| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/03415/И |
| Дугаар | 102/ШШ2022/03666 |
| Огноо | 2022-10-25 |
| Маргааны төрөл | Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2022/03666
2022 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2022/0000000 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....
Нэхэмжлэгч: ....
Хариуцагч: ....
Харицуагч: ....
Нэхэмжлэлийн шаардлага: Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж....,
Хариуцагч Б...., Н.... нар,
Хариуцагч нарын өмгөөлөгч М....,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Д...., Х.... нарыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Д...., Х.... нар нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний ... дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр Баянгол дүүргийн ... хороо, ... тоот газрыг өмчилж авсан. Гэтэл хариуцагч Баянгол дүүргийн ... хороо, ... тоот хаягийн өмчлөгч Б...., Н.... нар нь ...А тоот газар руу хашаагаа оруулан барьсан байх бөгөөд утсаар холбогдож болон биечлэн уулзахаад зөрчлөө арилгахгүй, газрыг чөлөөлж өгөхгүй гэдгээ илэрхийлээд байгаа билээ. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дүүргийн газрын албаны хариуцсан байцаагчид өргөдөл гаргахад тус асуудал нь эд хөрөнгөтэй холбоотой тул хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Иймд нэхэмжлэгч нарын хууль ёсны эрхийг хангаж .... нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн 193 м.кв газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү. Гол асуудал нь газрыг хэмжилгүйгээр, барагцаагаар хуваасантай холбоотой. Манай хашааны хэмжээ 80 гаруй м.кв болчихоод байгаа бөгөөд үүний 63 м.кв-д үл хөдлөх хөрөнгө буюу байшин байдаг. Түүнээс 20 гаруй м.кв үлдчихээд байгаа. Хариуцагч нар нэхэмжлэгч нарын өмчлөлийн газраас 110 м.кв газрыг авсан. Хашаагаа хэмжиж үзвэл 410 м.кв талбайтай байгаа байх. Анхнаасаа хашаа барьсан гээд байгаа. Хэрвээ хариуцагч нар хашаагаа хэмжиж үзвэл зарим хэсэг нь хасах байсан байх. Манай зүгээс хариуцагч нарын ашиглаж байгаа 110 м.кв газрыг чөлөөлүүлэхээр шаардаж байгаа. Нэхэмжлэгч нарын хувьд одоо байгаа эргэлтийн цэгээ тогтоолгосон зүйлээрээ л газраа чөлөөлүүлж авахыг хүсэж байгаа...гэв.
2.Хариуцагч Б...., Н.... нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Бид уг Баянгол дүүргийн ... хороо, ... тоот хаягт байрлах 300 м.кв газрыг байшингийн хамт 2011 онд хүнээс худалдаж авсан. Уг газар дээрээ өдийг хүртэл амьдарч, хууль ёсоор өмчилж байгаа. Бид уг газар дээрх хашаагаа ямар нэгэн байдлаар сунгаж, өөрчилж, нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг түүний газар луу оруулж барьсан зүйл байхгүй. Манай хашаа болон нэхэмжлэгчийн хашаа нь анх авахад ямар байсан, яг тэр чигээрээ байгаа. Манайх 300 м.кв, нэхэмжлэгчийнх 200 м.кв газрыг өмчилдөг. Нэхэмжлэлд дурдсанаар бол нэхэмжлэгч нар биднийг өөрийн өмчлөлийн газрын 193 м.кв талбайг авсан учир энэ хэмжээгээр чөлөөлүүлэхээр шаардсан гэж харагдаж байна. Хэрэв нэхэмжлэгчийн ярьж байгаачлан манайх тэдний 193 м.кв газрыг нь авчихсан юм бол энэ айл 7 м.кв газар дээр байгаа гэсэн үг болж таарна. Гэтэл яг газар дээр нь очоод харвал манайхаас дутахгүй хэмжээний газартай, байшинтай байгаа. Иймд нэхэмжлэгч нар нь ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв уг газрууд нь ямар нэг байдлаар давхцсан гэж үзвэл энэ нь захиргааны акттай холбоотой маргаан болох юм. Түүнээс биш иргэн Б...., Н.... бид хүний газар дээр хашаагаа хатгасан зүйл огт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтууд болон шүүхэд гаргаж байгаа тайлбар зэргээр Б...., Н.... нарын газар нэхэмжлэгч нарын газар руу орсон, давхцсан, ямар нэг байдлаар хашаа руу нь нэвтрэн орсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...гэв.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор: Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, кадастрын зураг /хх-4-6/, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, газрын зураг /хх-7-8/, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн .... дугаар албан бичиг /хх-10/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
5.Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ нотлохоор: Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-25/, Кадастрын зураг /хх-34/ зэргийг нотлох баримтаар гаргасан.
Зохигч талуудын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх Д...., Х.... нарын Б...., Н.... нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: хариуцагч нар нэхэмжлэгч нарын өмчлөлийн газраас 110 м.кв талбайг хууль бусаар эзэмшиж байгаа учир чөлөөлүүлэхээр шаардана гэж тодорхойлсон.
3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: газар өмчлөх эрхийн гэрчилгээний дагуу олгогдсон хэмжээгээр газраа өмчилж эзэмшиж байгаа. Нэхэмжлэгч нарын өмчлөлийн газраас хууль бусаар эзэмшээгүй, тэднээс өмнө уг газрыг өмчлөлдөө авсан, түүнээс хойш өөрчлөөгүй, анх авсан хэмжээгээрээ байгаа учир нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг зөрчөөгүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй учир нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.
4.Талуудын маргааны зүйл нь хариуцагч нар нэхэмжлэгч нарын өмчлөлийн Баянгол дүүргийн ... хороо, ... тоот хаягт байршилтай 193,29 м.кв талбайтай газраас 110 м.кв талбайг хууль бусаар эзэмшиж байгаа эсэх, зохигчдын өмчлөлийн газрууд давхцаж байгаа эсэх талаар маргаж, хэн аль нь өөрийн өмчлөлийн газрыг хууль ёсны дагуу өмчилж байгаа, өмчлөх эрхийн гэрчилгээтэй тухай маргаагүй.
5.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Газар өмчлөх эрхийн гэрчилгээнүүд, кадастрын зураг, газрын зураг, нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, Газар зохион байгуулалтын албаны Ж....т хандан гаргасан албан бичиг зэрэг баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
5.1.Нэхэмжлэгч Д...., Х.... нар нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ... тоот Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Баянгол дүүргийн ... хороо, ... тоот хаягт байршилтай .... нэгж талбарын дугаар, ... улсын бүртгэлийн дугаартай 193,29 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.
5.2.Хариуцагч Б...., Н.... нар нь 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн ... тоот Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Баянгол дүүргийн ... хороо, ... тоот хаягт байршилтай ... нэгж талбарын дугаар, улсын бүртгэлийн ... дугаартай 300 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.
5.3.Зохигчдын өмчлөлийн дээрх газрууд нь зэрэгцэн байрлах, хөрш залгаа байршилтай байх бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан хүсэлтийн дагуу тус албанаас тухайн асуудлыг хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөж хариу өгчээ.
6.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нар өөрсдийн өмчлөлийн 193,29 м.кв талбайтай газраас хариуцагч нарыг 110 м.кв талбайг хууль бусаар эзэмшиж байгаа учир чөлөөлүүлэхийг хүссэн.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлох үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгч нарын зүгээс шүүхэд гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Тодруулбал: хариуцагч нар нэхэмжлэгч нараас өмнө буюу 2019 онд өөрсдийн өмчлөлийн 300 м.кв талбайг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, тухайн газраас илүү буюу нэхэмжлэгч нарын өмчлөлийн 193,29 м.кв талбайгаас 110 м.кв талбайг хууль бусаар эзэмшиж байгаа гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар тогтоогдохгүй, тэдний өмчлөх эрхийг хариуцагч нар зөрчиж байгаа гэх үйл баримт нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
8.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б...., Н.... нарын хууль бус эзэмшлээс 110 м.кв өмчлөлийн газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Д...., Х.... нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА