| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/04294/И |
| Дугаар | 102/ШШ2022/03643 |
| Огноо | 2022-10-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2022/03643
2022 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2022/0000000 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ....
Хариуцагч: ....
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23,800,000 төгрөг, Зээлийн гэрээний үүрэгт 1,200,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б....,
Хариуцагч Н....,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Ё.... шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие 2017 оны 6 дугаар сард БНСУ явсан үед миний эзэмшилд байсан ...маркийн ...УНИ дугаартай машиныг том хүү М....ы хамтаар ирж машин худалдан авахаар амаар тохиролцож, миний эхнэрээс авч явсан. Машиныг тухайн үеийн ханшаар 15,000,000 төгрөгөөр үнэлж, амаар тохиролцсон. БНСУлсаас 3 сарын дараа ирэхэд Н.... нь Бээжинд сурдаг охины төлбөр нэхэгдээд байна, мөнгө зээлээч гээд бэлэн мөнгөөр 1,200,000 төгрөг нэмж зээлсэн. Тэр өдрөөс хойш надаас зугтаагаад олдохгүй байтал 2019 оны 3 дугаар сарын 04-нд надтай утсаар ярьж машиныг чинь мөргөлдүүлчихлээ гээд Замын цагдаагийн газар очиж уулзсан. Замын цагдаагийн газраас хэрэг шийдэхийн тулд Н....ы нэр дээр машин байх ёстой гэсэн шаардлага тавьсан тул ямар ч мөнгө авалгүй машины эзэмшигчийн нэрийг яаралтай шилжүүлсэн. Н.... нь өнөөдрийг хүртэл олдохгүй, холбоо байхгүй, намайг 5 жил хохироосон. Иймээс Н....аас нийт зах зээлийн үнэ өсөлттэй байгааг уялдуулан машины үнэ 23,800,000 төгрөг, бэлэн зээлдүүлсэн 1,200,000 төгрөгөө нийлүүлэн 25,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төлбөрийг минь барагдуулж өгнө үү. Хариуцагч хөрөнгө мөнгөний бололцоогүй хүн биш. Хүүхдүүд нь Зайсанд амьдардаг, өөрөө үнэт чулууны бизнес эрхэлдэг бөгөөд түүгээрээ алдартай. Хүүхдүүдээ үнэтэй сургуульд, Бээжинд сургадаг атлаа боломжгүй, бололцоогүй гэж хэлж байгааг нь гайхаж байна. Машинаа бид 23,800,000 төгрөг гэж үнэлж байгаа. Үүнийг зах зээлийн ханшаас хэтэрсэн өндөр үнэ гэж бодохгүй байна...гэв.
2.Хариуцагч Н.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие нэхэмжлэгч Ё....той ... маркийн 2005 онд үйлдвэрлээд 2014 онд орж ирсэн ...УНИ улсын дугаартай машиныг аман тохироогоор 15,000,000 төгрөгт тохирч авсан. Ё....ын хэлж байгаагаар 23,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо зах зээлийн ханш ч ийм үнэ байхгүй. Анх ярьж тохирсон 15,000,000 төгрөг ба зээлж авсан 1,200,000 төгрөг, нийт 16,200,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Анх машиныг зээлээр авъя гэж ярьсан. Тухайн үед бололцоогүй байсан тул бололцоотой болоод мөнгийг өгье гэхэд хүлээн зөвшөөрч, унаж эдлэхгүй байгаа, чи унаад яв гэж хэлсэн. Нэхэмжлэгч тухайн үед Солонго улсад байсан. Манай эхнэртэй нэхэмжлэгчийн эхнэр хэд хэдэн удаа утсаар ярьсан. Сүүлдээ хэл амаар доромжлоод байсан учир утсаар ярихаа больсон. Нэхэмжлэлийн шаардлагаас 18,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна...гэв.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтууд болох: Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-6/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-7/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу Н....г эрэн сурвалжиж олсон тухай цагдаагийн байгууллагын албан бичиг /хх-11/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
5.Хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлохоор, нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай аливаа нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Зохигчдын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх Ё....ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагчтай аман хэлбэрээр харилцан тохиролцсоны дагуу өөрийн эзэмшлийн ...маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч өгсөн, төлбөрөө төлөөгүй удсан учир гэрээнээс учирсан хохиролд автомашиныг өнөөгийн зах зээлийн үнэ ханш болох 23,800,000 төгрөгөөр үнэлж шаардана. Мөн хариуцагчид бэлнээр зээлдүүлсэн 1,200,000 төгрөгийг буцаан шаардана гэж тодорхойлсон.
3.Хариуцагч Н.... нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн төлбөр 1,200,000 төгрөг, мөн нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны дагуу худалдан авсан автомашины үнэ 15,000,000 төгрөг төлөхийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасан бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаас 18,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Харин зах зээлийн үнэ ханшаар 23,800,000 төгрөгөөр тооцон шаардсан нь үндэслэлгүй гэх агуулга бүхий тайлбар гарган маргаж байна.
4.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа, шүүгчийн захирамж, Н....ыг эрэн сурвалжилж олсон тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
4.1.Талууд 2017 оны 6 дугаар сард аман хэлбэрээр харилцан тохиролцож, Ё.... өөрийн эзэмшлийн ...маркийн ...УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 15,000,000 төгрөгөөр Н....д худалдан, тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгч, 2019 оны 3 дугаар сард эзэмшлийг шилжүүлсэн байна. Худалдан авагч Н.... тээврийн хэрэгслийн үнэ 15,000,000 төгрөгийг худалдагчид төлөх үүргээ биелүүлээгүй байна.
4.2.Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэнээс хойш хариуцагчийн хүсэлтээр 1,200,000 төгрөгийг нэхэмжлэгч тодорхой хугацаа заалгүйгээр түүнд зээлдүүлэн, зээлийн мөнгийг бэлнээр өгсөн бөгөөд зээлийн төлбөрийг хариуцагч буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна.
5.Зохигчид Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг болон Зээлийн гэрээг аман хэлбэрээр байгуулсан талаар болон эдгээр гэрээнүүдийн дагуу Ё.... нь Н....д 15,000,000 төгрөгөөр ...маркийн автомашин худалдаж, улмаар 1,200,000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн, хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн үнийг харилцан тохиролцсон 15,000,000 төгрөгөөр бус, одоогийн зах зээлийн үнэ ханш 23,800,000 төгрөгр тооцон шаардах эрхтэй эсэх талаар маргасан.
6.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа тус тус үүссэн, эдгээр гэрээнүүд хүчин төгөлдөр байна.
7.Хариуцагч худалдах, худалдан авах болон зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Ё.... нь хариуцагч Н....аас худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон автомашины үнэ 15,000,000 төгрөг, зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн 1,200,000 төгрөгийг тус тус шаардах эрхтэй.
8.Худалдах, худалдан авах хэлцлийн дагуу нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хариуцагчид 2017 оны 6 дугаар сард шилжүүлж, 2019 онд бодитоор буюу улсын бүртгэлээр шилжүүлсэн боловч хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Тиймээс нэхэмжлэгч гэрээнээс учирсан хохиролд талуудын гэрээгээр тохирсон үнэ 15,000,000 төгрөг дээр 8,800,000 төгрөгийг хохиролд тооцон шаардсан байна.
9.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн автомашины үнэд 23,800,000 төгрөг шаардсанаас гэрээгээр тохирсон 15,000,000 төгрөг, зөрүү 8,800,000 төгрөгийг хохиролд тооцон шаардсан гэж дүгнэв. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн уг шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй боловч хариуцагч талын зөвшөөрсөн хэмжээгээр буюу тээврийн хэрэгслийн үнэ 15,000,000 төгрөг, зээлийн төлбөр 1,200,000 төгрөг, хохирол 1,800,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 7,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
10.Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 18,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн илүү шаардсан 7,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад тооцогдох тэмдэгтийн хураамжид 247,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н....аас 18,000,000 /арван найман сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё....од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 /долоон сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА