Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
Хэргийн индекс | 102/2022/00032/И |
Дугаар | 102/ШШ2022/03516 |
Огноо | 2022-10-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2022/03516
2022 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2022/000000 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....,
Хариуцагч: ...,
Хариуцагч: ...,
Нэхэмжлэлийн шаардлага: Э....аас тээврийн хэрэгсэл засварлахад гарсан зардал 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах, Ш....гаас тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үлдэгдэл төлбөр 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг буцаан гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Х....,
Хариуцагч Э....ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А....,
Гэрч М....,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцож, хариуцагч Ш.... өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт бичгээр ирүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Х.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Би машин авахаар ... маркийн автомашин худалдаж авах болж, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Ш.... гэх хүнтэй ярьж 7,000,000 төгрөгөөр авахаар тохиролцоод, бэлэн 2,500,000 төгрөг өгсөн. Уг машин хэд хэдэн газраа эвдрэлтэй, засвар хийлгэх шаардлагатай байсан. Нийт эвдрэл гэмтэл гээд 3,000,000 төгрөг зарцуулсан байна. Гэтэл Э.... нь машиныг маань миний машин гээд банк бус дээр байсан зээлийг нь чөлөөлөөд аваад явсан. Ш.... гэх хүнд би 2,500,000 төгрөг өгсөн. Мөн машин авч байна гэж бодож нийт машинд 3,000,000 төгрөгийн засвар хийсэн. Машинаа авч чадаагүй учир машинд хийсэн засварын мөнгө 3,000,000 төгрөгийг Э....аас гаргуулахаар шаардаж байна. Харин хариуцагч Ш....гаас машины төлбөрт бэлнээр өгсөн 2,500,000 төгрөгөө буцаан шаардаж байна. Шинжээч томилоход эхний удаад машин байхгүй байна гэж хэлсэн. Нэлээд хугацаа өнгөрсөн тул шинжээчээс асууж лавлахад мартсан байна гэж хэлсэн. Тэгээд 8 дугаар сард моторт хийсэн ажиллагааг мэдэхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед Э....тай ярилцахад мотортой холбоотойгоор засвар хийснийг зөвшөөрөхгүй. Бусдыг нь зөвшөөрч байна гэж хэлсэн. Хариу тайлбартаа ч энэ тухайгаа дурдсан байсан. Анх машиныг Ш....гаас авахад 4 дугуй, аккумляторгүй байсан бөгөөд гаднах үзэмжийн хувьд хагарч, хугарсан, их гэрлийн сэнж хугарсан, их утаа хаяж байсан...гэв.
2.Хариуцагч Э.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Х.... нь Ш.... гэх хүнээс Э.... миний нэр дээр байсан ... маркийн автомашиныг Ш.... гэх хүний үгэнд итгэн авсан байна. Ш.... миний машиныг 3 жилийн өмнө худалдаж авахаар тохирсон боловч үлдэгдэл мөнгөө өгөлгүй бүтэн 2 жил болж байсан. Банк бусын нэр дээр унадагаар зээл авсан байтал тэр мөнгийг өгөлгүй 2 жил болсны эцэст ... ББСБ нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн, хүү, алданги бас бус төлбөрийг Э.... миний бие өөрөө төлж барагдуулсан. Х.... гэх хүний 3,000,000 төгрөгийн засвар хийсэн гэх зүйл яг ямар засварыг хэдэн төгрөгөөр, хаана хийлгэсэн нь ямар нэгэн санхүүгийн нотлох баримт бичиг байхгүй байна. Анх зарж байснаас илүү хуучирсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Хариуцагч Э.... нэхэмжлэгч Х....ий гаргасан 3,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг анхандаа бүхэлд нь зөвшөөрөхгүй байсан. Ямар завсар хийж, юу засаж, тэр нь хэдэг төгрөг болсон зэрэг үйлдлүүд нь нотлогдохгүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх тайлбар гаргасан. Хариуцагчийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт гаргаж шүүхээс хүсэлтийг хангаж, ажиллагаа хийж авто машинд ямар хэмжээний засварууд хийгдсэн талаарх шинжээчийн дүгнэлт гарсан. Томилсон шинжээч нийт 1,090,000 төгрөгийн төлбөр бүхий завсар хийсэн байх боломжтой гэж дүгнэсэн. Одоо нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 1,090,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч дугуйны асуудлыг ярьдаг. Дугуй худалдаж авсан гэдгийг нотлох гэрч өнөөдөр ирээгүй. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4 дэх хэсэгт зааснаар хүн орлого олсон бол татвар зайлшгүй төлөх шаардлагатай. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан засвар болон бусад үйлчилгээний төлбөрт зөвхөн хувь хүний тамга дарагдсан, хэрэглэгдэхээ больсон баримтууд байхаас гадна тухайн олсон орлогодоо татвар төлсөн эсэх нь эргэлзээтэй байна. Төлсөн бол тухайн төлсөн баримтуудаа хэрэгт өгөх байсан. Иймд эдгээр баримтууд эргэлзээ бүхий байна. Моторын тос бусад зүйл авсан гэх нотлох баримт нь Аж ахуйн нэгжийн тамга тэмдэгтэй байна. Ийм баримтад Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт зайлшгүй олгох ёстой. Гэтэл ийм баримт байхгүй падан гэх зүйл байна...гэв.
3.Хариуцагч Ш.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие Э....аас 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ... УБХ улсын дугаартай ... маркийн автомашиныг 12,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 00:03 цагт Хаан банкны ... тоот дансаар 7,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг Э....ын нэр дээрх зээлийн гэрээг үргэлжлүүлэн төлж дуусган, өөрийн нэр дээр шилжүүлж авахаар тохиролцсон. Тус тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд байлган унаж хэрэглэж байгаад бага зэргийн засвар гарч, уналгүй байлгаж байсан тухайн цаг хугацаанд Ковидын хөл хорио, хувийн бизнесийн зогсонги байдлаас шалтгаалан банк бус санхүүгийн байгууллагын эргэн төлөлтийг хийлгүй удсан байсан. Мөн Э.... нь миний нэр дээр Баянгол дүүргийн цагдаагийн газарт төлбөрийн үлдэгдэлтэй тээврийн хэрэгслийн мөнгө дутуу өгсөн гэсэн гомдол гаргаж, 2021 оны 2 дугаар сард нэмж 1,500,000 төгрөгийг бэлнээр авсан. Тус хугацаанд банк бус санхүүгийн байгууллагаас тус тээврийн хэрэгслийг би Э....аас худалдаж авсныг мэдэж байсан. Иймд Х....ий нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ирж Х....ээс 2,500,000 төгрөг авсныг хүлээн зөвшөөрөхөөс гадна тус хэрэгт иргэний хариуцагч биш иргэний нэхэмжлэгчээр тогтоон өгч, Э....аас түүнд төлсөн 8,500,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Миний зүгээс тус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнгүй үнээ алдагдуулан байлгаж байхаар зарж банк бусын төлөбрийг дуусгая, мөн зөрүү мөнгөөр нь өөр тээврийн хэрэгсэл худалдан авах шийдвэр гаргаж зар тавьж, Х....д нөхцөл байдлыг танилцуулан хамтдаа тээврийн хэрэгслийг засварлан Х....д өгч явуулсан боловч зээл төлөлт хийгдээгүй удсан байсан шалтгаанаар барьцаалан зээлдүүлэх газар хурааж авсан. Тус зээлийн үлдэгдэл хуримтлагдсан хүү нийт 7,500,000 төгрөг болсон байсан боловч миний зүгээс банк бус руу 6,000,000 төгрөгөөр төлөлт хийж зээлийг сунгуулах хүсэлт тавьж зөвшөөрөн 4,000,000 төгрөгийг Х.... тус банк бус санхүүгийн байгууллагад төлөөд үлдэгдлийг төлөхөөр байж байх хугацаанд Э.... гэрээний эзэн тул очиж авч, дахин банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан байсан. Иймд Э.... нь санаатайгаар луйврын шинж чанартайгаар дахин дахин ашиг олох сонирхолтой байсан мэт санагдаж байна. Иймд Ш.... намайг тус иргэний хэрэгт хариуцагч бус нэхэмжлэгч, хохирогчоор тогтоон, Э....аас 8,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.
4.Хариуцагч Ш.... шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Х....ий нэхэмжлэлтэй, Э....т холбогдох хэрэгт хариуцагчаар оролцож байгаа болно. Тус хэргийн нэхэмжилж байгаа 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрч байгаа болно. Уг хэрэгт хариуцагчаар оролцож буй Э.... гэх иргэнээс нийт 8,500,000 төгрөгийг Хаан банкны дансаар 7,000,000 төгрөг, бэлнээр 1,500,000 төгрөгийг өгсөн. Иймд нөхцөл байдлыг онцлон харгалзан үзэж миний оролцоогүйгээр шийдвэрлэж өгнө үү. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр томилолтоор хөдөө орон нутагт ажиллахаар явж байгаа болно. Мөн Э....аас миний өгсөн төлбөртэй холбоотой асуудлыг Х....ий нэхэмжлэлтэй хэрэгт авч үзэхийг хүсье...гэжээ.
5.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Худалдаа хөгжлийн банк ХХК дахь депозит дансны хуулга /хх-5-8/, иргэн А....гийн гэх гар бичмэл тайлбар /хх-27/, тээврийн хэрэгслийн эд анги худалдан авсан гэх Зарлагын баримтууд /хх-47-49/, тээврийн хэрэгслийн фото зургууд /хх-79-80/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
6.Хариуцагч нар шүүхэд аливаа бичмэл нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Харин хариуцагч Э....ын хүсэлтээр шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн .... дугаар захирамжаар шинжээч томилж, шинжээч ...ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Хохирлын үнэлгээгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон ... УБХ улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг 1,095,000 төгрөгөөр тогтоосон байна. /хх-52-69/
7.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдаанд оролцсон гэрч М.... мэдүүлэхдээ ...Машин 4 дугуйгүй, аккумляторыг нь авсан байсан бөгөөд үзэмж муутай байсан. Хийх юм их, засах зүйл ихтэй шүү ахын дүү гэж хэлж байсан. Ш.... гэх хүнд 1,500,000 төгрөгийг өгч байсан санагдаж байна. Бэлэн бусаар олон удаа мөнгө авч байсан. Нийт 3,500,000 төгрөг авсан байх. Би нэхэмжлэгч Х....ий найз охин. Машинд 4 дугуй, аккумлятор авсан. Да хүрээ захын ойролцоо бенз завсар гэх газар моторыг нь янзлуулж, маслыг нь солиулж, өнгөлгөөнд оруулах гээд тавьсан. Гэтэл ачаад явсан байсан. Жижиг сажиг сэлбэг авсан бөгөөд тэр болгонд Ш.... хамт байсан. Машиныг Ш....гаас худалдаж авах үед 4 дугуйгүй байсан... гэв.
Зохигчдын шүүхэд гаргасан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэгч Х....ий нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Х.... нь хариуцагч Ш....гаас тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, төлбөрийн үлдэгдэл 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулах, хариуцагч Э....аас тухайн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг засварлахад зарцуулсан зардал 3,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардаж байна.
3.Хариуцагч Ш.... өөрт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.
4.Харин хариуцагч Э....ын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байсан боловч шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлын үнэлгээ 1,095,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч нотлох үүргээ биелүүлээгүй, нотлох баримтаар гаргасан зарлагын баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн гэрчээс шүүх хуралдаанд моторын тосыг Да-хүрээ захаас авсан гэж мэдүүлж байхад худалдан авалт хийсэн гэх Зарлагын баримт гаргасан газар нь Улаанбаатар хотын баруун зүгт байрладаг байгууллага байгаа нь нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн, НӨАТ-ын баримт авагдаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байна.
5.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Х....ий дансны хуулга, тээврийн хэрэгслийн фото зургууд, зарлагын баримтууд, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч Х.... нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ... УБХ улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч Ш....гаас худалдан авахаар тохиролцож, аман хэлбэрээр хийсэн хэлцлийн дагуу 2,500,000 төгрөгийг Ш....д хүлээлгэн өгч, гэрээний зүйлийг хүлээн авсан байна.
4.2.Тухайн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч, хариуцагч Э.... мөн бөгөөд тэрээр уг тээврийн хэрэгслийг Ш....д 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 12,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, Ш....гаас Э....т 8,500,000 төгрөг төлсөн талаар тайлбарласан.
4.3.Х.... нь хариуцагч Ш....гаас хэлцлийн дагуу тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч, улмаар 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр кузов засварт 800,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Сутай буян ХХК-иас аккумлятор 95,000 төгрөгөөр, мөн компаниас 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шпалк 100,000 төгрөгөөр,... буюу иргэн Ч....оос 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр spacer 200,000 төгрөгөөр, ...ХХК-иас 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр бензин мэдрэгч, моторын мэдрэгч, моторын болон хроп тос зэргийг 800,000 төгрөгөөр, нийт 1,995,000 төгрөгийн зарлагын баримт гаргасан. Эдгээр баримтууд нотлох баримтын шаардлага хангасан байна.
4.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээч ...ХХК нь маргааны зүйл болох тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээ хийхэд засварын ажлын үнэлгээ 1,095,000 төгрөг, ...уг үнэлгээнд нэхэмжлэгчийн дурдсан моторын мэдрэгч, бензин мэдрэгч, мотор кропканы тосыг сольсон эсэхийг тодорхойлох боломжгүй гэж дүгнэжээ.
5.Зохигчид хэн аль нь тус тусдаа байгуулсан худалдах, худалдан авах гэрээний харилцааны талаар болон тээврийн хэрэгсэл нь хариуцагч Э....ын эзэмшилд байгаа талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч Х.... тухайн тээврийн хэрэгсэлд 3,000,000 төгрөгийн бодит зардал гаргаж засварласан эсэх, энэ хэмжээгээр хариуцагч Э....аас шаардах эрхтэй эсэх талаар маргасан.
6.Нэхэмжлэгч Х.... болон хариуцагч Э.... нарын хооронд аливаа гэрээний харилцаа үүсээгүй. Тэд хэн аль нь хариуцагч Ш....тай худалдах, худалдан авах гэрээгээр холбогдож, нэг тээврийн хэрэгслийг Э....аас Ш....д худалдаж, Ш....гаас Х.... худалдан авсан ба тухайн гэрээний зүйл Э....ын банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд барьцаалагдсан байсан байна. Улмаар зээлийн гэрээний төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр банк бус санхүүгийн байгууллага Х....ий эзэмшлээс хураан авч, Э.... зээлийн төлбөрийг төлж барагдуулснаар тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд авсан байна.
7.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Х...., Э.... нарын хооронд үүрэг үүсээгүй бөгөөд маргааны зүйл болсон тээврийн хэрэгслийн өмчлөгч Э.... мөн бөгөөд нэхэмжлэгч Х.... уг тээврийн хэрэгслийг Э....аас шаардах эрхгүй байх тул түүнийг засварлахад зарцуулсан зардлаа шаардах эрхтэй байна.
8.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан Зарлагын баримтуудын нийт дүнгээр 1,995,000 төгрөгийн зардал гарсан байгаагаас 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөгийг ...ХХК-д төлсөн нь Х....ий Худалдаа хөгжлийн банк ХХК дахь харилцах дансны хуулгын тухайн өдрийн 800,000 төгрөгийн зарлага хийсэн гүйлгээгээр давхар нотлогдож байна. Энэхүү зарлагын баримтаар нэхэмжлэгч бензин мэдрэгч, моторын тос, кропканы тос, моторын мэдрэгч зэрэг зүйлсийг худалдаж авсан байх ба шинжээчийн дүгнэлтээр тогтоох боломжгүй гэж үзсэн байсан.
9.Иймд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, хариуцагчийн зөвшөөрсөн 1,095,000 төгрөгийн засварын зардал болон зарлагын баримт, дансны хуулга зэргээр тогтоогдсон 800,000 төгрөгийн зардал, нийт 1,895,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.... нь хариуцагч Э....аас шаардах эрхтэй гэж дүгнэлээ.
10.Нэхэмжлэгч нийт 3,000,000 төгрөгөөр засвар хийсэн гэж тайлбарлан, хариуцагч Э....аас энэ хэмжээгээр шаардсан боловч 1,105,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11.Шүүх Х....ий нэхэмжлэлийн шаардлагаас Э....т холбгдох нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, хариуцагч Ш....д холбогдох нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 117,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш....гаас 27,475 төгрөг, хариуцагч Э....аас 45,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Х....ий гаргасан 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ш.... бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э....аас 1,895,000 /нэг сая найман зуун ерэн таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х....д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,105,000 /нэг сая нэг зуун таван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 117,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш....гаас 27,475 төгрөг, хариуцагч Э....аас 45,270 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х....д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн 1 дэх заалтад зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.... шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА