Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 957

 

                                  “Э ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/00838 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч   “Э ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Н-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүү 64 480 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 726 000 төгрөг, нийт 109 206 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагчийн өмгөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Н нь "Э" ББСБ-аас 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 14/14 тоот зээлийн гэрээ байгуулж 100 000 000 төгрөг, 3%-ийн хүүтэй, сарын 0,60%-ийн нэмэгдүүлсэн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Г.Н-ийн өмчлөлийн Г-2204002515 тоот улсын бүртгэлтэй Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Өлгийн 00-000 тоот хаягт байршилтай 607 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалж зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 30 000 000 төгрөг хүү 64 480 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 726 000 төгрөг, нийт 109 206 000 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Өлгийн 28-341а тоот хаягт байршилтай 607 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү. Г.Н нь өөрийн хүү болох Н.Ж-ийн 2012 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн зээлийн болон зээлийн барьцааны гэрээг сайн дурын үндсэн дээр 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн үүрэг хүлээсэн. Учир нь хүү Н.Ж нь гадаад явахаар болж гэрээний үүргийг өөрийн нэр дээр шилжүүлсэн, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие хөдөө томилолтоор ажиллах болсон тул өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах хашаа газрыг итгэмжлэл хийж өгсөн. Бидний танил Д.А “Г.Г” компанийн захирал 2012 онд ажил дуустал мөнгө хэрэгтэй байна гэж манай гэр бүлийн хүнээс гуйж “Э” ББСБ-д барьцаанд тавьж манай хүүгийн нэр дээр гэрээ байгуулан 100 000 000 төгрөг Д.А өөрийн биеэр зээлж авсан. Ингээд зээлээ төлж байх хугацаанд миний хүү Н.Ж гадагшаа явах болоход чиний нэр дээр гэрээг шилжүүлэх хэрэгтэй байна гэсэн, зээлээ удахгүй төлж дуусгана гэхээр итгээд зээлийн гэрээг өөрчилж өөрийн нэр дээр болгосон. Үндсэн зээл, хүүг бараг төлөөд дууссан байгаа гэж Д.А хэлдэг. Би тэр банк бус санхүүгийн байгууллагын хүмүүсийг танихгүй, анх мөнгө өгсөн Д.А харьцаж тооцоо хийдэг, надад тооцоо дууссан гэж хэлж байсан. Энэ байгууллага зээл гаргахдаа зээлийн судалгаа хийх, ямар орлоготой яаж төлбөрийг төлөх талаар судлах ёстой атал хууль зөрчиж болохгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Г.Н нь 100 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн аваагүй, харин Д.А хүлээн авсан тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг хүлээлгэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан тооцдог тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд гэрч Д.А өгсөн мэдүүлэгтээ:

Би “Г.Г” ХХК-ийн ерөнхий захирал 100 %-ийн хувьцаа эзэмшигч нь манай компани зам засварын ажил эрхэлдэг. Би 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Г.Н-ийн хүү Н.Ж-ийн нэрээр зээлийн гэрээ байгуулж банк бус санхүүгийн байгууллагаас 100 000 000 төгрөгийн зээлийг авсан нь үнэн. Надад барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгө байхгүй учраас найз Л.А-ийг гуйж тэдний гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалан хүүгийнх нь нэр дээр гэрээ байгуулсан. ББСБ дээр Л.А, Н.Ж бид 3 очсон 100 000 000 төгрөгийг би бэлнээр хүлээн авсан, гарын үсэг хэн зурсныг санахгүй байна. Н.Ж гадаадад явах болоод зээлээ өөрийн аав Г.Н-д шилжүүлэн өгсөн гэдгийг 9, 10 дугаар сарын үед утсаар надад мэдэгдсэн. Миний авсан 100 000 000 төгрөгийн зээлийн харилцаа үргэлжлээд явсан. Энэ хүмүүс ямар ч хамаагүй. Энэ хүмүүс мөнгө огт аваагүй. Н.Ж хийсэн 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ үргэлжлээд яваад байгаа би мөнгийг төлж бараг дууссан. Би хамгийн сүүлд 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 95 000 000 төгрөг төлөөд зээлээ дуусгаад зээл дууссан, хаагдсан гэсэн албан ёсны бичиг аваагүй. Тэгээд утсаар яриад 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс хойш өргүй гэж үзэж байгаа шүү гэдгээ хэлсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Г.Н 94 866 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 339 120 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 28 дугаар гудамжны 341а тоотод байрлах 607 м.кв Г.Н-ийн өмчлөлийн 18646311496601 тоот нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 774 180 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч 632 284 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.О давж заалдах гомдолдоо:

... Шүүх хуралд Г.Н нь миний хувьд энэ зээлийг аваагүй Д.А тухайн банкны захирлыг таньдаг байсан ба зээлийн талаар эхнэр Л.А-ийн хүсэлтээр Д.А зээл аваад удаахгүй зээлээ төлнө гэсэн учир өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 28 дугаар гудамжны 341 дүгээр тоотод байрлах 607 м.кв 18646311496601 тоот нэгж талбай дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар бүхий үл хөдлөх хөрөнгийг хүү Н.Ж-д итгэмжлэл хийж өгч, миний хүү Н.Ж зээлийн гэрээнд гарын үсэг зурж, банкнаас 100 000 000 төгрөгийг Д.А гардуулж өгсөн байдаг. Тэр зээлээс хойш банк надтай ер нь харилцаагүй, банк бус санхүүгийн байгууллага нь зөвхөн Д.А харьцаж зээлийн асуудлыг тооцож ирсэн. Мөн тус банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн гэрээг 1 удаагийн үйлдлээр Н.Ж-ийн нэр дээр 100 000 000 төгрөг гаргаж Д.А мөнгийг өгсөн байдаг. 2 дахь удаагаа зээлийн гэрээн дээр хүүхэд явах болоод гарын үсэг зурж өөрчлөхөөс аргагүй байдалтай байхад надаар гарын үсэг зуруулж намайг хариуцагчаар татаж 109 206 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үздэг. Мөн банкинд төлөгдсөн гээд байгаа баримтууд бүгд Д.А хийсэн тооцоог шүүх нотлох баримт болгож шийдвэрлэсэн мөртлөө ямар ч тооцоо хийгээгүй Г.Н зээлдэгч гэж үзсэнд гайхаж байна. Учир нь зээлийг гардаж авсан хүн нь Д.А зээл авсан хүнээс өөр хүний барьцаа тавиулж бусдад зээл гаргасан нь банк бус санхүүгийн байгууллагын өөрийнх нь алдаа гэж үзэж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4 зааснаар дүр үзүүлэн хийсэн гэрээ ба үнэн санаанаасаа бус хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.23 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх тул давж заалдах гомдол гаргалаа гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэх журмыг зөрчсөн байна.

 

            Нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК хариуцагч Г.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлд 30 000 000 төгрөг, зээлийн хүү 64 480 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 726 000 төгрөг, нийт 109 206 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “... мөнгийг Д.А авч хэрэглэсэн, тэрээр зээлийн өрөө төлөөд дууссан” гэж тайлбарласан байна.

 

            Нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК нь Н.Ж 2012 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, мөн Г.Н 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүд хэрэгт авагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчдын хэн аль нь маргаагүй байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Д.А гэрчээр мэдүүлэгтээ “...Би тус банк бус санхүүгийн байгууллагаас Г.Н хүү Н.Ж нэрээр зээл авсан, мөнгийг би хүлээж авсан, 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 95 000 000 төгрөг төлөөд зээлээ хааж дуусгасан гэсэн байх бөгөөд түүнчлэн 2013 оноос 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд Н.Ж, Д.А нарын нэрээр мөнгө шилжүүлсэн, Х.банкны 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр орлогын баримтаар “Э ББСБ” ХХК-д 95 000 000 төгрөг тушаагаад зээл хаав” гэж бичсэн бичгийн баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгч байгууллагад мөнгө төлсөн баримтуудыг талуудын тайлбар болон бусад баримттай харьцуулан үнэлж дүгнээгүй, уг асуудлаар талуудыг мэтгэлцүүлээгүй байна.   

 

            Түүнчлэн Г.Н байгуулагдсан зээлийн гэрээний дагуу мөнгө бодитоор зээлдэгчид шилжсэн эсэх, нэхэмжлэгчээс хариуцагч Г.Н холбогдуулан гаргасан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх асуудлаар дүгнэлт хийгээгүй.

 

            Хэргийн 19 дүгээр талд Г.Нарангэрэлээс “Э ББСБ” ХХК-д хандан мөнгө төлөх хугацааг хойшлуулсан тухай хүсэлт гаргасан бичгийн баримт хэрэгт авагдсан боловч уг баримтад заагдсан гарын үсэг нь хариуцагч Г.Н бусад баримтад зурсан гарын үсгээс зөрүүтэй, харин гэрээний тал биш хүмүүсийн гаргаж өгсөн гарын үсгийн загвартай ижил төсөөтэй байгаагаас гадна гэрээнд заагдсан гарын үсгийн бичвэр нь зээлдэгч Г.Н гарын үсэг гэж шууд үзэхэд эргэлзээтэй, энэ нөхцөл байдлыг хэргийн нотлох баримтыг шинжлэн судлахдаа тодруулаагүй байна.

 

Иймээс талуудын маргааны зүйлд хамааралтай үйл баримт тогтоогдсон гэж үзэх боломжгүй тул анхан шатны шүүх холбогдох хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэхгүй.

 

Анхан шатны шүүх “Э ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Н холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар талууд шүүхийн өмнө эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчмыг алдагдуулснаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           

            Мөн шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба гэж бичсэн нь зөрчилтэй болсон байна.

 

Энэ талаар давж заалдсан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах боломжтой юм.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/00838 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632 284 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

Ц.ИЧИНХОРЛОО