд тухайн гэрээний дагуу нэхэмжлэгч нь А ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо /10 дугаар хороо хуваагдаж, 21 дүгээр хороо болсон/, 0 дугаар байрны 0 тоотод байрлах, 51,75 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хүлээн авч, 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаа талаар талууд маргаагүй.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч Б.Т  гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

5. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Т  Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо /10 дугаар хороо хуваагдаж, 21 дүгээр хороо болсон/, 0 дугаар байрны 0 тоотод байрлах, 51,75 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, тухайн орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагч А  ХХК-д даалгаж шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Т  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 610.763 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 610.763 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т  олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Т Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо /10 дугаар хороо хуваагдаж, 21 дүгээр хороо болсон/, 00 дугаар байрны 00 тоотод байрлах, 51,75 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, тухайн орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагч А ХХК-д даалгасугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Т  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 610.763 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 610.763 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Н.ГЭРЭЛТУЯА