| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2022/03614/И |
| Дугаар | 183/ШШ2022/03278 |
| Огноо | 2022-11-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2022/03278
| 2022 оны 11 сарын 09 өдөр | Дугаар 183/ШШ2022/03278 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Э холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 464.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч А.Э холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 464.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Хариуцагч А.Э нь манай компанийн үйлчлүүлэгч бөгөөд тэрээр 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр А/17/12 тоот Дугуйтай Монгол үндэсний төслийн унадаг дугуйг албан байгууллагын ажилтнуудад зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, манай байгууллагаас 867.000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуйг худалдан авсан боловч үнийг бүрэн төлөөгүй байна. Одоо үлдэгдэл 340.000 төгрөг байгаа бөгөөд гэрээнд зааснаар алданги 124.100 төгрөг, нийт 464.100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 14.573 төгрөг төлсөн баримт, Т ХХК-иас иргэн Б.А олгосон итгэмжлэл, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 28ллг/4896 тоот албан бичиг, иргэн Р.Саруулчимэгийн тодорхойлолт, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр А/17/12 тоот Дугуйтай Монгол үндэсний төслийн унадаг дугуйг албан байгууллагын ажилтнуудад зээлээр худалдах, худалдан авах гэрээ, төлбөр төлөх хуваарийн хамт, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримт ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч А.Энхмөнхөд холбогдох Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 464.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Тайвань байк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Хариуцагч А.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр А/17/12 тоот Дугуйтай Монгол үндэсний төслийн унадаг дугуйг албан байгууллагын ажилтнуудад зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г Т ХХК-тай байгуулж, нэхэмжлэгчээс 867.000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуйг худалдан авсан байх боловч үнийг бүрэн төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
4. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхэд хандан тогтоолгосон талаарх баримт хэрэгт авагдсан тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.
5. Хариуцагч А.Э 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, танилцуулсан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул мөн зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.
6. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч А.Э худалдах-худалдан авах гэрээний үүрэг 340.000 төгрөг, алданги 124.100 төгрөг, нийт 464.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэлээ.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Тайвань байк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.573 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э 14.573 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч А.Э худалдах-худалдан авах гэрээний үүрэг 340.000 төгрөг, алданги 124.100 төгрөг, нийт 464.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Тайвань байк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.573 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э 14.573 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА