Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2022/03056

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2022/03056

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 724.363.837 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.У , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ш  ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 724.363.837 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Манай компани нь Гудамж төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом сумын төвд хийх бүтээн байгуулалтын уулзвар, авто замын /8.3 км/-ын барилгын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгчээр ажиллаж буй Ш  ХХК-ийн хүсэлтээр уг ажил гүйцэтгэх гэрээний туслан гүйцэтгэгчээр ажиллан, Увс аймгийн Улаангом сумын 5 байршилд авто замын хөдөлгөөн зохицуулах гэрэл дохио суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулахыг зөвшөөрсөн. Уг ажлыг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу 1 сарын хугацаанд ажлын өртөг 502.909.225 төгрөг байхаар тохиролцож гэрээ байгуулсан. Ингээд захиалагч Ш  ХХК-ийн зүгээс бидэнтэй байгуулах ажил гүйцэтгэх гэрээний төслийг ирүүлсэн ба манай компанийн зүгээс уг гэрээг зөвшөөрөн, баталгаажуулж хариу илгээсэн. Гэсэн хэдий ч захиалагч Ш  ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээг баталгаажуулсан, гэрээний эх хувийг ирүүлээгүй болно. Бидэнд зөвхөн анх илгээсэн ажил гүйцэтгэх гэрээний төсөл хадгалагдаж үлдсэн. Бидний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Увс аймгийн Улаангом сумын төвийн 5 байршилд гэрэл дохио суурилуулан хүлээлгэн өгч, Улсын комисс хүлээн авса. Захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, ажлын үр дүн бий болсон хэдий ч захиалагчийн зүгээс туслан гүйцэтгэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөр гүйцэтгэхгүй байгаа тул бид арга буюу шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргаж байна. Бидний хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн дараах үндэслэлүүд байгаа болно. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т дараах үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно гэжээ. 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэж заасны дагуу дээрх бичгээр үйлдсэн ажил гүйцэтгэх гэрээг байгуулагдсан гэж үзэж байна. Мөн Ш  ХХК гэрээний урьдчилгаа төлбөрт 20.000.000 төгрөгийг өгсөн нь гэрээ байгуулагдсан болохыг хүлээн зөвшөөрч, гэрээгээр хүлээсэн үүргээ хэсэгчлэн биелүүлсний илрэл гэж үзэж байна. Ш ХХК-ийн төлөөлөгчтэй тохиролцсоноор Увс аймгийн Улаангом сумын 5 байршилд гэрэл дохио суурилуулах ажлыг бид өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ба Увс аймгийн Улаангом сумын 1,2,3,6,7 дугаар уулзваруудад гэрэл дохио суурилуулах ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дууссан болно. Гэрэл дохио суурилуулах ажлыг дуусмагц ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхийг захиалагчид сануулсан боловч Ш  ХХК-ийн зүгээс Улсын комисс удахгүй ажиллана. Тэгээд гүйцэтгэл орохоор өгье гэсэн хариу өгсөн. 2016 оны 9 дүгээр сард гудамж төслийн нэг хэсэг болох Увс аймгийн Улаангом сумын төвд хийх бүтээн байгуулалтын уулзвар, авто зам /5.2 км/ авто зам барилгын ажилд Улсын комисс ажиллаж, уг ажлыг хүлээн авсан. Улмаар манай компанийн зүгээс Ш  ХХК-д гэрээг дүгнэх, тооцоо нийлэх тухай хэд хэдэн удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч хариу өгөөгүй юм. Дээрх гэрлэн дохионууд нь одоог хүртэл хэвийн ажиллаж байгаа бөгөөд захиалагч Ш  ХХК нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар байршилд гэрэл дохио суурилуулах ажлын хөлс, төлбөрийг хууль болон гэрээгээр тохирсны дагуу манай компанид төлөөгүй тул бид Увс аймгийн Засаг дарга, Хөгжлийн банк, Сангийн яам, Зам тээвэр, хөгжлийн яам, Үндэсний хөгжлийн газар, Тагнуулын газарт тус тус хандсан боловч ямар нэг үр дүнд хүрээгүй тул бид шүүхэд хандсан. Бидний зүгээс Ш  ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, 0 дүгээр байр, 0 тоот хаягийн дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, Ш  ХХК болон захирал С  нь Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Маршал таун 0-0 тоот хаягт үйл ажиллагаа явуулж, оршин суудаг болохыг олж тогтоосон. Шүүхээс нэхэмжлэлийг удаа дараалан буцааж, хариуцагчийн хаяг тодорхойгүй байсан тул нэхэмжлэл гаргах хуульд заасан боловч Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Мөн хуулийн 79.2-т шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж тус тус заасны дагуу Ш  ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан анхны өдрөөс буюу 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанд тооцогдох хууль зүйн үндэстэй гэж үзэж байна. Дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдийн дагуу талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд энэ гэрээ одоо хүчин төгөлдөр, хариуцагчийн хаяг тодорхой болсон, нэхэмжлэлийн шаардлага гаргах хуулийн хугацаа хуульд бүрэн нийцэж байгаа тул бид нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хуульд нийцүүлэн тодорхойлж байна. Иймд хариуцагч Ш  ХХК-иас аижл гүйцэтгэх гэрээний үүрэгт 482.909.225 төгрөг, алданги 241.454.612,5 төгрөг, нийт 724.363.837,5 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ш  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш  ХХК нь Гудамж төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом сумын 8.3 км авто зам барилгын ажлыг 2014 оноос хойш 2016 он хүртэл хийж гүйцэтгэсэн бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Х  ХХК-д гудамж төслийн хүрээнд баригдсан 8.3 км авто зам барилгын ажлын 5 байршилд гэрлэн дохио суурилуулах ажлыг гүйцэтгүүлэх санал гарган гэрээний төслийг нэхэмжлэгч Х ХХК-д хүргүүлсэн. Гэтэл Х  ХХК нь гэрээ байгуулах саналд ердийн боломжит хугацаанд хариу ирүүлээгүй тул манай компанийн зүгээс хугацаа алдахгүйн үүднээс тухайн гэрлэн дохио суурилуулах ажлыг өөр гуравдагч этгээдээр хийж гүйцэтгүүлсэн. Улмаар нэхэмжлэгч компанитай гэрлэн дохио ажлыг хийж гүйцэтгүүлэх тохиролцоонд хүрээгүй тул Ш  ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөрт 20.000.000 төгрөгийг ямар нэгэн байдлаар шилжүүлээгүй. Хэрэв урьдчилгаа төлбөрийг бэлнээр хүлээлгэн өгсөн тохиолдолд Ш ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан байх учиртай. Өөрөөр хэлбэл мөнгөний орлогын баримтад зөвхөн Х  ХХК-ийн бичиглэлтэй гарын үсуг байгаагаас харахад тус баримтыг хэдийд ч үйлдэх боломжтой тул нэхэмжлэгчийн гэрээ байгуулагдсан болохыг хүлээн зөвшөөрч гэрээний үүргээ хэсэгчлэн биелүүлсний илрэл гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Мөн тухайн цаг хугацаанд манай компанид Дэлгэр гэх нэртэй ажилтан байгаагүй болно. Иймд дээрх үйл баримтаас харахад талуудын хооронд анхнаас иргэний рэх зүйн харилцаа үүсээгүй, хариуцагчаар оролцвол зохих этгээд Ш ХХК биш байх тул нэхэмжлэгч Х  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 3.779.770 төгрөг төлсөн баримт, Б.У иргэний үнэмлэхний хуулбар, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Гудамж төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом сумын төвд хийх бүтээн байгуулалтын ажил, 8.3 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын 5 байршилд гэрэл дохио суурилуулах ажлын гэрээ-ний хуулбар, 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Ш  ХХК-ийн тооцооны үлдэгдэл, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШЗ2019/0000 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2019/0000 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2020/00000 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШЗ2021/0000 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, тус шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/00000 дугаар шийдвэр, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтын хуулбар зэргийг хавсарган ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч Ж.Э  байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-34-37/, Увс аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1/469 дүгээр албан бичгийн хуулбар /хх-56/, Увс аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 44-5/52 дугаар албан бичгийн хуулбар /хх-80/, Увс аймгийн Улаангом суманд хэрэгжих автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын 3 дугаар уулзварын гэрлэн дохиог шинээр суурилуулах ажлын төсөв /хх-81-87/, Увс аймгийн Улаангом суманд хэрэгжих автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын 2 дугаар уулзварын гэрлэн дохиог шинээр суурилуулах ажлын төсөв /хх-88-94/, Увс аймгийн Улаангом суманд хэрэгжих автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын 1 дүгээр уулзварын гэрлэн дохиог шинээр суурилуулах ажлын төсөв /хх-95-101/, 4 уулзварын схем зураг /хх-102-105/, Увс аймгийн Улаангом суманд Гудамж төсөл-ийн хүрээнд хийгдсэн 3,2 км авто зам, уулзварын өргөтгөлийг хүлээн авах ажлын хэсгийн хурлын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 02 тоот тэмдэглэл /хх-117-120/, Увс аймгийн Улаангом суманд баригдах уулзвар, авто зам барилгын ажил, авто замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиог шинээр суурилуулах ажлын гүйцэтгэл /хх-121/, Д ХХК-ийн хийх авто замын дагуух гэрэлтүүлгийг шинээр суурилуулах ажлын тоо, хэмжээ /хх-122/, цалингийн зардал /хх-123/, Гэрэл дохионы гүйцэтгэлийн зураг /хх-124-125/, Худалдааны гудамж 3 дугаар сургуулийн явган зорчигчдод зориулсан 7 дугаар гарцын гэрлэн дохионы шонгийн суурь угсралтын далд ажлын акт /хх-126-128/, Гэрлэн дохионы контроллер байрлуулж угсарсан акт /хх-129/, гэрэл дохио угсарсан акт /хх-130/, кабель шугам угсарсан акт /хх-131/, гэрлэн дохионы тэжээлийн кабелийг агаараар татсан акт /хх-132/, 6 дугаар уулзварын гэрлэн дохионы газардуулгын гүйцэтгэлийн зураг /хх-133/, Худалдааны гудамж, Коллежийн гурван уулзварын гэрэл дохионы холболтын худаг суурилуулалтын далд ажлын акт /хх-134/, Худалдааны гудамж, Коллежийн гурван уулзварын гэрэл дохионы контроллерийн суурь угсралтын далд ажлын акт /хх-135/, Худалдааны гудамж, Коллежийн гурван уулзварын гэрэл дохионы контроллер байрлуулж угсарсан акт /хх-136/, Худалдааны гудамж, Коллежийн гурван уулзварын гэрэл дохионы угсарсан акт /хх-137/, Худалдааны гудамж, Коллежийн гурван уулзварын гэрэл дохионы кабель шугам угсарсан акт /хх-138/, Худалдааны гудамж, Коллежийн гурван уулзварын гэрэл дохионы тэжээлийн кабелийг агаараар татсан акт /хх-139/, Увс аймгийн Улаангом суманд хэрэгжих автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын 4 дүгээр уулзварын гэрлэн дохиог шинээр суурилуулах ажлын төсөв /хх-176-178/, Увс аймгийн Улаангом суманд хэрэгжих автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын 5 дугаар уулзварын гэрлэн дохиог шинээр суурилуулах ажлын төсөв /хх-180-183/, Увс аймгийн Улаангом суманд хэрэгжих автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын 6 дугаар уулзварын гэрлэн дохиог шинээр суурилуулах ажлын төсөв /хх-184-186/, Увс аймгийн Улаангом суманд хэрэгжих автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын 7 дугаар уулзварын гэрлэн дохиог шинээр суурилуулах ажлын төсөв /хх-187-190/, Увс аймгийн Улаангом суманд хэрэгжих автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын 1 дүгээр уулзварын гэрлэн дохиог шинээр суурилуулах ажлын төсөв /хх-191-197/, Увс аймгийн Улаангом суманд хэрэгжих автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын 2 дугаар уулзварын гэрлэн дохиог шинээр суурилуулах ажлын төсөв /хх-198-204/, Увс аймгийн Улаангом суманд хэрэгжих автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын 3 дугаар уулзварын гэрлэн дохиог шинээр суурилуулах ажлын төсөв /хх-205-211/ зэргийг ирүүлсэн.

4. Хариуцагч Ш  ХХК-иас иргэн Б.Г олгосон итгэмжлэл, Ш  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн хариуцагчийн хариу тайлбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШЗ20022/000 дугаар захиргааны хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбар /хх-155-156/-ыг тус тус ирүүлсэн.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 05/1295 дугаар албан бичиг /хх-47/, гэрч Ц.Ж  мэдүүлэг /хх-63-64/, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 06/7027 дугаар албан бичиг /хх-65/, Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1/4127 дугаар албан бичиг /хх-73/, гэрч Б.Д  мэдүүлэг /хх-146-147/ зэрэг баримт бүрдсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нь Манай компани нь Ш ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Увс аймгийн Улаангом сумын нутагт нийт 5 уулзварын гэрлэн дохио суурилуулах ажлыг гүйцэтгэсэн ба нийт 502.909.225 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг бүрэн гүйцэтгэсэн. Хариуцагч талаас гэрээний төлбөрийн урьдчилгаа 20.000.000 төгрөгийг иргэн Б.Д  дамжуулан бэлнээр өгсөн. Үлдэх 482.909.225 төгрөг, алданги 241.454.612,5 төгрөг, нийт 724.363.837,5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч нь Манай компани нь Х  ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулаагүй, урьдчилгаа гэх 20.000.000 төгрөгийг манай талаас өгөөгүй, тухайн ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

3. Хариуцагч Ш  ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С  нь Гудамж төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом сумын төвд хийх бүтээн байгуулалтын ажил 8,3 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын 5 байршилд гэрэл дохио суурилуулах ажлын гэрээ-ний загварыг Х  ХХК-д ирүүлсэн байх ба уг гэрээг Х  ХХК нь баталгаажуулсан байх боловч Ш  ХХК-ийн захирал гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна.

Гэвч хэргийн 117-139 дүгээр талд авагдсан Увс аймгийн Улаангом суманд Гудамж төсөл-ийн хүрээнд хийгдсэн 3,2 км авто зам, уулзварын өргөтгөлийг хүлээн авсан тухай тэмдэглэл, ажлын гүйцэтгэлийн мэдээлэл, угсралтын ажлын актууд зэрэг баримтаар нэхэмжлэгч Х  ХХК нь тус сумын 5 байршилд авто замын гэрэл дохио суурилуулах ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн нь тогтоогдсон ба хэрэгт зөвхөн 2 байршилд суурилуулсан гэрлэн дохионы актуудын хуулбар ирсэнийг дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн хэргийн 80 дугаар талд авагдсан Увс аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 44-5/52 тоот албан бичгээр тухайн 5 байршилд байрлуулсан авто замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио нь хэвийн ажиллагаатай болох нь нотлогддог.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаагүй боловч нэхэмжлэгч Х  ХХК нь тохиролцооны дагуу Улаангом сумын 5 байршилд авто замын гэрлэн дохио суурилуулах ажлыг бүрэн гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн буюу хийсэн ажлын үр дүн бий болсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээр ажил гүйцэтгүүлэх гэрээний саналаа хүргүүлж, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул гэрээг байгуулагдсан гэж шүүх үзлээ.

4. Хэдийгээр хариуцагч Манай компани нь Х  ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулаагүй, урьдчилгаа гэх 20.000.000 төгрөгийг манай талаас өгөөгүй, тухайн ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргах боловч тухайн 5 байршилд хийгдсэн гэрлэн дохио суурилуулах ажлыг ямар гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн болохоо нотлоогүй, мөн гэрч Б.Д  нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ урьдчилгаа болох 20.000.000 төгрөгийг Ш  ХХК-иас Х ХХК-д 2016 онд өгсөн гэдгийг мэдүүлсэн ба мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт хэргийн 12 дугаар талд авагдсан.

Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШЗ2022/1092 дугаар захирамжаар Ш ХХК-ийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан Ш  ХХК-тай Увс аймгийн гудамж төслөөр баригдсан 5,1 км авто зам байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, Увс аймгийн төвд баригдсан 5,1 км авто зам, байгууламжийн барилгын ажлын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч буюу Ш  ХХК-д учирсан хохирол 8.431.373.160 төгрөгийг улсын төсөвт оруулах төсвийн тодотголын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэрэг үүссэн байна.

Тодруулбал, хариуцагч Ш  ХХК нь өөрийн хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг улсын төсөвт суулгахыг даалгасан агуулгатай нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар Ш  ХХК нь 5,2 км авто зам, байгууламжийг барьж гүйцэтгэсэн болохоо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнээс тухайн авто зам, байгууламжийн салшгүй хэсэг болох гэрлэн дохио суурилуулах ажлыг гүйцэтгээгүй гэж үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-т Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно гэж заасан үүний дагуу нэхэмжлэгч Х  ХХК-иас Увс аймгийн Улаангом суманд хэрэгжих авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын 1, 2, 3, 6, 7 дугаар уулзварын гэрлэн дохио шинээр суурилуулах ажлын төсвийг зохиож, уг төсвийг Монгол Улсын мэргэшсэн төсөвчин Ж.Б  баталгаажуулсан нь хэргийн 176-211 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, 1 дүгээр уулзварын ажлыг 133.210.921 төгрөгөөр, 2 дугаар уулзварын ажлыг 102.842.571 төгрөгөөр, 3 дугаар уулзварын ажлыг 138.471.332 төгрөгөөр, 6 дугаар уулзварыг 70.245.994 төгрөгөөр, 7 дугаар уулзварыг 58.138.437 төгрөгөөр тус тус гүйцэтгэхээр төсөв батлагдсан, үүнээс 20.000.000 төгрөгийн урьдчилгаа авсан, үлдэгдэл төлбөр 482.909.225 төгрөг байх тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулагдаагүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас анз шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 241.454.612,5 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

6. Нэхэмжлэгч нь анх 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчид холбогдуулан гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл гаргасан нь хэргийн 14 дүгээр талд авагдсан тус шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШЗ2019/000 дүгээр захирамжаар тогтоогдож байгаа бөгөөд үүнээс хойш 4 удаа шүүхэд хандаж байсан нь хэргийн 15-21 дүгээр талд авагдсан тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2019/0000 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2020/0000 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШЗ2021/0000 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, тус шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/0000 дугаар шийдвэр зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байгааг дурдах нь зүйтэй.

7. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 347 дугаар зүйлийн 347.1, 232 дугаар зүйлийн 232.3, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар хариуцагч Ш  ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 482.909.225 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 241.454.612,5 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Хонгор хээр ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.779.770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш  ХХК-иас 2.572.496 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 347 дугаар зүйлийн 347.1, 232 дугаар зүйлийн 232.3, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар хариуцагч Ш  ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 482.909.225 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 241.454.612,5 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.779.770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш  ХХК-иас 2.572.496 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х  ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Н.ГЭРЭЛТУЯА