Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/424

 

 

   2025           08           13                                          2025/ШЦТ/424

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0384/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч К.Нанжинханд,

Хохирогч Д.,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* овогт *******ын *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000000481 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод оршин суудаг, урьд

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр суллагдсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* /

******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах ******* ******* үйлчилгээний газрын гадна талд “тээврийн хэрэгслээ холдуулсангүй” гэх шалтгаанаар Д., Б. нартай маргалдан улмаар Д.гийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Д.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 11 цагийн орчим гэрээсээ эхнэр ийн хамт гараад Дархан зах руу явсан бөгөөд өөрийнхөө саарал өнгийн Т/Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг “ ******* ******* ” гэх дэлгүүрийн зогсоолд байрлуулаад эхнэрээ машиндаа үлдээчхээд би зах ороод юм аваад гараад ирсэн чинь манай эхнэрийг нэг үл таних залуу заамдаад барьчихсан хэрэлдээд зогсож байхаар нь би очоод салгаад юу болоод байгаа юм гээд асуухад над руу дайраад пизда минь автомашинаа аваад зайлаач энд яах гэж машин тавиад байгаа юм гэж хэлээд бас манай эхнэрийг гичий минь зайлаач гэхээр нь чи юундаа хэрэлдэж зодолдоод байдаг юм хэл амаараа учраа олоод гараад яваач гэсэн чинь чи битгий хуцаад бай гээд миний хамар хэсэгт нэг удаа, ам хэсэгт нэг удаа цохиход миний хамраас цус гараад би цусаа дараад суугаад өгсөн. Тэгсэн эхнэр тэр үл таних залуу хоёр хэрэлдээд байхаар нь би боль гээд цагдаад дуудлага өгсөн. ...Намайг зах дотроос гарч ирэхээс өмнө цохичихсон байсан, баруун нүднийх нь доор хавдчихсан байсан. ...Тэр залуу миний хамар хэсэгт нэг удаа цохихоор нь би зөрүүлээд мөр хэсэгт нь нэг удаа цохисон, ...******* миний хохирол болох 222,000 төгрөгийг надад өгсөн. Одоо надаа ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 22/,

Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...нэг эмэгтэй “жолооч байхгүй, тойроод гар” гэхэд ******* яаж энэ хэсгээр чинь гарах юм явах боломжгүй байна гэсэн чинь нөгөө эмэгтэй зөндөө машин гарсан ш дээ гээд суугаад байсан. Тэгсэн ******* утасныхаа камерыг нээгээд машинаас буугаад нөгөө эмэгтэй дээр очоод та ямар сонин юм бэ замаа чөлөөлөөд өгөөч гэхэд нөгөө эмэгтэй чи яахаараа бичлэг хийдэг юм гээд утсыг нь булааж авах гээд дайраад байсан. Тэгээд тэр хоёр цаашаа яваад машины ардуур орчихсон, би зарим хэсгийг сайн хараагүй. Би тэр хоёрыг салгах гээд машинаас буугаад дөхөж байхад ******* тэр эмэгтэйг нэг удаа алгадчихсан. Тэгэхээр нь би очоод эмэгтэй хүн ш дээ одоо боль гээд тэр хоёрыг салгахад тэр эмэгтэй ******* руу дайраад дийлдэхгүй *******гийн толгой хэсэгт нь нилээд хэдэн удаа цохисон. Тэгээд би тэр хоёрыг салгаж дийлэхгүй болохоор нь машиныхаа хажууд очоод зогсчихсон байж байтал тэр эмэгтэйн нөхөр гарч ирээд эхнэрээ салгах гээд боль гээд татахад эхнэр нь *******г тавихгүй байсан. Тэгсэн ******* тэр эмэгтэйг түлхчихсэн. Нөхөр нь чи яахаараа эмэгтэй хүн түлхдэг юм хоёулаа зодолдъё гэхэд тэр эмэгтэй нөхөртэй хандан наад залуугаа ал гэсэн чинь нөгөө эрэгтэй *******гийн толгой руу 2-3 удаа цохисон. Харин тэр эмэгтэй нь *******гийн хөл рүү өшиглөөд байсан, тухайн үед ******* тэр залуутай барьцалдаад хоёулаа тонгойчихсон байсан. Тэгсэн ******* нөгөө залуугаа нэг удаа цохичихсон, залуу яаж байгаа юм гээд наашаа эргээд хартал хамраас нь цус гарчихсан байхаар нь би машинаасаа салфетка аваад нөгөө залууд өгөөд байж байхад нөгөө эмэгтэй *******д хандан чи яахаараа хүний хамраас цус гаргадаг юм гээд заамдаад авсан. Тэгээд би нөгөө залуутай машин руу яваад цусыг нь арччихаад эргээд хартал нөгөө эмэгтэй газар сөхрөөд суучихсан, харин ******* хажууд нь зогсож байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25/,

Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай нөхөр машинаа ******* *******огийн баруун талын автомашины зогсоол дээр машины гарц хаалгүйгээр тавиад зах руу юм авах гээд орсон. Харин би машиндаа суугаад үлдсэн. Тэгсэн машин гарах гарцгүй газраас хар өнгийн машин Тоёота Приус-20 маркийн автомашин гараад ирсэн. Тухайн машины жолоочийн хажуу талд суусан байсан залуу цонхоороо толгойгоо гаргаад машинаа холдуулаач гэхээр нь би жолооч нь байхгүй байна гэсэн чинь нөгөө залуу намайг гичий пизда минь чи наад машинаа аваад зайлаач янхан минь гэхээр нь би наадах чинь машин гарах гарц биш байна, чи өөр газраар тойроод гарчих гэхэд би эд хөрөнгөө гэмтээмээргүй байна, чи зам чөлөөл гээд утсаа бариад буугаад ирсэн. Тэгээд би бичлэг хийлээ гичий минь янхан минь гэхээр нь би чи над шиг эгчтэй, ээжтэй хүн чи яагаад намайг доромжлоод байгаа юм чи яахаараа бичлэг хийнэ гэдэг юм гээд утсыг нь авах гэхэд утас барьчихсан байсан зүүн гараа арагшаа татаад баруун гараараа миний нүүр хэсэгт нэг удаа цохихоор нь би зөрүүлээд цохих гэсэн оноогүй. Тэгэхээр нь би тэр залууд хандан надад чам шиг эрэгтэй дүү байгаа, чи яагаад намайг зодох гээд байгаа юм гэхэд намайг заамдаад авахаар нь би чи болиоч гээд тавиулах гэтэл битгий хуцаад бай гээд намайг нааш цааш нь хүчтэй татаж зулгаахад нь би сөхрөөд өвдөглөөд суучихсан. Тэгсэн миний толгой хэсэгт 2-3 удаа хүчтэй цохисон. Тэгсэн эхнэр нь бололтой машин барьж явсан эмэгтэй бууж ирээд тэр залууд хандан чи болиоч наадах чинь эмэгтэй хүн ш дээ гэхэд чи дуугай бай пизда минь гээд түлхэхэд бид хоёрыг орхиод машиныхаа хажууд очоод зогсчихсон. Тэгээд бид хоёр зууралдаад байж байхад дахиад намайг толгой хэсэгт нэлээд олон цохиод бас нуруу хэсэгт 1 удаа, баруун хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид хоёр зууралдаад байж байхад манай нөхөр гарч ирээд бид хоёрыг салгах гэхэд тэр залуу манай нөхрийн нүүр хэсэгт нэг удаа цохиход манай нөхөр чи яаж байгаа юм гээд нөгөө залууг түлхэх үед тухайн залуу нь манай нөхрийг хавирч унагаагаад нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиход манай нөхрийн хамар амнаас нь цус гараад байсан. Тэгэхээр нь би боль гээд салгахад манай нөхөр бид хоёрыг орхиод өөр газар очоод суучихсан. Харин нөгөө залуу бид хоёр зууралдаж байхад нөгөө залуу түлхчихсэн. Тэгээд би тэр зогсоолд байсан машиныг толгойгоороо очоод мөргөчихсөн. Тэгэхээр нь би босоод нөгөө залууд хандан чи арай ч дээ чамд над шиг ээж байгаа эгч байгаа чи эх хүнээс төрөөгүй юу чи эмэгтэй хүнийг яагаад ингэж зодож байгаа юм гэсэн чинь нөгөө залуу надад хандан чи битгий хуц надад ээж эгч байгаа би тэр хоёрыг хэзээ ч зодож байгаагүй гэхээр нь би тэр залууг орхиод нөхөр дээрээ ирээд цагдаа дууд гэхэд нөхөр би цагдаа дуудчихсан гэсэн. Тэгээд цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29/,

Яллагдагч *******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот руу дайвар өгч явуулах гээд найз гийн хамт түүний Тоёото приүс-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр бид хоёр Дархан зах ороод Улаанбаатар хот руу дайвар авч явдаг машин зогсоол руу орох гэхэд нэг саарал өнгийн приүс 20 маркийн машин орох хэсгийг хаачихсан байсан, манай найз цонхоо онгойлгоод та машинаа холдуулчхаач наад зогсоол руу чинь орох гэсэн юм гэхэд дотор сууж байсан эмэгтэй тойроод гар гэхээр нь би цонхоо онгойлгоод яаж гаргуулах гээд байгааг тойроод траншейны нүх байна, гарах боломжгүй байна гэхэд нөгөө эмэгтэй ийм юмаар гарч чадахгүй байж машин яах гэж унадаг юм гэхээр нь бид хоёр та чинь яасан муухай ааштай юм бэ гээд би утсаа аваад машинаасаа буугаад бичлэг хийгээд би таныг фейсбүүк дээр тавина гэхэд нөгөө эмэгтэй чи яагаад лайв хийгээд байгаа пизда вэ чи муу гээд бууж ирээд миний баруун гуя хэсэг рүү нэг удаа өшиглөөд намайг маажих гэхэд нь би гараараа хаахад миний хоёр гарын сарвуун дээр маажсан. Тэгээд дахиад намайг маажих гэхээр нь би зугтаагаад чи галзуу авгай вэ гэхэд нөгөө эмэгтэй чи яахаараа намайг галзуугаар нь дууддаг юм гээд газраас жижиг чулуу авахаар нь би зугтаахад араас шидээд миний нуруу хэсэг оносон. Тэгээд би машинаас ороод тамхи аваад татаад зогсож байхад нөгөө эмэгтэй дээр нэг эрэгтэй хүн ирээд нөгөө эмэгтэйг явъя гэхэд нөгөө эмэгтэй над руу дайраад байсан. Тэгэхэд нөхөр нь бололтой нөгөө залуу явъя гээд эмэгтэйг татсан. Тэгсэн над дээр цамцны энгэрээс барьчхаад тавихгүй байхаар нь би нөгөө эмэгтэйд хандан наад хүн чинь явъя гээд байгаа юм биш үү гээд та чинь балай юм уу гээд түлхээд тавиулсан. Тэгсэн нөгөө эмэгтэй нөхөртөө хандан миний хайр наад пиздаагаа ал гэхэд нөгөө эрэгтэй хоёулаа зодолдъё гээд намайг заамдаж аваад миний толгой хэсэг рүү 2-3 удаа цохиж байхад бас нөгөө эмэгтэй ирээд намайг цохиод байсан. Тэгсэн ирээд салгах гээд дундуур нь ороод нөгөө эмэгтэйг салгаад авсан. Тэгээд нөгөө эрэгтэй намайг дахиад миний толгой хэсэгт нэг удаа цохихоор нь би та одоо битгий давраад байгаарай гээд энгэрээс нь татаж авчраад нөгөө ахын хамар хэсэгт нь нэг удаа цохиход тэр ах надаас салаад явсан, хамраас нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33, 38/,

Хохирогч Д.гээс эрүүл мэндийн тусламж, эм авсан талаарх 222,000 төгрөгийн баримт, хохирол төлөгдсөн талаарх гүйлгээний баримт хүлээн авсан тэмдэглэл, хэрэгт тусгасан тогтоол /хавтаст хэргийн 40-46/,

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай лавлагаа, тодорхойлолт, *******эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төрийн санд тушаасан мөнгөн шилжүүлэг /хавтаст хэргийн 77, 80/,

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 557 дугаартай: “...1. Б.ийн биед зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 83-84/,

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 556 дугаартай: “...1 .Д.гийн биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 91-92/,

№210 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 94/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч *******ы үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт хүргэж болохыг мэдсэн атлаа зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Д. нь шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД