Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар  2021/ДШМ/609

      2021           6            22                                       2021/ДШМ/609                                 

     Г.Тад холбогдох

          эрүүгийн хэргийн тухай    

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/374 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Энэрэлийн бичсэн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Г.Тад холбогдох эрүүгийн 2008 00000 1114 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Г-ын Т, ...... оны .... дугаар сарын ....-ны өдөр ........... аймгийн .................... суманд төрсөн, .... настай, ................., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................ аймгийн .................. сумын ..... дүгээр баг, ................ гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................... дүүргийн ... дугаар хороо, ..................... тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:........................../,

            Шүүгдэгч Г.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 09 цагийн орчимд өөрийн хамтран амьдрагч А.Рг найз Т.Гтэй хардан маргалдаж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Шанд” 10 дугаар гудамжинд Т.Гийн хэвлийн тус газарт нэг удаа, А.Ргийн цээжин тус газарт хоёр удаа хутгалж, онц, харгис хэрцгийгээр, хоёр хүнийг алахаар завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Г.Тад холбогдох эрүүгийн 2008 00000 1114 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар хоёр хүнийг алахаар завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Тад таван жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан таван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Г.Тын баривчлагдсан, цагдан хоригдсон 272 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Тад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Прокурор Б.Энэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц, харгис хэрцгийгээр” гэсэн хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэхгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 39.6 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн. Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон шүүгдэгч Г.Тад холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 39.7 дугаар зүйлд заасныг зөрчиж шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна гэж тус тус үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйл нь гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгох бус эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох эрх хэмжээг шүүхэд олгож буй хууль зүйн ойлголт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж тус тус заажээ. Гэтэл шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад шүүгдэгч Г.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар хоёр хүнийг алахаар завдсан гэм буруутайд тооцож, таван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй гэж хоёр хүнийг алахаар завдсан мэт, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэхдээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт ял оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасан бөгөөд хууль тогтоогч гэмт хэрэг үйлдэхээр завдсан хүнд ял оногдуулах ялын доод хэмжээний хязгаарыг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, учирсан хохирол, хор уршгийг харгалзан доод хэмжээг шүүх тогтоохоор нээлттэй үлдээсэн байна. Түүнчлэн, хүнийг алах гэмт хэрэг төгс үйлдэгдсэн тохиолдолд оногдуулах хорих ялын доод хэмжээ нь найман жил байна. Иймд энэхүү хэмжээнээс хэтрүүлэхгүй, мөн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хүнд оногдуулах ялын доод хэмжээ болох таван жилээс багагүй байхаар ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй гэж нэг хүнийг алахаар завдсан мэт тус тус хоёр салаа утгатай дүгнэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан гэмт хэрэгт арван хоёроос хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан болохыг дурдах нь зүйтэй. Шүүх шүүгдэгч Г.Тын үйлдсэн гэмт хэрэгт таван жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр зааж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага тохироогүй, түүнд оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн байна. Учир нь, тухайн гэмт хэргийн шинж, шүүгдэгчээс үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, гэмт хэрэг таслан зогсоогдсон атал цааш төгсөхөөр үргэлжлүүлж буй идэвхтэй, санаатай үйлдэл, гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг ашиглаж буй нөхцөл, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хохирол, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудыг үнэлээгүй, дүгнээгүй, харгалзаж үзээгүй. Мөн хоёр хүнийг алахаар завдсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас иш татаж төсөөтэй хэрэглэж буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж ял оногдуулж байгаа нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй байна гэж үзлээ. Прокуророос шүүгдэгч Г.Тын үйлдсэн гэмт хэргийг хоёр хүнийг алахаар завдсан гэж буруутгаж, яллах дүгнэлт үйлдэж, гэм бурууг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байх тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой санал нэг байна. Шүүх ял оногдуулахдаа хүнийг алах гэмт хэрэгт 8-15 жилийн хугацаагаар хорих ял, хүнд гэмтэл учруулсан бол 5-12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж болно. Улсын яллагч хүнийг алсан гэдгээр 10 жилийн хорих ял оногдуулж болохгүй гэж дүгнэсэн. Гэтэл прокурор намайг хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэдгээр хэргийг зүйлчилсэн.” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, зөв гарсан гэж үзэж байна. Улсын яллагч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт нэмэлт санал, дүгнэлт, шүүмж хэлээгүй хэрнээ давж заалдах шатны шүүхэд ял хөнгөдсөн гэж эсэргүүцэл бичиж байгаа нь үндэслэлгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Б.Энэрэлийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 09 цагийн орчимд өөрийн хамтран амьдрагч А.Рг найз Т.Гтэй хардан маргалдаж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Шанд” 10 дугаар гудамжинд Т.Гийн хэвлийн тус газарт нэг удаа, А.Ргийн цээжин тус газарт хоёр удаа хутгалж, онц, харгис хэрцгийгээр, хоёр хүнийг алахаар завдсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч А.Ргийн “...2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн ...20 цагийн орчим ...Г ганцаараа гарч яваад 0.75 литрийн “Хараа” архи авч ирээд манай нөхөр бид гурав хувааж ууж дуусгасан. ...Мөөгий гэх зүс таних 30 гаруй насны ах гаднаас 0.75 литрийн Хараа нэртэй архи нэгийг авч орж ирсэн ба бид дөрөв хувааж ууж байгаад уг архи талдаа орж байхад Мөөгий ах “ажил дээрээс очиж юм авах хэрэг байна, хамт явчихаад ирье” гээд М, түүний найз охин болон би Мөөгий ахтай хамт явсан. Гэрт Г, манай нөхөр хоёр архиа уугаад үлдсэн. Бид барагцаагаар 1 цаг орчим болоод буцаж очиход тэр хоёр үлдсэн архиа ууж дуусгаад дахиад 2 шил 0.75 литрийн архи авчихсан түүнийхээ нэгийг нь тал хүртэл уусан ба би тасраад уначихсан. Өглөө нар мандсан байхад ...Г, манай нөхөр хоёр архиа ууж л байсан. Би босоод дахиад 2-3 удаа аягаар архи уугаад эргээд согтсон. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг санахад би Гийн хашааны гадна ганцаараа, өмсөж байсан хувцастайгаа зогсож байсан, миний цээжнээс цус гарсан байсныг хараад би ухаан алдаад унасан. ...Манай нөхөр надад гэмтэл учруулсан гэж бодож байсан. Манай нөхөр мал нядалгааны ажил хийдэг учраас хутгатай явдаг. ...Гтэй найз нөхдийн холбоотой, ...2020 оны 2 дугаар сард Т бид 2 хэсэг хугацаанд салж тусдаа байсан, ...Гтэй Эмээлтэд танилцаж түүнээс хойш бид дотносож эр эмийн харилцаатай болж би Гийн гэрт очиж хааяа хонодог, Г бас хааяа манайд ирж хонодог болсон. ...хэрэг болохоос 20 гаруй хоногийн өмнө ирээд надаас уучлалт гуйж бид 2 эргэж нийлээд, ...би Гөөс холбоогоо тасалж бид 2 найзын хувиар үлдсэн...” /хх 26-27, 232/,

хохирогч Т.Гийн “...хамт ажилладаг Т болон түүний эхнэр Р нартай ...2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр уулзаж, өөрийнхөө амьдарч байгаа Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 18-121 тоот гэрт ганц шил архи уугаад хоносон. Өглөө 07 цагийн үед Т бид хоёр Рг унтаж байхад нь 0.75 литрийн “Хараа” нэртэй архи нэг шилийг хувааж уугаад ...Т “чи миний эхнэртэй явалддаг хэн бэ” гээд хутга бариад гэрээс гараад ирэхээр нь би тоглож байна гэж бодсон. Тэгтэл үнэн юм шиг над руу дайрахаар нь би зугтаагаад гудамж уруудаж гүйхэд араас хүрч ирээд хажуугийн айлын хашаа өнгөрөөд миний цээж рүү гараараа нэг удаа цохиод гүйгээд явчихсан. Би тоохгүй гэр лүүгээ явж байхад амьсгалахад хэцүү болохоор нь цээж рүүгээ харсан чинь цус гараад хутгалуулсан байсан. Тэгээд арай гэж алхсаар гэртээ ирсэн чинь хашааны үүдэнд Р хутгалуулсан байдалтай хэвтэж байсан, яг тэр үед ээж Тд ирчихсэн байсан. ...миний цээжний зүүн доод хэсэгт нэг удаа хутгалсан байсан. ...Манай гэрийн хутга биш байсан. Гэхдээ ямар хутгаар хутгалсныг хараагүй, Т мал нядалдаг болохоор биедээ байнга хутгатай явдаг...” /хх 14-15/,

гэрч Ц.Чулуунцэцэгийн “...2020 оны 7 дугаар сарын 8-ны өглөө 10 цаг өнгөрч байхад төрсөн охин Ргийн гэр лүү ямар нэг шалтгаангүйгээр очиж явахад гэрээсээ нэлээд хол, бараг 1 км орчмын зайд нэг гудамжинд манай охин ганцаараа зогсож байх шиг харагдахаар нь очиж явсан. 2-3 метр зайд ойртож байхад нөхөр нь болох Т гэнэт гарч ирээд миний охиныг цамцнаас нь заамдаад авахаар нь би охиныг зодох гэж байна гэж бодоод очоод араас нь татаад авах хооронд хутга гаргаж ирээд далайж байгаад миний охины цээж рүү 2 удаа хутгалсан. ...Р босож ирээд цусаа хараад чичирч байгаад ухаан алдаад унасан. Би эргэж хараад хүнээс тусламж гуйсан боловч надад туслах хүн байгаагүй. Миний гарт нөгөө хутга нь байсан. Нэг эргээд харахад Т хаанаас ч юм гараад ирчихсэн миний охины дээр нь гарчихсан гараараа хоолойг нь багалзуурдаад “энийг гүйцээгээд ална, миний хутгыг аваад ир” гэж орилсон...” /хх 30-31/,

гэрч Л.Тдийн “...миний хүү М миний гар утас руу залгаад “энэ гурав архи уучхаад хоорондоо хэрэлдэж маргалдаад байна” гэхээр нь би гэрт нь ирж Г болон хоёр найзыг нь загначхаад буцаж гэртээ харьж ус авчхаад ирэхэд миний хүүтэй хамт архи ууж байсан залуу хутга барьчихсан, нөгөө эмэгтэйгээ хутгалчихаад ирэхээр нь би айсандаа хутгыг аваад шидсэн. Тэр эмэгтэйг хутгалж байхад тэр эмэгтэйн төрсөн эх хажууд нь байсан. Миний бага хүү М ус авах гээд худаг руу явсан байсан. Миний хүү Г болон хутгалуулсан эмэгтэйг 103-ын эмч ирээд эмнэлэг авч явсан, ...тухайн хутга нь хар өнгийн иштэй байсан...” /хх 34, 37-38/,

гэрч Ч.Сийн “...2020 оны 7 дугаар сарын 7-оос 8-нд шилжих шөнө Ртай уулзах гээд холбоо барихад “Гийн гэрт байна” гэж хэлсэн. Очиход Р, Түвшээ ах буюу Т, Г гурав хамт архи ууж байсан. ...Надад архи өгөхөөр нь амсаад буцаагаад өгөөд байсан. Шөнө Мөөгий гэдэг ах орж ирж архи авч өгчихөөд өөрөө ууж байгаад нээх удаагүй явсан. ...Өглөө 06 цаг өнгөрч байхад юунаас болсныг мэдэхгүй гэнэт Г, Тыг газарт унагааж хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Тэгэхэд дүү М нь очоод болиулсан чинь Г дүү рүүгээ орилоод байсан. Дүү нь ээжийгээ дуудаад байх шиг байсан. Т ах зодуулчихаад босож ирээд зүгээр орон дээр сууж байсан, урдаас нь хариу үйлдэл үзүүлээгүй санагдаж байна. Удалгүй Г, Р, Т гурав гараад хашаан дотор суусан, тэгээд би явсан. ...Г, Тын цээж хэсэг рүү нь л өшиглөж байх шиг харагдсан, 2 удаа л өшиглөсөн, тэгээд салсан...” /хх 41-42/,

гэрч А.Уын “...2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 10 цагийн үед манай ээж над руу залгаад “дүү чинь хутгалуулсан байна, хурдан ир” гэсэн. Тэр үед би төрсөн ах Самбалхүндэвтэй хамт явж байсан юм. Ээжийн зааж өгсөн газар очиход манай төрсөн дүү Р ухаангүй байдалтай газар хэвтсэн, хажууд хүргэн Т суучихсан “би эхнэрээ алчихлаа шүү дээ” гээд орилоод байсан. Ах бид хоёр ээж, дүүгээ аваад эмнэлэг явсан...” /хх 45-46/,

гэрч А.Сийн “...2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 10 цагийн үед ээж “дүү чинь хутгалуулсан байна, хурдан ир” гэж манай төрсөн дүү Учралбаярт хэлсэн. Тэр үед би дүүтэйгээ хамт явж байсан тул ээжийн зааж өгсөн газарт очиход дүү Р ухаангүй байдалтай газар хэвтсэн, биеэс нь их цус гарчихсан, хажууд нь манай хүргэн Т суучихсан байсан. Т намайг хараад “ахаа би эхнэрээ алчихлаа, одоо би яах юм бэ" гэхээр нь би хэрүүл маргаан хийлгүй, шийдэх газраар нь шийдүүлнэ гэж хэлээд дүүгээ аваад ээжтэйгээ хамт эмнэлэг рүү явсан. Намайг очиход манай дүүгийн хэвтэж байснаас 30 орчим метрийн зайнд зүс таних нэг дүү газарт элгээ тэврээд хэвтэж харагдсан, гэхдээ би очоогүй... Рг анх харахад царай нь хөхөрсөн, ухаангүй, амьсгалахгүй байхаар нь нас барсан байна гэж бодож байсан. Би хүзүүний гүрээний судас дээр дарж үзэхэд цохилж байсан. Тэгээд яаралтай эмнэлэг авч явсан, харахад хоёр удаа хутгалуулсан байдалтай байсан...” /хх 49-50/,

гэрч Г.Гийн “...Манай дүү Т нь 2013 онд Р гэх охинтой танилцаж, үерхэж байгаад цэргийн алба хааж ирээд Ртай хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтэд хамт амьдарч 2015, 2018 онуудад хүү, охин хоёртой болсон. Манай дүү цэргийн алба хааж ирснээс хойш барилга дээр ажиллаж байгаад сүүлийн 2-3 жил орчим мал нядалгааны газар ажиллаж байна...” /хх 53-54/,

шүүгдэгч Г.Тын “...Би Г, Р нарыг хутгалснаа хүлээн зөвшөөрч байна, ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. ... Болсон хэргийн хувьд хэлэхэд тухайн үед Р бид хоёр хамт амьдарч байсан. Гэтэл Р, Гтэй сууна гэж ярьсан байсан. Г “танай эхнэртэй хамтран амьдрах гэж байгаа” гэж хэлсэн. Намайг “гэр бүл салгаж, хоёр хүүхэд өнчрүүлэх гэж байна, миний хоёр хүүхдийг төрсөн аав шиг нь хайрлаж чадах уу” гэж асуухад Г “тэр чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Үүнээс болоод маргалдаж Г намайг зодсон, би хариу үйлдэл хийх чадваргүй байсан. Би согтоод ухаангүй хэвтэж байгаад нэг сэрээд харахад гэрт хүн байгаагүй. Гэрээс гараад харахад хашаа гэр хоёрын хооронд Р, Г нар тэврэлдсэн байдалтай харагдсан. Би согтуу байсан тул тухайн үед бэлгийн ажил хийж байна гэж харсан. Тэгээд буцаж гэрт гүйж ороод хутгаа аваад гарахад Г хашааны хаалгаар гарч байсан. Би араас нь гүйсэн. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна...” /2 хх 45-47, 155/ гэх мэдүүлгүүд,

хохирогч А.Ргийн Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх, кпиникийн урьдчилсан онош, мэс заслын өмнөх дүгнэлт, эмнэлгээс гарах үеийн эпикириз зэрэг эмнэлгийн холбогдолтой баримтууд /хх 80-90/,

хохирогч Т.Гийн Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх, клиникийн урьдчилсан онош, мэс заслын өмнөх дүгнэлт, эмнэлгээс гарах үеийн дүгнэлт зэрэг эмнэлгийн холбогдолтой баримтууд /хх 74-79, 91-98/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 7984 дугаартай шинжээчийн: “...Т.Гийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, хэвлийн өмнөд хананы зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хатгах, зүсэх үйлдлээр үүсгэгдэнэ. Хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх 63-64/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 7985 дугаартай шинжээчийн: “... А.Ргийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус, хий хуралдалт, зүүн уушгины хатгагдсан шарх, баруун бугалга, шууны цус хуралт гэмтэл, зүүн уушгины 5 дугаар сегментийг тайрах мэс заслын дараах байдал /2020.07.08/ тогтоогдлоо. Дээрх цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хатгах, зүсэх үйлдлээр, баруун бугалга, шууны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11- д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх 68-70/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3851 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн “Г.Т ФА94082251” гэж хаягласан цус шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г.Т ФА94082251” гэж хаягласан цусанд 2,2 промолли спиртийн агууламж илрэв. Цусанд 2,2 промолли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн “Г.Т ФА94082251” гэж хаягласан цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй...” /хх 135-137/ гэх дүгнэлтүүд,

эрүүлжүүлэгдсэн хүний “...Г.Т нь драйгерээр үлээлгэхэд 1.5 хувийн согтолттой байсан...” гэсэн бүртгэл, тэмдэглэл /хх 160/,

иргэн Л.Тдээс 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “...Миний хүү, бэр хоёрыг үл таних хүн хутгалчихлаа...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх 1/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2-9/,

гэрч А.Сийн мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 18-19/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Тыг хоёр хүнийг алахаар завдсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Прокурор Б.Энэрэл нь “...анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, ...шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн, ...хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас иш татан төсөөтэй хэрэглэж ял оногдуулсан...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Анхан шатны шүүхээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэж заасан бөгөөд хууль тогтоогч гэмт хэрэг үйлдэхээр завдсан хүнд оногдуулах ялын доод хэмжээний хязгаарыг тогтоогоогүй. ...учирсан хохирол, хор уршгийг харгалзан доод хэмжээг шүүх тогтоохоор нээлттэй үлдээсэн. ...хүнийг алах гэмт хэрэг төгс үйлдэгдсэн тохиолдолд оногдуулах хорих ялын доод хэмжээ нь найман жил байна. Иймд энэхүү хэмжээнээс хэтрүүлэхгүй, мөн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хүнд оногдуулах ялын доод хэмжээ болох таван жилээс багагүй байхаар хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ...” гэсэн агуулгын хүрээнд шийтгэх тогтоолд дурдсаныг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас иш татан төсөөтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасан ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Тад холбогдох эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд прокурор Б.Энэрэлийн бичсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх эсэргүүцлийн энэ хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэл тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд прокурор Б.Энэрэлийн бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/374 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтыг “...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Г.Тад холбогдох эрүүгийн 2008 00000 1114 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Г.Тад холбогдох эрүүгийн 2008 00000 1114 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжийг хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Прокурор Б.Энэрэлийн бичсэн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                             Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ