| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/02738/и |
| Дугаар | 956 |
| Огноо | 2019-05-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 956
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/00559 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Б.Ц холбогдох
Худал мэдээлэл тараасан, “Б” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгох, гэм хорын хохиролд 5 878 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Б” ХХК нь Украйн Улсын М компанитай байгуулсан 12/10/15 тоот гэрээний дагуу сиэста /SIESTA/ ургамлын тосыг 2015 оноос эхлэн Монгол улсад импортоор оруулж ирж худалдан борлуулдаг. Монгол Улсын хилээр оруулж ирэх бүрд Монгол улсын хууль тогтоомжийн дагуу нарийвчилсан шинжилгээнд хамруулж, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 02-03-161/35 тоот актаар сиэста /SIESTA/ ургамлын тос нь тухайн шинжлэгдсэн үзүүлэлтүүдийн түвшинд Монгол улсад мөрдөж буй хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ MNS 6308:2012 болон хүнсний бүтээгдэхүүн дэх хүнд металлын үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 4504:2008 стандартын шаардлага хангаж байгаа болохыг тогтоосон. Чанарын шаардлагыг хангасан гэдэг баримтуудыг хэрэгт хавсаргасан байгаа. Эдгээр баримтуудаас Монгол Улсын стандартыг хангасан гэдэг нь харагдаж байна. Гэтэл Б.Ц нь фейсбүүк дэх өөрийн хөтлөн явуулдаг “Ээж болох бэлтгэл” пэйж хуудсанд 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр манай сиэста /SIESTA/ брэндийн тосны талаар ...сүүлийн үед маш их олны танил хүмүүс ил болон далд хэлбэрээр сурталчилж, хэрэглэгчдийг хуурч буй хүнсний тос бол яах аргагүй SIESTA тос юм. Уг тосны гарал үүсэл болон хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй бөгөөд GMO буюу генийн өөрчлөлтгүй гэж бүтээгдэхүүнээ нэрлэн зах зээл дээр борлуулж байгаа. Өнөөдрийг хүртэл хаана яаж үйлдвэрлэсэндээ хариулт өгч чадахгүй байгааг харахад тэд айсан бололтой. Нэг биш нижгээд хүнийг хялбар аргаар хууран мэхэлж болохгүй... гэсэн нийтлэлийг оруулсан. Б.Ц-ийн хөтөлдөг пэйж хуудас нь тэр үед 71 000 гаруй гишүүнтэй хуудас байсан. Иймд манай компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэж байгаа. Мөн хариуцагч нь тараасан мэдээллээ өөрөө үнэн зөв гэдгийг нь нотлох үүрэгтэй байсан. Манай компани анх нэхэмжлэл гаргахдаа худал мэдээлэл тараасан болохыг тогтоож, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэж, мэдээлэл тараасан хэлбэрээр залруулга хийлгэхээр шаардлага гаргасан. Гэвч энэ хэрэг 3 жил гаруй болж байна. Тиймээс залруулга хийлгэх гэдгээ болихоор шийдсэн. Дахиад манай тосны талаар баахан яригдах болно. Тиймээс нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрхтэй тул шаардлагаа хариуцагч Б.Ц нь худал мэдээлэл тараасан, “Б” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, гэм хорын төлбөрт 5 878 600 төгрөг гаргуулахаар өөрчилж нэхэмжилж байгаа юм. Гэм хорын төлбөр 5 878 600 төгрөгт Б.Ц-ийн худал мэдээлэл тараасантай холбоотой манай компани өмгөөлөгч авсан. Энэ төлбөр нь 2 500 000 төгрөг болсон. Мөн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн баримтуудыг орчуулахад 300 000 төгрөг, нотариатын зардал 78 600 төгрөг орсон. 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр анх худал мэдээллийг оруулсан. Тухайн үед нь манай компани олны танил хүмүүстэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийн зардал гаргасан байсан. Гэтэл Б.Ц нь худал мэдээлэл тарааснаас болоод манай борлуулалт муудсан. Иймд 3 000 000 төгрөгийг ажлын үр дүн буурсан гэдэг үндэслэлээр нэхэмжилж байгаа. Иймд хариуцагч Б.Ц хохиролд 5 878 600 төгрөгийг гаргуулна гэжээ.
Хариуцагч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Би анх пэйж хуудсандаа пост бичсэний дараа “Б” ХХК-ийн маркетингийн ажилтан н.А тэр дор нь над руу яриад тэр даруйд нь би тосных нь нэрийг арилгасан. Мөн хэрэглэгчийн хувьд бичсэн зүйлийг маань хүлээж авах ёстой байсан. Би өөрөө шим судлалаар судалгаа хийдэг хүн. Бүтээгдэхүүн бүрийн ард талд байгаа шим судлалын хүснэгтээс тодорхой харж болдог. Би хүмүүст ямар бүтээгдэхүүнийг хэрэглэж болох эсэх тал дээр зөвлөгөө өгөхийн тулд бүтээгдэхүүнүүдийг эхлээд өөрөө маш их судалдаг. Би сиэста /SIESTA/тосыг анх судлах гээд гүүглээр /google/ хайж үзсэн боловч сиэста /SIESTA/ гэх ургамлын тосны талаар огт мэдээлэл олдоогүй. Миний хамгийн сайн чадах зүйл бол интернетээр эрж хайх. Польш Улсын Колиан гэж компанийн сиэста /SIESTA/ гэж нэртэй хэдэн төрлийн самар, хатаасан жимсний талаарх мэдээлэл олдсон. Колиан компани нь огт ургамлын тос үйлдвэрлэдэггүй байсан. Тиймээс би пост хийсэн нь үнэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ эдний нэр төрийг гутаасан гэж үзэхгүй байна. Транс гэдэг зүйлийг нэхэмжлэгч өөрсдөө ч ойлгохгүй байгаа. Зүгээр нэг савханцар болон бүтээгдэхүүнд төмрийн агуулагдах зөвшөөрөгдсөн хэмжээний талаарх шинжилгээ хийлгэсэн баримтаар no GMO буюу генийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүн гэдгийг нотолж чадахгүй. Монгол улсад генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн мөн бишийг тогтоох чадвартай лаборатори байдаггүй. Хамгийн ойрхондоо Бээжинд байдаг. Уг нь бол нэхэмжлэгч компани манай тос no GMO буюу генийн өөрчлөлтгүй гэдгээ өөрсдөө лабораторийн шинжилгээгээр нотлох ёстой гэж би бодож байна. Би эдний бүтээгдэхүүнийг генийн өөрчлөлттэй, өөрчлөлтгүй гэдгийг нотлох ёсгүй. Генийн өөрчлөлтгүй гэдэг зүйлийг зүгээр нэг бичиж олон нийтийг төөрөгдүүлж болохгүй. Транс гэдэг нь ханаагүй өөх тосны хүчил гэсэн үг. Нэхэмжлэгч нь сиэста /SIESTA/ гэдэг нэрийг зөвхөн ашиглаад Майола гэх компанийн өөр тосыг савлаж оруулж ирж байгаа гэдгээ яагаад нийтэд мэдээлэхгүй байгаа юм. Хэрэглэгчид сиэста /SIESTA/гэдэг тос худалдан авч хэрэглэж байгаа л гэж ойлгож байгаа. Гэтэл тийм тос огтоосоо байдаггүй хэрэглэгчдийг төөрөлдүүлж байна. Нэхэмжлэгчийн гэрээг харахад нийтэд нээлттэй байж болно гэж заасан байсан. Энэ тос нь хаана үйлдвэрлэгдсэн нь харагдахгүй, мэдэгдэхгүй. Сиэста /SIESTA/ гэдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэн компани нь өөрийн албан ёсны веб сайт дээр тос үйлдвэрлэдэггүй гэж зарласан байсан. Гэтэл нэхэмжлэгч тал нь Украйн улсад үйлдвэрлэсэн ямар нэртэй нь мэдэгдэхгүй өөр тосыг сиэста /SIESTA/ брэндийн логог ашиглаж Монгол улсад 2015 оноос хойш борлуулж байгаа. Үүнийгээ генийн өөрчлөлтгүй хэмээн олон нийтийг хуурч зарж байгаа. Тийм бол үүнийгээ нотол. Нийт хэрэглэгчдийн хувьд энэ бол маш аюултай гэж харж байгаа. Тиймээс эдний нэр төрийг гутаасан гэж үзэхгүй байна. Мөн хохиролд нэхээд байгаа 5 878 600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Ашиг алдагдал нь буурсан гэж үзэж байгаа бол санхүүгийн тайлангаа үзүүлэх хэрэгтэй. Намайг пост бичихээс өмнө ийм хэмжээний ашиг орлоготой байсан, би пост оруулснаас болж орлого нь хэдэн хувиар, тийм төгрөгөөр буурсан гэдгээ өөрсдөө нотлох хэрэгтэй. Тийм юм огт хэрэгт байхгүй. Надад ч гэсэн маш их цаг хугацаа болон зардал гарч байна. Би ч бас өмгөөлөгч өндөр үнээр авсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар хариуцагч Б.Ц-д холбогдох худал мэдээлэл тараасан, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгох, гэм хорын төлбөрт 5 878 600 төгрөг гаргуулах тухай “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Баясаххульж” ХХК-иас орчуулгын зардалд 845 000 төгрөг гаргуулж “ПДДБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:
... Гомдлын шаардлага: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/00559 дугаартай шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах.
Гомдлын үндэслэл:
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Б.Ц нь үндэслэлгүй буюу худал мэдээ тараасан эсэхийг тогтоох, ингэж тогтоосноороо “Б” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээх, гэм хорыг гаргуулах нь зүйтэй эсэхийг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн хүрээнээс хальж" мэдээллийг хариуцагч Ц худал бичсэн эсэхээс үл хамааран бүтээгдэхүүний шошгыг уншиж чадах насны худалдан авагч, хэрэглэгчид уг мэдээллийн үнэн зөвийг шошго дээрх мэдээллээс шууд олж унших боломжтой байна" гэж дүгнэсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: Хариуцагч Б.Ц нь “Ээж болох бэлтгэл” гэдэг нэртэй олон мянган дагагчтай фэйсбүүк пэйж хуудас хөтөлдөг бөгөөд уг пэйж хуудсан дээрээ манай бүтээгдэхүүний талаар ор үндэсгүй мэдээ тараасан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс Б.Ц худал мэдээ тараасан болохыг нотлох бүхий л баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Нөгөөтэйгүүр хэрэв Б.Ц-ийн тараасан мэдээ үнэн зөв гэж үзэж байгаа бол Б.Ц үүнийгээ Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д тус тус заасны дагуу нотлох, түүнийхээ хариуцлагыг хүлээх үүрэгтэй байсан. Цаашид шүүхээс ижил төрлийн нэхэмжлэлийг энэ байдлаар шийдвэрлэвэл өөрөөр хэлбэл худал мэдээ тараасан ч гэсэн бусад хүн үнэнийг олж мэдэх боломжтой байна гэж дүгнэвэл Иргэний хуулийн 21.2, 21.3, 497.1, 511.1 зэрэг зохицуулалтууд оршин байх, иргэд, хуулийн этгээд шүүхээр эрхээ хамгаалуулах нь ач холбогдолгүй болоход хүрнэ гэж үзэж байна.
3.Нотлох баримтыг буруу үнэлсэн талаар:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Б.Ц-ийн бичсэн "GМО буюу генийн өөрчлөлтгүй гэж бүтээгдэхүүнээ нэрлэн зах зээл дээр борлуулж байгаа гэх өгүүлбэр нь бүтээгдэхүүний шошго дээрх N0 GMO's гэх мэдээлэлтэй давхцаж байна гэж дүгнэсэн байсан. Хариуцагчийн бичсэн мэдээллийг авч үзвэл хариуцагч Б.Ц нь /SIESTA/ тосыг хаана яаж үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй, генийн өөрчлөлтгүй гэж хуурч байна гэсэн агуулгатай мэдээлэл тараасан байхад шүүхээс хариуцагчийн бичсэн мэдээллийн агуулгыг бүхэлд нь авч үзэлгүйгээр дунд нь бичсэн ганцхан өгүүлбэрт ач холбогдол өгч хэргийг хянан шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Түүнчлэн хариуцагч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад манай бүтээгдэхүүнийг удаа дараа генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэсэн тайлбарыг амаар гаргаж байсан ба энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд мөн тусгагдсан байгаа. Шүүх бүрэлдэхүүн хариуцагч Б.Ц-с та генийн өөрчлөлттэй гэдгийг яаж мэдсэн бэ, энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт байна уу гэсэн асуулт мөн асууж байсан бөгөөд хариуцагч нотлох баримт байхгүй, би шим судлалын хүснэгтийг нь хараад генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн байна гэсэн дүгнэлт өөрөө хийсэн гэж тайлбарлаж байсан. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн, хариуцагч тайлбараараа хүлээн зөвшөөрсөн баримтаас зөрүүтэй шийдвэр гаргасан болох нь тогтоогдож байна.
4.Ажил хэргийн нэр хүндэд нөлөөлөх талаар:
“Б” ХХК нь Польш Улсын Колиан компани болон Украйн Улсын Майола Трейд Хаус, Олияр компаниудтай хамтран ажиллаж эдгээр копманиудтай байгуулсан худалдах худалдан авах гэрээ, лицензийн гэрээний үндсэн дээр Монгол Улсад /SIESTA/ ургамлын тосыг сурталчлах, худалдан борлуулах онцгой эрхийг эзэмшдэг билээ. /SIESTA/ ургамлын тосыг нэхэмжлэгч компани албан ёсны онцгой эрхтэйгээр худалдан борлуулдаг талаарх мэдээлэл нь олон нийтэд нээлттэй мэдээлэл бөгөөд манай компанийн фейсбүүк хуудас, веб хуудас зэрэгт энэ талаарх мэдээлэл ил тавигдсан байдаг. Түүнчлэн Siesta тосны телевизийн сурталчилгаанд мөн адил манай компанийн лого, нэр зэрэг нь гардаг байгаа. Уг бүтээгдэхүүнийг албан ёсоор Монгол Улсад худалдан борлуулдаг, лиценз эзэмшдэгийн хувьд тухайн бүтээгдэхүүний нэр хүндэд халдсан худал мэдээлэл нь манай компанийн нэр хүнд, эрх ашигт нөлөөлөх нь дамжиггүй юм. “Б” ХХК-ийн худалдан борлуулдаг бүтээгдэхүүн Siesta ургамлын тосыг чанартай, баталгаатай гэж итгэж худалдаж олон мянган харилцагч, хэрэглэгчдэд буруу, ташаа ойлголт өгч “Б” ХХК-ийн Siesta ургамлын тосын албан ёсны борлуулагчийн хувьд олж авсан ажил хэргийн нэр хүндийг гутаасан болно. Б.Ц нь өөрийнхөө бичсэн мэдээлэлдээ "Нэг биш нижгээд хүнийг хялбар аргаар хууран мэхэлж болохгүй гэсэн" боловч “Б” ХХК нь бусдыг яаж хуурсан талаар болон түүнийг нотолсон баримтыг шүүхэд огт гаргаж өгөөгүй.
5. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн талаар:
Нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гэм хорын хохиролд 5 878 600 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байдаг. Энэхүү нэхэмжлэлийг Б.Ц нь 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гардаж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан. Хариуцагч нь нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор хариу тайлбар ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт "Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ" гэж заасны дагуу гэм хорын хохиролд гаргуулах 5 878 600 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд, дээрх үндэслэлүүдээр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/00559 дугаартай шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Б.Ц холбогдуулан худал мэдээ тараасан, “Б” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгож, гэм хорын төлбөрт 5 878 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.
Нэхэмжлэгч компанийн экспортоор оруулж ирдэг сиэста /SIESTA/ нэртэй ургамлын тосны талаар өөрийн хөтлөн явуулдаг цахим хуудаст худал мэдээлэл тараан ажил хэргийн нэр хүндийг гутааснаас учирсан хохиролд өмгөөллийн хөлс 2 500 000 төгрөг, орчуулгын зардал 300 000 төгрөг, нотариатын зардал 78 600 төгрөг, ажлын үр дүн буурсан гэдэг үндэслэлээр 3 000 000 төгрөг, нийт 5 878 600 төгрөгийг тооцож гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч байгууллага нь Украйн Улсын Майола трейд хаус компанитай байгуулсан гэрээний дагуу түүний охин компани болох Олияр компанийн үйлдвэрлэсэн ургамлын тосыг сиэста /SIESTA/ барааны тэмдэгтэйгээр Монгол Улсад худалдан борлуулах эрхтэй байна. Уг ургамлын тосны шошго дээрх мэдээллээс үзэхэд Олияр-ийн албан ёсны эрхтэйгээр Украйн улсад үйлдвэрлэв, No GMOs буюу генийн өөрчлөлтгүй гэсэн тэмдэглэгээ тэмдэглэгдсэн байна.
Хариуцагч Б.Ц нь 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр фейсбүүк дэх өөрийн хөтөлдөг “Ээж болох бэлтгэл” нэртэй цахим хуудаст “...Сүүлийн үед маш их олны танил хүмүүс ил болон далд хэлбэрээр сурталчилж, хэрэглэгчдийг хуурч буй хүнсний тос бол яах аргагүй сиэста /SIESTA/ тос юм. Уг тосны гарал үүсэл болон хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй бөгөөд GMO буюу генийн өөрчлөлтгүй гэж бүтээгдэхүүнээ нэрлэн зах зээл дээр борлуулж байгаа! Өнөөдрийг хүртэл хаана, яаж үйлдвэрлэсэндээ хариулт өгч чадахгүй байгааг харахад тэд айсан бололтой. Нэг биш нижгээд хүнийг хялбар аргаар хууран мэхэлж болохгүй...” гэсэн мэдээлэл, тэмдэглэл нийтэлсэн, энэ үйл баримтын талаар маргаагүй болно.
Анхан шатны шүүх хариуцагч Б.Ц нь сиэста /SIESTA/ ургамлын тосны нэрийг дурдан мэдээлэл нийтэлсэн байх боловч уг мэдээлэлдээ нэхэмжлэгч “Б” ХХК-ийн оноосон нэрийг заагаагүй, мөн бүтээгдэхүүний шошго дээр нэхэмжлэгчийн нэр тусгагдаагүй байх бөгөөд тус байгууллагын худалдан борлуулдаг бүтээгдэхүүний талаарх мэдээллийг уг байгууллагын ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг доройтуулсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Иймд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт сиэста тосыг худалдан борлуулах эрхийг нэхэмжлэгч компани нь үйлдвэрлэгчээс авсан гэрээ авагдсан. Уг гэрээгээр худалдан борлуулах эрх олгосон болохоос, үйлдвэрлэгч компанийн бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх эрх олгоогүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/00559 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179 210 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ц.ИЧИНХОРЛОО