| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 197/2025/0329/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/305 |
| Огноо | 2025-05-01 |
| Зүйл хэсэг | 13.6.2., 17.8.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/305
2025 05 01 2025/ШЦТ/305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан,
улсын яллагч И.Мөнхцэцэг,
хохирогч Э.Э
шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Б.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-д холбогдох эрүүгийн 2505******** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны ** сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, *** ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, *** дүүргийн *** дүгээр хороо *** дүгээр байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, *** овгийн А-ын А /РД:**********/
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Яллагдагч А.А нь 2025 оны 3 сарын 11-ний шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.Э-ийн зөвшөөрөлгүйгээр түүний амьдарч буй *** дүүргийн ** дугаар хороо *** хорооллын *** дүгээр байрны *** тоотод нэвтрэхдээ "хаалгаа тайл, чамайг орж ална" хэмээн хохирогч Э.Э-д хүч хэрэглэхээр заналхийлж, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураapaa авирласан, мөн *** дүүргийн *** дугаар хороо *** хорооллын *** дүгээр байрны *** тоотод 2025 оны 3 сарын 11-ний шөнө хохирогч Э.Э-ийн эзэмшлийн бүргэд хаалгыг хууль бусаар устгаж, ширээ, төгөлдөр хуур зэрэг эд зүйлсийг хууль бусаар гэмтээж, нийт 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.А нь 2025 оны 3 сарын 11-ний шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.Э-ийн зөвшөөрөлгүйгээр түүний амьдарч буй *** дүүргийн ** дугаар хороо *** хорооллын *** дүгээр байрны *** тоотод нэвтрэхдээ "хаалгаа тайл, чамайг орж ална" хэмээн хохирогч Э.Э-д хүч хэрэглэхээр заналхийлж, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураapaa авирласан, мөн *** дүүргийн *** дугаар хороо *** хорооллын *** дүгээр байрны *** тоотод 2025 оны 3 сарын 11-ний шөнө хохирогч Э.Э-ийн эзэмшлийн бүргэд хаалгыг хууль бусаар устгаж, ширээ, төгөлдөр хуур зэрэг эд зүйлсийг хууль бусаар гэмтээж, нийт 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Э-ийн 2025 оны 03 сарын 11-ний өдөр өгсөн “2025 оны 03 сарын 11-ний шөнө өөрийн түрээсэлж байгаа *** дүүргийн *** дугаар хороо *** байрны *** тоотод өөрийн найз залуу Х.Б-тэй цуг 05:00 цагийн үед унтаж байсан чинь хаалга хүчтэй нүдэхээр нь би яг манай салсан нөхөр А.А байна гэж мэдээд дугарахгүй байгаад байсан чинь хаалга онгойлго чамайг ална гээд орилж байгаад хаалга өшиглөж, гараараа цохисоор байгаад эвдэж орж ирээд би өмнөөс нь яваад очсон чинь миний зүүн хацар хэсэгт гараараа хоёр удаа цохиод цуг байсан манай найз залуу босож ирээд тэвэрч аваад би цагдаагийн 102 дугаарт гэрт согтуу хүн орж ирээд агсам тавиад байна хурдан ирээрэй гэж хэлсэн. Тэгээд манай найз залуу тэврээд тайван бай гээд байж байсан чинь босож ирээд дахиж намайг зүүн хацарт цохиод манай найз залуу араас дахиад тэвэрч авсан чинь ширээ аваад над руу шидээд ширээ эвдрээд, ширээний ард цахилгаан төгөлдөр хуурыг над руу авч шидсэн чинь төгөлдөр хуур эвдэрсэн. Тэгээд манай найз залуу намайг хол бай чамайг харахаараа агсраад байна гээд намайг холдуулаад манай найз залуу дарж байж байхад хоёр цагдаа ирсэн” гэсэн /хх 17 ху/ мэдүүлгүүд, гэрч Х.Б-ын “Би 2025 оны 03 сарын 10-ны өдөр найз эмэгтэй болох Э-тэй цуг гэрт нь хоёулаа унтаж байсан чинь 2025 оны 03 сарын 11-ний өглөө 05:00 цагийн үед хаалга хүчтэй нүдээд байхаар нь юу болоод байна гэсэн чинь манай найз охин энэ манай салсан нөхөр юм шиг байна гэсэн. Тэр нүдэж байгаа хүн нь шал согтуу байдалтай байсан. Тэгээд удаагүй тэр хүн хаалга эвдээд орж ирээд миний нүдэн дээр Э-г нэг удаа гараараа цохиж аваад би салгасан чинь над руу дайрах гээд тэгээд би дараад байсан тэгээд тайвшир гэж байгаад тавьсан чинь дахиж Э-г цохихоор тэнд байсан цагаан өнгийн 4 хөлтэй ширээг саваад хөлийг нь хугалсан. Бас бариж аваад Э-ийн зогсож байсан газар луу шидсэн. Тэгэхээр нь би энэ хүнийг зүгээр байлгаж болохгүй юм байна гээд дараад байсан чинь намайг олон удаа цохисон. Гэхдээ надад бол гомдол гэх зүйл байхгүй байна. Гэмтэл учирсан зүйл байхгүй байна” гэсэн /хх 19 ху/ мэдүүлэг, хохирлын үнэлгээ /хх 35-39 ху/, яллагдагч А.А-гийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. Гэм буруугаа ухамсарлаж байна” гэсэн мэдүүлэг /хх 58 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч А.А-гийн “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч А.А-гийн бусдын орон байранд хууль бусаар хүч хэрэглэн нэвтрэн орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт, бусдын эд хөрөнгийг нь хууль бусаар устгаж, гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд бусдын орон байранд хууль бусаар хүч хэрэглэн нэвтрэн орсон гэмт хэрэгт 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, бусдын эд хөрөнгийг нь хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар торгох ялуудыг нэмж нэгтгэн, нийт торгох ялыг 5.850.000 төгрөгөөр тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ хэргийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд 1.400.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь учирсан бодит хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овгийн А-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхээр заналхийлж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, нийт торгох ялыг 5.850.000 /таван сая найман зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 9 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд оролцогч гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА