Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/03012

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/03012

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Хулан, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 5.5000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э , иргэдийн төлөөлөгч О.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч А  ХХК нь хариуцагч А  ХХК-д холбогдуулан Гэм хорын хохиролд 5.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч А  ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.О  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Манай А  ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан ба худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Тус компанийн Сансар сүлжээ супермаркет 34 дүгээр салбар нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагт байрлаж, үйл ажиллагаа явуулдаг салбарын яг хойно А  ХХК нь манай компанийн эзэмшил газар руу нэвтрэн, зөвшөөрөлгүйгээр тохижилтын ажил хийсэн. Манай компани Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/390 дүгээр захирамжаар олгогдсон 000000 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын дагуу 6,686 м.кв талбай бүхий газрыг хууль ёсоор эзэмшдэг. Уг асуудлаар манай талаас тухайн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гомдол гаргаж, шалгуулсан ба тухай байгууллагаас А  ХХК-ийг манай эзэмшлийн газар руу нэвтрэн орон сууцны хорооллын тохижилтын ажлыг хийсэн болохыг тогтоож, тухайн тохижилтыг нураах, мөн 5.000.000 төгрөгрөөр торгох шийтгэл оногдуулсан. Уг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн актыг хариуцагч тал эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар А  ХХК нь шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба уг гомдол мөн хангагдаагүй. Ийнхүү захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдсэн ба уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч У.Э хариуцан манай компанийн талбай руу нэвтрэн орсон тохижилтын ажлыг буулган ажилласан. Уг буулгалтын ажлын зардлыг манай компани төлсөн бөгөөд 5.500.000 төгрөгийг зардлыг буулгах ажил хийсэн Э  ХХК-д гэрээний дагуу шилжүүлсэн. Хариуцагч А    ХХК нь өөрсдийн тоног төхөөрөмжөөр болон хүн хүчний нөөцөө ашиглан өөрсдөө буулгахыг удаа дараа шаардсан боловч хүлээн аваагүй бөгөөд улмаар манай талд энэхүү хэмжээний зардал гарсан тул уг хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хариуцагч А  ХХК-иас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А  2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани гэр хорооллыг дахин төлөвлөлт хийж, барилгажуулах төсөл хэрэгжүүлж байгаа. Манай барьсан орон сууцын хотхоны урд талаар гудамж байсан. Урд талд нь Сансар супермаркетын газар байдаг. А  ХХК-ийн удирдлагатай ярилцаад Төмөр хашааг буулгаад бетон хашаа бариад тохижуулалт хийнэ гэхэд Танай газар яг хаагуур юм гэхээр нь зааж өгсөн. 2 сарын хугацаанд урдах талбайд иж бүрэн тохижилт хийж гүйцэтгэх үед Манай газар луу орж байгаа шүү гэж хэлээгүй байж, тохижилт дууссаны дараа 500 м.кв газар зөвшөөрөлгүй эзэмшиж, ашиглаж байна гээд Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан. Захиргааны шүүхэд нэхэмжлэгч талын газар луу орсон дээр маргаагүй, харин Өршөөлийн тухай хуулийг хэрэглэж өгөөч гэсэн боловч хэрэглэх боломжгүй байна гэсэн. Зөрчлийн үр дагаврыг арилгуулж тарьсан мод, гэрэл, замаа нураа гээд буулгах санал өгсөн. Тэгээд бүгдийг нь буулгасан. Хашаа, зам 2 нураах боломжтой байсан. Модонд хамаг зардал орсон байсан болохоор гэрээ хийсэн мэргэжилтэн очоод нураах боломжтой байсан. Манайх өөрсдөө очоод нураасан бол зардал хямд гэж хэлсэн чинь хүчээр нураасан. 5.500.000 төгрөгийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөрсдөө нураасан бол хямд нураах байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гүйцэтгэсэн болохоос А  ХХК нь албадан гүйцэтгэх эрх байхгүй. Манайд шууд учруулсан хохирол байхгүй. А ХХК-ийн газар луу орсон зөрчил, буулгаж байгаа зардал нь нэхэмжлэгч талд учирч байгаа шууд зардал биш. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 102.950 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчээс иргэн Л.Э  олгосон итгэмжлэл,  А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 5.500.000 төгрөгийг Э  ХХК-д А ХХК-иас төлсөн тухай 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн мемориалын баримт, гүйлгээ амжилттай хийгдсэн тухай баримт, Э  ХХК-ийн нэхэмжлэх, төлбөрийн баримт, А ХХК болон Э  ХХК-ийн хооронд 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 22/С34/09 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар явагдсан албадан нураах ажиллагааны фото зургийн хуулбар, А  ХХК-иас А  ХХК-д хүргүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 22/09 дүгээр мэдэгдэл, А  ХХК-ийн А  трейд ХХК-д хүргүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 001/270 дугаар санал хүргүүлэх тухай албан бичиг зэргийг хавсарган ирүүлсэн.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 22420192 дугаар бүхий шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг ирсэн.

5. Иргэдийн төлөөлөгч О.М  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч А  ХХК-ийн эзэмшил газарт А  ХХК нь зөвшөөрөлгүй тохижилт хийсэн байх ба хэд хэдэн удаа тухайн тохижилтыг нураах тухай Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шаардлага хүргүүлсэн ч биелүүлээгүй, дахин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар нэхэмжлэгч нь Э  ХХК-тай гэрээ хийж, 5.500.000 төгрөгийн зардал гаргасан нь тогтоогдлоо. Хариуцагч А  ХХК нь уг зардлыг барагдуулж нэхэмжлэгч А  ХХК-ийг хохиролгүй болгох нь зөв байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй хэмээн шүүх бүрэлдэхүүн үзэв.

2. Хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч А  ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/390 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж, Сансар худалдааны төвийн орчмын 6.686 м.кв талбай бүхий газрыг хууль ёсоор эзэмшдэг байх ба тухайн газар руу нэвтрэн хариуцагч А ХХК нь орон сууцны хорооллын гаднах тохижилтын ажил хийжээ.

3. Уг газрын давхцлын асуудал нь Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг зөрчсөн болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч Д.Ганчимэгийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 0006619 дүгээр шийтгэлийн хуудсаар тогтоогдож, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 841 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 162 дугаар магадлалаар дээрх улсын байцаагчийн актыг хэвээр үлдээсэн байна.

4. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШЗ2022/3224 дүгээр захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тогтоож, мөн өдрийн 128/ГХ2022/0129 дүгээр гүйцэтгэх хуудсын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 22420192 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр газар чөлөөлөлтийг хийсэн байна.

5. Дээрх газар чөлөөлөлтийн ажлын зардлыг нэхэмжлэгч нь Э ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 22/С34/09 дүгээр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус компанид нийт 5.500.000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдлоо.

6. Өөрөөр хэлбэл, хариуцагч А  ХХК-ийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч А  ХХК-д гэм хорын хохирол учирсан байх тул уг гэм хорын хариуцагч арилгах нь зүйтэй байна.

7. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... 5.500.000 төгрөгийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөрсдөө нураасан бол хямд нураах байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гүйцэтгэсэн болохоос А  ХХК нь албадан гүйцэтгэх эрх байхгүй. Манайд шууд учруулсан хохирол байхгүй. А ХХК-ийн газар луу орсон зөрчил, буулгаж байгаа зардал нь нэхэмжлэгч талд учирч байгаа шууд зардал биш хэмээн маргах боловч өөрсдийн хүч, нөөц бололцоогоор тухайн тохижилтоо сайн дураараа буулгаагүй, шүүхийн шийдвэрийн дагуу албадан буулгуулснаас үүдэн нэхэмжлэгчид хохирол учирсан байх тул хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

8. Иргэдийн төлөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ Хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч А ХХК-д хохирол учруулсан нь тогтоогдсон тул уг гэм хорыг хариуцан арилгах нь зүйтэй хэмээн санал гаргасан.

9. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч А ХХК-иас гэм хорын хохирол 5.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А  ХХК-д олгож шийдвэрлэв.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А  ХХК-иас 102.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгоно.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А  ХХК-иас хариу тайлбар, түүнийг нотолсон баримтаа ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч А ХХК-иас гэм хорын хохирол 5.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А  ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А  ХХК-иас 102.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А  ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД Д.ХУЛАН

 

Д.ЭНХЦЭЦЭГ