Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 204

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0215/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,  
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,  
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа, 
Хохирогч ***, 
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох 201709000234 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, /***/, 1974 оны 10 дугаар сарын 23-ны өдөр *** төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хэрэгт холбогдохоос өмнө “*** ажиллаж байсан, *** тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 5 удаагийн ял шийтгүүлж байсан бөгөөд 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр *** тоотод хамтран амьдрагч ***ын виза картыг ашиглан ХААН банкны *** дугаартай дансанд орон сууц авахаар хадгалж байсан 18900000 төгрөгийг ***ын ХААН банкны ***дансанд шилжүүлэн авч хулгайлж, ноцтой хохирол буюу амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
    
D:\2017 Goomaral\Sh.Ts togtool\7.3\Ansagan 145,2.docx
Шүүгдэгч *** нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр *** тоотод хамтран амьдрагч ***ын виза картыг ашиглан ХААН банкны *** дугаартай дансанд орон сууц авахаар хадгалж байсан 18900000 төгрөгийг ***ын ХААН банкны ***тоот дансанд шилжүүлэн авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

-Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ***ын виза картанд байсан 18900000 төгрөгийг ***ын дансаар шилжүүлж авсан нь үнэн. Уг мөнгийг аваад Улаанбаатар хот орж хамт хорих ял эдэлж байсан хүмүүсээ дайлсан, мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сум орж 2 дугаар сургуульд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, тус тэмцээнийг ивээн тэтгэсэн. Замын-Үүд суманд байхдаа *** хамт Хамрын хийд явсан. Үүний дараа дахин Улаанбаатар хотод ирээд *** гэх эмэгтэйтэй Чингисийн хүрээ, Баянгол зэрэг амралтанд амарч гарсан зардлыг өөрөөсөө гаргасан. Мөн Улаанбаатар зочид буудлын 2 дугаар давхарын ресторанд орсон. Ресторанд ороод архи захиалж уугаад тасарч уначихаад буудлын өрөөнд амарсан бөгөөд буудалд анх ороход 4700000 төгрөг байсан боловч маргааш өглөө нь сэрэхэд миний халаасанд 20000 төгрөг байсан. 
…харамсаж байна.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би шүүгдэгч ***г хорих ангид ял эдэлж байхад нь танилцаж, уг хугацаанд эргэлтээр очдог байсан. Түүнээс гадна ***нд Герман болон Солонгост байдаг охиноосоо эм тариа авч өгдөг байсан. Хорих ангийн дарга намайг ***нтай эргэлтээр очиж уулздаг гэдгийг мэддэг бөгөөд намайг очиход өрөө гаргаж өгдөг байсан. ***н надад эцэг эхээ нас барсан хэмээн худал хэлсэн байсан. Санаандгүй хүн алгадаад хорих ялаар шийтгүүлсэн гэж надад өөрөө ярьж байсан бөгөөд удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан гэдгийг сая л мэдлээ. *** эцэг эх нь “***г худал хэлж хулгай хийдэг, эцэг эхээсээ хүртэл хулгай хийж байсан гэдгийг чамайг сайхан сэтгэлээр ***нд хандаж байсан учраас хэлж чадаагүй” гэж надад хэлсэн. ***г хорих ангид ял эдэлж байгаад гарч ирэхэд эцэг эх нь нэг ч зүйл өгөөгүй. Би ***нд төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт олгуулж, жолооны курст сургаж, ажилд оруулж өгсөн. 
Миний охин Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажилд орно гээд байр авах зорилгоор над руу мөнгөө шилжүүлсэн байсныг Ансаган сайн мэдэж байсан. Надад байр зарах хүн байрны ордероо олохгүй байсан учраас орон сууц худалдаж авах ажиллагаа ганц нэг хоногоор хойшилсон байсан. Тэр үед ***н манай охины байр авах гэж над руу шилжүүлсэн мөнгийг миний картыг ашиглаж хулгайлсан. *** үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. мөн 2 ширхэг гар утас авч яваад өгөөгүй учир гар утасны үнэ 230000 төгрөг, хулгайлж авсан мөнгөний үлдэгдэл 18400000 төгрөг, нийт 18630000 төгрөг нэхэмжилж байна, гомдолтой.” гэх мэдүүлэг, 

-Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 7-9/, 

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 10/, 

-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Олон улсын худалдааны төв дээр дэлгүүрийн зориулалттай оффис түрээсэлж ажилуулдаг юм. 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 12 цаг өнгөрөөгөөд Олон улсын худалдааны төв дээр байрлаж үйл ажиллагаа явуулдаг Шонхор хамгаалалтын албаны хүмүүс хуралтай гээд цуглачихсан байсан. Тэр хамгаалалтын албанд хамгаалагч хийдэг *** гэж ах манай дэлгүүрт орж ирээд “манай ах байрны мөнгө шилжүүлэх гэж байгаа юм, би хүүхэддээ байр авч өгөх гэж байгаа юм. Гэтэл тэр ХААН банкны дансаар мөнгө шилжүүлнэ гээд байна, надад Голомт банкны данс байгаад байдаг, дансаа хэрэглүүлээч, чамд 100000 төгрөг өгье. Би 14 цаг 30 минутад хүнд байрныхаа мөнгийг өгөх ёстой гэж” хэлэхэд нь би зөвшөөрсөн. Тэгээд тэр миний хаан банкны дансны дугаарыг бичиж аваад явсан. Удалгүй миний дансанд 18900000 төгрөг орж ирсэн. Би данснаас мөнгийг нь авахаар Үйлчилгээний төвийн ХААН банк, Дархан их дэлгүүрийн ХААН банкуудаар очсон боловч бэлэн мөнгө хүрэхгүй байна гэсэн. 16 цагийн үед захын урд байдаг ХААН банкнаас түүний мөнгийг авах гээд явж байтал тэр над руу утасдаад “юу болж байна?” гэхэд нь би “биржийн урд талын банкнаас мөнгийг чинь авах гээд явж байна, та өөрөө энд хүрээд ир” гэсэн. Удалгүй тэр хүрч ирж, би банкнаас мөнгийг нь авч түүнд өгсөн. 
...тэр надад дансаа ашиглуулсан гээд 100000 төгрөгийг өгсөн. Намайг бараандаа явах гэж байгааг миний ярианаас мэдээд тэр чи бараандаа явах гэж байгаа юм бол надаас 7 хоногийн хугацаатай 400000 төгрөг зээл, мөнгө чинь бэлэн болохоор *** гэсэн дугаар руу залгаарай гэсэн. Тэр “би шинэ хорооллын 21 бил үү 23 дугаар байранд 1 өрөө байр авч байгаа, байрныхаа хүнтэй одоо очиж уулзана, мөнгийг нь өгнө” гэж хэлээд гарсан. 
…Би *** гэгчийг бусдаас мөнгө хулгайлсан гэдгийг мэдээгүй, түүний надад данс ашиглуулсан болон зээлсэн гэх мөнгийг буцаан хүлээлгэж өгье.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 36/, 

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би тухайн үед өртөөний вип зааланд явж байтал туранхай, бор царайтай, намхан залуу /хүнхэр нүдтэй/ ирээд “танд ХААН банкны виза карт байна уу, би таны дансанд мөнгө хийлгүүлчихье, над руу хүн мөнгө шилжүүлэх ёстой, би урагшаа хил гарах гээд байгаа юм” гэсэн. Би түүнд картаа өгөхөд авч явчихаад 1 цаг орчмын дараа ирээд “за за би мөнгө шилжүүлээд авчихлаа, таны дансанд 10000 төгрөг үлдээчихсэн шүү, би урагшаа явж ирчихээд танай вип зааланд байрлаж амрана шүү” гэж хэлээд явсан. Би дараа нь дансаа шалгаж үзэхэд 10000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 
…Тийм ээ, энэ залуу мөн байна. Тэр залуу тухайн үед алтлаг шар өнгийн монгол захтай энгэр нь задгай хантаазтай явж байсан. Өөр ямар хувцас өмсчихсөн байсныг би санахгүй байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37-38/, 

-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны  4 дүгээр сарын 8 бил үү 9-ний өдөр энэ хүн манай сумын 2 дугаар сургууль дээр өөрийгөө ***ийн *** гэж танилцуулж, өөрийнхөө нэрэмжит сагсны тэмцээн зохион байгуулаад сургуулийн багш ажилчидтай уулзаад шилдэг сурагчдын тодорхойлолтыг авч тэдгээр хүүхдүүдээс манай хүүхдийг сонгож Бээжин, Солонгосоор 10 хоногийн аялалаар явуулна гэж тус сургуулийн захирал *** надад хэлсэн. Тэгээд би тэр даруй *** захирлын хэлснээр өөрийнхөө иргэний үнэмлэх болон эхнэр *** иргэний үнэмлэх, хүү *** иргэний үнэмлэхний хуулбар зэргийг *** захиралд өгсөн. Тэгээд би *** гэх хүний надад өгсөн нэрийн хуудсан дээр байсан ***, *** гэсэн хоёр дугаар руу залгасан боловч дээрх хүн утсаа авахгүй байсан. 
…миний бичиг баримтын хуулбарыг авсан болохоор түүнийг ашиглаж юнителийн дугаар авсан юм болов уу гэж бодож байна. Түүнээс биш би өөрөө юнителийн дугаар авч тэр хүнд өгөөгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 39/, 

-Мобикомын дугааруудын орсон гарсан дуудлага, мессэжний лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 39-72, 3 дахь хавтаст хэргийн 74-147/,

-Юнителийн дугааруудын орсон гарсан дуудлага, мессэжний лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 74-124/,

-Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…хулгайд алдсан мөнгө маань миний мөнгө байсан. Тухайн үед манай ээжийн ХААН банкны дансанд нь байхад нь Ансаган авчихсан байсан юм. 
...хохирлоо барагдуулж авмаар байна, маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 156/,

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би сар өдрийг нь тодорхой санахгүй байна. Манай сургуулийн захирал удирдлагатай өөрийгөө *** гэж танилцуулсан намхан нуруутай, туранхай бор залуу ирж уулзаад “гадаад улсад олон жил амьдарсан хүүхдүүдэд буян хийх гэж байгаа юм, танай сургуулийн ахлах ангийнхны дунд талийгаач болсон ээжийнхээ нэрэмжит сагсны тэмцээнийг зохион байгуулж ивээн тэтгэе” гэсэн. *** гэгч тэмцээний зурагт самбар, медаль, өргөмжлөл зэргийг өөрийн зардлаар хийлгэсэн. Мөн түрүүлсэн багуудад өөрөөсөө шагналын мөнгийг өгч байсан. Түрүүлсэн багт хэдэн төгрөгний шагнал өгч байсныг мэдэхгүй байна. Энэ тэмцээн сургууль дээр амралтын 2 өдөр зохион байгуулсан. 
…*** гэгч нь энэ тэмцээнийг өөрөөсөө мөнгө гаргаж тэмцээнийг эвээн тэтгэсэн учраас сургуулийн санхүүд тэмцээн зохион явуулсан зардлын тайлан, үүнтэй холбоотой ямар нэгэн баримт материал байхгүй.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 185/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна

Иймд шүүгдэгч ***г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч ***, *** нар нь хулгайд алдсан 18900000 төгрөгөөс 500000 төгрөгийг гэрч Э.***аас хүлээн авсан байна.

Хохирогч *** нь шүүгдэгч ***наас өөрийн хүүхдүүдийн хэрэглэж байсан 2 ширхэг гар утсыг ***н хэрэглэж байгаад буцааж өгөөгүй тул 2 ширхэг гар утасны үнэ 230000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн иргэний нэхэмжлэл гаргасныг шүүгдэгч ***н хүлээн зөвшөөрч байх тул хохирол, иргэний нэхэмжлэлд нийт 18630000 төгрөгийг шүүгдэгч ***наас гаргуулж, хохирогч нарт олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ***н нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 7-9/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 10/, гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…дансаа хэрэглүүлээч, чамд 100000 төгрөг өгье. Би 14 цаг 30 минутад хүнд байрныхаа мөнгийг өгөх ёстой гэж” хэлэхэд нь би зөвшөөрсөн. Тэгээд тэр миний хаан банкны дансны дугаарыг бичиж аваад явсан. Удалгүй миний дансанд 18900000 төгрөг орж ирсэн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 36/, гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би түүнд картаа өгөхөд авч явчихаад 1 цаг орчмын дараа ирээд “за за би мөнгө шилжүүлээд авчихлаа, таны дансанд 10000 төгрөг үлдээчихсэн шүү, би урагшаа явж ирчихээд танай вип зааланд байрлаж амрана шүү” гэж хэлээд явсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37-38/, хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…хулгайд алдсан мөнгө маань миний мөнгө байсан. Тухайн үед манай ээжийн ХААН банкны дансанд нь байхад нь *** авчихсан байсан юм.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 156/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байгаа тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

    Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***г хамтран амьдрагч ***ын орон сууц авахаар хадгалж байсан 18900000 төгрөгийг ***ын ХААН банкны ***дансанд шилжүүлэн авч хулгайлж, ноцтой хохирол буюу амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв боловч 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт хамаарах бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилсан байх тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***над 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзэх үндэстэй.

Шүүгдэгч *** урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр 5 удаа шийтгүүлж байсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /1 дэх хавтаст хэргийн 17/ байх боловч тэрээр 2016 оны 2 дугаар сарын 29-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна. /1 дэх хавтаст хэргийн 168/

Шүүгдэгч ***нд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ***н нь 5 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан, түүний үйлдсэн хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч ***н нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүй байх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь энэ хэрэгт 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 62 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *** 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “бусдын эд хөрөнгө хулгайлж, үлэмж хэмжээний буюу 18900000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугуй. 
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *** 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил 6 сар /дөрвөн жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.  
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 4 жил 6 сар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. 
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ы энэ хэрэгт 2017 оны 6 дугаар сарын 8-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. 
 5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ***аас 18630000 /арван найман сая зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч *** тоотод оршин суух *** /РД:***/, Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух *** /РД:*** нарт тус тус олгосугай. 
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ