| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/03241/И |
| Дугаар | 102/ШШ2022/03665 |
| Огноо | 2022-10-25 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2022/03665
2022 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2022/0000000 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ....
Хариуцагч: ....,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн албан тоотыг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д....,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г....,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М....,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, уг нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д...., өмгөөлөгч Г.... нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай шийдвэр, мөн шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд ...ХХК-иас төлбөр гаргуулж, төлбөр авагч нарт олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч нарын 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ..., 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлэх тухай тогтоолоор тус тус үүсэж, өр төлбөрийг барагдуулах ажиллагаа Баянгол дүүргийн 146 дугаар шийдвэр гүйцэтгэгчид нэгтгэн явагдаж байна. Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцан барагдуулах этгээд нь ...ХХК болохоос иргэн М.... биш юм. Шүүхийн шийдвэрээр үүссэн өр төлбөрийг барагдуулах ажиллагааг шүүхийн шийдвэрт дурдагдаагүй иргэн надад холбогдуулан, миний өмчлөл, эзэмшлийн үл хөлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, өр төлбөрт суутгахаар хийгдсэн ажиллагаа нь хууль зөрчсөн.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 0... дугаартай албан бичгийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.... хүргүүлсэн ба уг тоотын хариуд Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас хариу мэдэгдэх албан тоотоор төлбөр төлөгч М....ийн эзэмшилд 5 дугаар хороонд ...нэгж талбарын дугаар бүхий газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэв гэж, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны хариу мэдэгдэх албан тоотоор Сонгинохайрхан дүүргийн Баруун түрүүний аманд байрлах нэгж талбайн ... дугаартай газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хариуг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байдаг. Дээрх хууль бус үйл ажиллагаатай холбоотой Нийслэлийн шүүххийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус гомдол гаргасан боловч хүлээж аваагүй.
М.... миний бие ...ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, энэ хугацаанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасан гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг хэрэгжүүлж ажиллаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д төлбөр төлөгч нь хуулийн этгээд байгаа тохиолдолд уг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар заасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн ..., ... дугаартай гүйцэтгэх баримт бичигт ...ХХК-иас төлбөр гаргуулж, төлбөр авагч нарт олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй байна. Харин гүйцэтгэх удирдлага М.... миний хувь хүний хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, өр төлбөрт суутгахаар хууль бус ажиллагаа хийгдсэн. Иймд хууль зөрчиж хийгдсэн ... дугаартай албан тоотыг хүчингүй болгож, нэхэмжлэгч миний зөрчигдсөн эрх ашиг сонирхлыг сэргээн тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэжээ.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт: Хүчингүй болгуулахаар шаардаж буй уг албан тоотын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш иргэний хөрөнгийг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93, 94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх журам зөрчиж, төлбөр төлөгч ...ХХК-ийн хувьцаа эзэмшигч бус этгээдийн хөрөнгөнд халдсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхлэх хугацаанд төлбөр төлөгч ...ХХК нь 4 хувьцаа эзэмшигчтэй байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш М.... өөрөө сайн дураараа 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Харин ахлах шийдвэр гүйцэтгэгчийн уг албан тоотыг гарахаас 1 жилийн өмнө буюу 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ...ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Г.... болж өөрчлөгдөн, улсын бүртгэлд бүртгэгдсэн байхад 2020 онд уг албан тоотод ...ХХК-ийг М...., Г.... гэх хоёр хувьцаа эзэмшигчтэй мэт ойлгогдохоор тусгасан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгдөөд явж байсан гэдэг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. Хориг тавих, эрх хязгаарлах ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч нь М....ийг хувьцаа эзэмшигч биш болсон гэдгийг мэдсээр байж энэ арга хэмжээг авсан байна. Нийслэлий шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж буй санаатайгаар компанийн хувьцааг өөрийн хүүхдэдээ шилжүүлсэн гэх асуудлаар зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, улмаар 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зөрчлийн шинжгүй гэж тогтоосон. Анхнаас нь цагдаагийн байгууллагад шилжүүлээгүй байж 8 сарын дараа одоо цагдаад өгнө гэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд хууль бус ажиллагаа явуулж, төлбөр төлөгч ...ХХК-ийн хувьцаа эзэмшигч бус этгээдийн өмчлөх эрхийг зөрчсөн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай албан тоотыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар шийдвэрээр ...ХХК-иас 502,607,950 төгрөг гаргуулж Д....д, мөн шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ...дугаар шийдвэрээр 253,072,700 төгрөгийг гаргуулж ... ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн 2 гүйцэтгэх баримт бичигт 2017 оноос эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч хуулийн этгээдэд шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, мөнгөн хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч талаас өөрийн өмчлөлийн орон сууцуудаас дарааллын эхэнд бүртгэлтэй төлбөр авагч Д....д хэсэгчлэн барагдуулсан.
Төлбөр төлөгч ...ХХК-ийн эзэмшил, өмчлөлд эд хөрөнгөгүй болсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д зааснаар хувьцаа эзэмшигчийн хувь хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулах тухай тухайн үед 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан М....т 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 4/6228 дугаар мэдэгдлээр мэдэгдэж, М....ийн эзэмшдэг арилжааны банкууд дахь дансны хөдөлгөөнийг битүүмжлэх ажиллагаа явагдсаны дараа буюу 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр компанийн бүх хувьцаагаа хүү Г....д шилжүүлсэн болох нь бүртгэлийн байгууллагаас авсан лавлагаагаар тогтоогдсон. Тус газраас төлбөр төлөгч ...ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн бөгөөд М.... нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хувьцаагаа бусдад шилжүүлсэн тул түүний хувийн эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хориг тавих ажиллагааг явуулж, нэхэмжлэлд дурдсан 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ... тоот албан бичгийг Нийслэлийн газар зохион байгуулалтын болон дүүргүүдийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлж М....ийн Налайх болон Сонгинохайрхан дүүрэг дэх газрын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлээд байна. Нэхэмжлэгч М.... нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хувьцаа эзэмшигчийн хувь хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явагдаж эхэлсний дараа компанийн хувьцааг бусдад шилжүүлсэн тул түүний эзэмшилд бүртгэлтэй хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээх боломжгүй байна. Төлбөр төлөгч ...ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан М.... нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад санаатайгаар хувьцаагаа шилжүүлсэн учир цаашид хөрөнгө нь үрэгдэхээс сэргийлж түдгэлзүүлэх ажиллагаа хийсэн...гэв.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2/404 дугаар хариу мэдэгдэх хуудас /хх-8/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар-Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 09/1337 дугаар албан бичиг /хх-9/, М....ийн Баянгол дүүргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд дарга А....өд 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан гомдол /хх-10/, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гаргасан гомдол /хх-11/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гэх албан бичиг /хх-12/, Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ... тоот албан бичиг /хх-13/, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 3 дугаар сарын 27-ны ... тоот, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/1884 тоот албан бичгүүд /хх-14-15/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ...дугаар шийдвэр, 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 277 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, уг гүйцэтгэх хуудаст Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар тогтоол /хх-16-23/, мөн шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар шийдвэр, шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 10379 дүгээр захирамж, гүйцэтгэх хуудас, уг гүйцэтгэх хуудаст Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай ... дугаар тогтоол /хх-24-30/, ...ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх-31-33/, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-34-37/, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-38-41/, Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн тогтоол /хх-84-85/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
4.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа нотлохоор: 971 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-53/, Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай 379 дүгээр захирамж /хх-54/, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар шийдвэр /хх-55-58/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай ... дугаар тогтоол /хх-59/, 277 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-60/, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ...дугаар шийдвэр /хх-61-64/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай ... дүгээр тогтоол /хх-65/, Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хүсэлт /хх-66/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар мэдэгдэл /хх-67/, Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн .../146 дугаар тогтоол /хх-68/, 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн ...ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-69/, ...ХХК-ийн дүрэм /хх-70-71/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хүргүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар албан бичиг /хх-72/, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл /хх-73-74/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар албан бичиг /хх-75/, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар албан бичиг /хх-76/, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн .... дүгээр албан бичиг /хх-77-78/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар хариу мэдэгдэх хуудас /хх-79/, мөн газрын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ... дүгээр хариу мэдэгдэх хуудас /хх-80/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн .... дугаар албан бичиг /хх-81/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх М....ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бус этгээдийн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж төлбөр төлөгч ...ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн биш, харин гүйцэтгэх захирлын хувийн өмчлөлийн газрын шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн гэж тодорхойлсон.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ төлбөр төлөгч ...ХХК-ийн эзэмшил, өмчлөлд эд хөрөнгөгүй болсон учир 100 хувийн хувьцаа эзэмшигч М....т хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчийн хувь хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулах тухай 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэж, 06-ны өдөр түүний арилжааны банкууд дахь хадгаламжийн болон харилцах данснуудыг битүүмжилсэн боловч үүнээс хойш 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр компанийн бүх хувьцаагаа өөрийн хүү Г....д шилжүүлснийг санаатайгаар шилжүүлсэн гэж үзэн, цаашид төлбөр төлөгч компанийн хөрөнгө үрэгдэхээс сэргийлж түдгэлзүүлэх ажиллагаа хийсэн учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.
4.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг, ...ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээ болон дүрэм, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн албан тоот, Налайх дүүргийн болон Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан тоотууд, зохиогчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар шийдвэрээр ...ХХК-иас 502,607,950 төгрөг гаргуулан Д....д, мөн шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ...дугаар шийдвэрээр 253,072,700 төгрөгийг гаргуулан ... ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэж, эдгээр шийдвэрүүдийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарснаар Шүүхийн гүйцэтгэх хуудсууд бичигдэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн байна.
4.2.Төлбөр төлөгч ...ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн байгуулагчийн тоо нийт 4 болж өөрчлөгдсөнийг улсын бүртгэлд бүртгүүлж, 4 хувьцаа эзэмшигчтэй болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс хойш буюу Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс хувь нийлүүлэгчдээс 3 хасагдаж, нэхэмжлэгч М.... нь 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон ба 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс тус компанийн захирлаар томилогджээ.
4.3.Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан төлбөр авагч ... ХХК-д төлөх өр төлбөрт ...ХХК-ийн захирал М....ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, Баруун туруунд байрлах 1 га талбайтай, блокон хашаатай, төмөр гүйдэг хаалга бүхий газар, мөн захирал М....ийн эзэмшлийн Hummer H2 загварын тээврийн хэрэгсэл зэрэг эд хөрөнгүүдийг 198,249,762 төгрөгийн төлбөрт тооцуулах санал гаргаж байсан байна.
4.4.Улмаар 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ...ХХК-ийн үүсгэн байгуулагч М....т мэдэгдэл хүргүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад төлбөр төлөгч ...ХХК-ийн өмчлөлд эд хөрөнгө тогтоогдоогүй тул Компанийн тухай хуулийн 9.3, 9.5-д зааснаар үүсгэн байгуулагч М.... төлбөрийн 253,072,700 төгрөгийн хэмжээгээр өөрийн хөрөнгөөр хариуцах, мөнгийг 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдэж, мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар торгох арга хэмжээ авахыг анхааруулан, 3 дугаар сарын 06-ны өдрийн .../146 дугаар тогтоолоор М....ийн харилцах болон хадгаламжийн дансыг төлбөрийн 253,072,700 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэхийг арилжааны банкуудад даалгасан байна.
4.5.2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ...ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс М.... хасагдаж, мөн өдрөөс эхлэн Г.... тус компанийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгджээ.
4.6.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт ...ХХК-ийн байршил, өөрчлөн байгуулагдсан, эрх залгамжлагчид шилжсэн эсэх, хувьцаа эзэмшигчдийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг гаргаж, шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг хүлээн авсан бөгөөд уг лавлагаагаар төлбөр төлөгчийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Г.... бүртгэгдсэн байна.
4.7.Ингээд 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар албан бичгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.... Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан ...төлбөр төлөгч ...ХХК-ийн үүсгэн байгуулагч М...., Г.... нарын эзэмшилд газар бүртгэлтэй тохиолдолд шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлж, үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэлтэй эсэх талаар хариу ирүүлэх-ийг мэдэгдсэн байна.
4.8.Дээрх албан бичгийн дагуу Нийслэлийн Налайх, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хариу ирүүлж, ...ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г....ий өмчлөл, эзэмшил, ашиглалтад мэдээллийн санд газар бүртгэгдээгүй, харин төлбөр төлөгч М....ийн эзэмшилд Налайх дүүргийн 5 дугаар хороонд ...нэгж талбарын дугаар бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүүний аманд байрлах М....ийн ... нэгж талбар бүхий 9,570 м.кв газрын захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн талаар мэдээллэсэн байна.
4.9.Нэхэмжлэгч М.... дээрх газруудыг эзэмшдэг болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээнүүдээр тогтоогдсон.
4.10.М.... уг асуудлаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022 оны 3 дугаар сарын 14, 4 дүгээр сарын 19-ний өдөр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр тус тус гомдол гаргаж, түүний гомдлуудыг хүлээж аваагүй байна.
5.Зохигчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч ...ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс Г.... болсон талаар, түүний өмнө нэхэмжлэгч М.... тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан талаар маргаагүй. Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ...ХХК-ийн гүйцэтгэх захирал М....ийн эзэмшлийн хоёр газрын шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн эсэх талаар өөр өөрийн үндэслэл заан маргаж мэтгэлцэв.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж, 9.5 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус хуульчилсан..
Дээрх хуульд заасны дагуу төлбөр төлөгч ...ХХК-ийн эзэмшил, өмчлөлд эд хөрөнгөгүй болсны улмаас тус компанийн хувьцаа эзэмшигч байсан М....т төлбөрийг хариуцан төлөхийг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн байна.
7.Харин тус компанийн хувьцаа эзэмшигч 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өөрчлөгдөн Г.... нь 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон ба энэ талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр мэдсэн байна.
8.Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ... албан бичгээр ...ХХК-ийн хувьцаа эзэмшигч М...., Г.... гэж хувьцаа эзэмшигчээс хасагдсан иргэний нэрийг бичиж, улмаар хувьцаа эзэмшигч бус этгээдийн эзэмшилд бүртгэлтэй газрын шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлэхийг Газар зохион байгуулалтын албанд даалгаснаар М....ийн эзэмшлийн Налайх, Сонгинохайрхан дүүргүүд дэх эзэмшлийн газруудын эзэмших эрхийг түдгэлзүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт ...тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах... гэж заасныг зөрчиж, төлбөр төлөгч бус иргэний хөрөнгөд халдсан гэж үзэхээр байх тул энэхүү албан бичгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс М....ийг санаатайгаар хуулийн этгээдийн хувьцаагаа өөрийн хүү Г....д шилжүүлснийг зөрчлийн шинжтэй гэж үзэн Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж тайлбарласан бөгөөд 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тогтоолоор зөрчлийн шинжгүй гэж дүгнэн Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.
10.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасныг баримтлан М....ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар албан бичгийг хүчингүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М....т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА