Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 183/шш2022/02937

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2022/02937

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Э холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 44.013.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагч Л.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Л.Э  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 44.013.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч Л.Э  20.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 3.3 хувийн хүүтэй зээлүүлсэн. Учир нь Л.Э нь намайг Австрали Улсаас ирээд банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байхад холбогдоод Зээл гаргаад өгөөч, ах нь хүнд байдалтай байна. Компани дампуурсан, дээрээс нь мөнгөний хэрэг болоод байна гээд өдөр болгон ярьдаг байсан. Нэгт хамаатан садан, хамт ажиллаж байсан болохоороо Захирлаасаа асуугаад өгье. Таньд барьцаалах хөрөнгө байгаа юу гэсэн. Гэтэл Ээжийнх нь байр байгаа, ээж нь нас барсан болохоор жилийн дараа нэр нь солигдоно. Тийм учраас ахад нь барьцаа хөрөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь захиралтай ярьж байгаад өөрийнхөө нэр дээр зээл авч, А.Э  данс руу нь шилжүүлсэн. Зээлийн гэрээний дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор, мөн сар бүрийн зээлийн хүүг миний Хаан банкны 5020898854 тоот дансанд шилжүүлэх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Тэр өдрөөс хойш 9 сар зээлээ төлсөн бөгөөд үүнээс үндсэн зээлээс нь 3.000.000 төгрөг, зээлийн хүүнд 5.940.000 төгрөгийг тус тус төлсөн. Ингээд үндсэн зээл нийт 17.000.000 төгрөг үлдсэн. Хамгийн сүүлд 2019 оны 10 сард зээлийн хуваарийн дагуу төлөлт хийсэн бөгөөд 2019 оны 11 сараас эхлээд өдийг хүртэл зээлээ төлөөгүй, залгахаар утсаа авахгүй, уулзъя гэхээр уулзахгүй байсан. Л.Э  гэрийн хаяг нь тодорхойгүй байсан тул эрэн сурвалжилж хаягийг нь тодруулсан. Мөн тухайн үед ажлаасаа гарах гэтэл барьцаа хөрөнгө байхгүй байсан болохоор уг төлбөрийг төлсөний дараа гар гэсэн шаардлага тавьсан. Ингээд найз нөхөд таньдаг мэддэг бүх хүнээс маш өндөр хүүтэй мөнгө зээлж 20.000.000 төгрөгийн өрийг төлсөн. Улмаар нэхэмжлэгч нь зээлийн хүүнд 4.000.000 төгрөгийн өрөнд орсон. Иймд зээлийн гэрээний 3.3 т заасны дагуу 33 сарын хүү болох 18.513.000 төгрөг, зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу алданги 39.643.065 төгрөг төлөхөөр байгаа боловч хуульд заасны дагуу үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 8.500.000 төгрөгийг алдангид тооцож нийт 44.014.000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Л.Э  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Э  би 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Д  ХХК, С ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор Б.О  авч ажиллуулсан. 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн болно. Л.О  хамт ажиллаж байсан үеийн санхүүгийн 3 хайрцаг баримт байгаа. Мөн гэрчүүд ч байдаг. Б.О ажлыг хүлээн авсан нягтлан Л нь санхүүгийн тайлан тооцоо болон анхан шатны баримтуудыг худал тайлагнасны улмаас компанид хохирол учирсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Нэхэмжлэгч Б.О  нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн баримт, Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, Голомт банкны шилжүүлгийн баримтын хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 28МГ/н897 дугаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, Л.Э  2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт, нэхэмжлэгч Б.О  иргэн Г.Г  олгосон итгэмжлэл зэргийг хавсарган ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Б.Октябриас А.Э 20.000.000 төгрөг шилжүүсэн тухай төлбөрийн баримт эх хувиар, дансны хуулга зэргийг ирүүлсэн.

4. Хариуцагч талаас 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хариу тайлбар, Д  ХХК-ийн ажилд томилох тухай 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 0905/002 дугаар тушаалын хуулбар, Д  ХХК-ийн ажлаас чөлөөлөх тухай 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 0905/002 дугаар тушаалын хуулбар, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Шүүх хариуцагч Л.Э  холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 44.013.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.О  нэхэмжлэлийг зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд Б.О болон А.Э нарын хооронд 2019 оны 1 дүгээр сарын 04ий өдрийн 6 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч А.Э  20.000.000 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, нэхэмжлэгч нь хариуцагчийн данс руу 20.000.000 төгрөгийг шилжүүлж, үүргээ гүйцэтгэсэн байна.

 

3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр, 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус тус зээлийн төлбөр төлсөн нь нэхэмжлэгчийн дансны хуулгаас тогтоогдож байна.

 

4. Хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон боловч хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул гэрээний дагуу нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

 

5. Мөн хариуцагч нь Манай компанид нэхэмжлэгч нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа их хэмжээний хохирол учруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байгаа боловч тэрээр нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж үзлээ.

 

6. Зээлийн хүү, алдангийн тооцооллын хувьд үндсэн зээлийн үлдэгдэл 17.000.000 төгрөг, үүний нэг сарын 3,3 хувь нь 561.000 төгрөг бөгөөд 561.000 төгрөгийг 15 сарын хугацаанд тооцоход 8.415.000 төгрөг, нийт гүйцэтгээгүй үүрэг 25.415.000 төгрөг байна.

 

Алданги нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй тул 25.415.000 төгрөгийн 50 хувь 12.707.500 төгрөг, нийт 38.122.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

7. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч А.Э  үндсэн зээлийн үлдэгдэл 17.000.000 төгрөг, зээлийн хүү 8.415.000 төгрөг, алданги 12.707.500 төгрөг, нийт 38.122.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.890.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э  38.122.500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 348.562 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О  олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч А.Э  зээлийн гэрээний үүрэгт 38.122.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.890.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.О  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э  348.562 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА