| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/02711/И |
| Дугаар | 102/ШШ2022/03475 |
| Огноо | 2022-10-17 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2022/03475
2022 оны 00 сарын 00 өдөр
| дугаар 102/ШШ2022/0000 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...,
Хариуцагч: ....н,
Нэхэмжлэлийн шаардлага: Тээврийн хэрэгсэл бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл мөн болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж Г....ээс 15,000,000 /арван таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д....,
Хариуцагч: Г....,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.... /ШТЭД: ..../
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Ц.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа:
2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ... аймгийн ... сумын нутаг дэвсгэр 5 дугаар багт ... хороолол барих төслийн хүрээнд ...ХХК, ... ХХК нарын хооронд Цахилгаан угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Энэ гэрээний баталгааг ...ХХК нь ... ХХК-иас шаардсан ба тухайн үед ... ХХК-ийн захирал Г.... нь төслийн зөвлөах ... гэх хүнтэй уулзуулаад түүний хүү Г....д миний өмчлөлийн 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монголд орж ирсэн ... УНГ улсын дугаартай ... маркын автомашиныг шилжүүлээд өгчих гэсэн. Миний машиныг түр бетон армотурын наймааны барьцаа болгож байгаад, төсөл амжилттай хэрэгжээд эхлэхээр машины мөнгө 15,000,000 төгрөг, эсхүл машиныг биет байдлаар надад өгнө гэж ... гэх хүн хэлж байсан. Би Г....тэй 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хамт нотариат ороод Тээврийн хэрэгсэл бэлэглэх гэрээ гэх дүр үзүүлсэн хэлцлийг байгуулсан. Би өөрийн энэ байгуулсан гэрээний хууль зүйн үр дагаврыг мэдэхгүй байдлаасаа, мөн худалдах, худалдан авах гэрээ хийвэл татвар төлнө гэх утгаар, бас тухайн өдөр надад шууд мөнгө өгөхгүй, хэсэг хугацааны дараа машиныг буцааж өгнө гэсний дагуу би гэрээг хийсэн. Энэ талаар Г.... сайн мэдэж байгаа. Г....ий аав ... 2022 оны эхээр өөр болсон талаар би ...аас мэдсэн. Одоо нэгэнт төсөл хэрэгжихгүй, мөн Г.... нь өөрөө дур мэдэн миний машиныг надад үнийг нь төлөөгүй байж өөрөө захиран зарцуулсан, 2020 оны 6 дугаар сараас хойш машин ч байхгүй, мөнгө ч байхгүй удаан эд хөрөнгөөрөө хохирч байна. Цахилгаан угсралтын ажил гүйцэтгэх гэрээ одоо огт хэрэгжих боломжгүй болсон нь тодорхой болсон тул би өөрийн өмчлөлийн автомашины үнэ болох 15,000,000 төгрөгийг Г....ээс гаргуулж авмаар байна. Бидэнд энэ машиныг бэлэглэх ямар ч шалтгаан байхгүй байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар Ц...., Г.... нарын хооронд байгуулсан 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тээврийн хэрэгсэл бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл мөн болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Г....д шилжүүлсэн 2007 оны үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монголд орж ирсэн ... УНГ улсын дугаартай ... маркийн автомашиныг Г.... бусдад зарж ашиг олсон байх тул ... УНГ улсын дугаартай авто машины үнэ болох 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү...гэв.
2.Хариуцагч Г.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр миний аав ... над руу утсаар ярьж нотариатын газар дуудсан бөгөөд яваад очиход нэхэмжлэгч Ц....ын хамтаар байж байсан. Ингээд тухайн үед аав маань надад хандан хийж байгаа ажлынх нь хөлсөнд уг ... УНГ улсын дугаартай ... маркын автомашиныг шилжүүлэн авч байгаа гэж хэлсэн. Дээрх машиныг Ц....оос миний нэр дээр шилжүүлэх хэрэгтэй байна гэсэн. Тухайн үед Ц.... нь ямар нэгэн зүйл надад хэлээгүй бөгөөд өөрөө сайн дурын үндсэн дээр бэлэглэлийн гэрээ байгуулан миний нэр рүү шилжүүлсэн. Би тухайн хүмүүсийн хооронд ямар яриа хэлэлцээ, тохироо байсныг нь мэдээгүй. Нарийн ширийн зүйлийг нь огт мэдэхгүй. Ингээд хэсэг хугацааны дараа дахин аав маань над руу залгаж нөгөө машиныг өөр хүнд худалдан борлуулж байгаа, чи ирж нэрээ шилжүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн бөгөөд мөн л би явж очоод авч байгаа хүнд нь шилжүүлэн өгсөн. Хэдэн төгрөгөөр, ямар нөхцлөөр худалдан борлуулж байгааг нь ч мэдээгүй. Миний аав 2021 онд өвчний улмаас нас барсан. Нас барахаасаа өмнө энэ машинтай холбоотой ямар нэг зүйл хэлж яриагүй ба Ц.... нь дахиж надтай нэг ч удаа холбогдоогүй. Гэтэл аавыг маань нас барсны дараа нэхэмжлэл гаргаж, надаас 15,000,000 төгрөг нэхэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Амьд ахуй үед нь дээрх асуудлаа шийдээгүй 2 жил гаран чимээгүй явж байсан атлаа нас барсных нь дараа ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Би Ц....ыг огт танихгүй, ажил хэргийн харилцаа байхгүй, ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй бөгөөд түүний өмнө үүрэг хүлээгээгүй. Дээрх машиныг зарж борлуулсан мөнгөнөөс огт ашиг хүртээгүй тул надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Би анхнаасаа нэг байр суурьтай байгаа. Намайг гэрээ хийх тухайн цаг үед дуудаж байсан. Адиша гэх хүнтэй утсаар холбогдож асуухад 7,500,000 төгрөгийг дансаар, 7,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж байсан. Би дансаа шүүж үзээд 7,500,000 төгрөг орж ирсэн байсан гэдгийг мэдлээ. Дансанд байсан 7,500,000 төгрөг бүхэл мөнгөөрөө гарсан байсан. Манай аав өөрөө захиран зарцуулсан. Ц.... Г.... нарын байгуулагдсан гэрээг нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага зэргээр гэрээг сайн дураараа бөгөөд хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцэлд ямар хэлцлүүдийг тооцохыг заасан. Нэхэмжлэгчийн хувьд уг хэлцлээс гарах хууль зүйн үр дагаврыг ойлгохгүй хийсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэг бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж хуульчилсан. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц...., түүний төлөөлөгч Д.... нараас гарсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан: Тээврийн хэрэгсэл бэлэглэлийн гэрээ /хх-4-5/, Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт /хх-6/, ... ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 22/007 тоот Автомашины зах зээлийн үнийн тодорхойлолт /хх-26-28/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
4.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй байна.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн захирамжаар Авто тээврийн үндэсний ...өөс маргааны зүйл болох ... УНГ улсын дугаартай ... маркын тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар бүрдүүлж /хх-16, 21-22/, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн захирамжаар Авто тээврийн үндэсний ...өөс маргаан бүхий тээврийн хэрэгслийн Г....ээс бусдын өмчлөлд шилжүүлсэнтэй холбоотой гэрээ хэлцэл, холбогдох баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн болно. /хх-34, 37-60/ Түүнчлэн хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн захирамжаар иргэн Б....ыг шүүх хуралдаанд гэрчээр асууж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Хаан банк ХХК-иас хариуцагч Г....ий харилцах дансны хуулгыг нотлох баримтаар бүрдүүлсэн. /хх-69-70/
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх Ц....ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Ц.... нь шаардлагын үндэслэлээ хариуцагчтай өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн учир 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл мөн болохыг тогтоолгох, хэлцлийн үр дагаврыг арилгуулж тээврийн хэрэгслийг бодитоор буцааж авах боломжгүй болсон учир харилцан тохиролцсон үнэ болох 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардана гэж тодорхойлсон.
3.Хариуцагч Г.... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс Ц....оос тухайн тээврийн хэрэгслийг бэлэг болгон хүлээж авах хүсэл зориг байгаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх боловч өөрт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө тээврийн хэрэгслийг бэлэглэх хүсэл зоригоо илэрхийлж шилжүүлсэн, уг тээврийн хэрэгслийг аавынхаа хүссэний дагуу нэр дээрээ түр шилжүүлэн авч, хэд хоногийн дараа мөн хүсэлтийн дагуу бусдын нэр дээр шилжүүлсэн, ямар нэг ашиг хүртээгүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байна.
4.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Тээврийн хэрэгсэл бэлэглэх гэрээ, ... УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа, өмчлөл шилжсэнтэй холбоотой гэрээ хэлцлүүд, тээврийн хэрэгслийн үнэлгээ, хариуцагч Г....ий Хаан банк ХХК дахь депозит дансны хуулга зэргээс дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч Ц.... нь 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өөрийн өмчлөлийн, 2007 онд үйлдвэрлэгдсэн, ... арлын дугаартай, ... маркын ... улсын дугаартай, 10,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг хариуцагч Г....д хариу төлбөргүйгээр, сайн дурын үндсэн дээр бэлэглэхээр тохиролцож, бэлэглэгч Ц...., бэлэг хүлээн авагч Г.... нар гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлсэн байна.
4.2.Гэрээний зүйл болох ... УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Монгол улсын хилээр орж, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Д....аас Л....д 19,000,000 төгрөгөөр худалдаж, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Д.... нь ... ХХК-тай байгуулсан барьцаалан зээлдүүлэх гэрээний үүргийн дагуу шилжүүлэн, улмаар ... ХХК-ийн хүсэлтийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Х....ын өмчлөлд бүртгэгдсэн. Дахин 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Х....аас Ц....ын өмчлөлд шилжиж бүртгэгдсэн байна.
4.3.Маргаан бүхий бэлэглэлийн гэрээний дагуу тээврийн хэрэгсэл нь Г....ий өмчлөлд 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шилжиж, Ц....ээс 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу 7,500,000 төгрөгөөр С....гийн өмчлөлд шилжиж, мөн өдрөө ... ББСБ ХХК-ийн хүсэлтийн дагуу тээврийн хэрэгслийг С.... эзэмшилдээ байлган, ... ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байна. Улмаар 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ... ББСБ ХХК-ийн хүсэлтийн дагуу тухайн тээврийн хэрэгслийг иргэн С....ын өмчлөлд бүртгэжээ.
4.4.Хариуцагч Г.... тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Ц....оос бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн авч, өөрийн өмчлөлд бүртгүүлэн, дахин иргэн С....д худалдах, худалдан авах гэрээний дагуу 7,500,000 төгрөгөөр худалдаж, гэрээ байгуулагдсан 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр худалдан авагч тал болох С....гаас 7,500,000 төгрөгийг дансаар хүлээн авсан байна.
4.5.Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу ... ХХК-иас Япон улсад 2007 онд үйлдвэрлэгдэж, 2018 онд Монгол улсад орж ирсэн ... маркын автомашин нь 2020 оны 6 дугаар сарын байдлаар 15,000,000 төгрөгийн үнээр бүртгэгдсэн болохыг тодорхойлсон байна.
5.Зохигчид маргаан бүхий тээврийн хэрэгслийг Ц....оос Г....д хариу төлбөргүйгээр бэлэглэх хүсэл зориг байгаагүй буюу ...ХХК, ... ХХК нарын хооронд байгуулагдсан Цахилгаан угсралтын ажил гүйцэтгэх гэрээний барьцаа болгож түр хугацаагаар шилжүүлсэн талаар хэн аль нь маргаагүй. Харин тухайн гэрээ хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгч хариуцагчаас 15,000,000 төгрөгийг шаардах эрхтэй эсэх, нэхэмжлэлийг хариуцагч Г.... хариуцах этгээд мөн эсэх талаар өөр өөрийн үндэслэл заан маргаж мэтгэлцэв.
6.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээ нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлэхийг ойлгоно.
7.Талуудын байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн зүгээс дээрх компаниудын хооронд байгуулагдсан бетон армотурын гэрээний барьцаа болгож түр хугацаанд шилжүүлэхээр тохиролцсон гэж, харин хариуцагчийн зүгээс тухайн гэрээний хөлс буюу төлбөрт тооцож шилжүүлсэн гэж ойлгосон гэж тайлбарлаж байна.
8.Иймд зохигчдын гаргасан тайлбараар талууд 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Тээврийн хэрэгсэл бэлэглэх гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор буюу ...ХХК, ... ХХК нарын хооронд хийгдсэн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор хийгдсэн, бэлэглэх хүсэл зориг байгаагүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
9.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.
10.Хариуцагч Г.... бэлэглэлийн гэрээний дагуу хүлээн авсан тээврийн хэрэгслийг бусдад 7,500,000 төгрөгөөр худалдсан байх тул гэрээний зүйлийг нэхэмжлэгч Ц....од бодитоор буцааж өгөх боломжгүй байна. Мөн талууд гэрээндээ маргааны зүйл болох тээврийн хэрэгслийн үнийг 10,000,000 төгрөг байхаар тусгасан байх тул энэ хэмжээгээр буюу 10,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 478,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох тэмдэгтийн хураамж 349,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г....ээс 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц....од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 /таван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 478,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 349,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА