Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар  2021/ДШМ/610

 

 

 

 

 

 

    2021            6              22                                       2021/ДШМ/610                              

 

 

А.Е-Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Е-Э даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баатар,

яллагдагч А.Е-Э, түүний өмгөөлөгч Н.Золжаргал,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/1156 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Өнөрбаярын бичсэн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаартай эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баатарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн А.Е-Эд холбогдох эрүүгийн 2006 01889 2154 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн А-ны Е-Э, ......... оны ... дугаар сарын ...-ний өдөр .................. аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ ............................ ажилтай байсан, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт ................. дүүргийн ... дүгээр хороо, ............. дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.........................../;

Яллагдагч А.Е-Э нь 2020 оны 4 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баруун жанжины 27-773 “Б” тоотод байрлах байшингийн гал унтраах албан үүргээ гүйцэтгэх явцдаа “Гал унтраах явцад оролцлоо” хэмээн иргэн Б.Бнгийн цээж хэсэг рүү даралттай усаар шүршсэний улмаас зүрхний булчингийн судас нь гэнэт агшин цусан хангамж дутагдан зүрх зогсож нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.  

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Есөн-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч А.Есөн-Эрдэнийн өмгөөлөгч Н.Золжаргал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15 дахь хэсэгт зааснаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай хүсэлтийг гаргаж байна.

Шүүх хүсэлтийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа хийх нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй байна. Хохирогчийн өвчний талаар тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох эсэх, шинжээч нараас дахин мэдүүлэг авах замаар асуудлыг тодруулах шаардлагатай байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчдын эрхийг хуульд заасны дагуу эдлүүлэх нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр А.Е-Эд холбогдох эрүүгийн 2006 01889 2154 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч А.Е-Эд урьд авагдсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Н.Өнөрбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Үндэслэл нь анхан шатны шүүхийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийгдээгүй байна. Хохирогчийн өвчний талаар тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох эсэх, шинжээч нараас дахин мэдүүлэг авах замаар асуудлыг тодруулах шаардлагатай байна гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнд:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцээд 2020/ДШМ/1450 дугаартай магадлалаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/3234 дугаартай захирамжийн 1, 2, 3 дахь заалтад заасан ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр прокурорт хэргийг буцааж 4 дэх заалт буюу дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах гэсэн заалтыг хүчингүй болгож прокурорын эсэргүүцлийг хэсэгчлэн хүлээн авсан байна.

Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд хохирогчийн өвчний талаар тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох эсэх гэх үндэслэлийг дурдсан бөгөөд ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь тодорхойгүй, дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах эсэх нь тодорхойгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх хуулийн шаардлагыг зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах заалтыг дахин шүүгчийн прокурорт буцаасан захирамжийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ...” гэх хуулийг заалтыг зөрчсөн байна.

Хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 895 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд дахин 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 853 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/1156 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч А.Е-Эд холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоож, хуралджээ. Энэ тухай хохирогч талд огт мэдэгдээгүй бөгөөд цар тахлын хөл хориог далимдуулж хохирогч талын санал хүсэлтийг сонсолгүй 2021/ШЗ/1156 дугаартай шүүгчийн захирамж гаргаж, бүтэн жил гаруй хэргийг шийдэлгүй удаашруулж, элдэв шалтаг, тайлбар хэлж хойшлуулсаар байгаад гомдолтой байна. Ийм тодорхой хэргийг шийдэхгүй байгаад гайхаж байна. Амь хохирогч архаг хууч өвчингүй, эрүүл саруул, хөнгөн шингэн хүн байсныг бүгд гэрчилнэ. Шинжээчийн дүгнэлт хуульд болон бодит үнэнд нийцсэн байдаг. Бүх зүйл цахим болсон энэ үед ямар ч өвчний түүх байдаггүйг цагдаагийн байгууллага удаа дараа шалгаж, тогтоосон байгаа. Заавал хууч өвчтэй байсан мэтээр харагдуулах гэж зүтгээд байдаг нь туйлын ойлгомжгүй байна. Харин яллагдагчийн талд хэргийг шийдвэрлэх гэж, түүнд ял завших боломж олгох гэж хэргийн явцыг удаашруулж байна гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний бие харж байна. Хүний амь хохирсон хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Яллагдагч А.Е-Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Н.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс талийгаач нь зүрхний өвчтэй байсан эсэх талаар харьяа дүүргийн эмнэлэг болон бусад төрөлжсөн эмнэлгээс лавлагаа гаргуулахаар заасан. Гэтэл прокурор давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгасан ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүй, магадлалын биелэлт бүрэн дүүрэн хангагдаагүй. Эдгээр баримт авагдаагүй тул А.Е-Э гэм буруугаа батлах тайлбар дүгнэлт хэлэх боломжгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан 2 шинжээчийн дүгнэлтээр талийгаачийг архаг зүрхний өвчтэй байсан тул үүний улмаас цусны цочмог дутагдалд орж нас барсан гэсэн. Хавтас хэрэгт авагдсан талийгаачийн эхнэр болох гэрч Энхдөлийн мэдүүлгээр “...манай нөхөр ямар нэг архаг хууч өвчингүй боловч эмнэлгийн карттай...” гэж мэдүүлсэн. Хэрэв прокурор эмнэлгийн картыг нь хэрэгт хавсаргасан бол үндэслэлтэй болох байсан. Иймд шүүгчийн захирамжид тусгасан ажиллагааг хийлгүүлэх хүсэлтэй байна.” гэв.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Н.Өнөрбаярын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баатарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад А.Е-Эд холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/1156 дугаартай шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Учир нь, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ДШМ/1450 дугаартай магадлалаар “...А.Е-Эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоогоогүй байх тул  ...гал унтраах хошуугаар гарах шингэний даралт өөр өөр байдаг байх тул усны даралтын хэмжээг хэргийн үйл баримт болсон үеийнхээр тогтоох боломжгүй бол ажлын байрны тодорхойлолтод заасан гал түймэр унтраах бодисын даралтын хэмжээг зохицуулсан дүрэм, журамд гал түймэр унтраах даралтын хэмжээ хамгийн багадаа болон ихдээ ямар даралтаар гардаг, хэрэг болсон цаг хугацааны нөхцөл байдлыг үнэлэхэд ямар даралтаар ажиллах байсан асуудлыг боломжит байдлаар тогтоож, тодруулах, ...яллагдагч А.Е-Э нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа тухайн гэмт хэрэгт холбогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж зааснаар зохих хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, ...гал гарч байсан байшингийн баруун талын цонхны хажууд зогсож байсан гал сөнөөгч хэд гэсэн номертой гал сөнөөгч байсан, гал сөнөөгч А.Е-Э аль байрлалд зогсож байсан, гэрчийн мэдүүлэгт дурдсан байрлал нь хэд дугаартай гал сөнөөгчийн байрлал эсэх гэх шүүгчийн захирамжийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай...” гэж үзэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/3234 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Хэдийгээр А.Е-Эд холбогдогч эрүүгийн хэрэгт Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн захирагч Д.Ууганбаярыг иргэний хариуцагчаар тогтоож, түүнээс мэдүүлэг авсан байх боловч гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татсантай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Мөн талийгаач Б.Бн нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин буюу зүрх томрол /520гр/, титэм судасны хатуурал, зүрхний булчингийн сорвижилт, судасны хатуурал өвчинтэй байсан гэсэн онош тавигдсан гэх үндэслэлээр харьяа дүүргийн эмнэлэг болон бусад мэргэжлийн төрөлжсөн эмнэлгүүдээс лавлагааг гаргуулан авахыг анхан шатны шүүхээс даалгасан байх боловч Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гэж хаягласан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2733-4/919 дугаартай “...Б.Бн нь танай эмнэлэгт зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин буюу зүрх томрол, титэм судасны хатуурал, зүрхний булчингийн сорвижилт, судасны хатуурал, өвчний оноштойгоор эмчлэгдэж хяналтад байсан эсэх хэрэв эмчлэгдэж, хяналтад байсан бол өвчний түүхийн хуулбарлаж өгнө үү...” гэх албан бичигт зааснаас өөр ажиллагаа хийгдээгүй, уг албан бичгийн хариу хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.” гэж заасан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс гал түймэр унтраах даралтын хэмжээ хамгийн багадаа болон ихдээ ямар даралтаар гардаг, хэрэг болсон цаг хугацааны нөхцөл байдлыг үнэлэхэд ямар даралтаар ажиллах байсан асуудлыг боломжит байдлаар тогтоож, тодруулахыг даалгаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байх боловч үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ДШМ/1450 дугаартай магадлалаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/3234 дугаартай шүүгчийн захирамжийн 4 дэх хэсэгт заасан “...шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах ажиллагааг хийх шаардлагагүй, энэ талаар дүгнэлт хийн шийдвэрлэх боломжтой...” гэж дүгнэн шийдвэрлэсэн байх боловч анхан шатны шүүхээс “...дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох эсэх, шинжээч нараас дахин мэдүүлэг авах замаар асуудлыг тодруулах шаардлагатай...” гэж дахин энэ талаар буруу дүгнэснийг энэхүү магадлалаар зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд прокурор Н.Өнөрбаярын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/1156 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/1156 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Өнөрбаярын бичсэн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаартай эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баатарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ                                              

 

                        ШҮҮГЧ                                                                  Д.МӨНХӨӨ

 

 

                        ШҮҮГЧ                                                                  Б.АРИУНХИШИГ