| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/03067/И |
| Дугаар | 102/ШШ2022/03667 |
| Огноо | 2022-10-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2022/03667
2022 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2022/000000 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .....
Хариуцагч: ..... нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,331,652 /дөрвөн сая гурван зуун гучин нэгэн мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М...., Д....,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов. Хариуцагч О...., Э.... нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч .... ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа:
.... ББСБ ХХК нь иргэн О...., Э.... нартай харилцан тохиролцож 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ЗГ...дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 10,400,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар олгосон. Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор О...., Э.... нартай 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ... дугаартай Фидуцийн гэрээ байгуулж, ... УБЗ улсын дугаартай ...маркийн суудлын автомашиныг 13,000,000 төгрөгөөр үнэлэн, өмчлөх эрхийг шилжүүлэн авч, зээлдэгчид шаардлагатай мөнгийг зээлдүүлсэн. Зээлдэгч нар нь автомашиныг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхтэй байхаар тохиролцон, автомашиныг эзэмшилдээ авч явсан боловч зээл авсан хугацаанд зээлийн төлбөр, хүүгээ өнөөдрийг хүртэл гүйцэт төлөлгүйгээр гэрээний үүргээ зөрчсөн. Иймд гэрээний үүргийг хангуулах зорилгоор Фидуцийн гэрээний дагуу хариуцагчаас авсан ... УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагт Алтай хотхоны дэргэд байрлах ажлын байрнаас нь авч Автомашин хүлээлцсэн акт үйлдэн, гэрээний үүргийг хангуулахаар Итгэлт эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 9,500,000 төгрөгөөр үнэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч Э.... уулзаж, зээлийн эргэн төлөлтийн талаар тохиролцсон боловч үүргээ биелүүлэхгүй байсаар 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр биеэр ирж өргөдөл бичиж өгсөн боловч дахин холбогдоогүй өдийг хүрсэн. Энэ хугацаанд зээлийн эргэн төлөлт 3,150,000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 05-нд хийснийг үндсэн зээл, хүүгийн төлөлт болон нэмэгдүүлсэн хүү төлөлтөөс хасаж тооцсон. Иймд зээлдэгч О...., Э.... нарын үндсэн зээлийн үлдэгдэл 8,390,126.92 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 2,433,917.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 48,579.44 төгрөг, нийт 10,872,624.08 төгрөг, мөн ... УБЗ улсын дугаартай автомашины зээлдэгчийн эзэмшилд байсан 2020, 2021 оны автомашины албан татварын өр 114,028 төгрөг, 2019, 2020, 2021 оны зөрчлийн торгууль 145,000 төгрөг, нийт нэхэмжилвэл зохих 11,131,652.08 төгрөгөөс хураагдсан автомашины үнэлэгдсэн 6,800,000 төгрөгийг хасаж, үлдэх 4,331,652.08 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийг хариуцагч нарын дундаас шаардаж байгаа. Тэд зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон учир дундаас нь шаардана. Нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэнэ үү...гэв.
2.Хариуцагч Э.... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлд бичгээр хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, шүүхэд аливаа нотлох баримт ирүүлээгүй байна.
3.Хариуцагч О.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ... овогтой ... миний бие шүүхээс нэхэмжилж байгаа төлбөрийг бүрэн төлнө...гэжээ.
4.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Барьцаат зээлийн гэрээ /хх-8-10/, Фидуцийн гэрээ /хх-11-12/, Зээлийн тооцооны мэдээлэл /хх-13, 15/, Зээлийн эргэн төлөх хуваарь /хх-14/, Зээлийн дансны хуулга /хх-16-17/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08162 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-18/, Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан, буцаасан, материал хүлээлгэн өгсөн бүртгэлийн хуулбар /хх-20/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаар шийдвэр /хх-21-23/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг /хх-24/, Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-25/, хариуцагч Э....гийн бичгээр гаргасан хүсэлт /хх-26/, .... ББСБ ХХК-д Э....гийн бичгээр гаргасан 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хүсэлт /хх-27/, Зээлийн хяналтын карт /хх-28/, Автомашиин хүлээлцсэн акт /хх-29-30/, ... УБЗ автомашины татвар төлсөн баримтууд /хх-31-36/, ... УБЗ автомашины торгууль /хх-37/, Итгэлт эстимэйт ХХК-ийн ... УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ хийсэн тайлан /хх-39-50/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан бол хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбараа нотлохоор аливаа баримтыг шүүхэд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
5.Хариуцагч нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нарын эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэгч .... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч нараас Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 4,331,652.08 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлээ: хариуцагч нар барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй учир Фидуцийн гэрээний дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан автомашиныг хураан авч, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд тогтоогдсон 6,800,000 төгрөгийг нийт төлвөл зохих 11,131,652.08 төгрөгөөс тооцон хасаж, үлдэх төлбөрийг шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч Э.... нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлд хариу тайлбараа бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн болно.
4.Харин хариуцагч О....гийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлнө гэх хариу тайлбарыг бичгээр гаргасан бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
5.Зохигчид талуудын хооронд барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээнд хариуцагч О...., Э.... нар хамтран зээлдэгчээр оролцсон, Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд Фидуцийн гэрээ байгуулж, ... УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас уг тээврийн хэрэгслийг хураан авсан бөгөөд татварын өр болон зөрчлийн торгуулийг нэхэмжлэгч төлсөн зэрэг үйл баримтуудын талаар зохигчид маргаагүй байна.
6.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Барьцаат зээлийн гэрээ, Фидуцийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, зээлдэгчийн хяналтын карт, автомашин хүлээлцсэн тухай акт, зээлдэгч нарыг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, цагдаагийн байгууллагын албан бичиг, фидуцийн гэрээний зүйлийн зах зээлийн үнэлгээ хийсэн тайлан, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна.
6.1.Нэхэмжлэгч .... ББСБ ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ...тоот Барьцаат зээлийн гэрээ, мөн өдрийн ЗГ... тоот Фидуцийн гэрээ байгуулж, хариуцагч О...., Э.... нарт 10,400,000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохирч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ... УБЗ улсын дугаартай ...маркийн автомашиныг 13,000,000 төгрөгөөр үнэлэн өмчлөх эрхийг шилжүүлэн авчээ.
6.2.Зээлийн гэрээний хугацаанд буюу 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд зээлдэгч нар нь 3,150,000 төгрөг төлж, үндсэн зээлээс 8,390,126.92 төгрөг, зээлийн хүү 2,433,917.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,579.44 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 10,872,624.08 төгрөг төлөөгүй байна.
6.3.Нэхэмжлэгч нь хариуцагч нараас Фидуцийн гэрээний зүйл болох ... УБЗ улсын дугаартай автомашиныг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Автомашин хүлээлцсэн тухай акт үйлдэн хураан авч, уг автомашиныг хөрөнгийн үнэлгээний Итгэлт эстимэйт ХХК-иар 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үнэлүүлэхэд 6,800,000 төгрөгөөр үнэлсэн байна.
6.4.Фидуцийн зүйл болох ... УБЗ улсын дугаартай автомашиныг зээлдэгч О.... эзэмшин ашиглаж байх хугацаанд 2020, 2021 оны автомашины албан татварын өр 114,028 төгрөг, 2019-2021 оны хооронд зөрчлийн арга хэмжээ авагдсан торгууль 145,000 төгрөг болсныг төлөөгүйн улмаас нэхэмжлэгч эдгээр төлбөрийг төлсөн байна.
6.5.Хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг шаардаж, гэрээнд бичигдсэн хаягийн дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад тэд нэхэмжлэлд дурдсан хаягтаа оршин суудаггүй, тэдний хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр шүүгчийн захирамжаар .... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, улмаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох О...., Э.... нарыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хариуцагч нарын хаягийг олж тогтоожээ.
7.Хариуцагч нар нь барьцаат зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1 дэх хэсгүүдэд тус тус заасны дагуу үндсэн зээл 8,390,126.92 төгрөг, зээлийн хүү 2,433,917.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,579.44 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 10,872,624.08 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээнэ.
8.Нэхэмжлэгч нь Фидуцийн гэрээнд заасны дагуу фидуцийн зүйлийг зээлдэгчийн өмчлөлөөс хураан авч, зах зээлийн үнэ ханшийг тогтоолгон зээлийн төлбөрөөс хасаж тооцсон нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэг болон Фидуцийн гэрээний 3.1.3 дахь хэсэгт тус тус нийцсэн байх тул гэрээний зүйлийн тогтоогдсон үнэлгээ 6,800,000 төгрөгийг нийт төлбөрийн үлдэгдлээс суутган хасаж, үлдэх төлбөрийг гаргуулахаар шаардаж буй .... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
9.Түүнчлэн фидуцийн зүйл зээлдэгч талын эзэмшилд байх хугацаанд гарсан татварын өр 114,028 төгрөг, зөрчлийн арга хэмжээ авагдсан торгууль 145,000 төгрөг зэргийг нэхэмжлэгч нь хариуцагч нараас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
10.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 84,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О...., Э.... нараас 4,331,652 /дөрвөн сая гурван зуун гучин нэгэн мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч .... ББСБ ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 84,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА