Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 183/шш2022/02909

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2022/02909

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Я.Т нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Б  холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Т , хариуцагч Ж.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Я.Т  нь хариуцагч Ж.Б  холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Ж.Б  2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр түүний автомашиныг засуулах засвар үйлчилгээний хөлс болон сэлбэгний үнэд урьдчилгаа болгож 1.000.000 төгрөгийг Хаан банк дахь 00000 дугаар дансанд шилжүүлсэн. Даатгалын мөнгө орж ирэнгүүт эргүүлэн өгнө гэж аман тохиролцоо хийгээд шилжүүлсэн. Гэвч 2022 оны 6 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд утсаар ярьж мөнгөө нэхсэн боловч өгч чадахгүй гэсэн билээ. Ингээд 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд хүлээлээ. Иймд энэ мөнгийг Ж.Б Гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ж.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Я.Т  гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нээх сайн олгохгүй байна. Уг нь Я.Т  нь 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр миний машиныг мөргөн, надад болон миний машинд сууж явсан зорчигчийн эрүүл мэндэд хохирол учирсан. Мөн миний машин нэлээд гэмтсэн. Цагдаагийн байгууллагын ажилтан осолд Я.Т  буруутай байна гэж хэлээд биднийг эвийн журмаар асуудлаа өөрсдөө шийдвэрлэ гээд явуулсан. Я.Т  шилжүүлсэн гэж байгаа 1.000.000 төгрөг миний машин зассан засварчны дансанд шилжиж орсон. Би тухайн мөнгийг өөрийн автомашинд учирсан хохиролд өгсөн гэж өдий хүртэл ойлгож явж байсан. Гэтэл надад зээлсэн гэж тухайн мөнгөө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн миний биеийн байдал дээрдэхгүй, толгой байнга өвдөөд байсан тул ослоос хойш эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэсэн. Энэ зардлаа би нэхэмжлээгүй. Я.Т нь бас миний машинд зорчиж явсан хүний томографийн шинжилгээний төлбөрийг төлсөн. Иймд миний бие уг 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёсгүй, харин ч би хохирогч нь болсон гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөг төлсөн баримт, Х ХХК-ийн дансны хуулга, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг ирүүлсэн.

4. Хариуцагчаас автомашины зургийн хуулбар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тусламж үйлчилгээний хуудас, эмийн жор, дүрс оношлогооны шинжилгээний хариу, шинжилгээний хариуг СД-д буулгасан баримтыг тус тус ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үүрэгт 1.000.000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч нь Я.Т  надад гэм хорын хохирол учруулсан, тухайн үед гарсан зардлын талыг төлсөн төлбөрөө одоо нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй хэмээн маргасан.

 

3. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд: 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Ж.Б  жолоодож явсан тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээр мөргөж, зам тээврийн осол гаргасан байх ба тухайн осолд нэхэмжлэгч Я.Т  буруутай болох нь тогтоогдсон талаар талууд тайлбарласан.

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг засварлуулах, сэлбэг хэрэгслийн төлбөрийн урьдчилгаа болох 1.000.000 төгрөгийг засварын газрын ажилтны дансанд шилжүүлсэн болохоо тайлбарлаж, нэхэмжлэлд дурдсан ба үүнийг хариуцагч батлан тайлбарласан.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан буюу нэхэмжлэгчийн өөрийн гаргаж ирүүлсэн Хаан банкны дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийг 000000 тоот дансанд шилжүүлэхдээ Машин засварын үйлчилгээний болон сэлбэгний үнэ гэсэн утгатай шилжүүлсэн байна.

 

Мөн тухайн өдрөө 000000 тоот дансанд 120.000 төгрөгийг томографийн төлбөр Төрмөнхөөс гэсэн утгатай шилжүүлжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд аман болон бичгийн хэлбэрээр зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, харин нэхэмжлэгч нь хариуцагчид учруулсан гэм хорын хохирлоо нөхөн төлсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж үзлээ.

4. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Б  холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Я.Т  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Я.Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Б  холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Я.Т  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Я.Т  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА