Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/429

 

 

 

 

 

 

 

                                     

 

2025         08           13                                        2025/ШЦТ/429

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0380/Э

    

Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* овогт *******гийн *******өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000000479 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д бойчин ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Орхон сумын Ноён хонгор багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Элбэг Аз хур” ХХК- ийн ажилчдын байран түр оршин суух, улсын бүртгэлийн лавлагаагаар Увс аймгийн ******* сумын 3 дугаар баг, задгай тоотод хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн ******* 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруу, үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг Хөтөл хорооллын нутаг дэвсгэр, “ ******* ” ХХК-ийн байрны орчим Б.*******той архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа “өмнө машин унаж яваад зам тээврийн осол гаргасан” гэх асуудлаас болж маргалдан, улмаар хохирогч Б.*******ын нүүр, цээж хэсэгт нь хэд хэдэн удаа гараараа цохих, хөлөөрөө дэвсэх зэргээр зодож хохирогч Б.*******ын эрүүл мэндэд зүүн 7,8 дугаар хавирганы хугарал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5/,

 

Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “... Би Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг Хөтөл хороолол “ ******* ” ХХК-д мал нядлагчаар ажилладаг. 2025 оны 5 сарын 29-ний өдөр хамт ажилладаг ******* гэж залуутай архи уусан. Бид 2 өмнөх өдөр нь бас хамт архи уусан юм. ******* бид 2 ажлынхаа байрнаас Ноён хонгор талын харалдаа уулан дээр гарч 0.5 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. 2024 оны 11 сард миний машиныг ******* согтуу жолоодож яваад Улаанбаатар хотод  Тахилтад машин мөргөчихсөн, ******* миний машиныг янзалж өгөөгүй юм. Би согтоод энэ асуудлыг нь хэлээд машин янзлаад өгчихгүй гэсэн чинь ******* хамт явж байсан байж гэж хэлсэн. Ингээд бид 2 маргалдсан. Тэгсэн ******* намайг зодсон. Би газарт унасан чинь ******* миний дээрээс хөлөөрөө дэвсээд байсан. Манай компанид малын гэдэс арилгадаг ******* гэж эмэгтэй бид 2 дээр ирээд намайг компанийн хашаан дотор байдаг миний амьдардаг гэр рүү аваад явсан. Тэгээд би тухайн өдрөө Дарханы нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт очиж үзүүлсэн. Нэгдсэн эмнэлгийн эмч тухайн үед намайг согтуу байсан болохоор бие чинь зүгээр байна гээд явуулсан. Тэрнээс хойш хэд хоног зүүн талын цээж өвдөөд амьсгаа авахад хүндрэлтэй байгаад байхаар нь өнөөдөр хуучин Дарханы “*******” нэртэй эмнэлэгт үзүүлсэн чинь зүүн талын хавирга хугарсан байна гэж хэлсэн. ...Бид хоёрын маргалдаж намайг зодсон газар нь манай ажлын байрнаас Ноён хонгор явдаг замын жижиг уулан дээр нэг их хол биш 300 м орчим байх. ******* гараараа миний нүүр лүү хэд хэдэн удаа цохиод би газарт унасан чинь дээрээс хөлөөрөө дэвссэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10/,

 

Гэрч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өөрийн ажлын байран дээрээ хоол хийгээд байж байтал хамт ажилладаг *******, ******* хоёр ногоон экс нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архи авчихсан хоёулаа уугаад байсан, удалгүй Ноён хонгор талын харалдаа хөдөө уул руу явсан тэгээд удалгүй хартал хоорондоо зодолдоод байх шиг болохоор нь яваад очтол ******* ах ******* ахыг газар унагаачихсан баруун, зүүн талын шанаа нүүр рүү нь гараараа цохиод хөлөөрөө дээр нь дэвсээд байж байсан, би очоод ******* ахыг салгах гээд дийлэхгүй байж байтал араас эгч алхаж ирээд бид хоёр нийлж байгаад салгаад ******* ахыг би дагуулаад амьдардаг өрөөнд нь оруулж өгсөн, харин эгч ******* ахыг салгаад аваад явсан. *******, ******* ах хоёр байсан, өөр хүн байгаагүй, би очиж салгасан араас манай эгч эгч ирсэн тэгээд бид дөрөв л байсан. *******, ******* хоёр нэлээд их согтолттой байсан хэдэн шил архи уусныг нь мэдэхгүй, ... ******* ах зодолдох чадваргүй согтчихсон байсан. ******* ахын биед огт хүрээгүй. Тухайн үед ******* ахын баруун талын хөмсөг нь хавдчихсан, зүүн талын нүд нь хөхөрчихсөн, мөн хавирга нь өвдөөд амьсгаа авч чадахгүй байна гээд байсан тэр өдөр нь хүлээн авах дээр очиж эмнэлэгт үзүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20/,

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 560 дугаартай: “... Б.*******ын биед зүүн 7,8 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, эмнэлгийн баримтууд /хавтаст хэргийн 43-51/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Хохирогч Б.*******ын эрүүл мэндэд учирсан зүүн 7,8 дугаар хавирганы хугарал гэмтэл, *******ийн үйлдэл хоорондын шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна.

 

Иймд *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.*******од шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болох хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож ухамсарлаж байгаа байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ******* овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******өд 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдох зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД