Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/45

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх,

улсын яллагч Э.Нямбилэгт,

хохирогч Б.Батсайхан

шүүгдэгч М.Манлайбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Рэгзэн овгийн Мягмарсүрэнгийн Манлайбаатарт холбогдох эрүүгийн 201708000028 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд 1981 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1-р баг, Сансарын 2-19 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 85 дугаарт шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Рэгзэн овгийн Мягмарсүрэнгийн Манлайбаатар /РД: ЗН81010719/

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч М.Манлайбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 02 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сансарын 1-64 тоотод иргэн Б.Батсайханыг зодож бие махбодид нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудын талаар. Үүнд:

 

1. Шүүгдэгч М.Манлайбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...2017 оны 02 дугаар сарын 06-ны орой гэртээ байж байгаад 21 цаг өнгөрч байхад дэлгүүр орж 00-н цаас авахаар гарсан. Тэгээд сумын төвийн дэлгүүр орж 00-н цаас авах гэтэл дууссан байсан. Тэгэхээр нь дэлгүүрээс гараад Батсайхан, Хүүбаатар 2-той таарсан бөгөөд тэр 2 нэг шил 750 граммын архи барьчихсан явж байсан бөгөөд намайг хамт явья уурын зуухны хойно Энхболорынд очъё гэхээр нь би дагаад хамт явсан. Тэгээд уурын зуухны хойно Энхболорынд орж архиа хувааж ууцгаасан. Тэднийд Энхболор эхнэр хүүхэдтэйгээ байсан. Архиа ууж дуусгаад байж байтал Батсайхан дахиад нэг юм ууя гээд нэмэрлэх юм байна уу гээд 5000 төгрөг гаргаад ирэхээр нь би тэр мөнгөн дээр 6500 төгрөг нэмж Хүүбаатарын хамт явж дэлгүүр орж нэг шил Ерөөл архи авчраад тэдний гэрт хувааж уусан. Тэднийхээс гараад Хүүбаатар, Батсайхан бид 3 үргэлжлүүлээд караокед орохоор болсон. Манай гэрлүү би эхнэрээсээ мөнгө авахаар болоод явцгаасан. Гэрт ороод эхнэрээсээ мөнгө нэхэхэд 20000 төгрөг өгөхөөр нь би энэ мөнгө чинь хүрэхгүй гээд өөдөөс нь шидэхэд Хүүбаатар манай гэрийн үүдэнд зогсож байгаад гараад явчихсан. Харин Батсайхан надад яах гээд байгаа юм бэ наад мөнгө чинь хүрнэ ш дэ ухааны юм ярихаар нь би түүнд уурлаад чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд гэрийн үүдэнд зуухны өмнө зогсож байхаар нь цээжний хэсэгт нь нэг удаа цохиход Батсайхан юу гэж хэлснийг нь би сайн санахгүй байна ямар ч байсан гараад явчихсан. Тэгээд би гэрт нэг хэсэг байж байгаад гадаа гарахад Батсайхан гэрийн гадаа хашаан дотор байж байхаар нь яваад очиход Батсайхан гараараа миний хамранд цохиод авахаар нь зөрүүлээд би түүнийг баруун гараа зангидаж байгаад нүүрэнд нь нэг удаа цохиод унагаасан. Газар унаад доошоо хараад унахаар нь би дээрээс нь цээжрүү нь өшиглөсөн мөн гараараа хэд хэдэн удаа цохисон. Одоо бодоод байхад түүний цээжрүү шар өнгийн иштэй овтеркаар дүрж байсан санаанд орж ирээд байгаа юм...гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/

2. Хохирогч Б.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал суманд Пароди хамтлаг ирээд тэрийг үзэж дуусаад М.Манлайбаатартай таараад бид найзындаа очиж 2 шил архи ууж дуусаад Д.Манлайбаатарын гэр лүү нь явсан. Тэгээд М.Манлайбаатар эхнэрээсээ 20.000 төгрөг аваад эхнэртэй бага мөнгө байна гэж хэлэхээр нь би наад мөнгө чинь болно гэж хэлээд бид хоёр маргалдсан. М.Манлайбаатар уурлаад байхаар нь би гэрээс нь гараад хажуу талд нь  аавынд нь сууж байгаад гарч ирээд машины хажуу талаар явтал намайг цохиж унагасан. Нэг мэдсэн чинь М.Манлайбаатарын дүү болох Тунгаа нь намайг босоод зугтаагаарай гэж хэлэхээр нь босож зугтаад хашааны баруун талд сууж байтал намайг утсаар дуудаад эмнэлэг орсон. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. М.Манлайбаатар нь хохирол төлбөрөө барагдуулсан гэсэн мэдүүлэг

3. Гэрч Д.Бадамханд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

2017 оны 02 дугаар сарын 06-ны орой манай нөхөр Б.Батсайхан суманд ирсэн Пароди хамтлагийн тоглолт үзнэ гээд 19 цаг өнгөрч байхад найз Хүүбаатарын хамт гэрээсээ гарсан. Тэгээд орой 22 цаг өнгөрч байхад ирэхгүй болохоор нь нөхөр лүүгээ залгахад би одоо очлоо Энхболорынд байна гэсэн. Тэгээд би хэсэг зуур унтаад өгсөн байсан. 22 цаг 40 минутын үед манай нөхөр над руу залгаад би хүнд алуулахнээ ирээд ав гэхээр нь хэнд вэ гэсэн чинь Манлайбаатар алах гээд байна гэсэн. Тэгэхээр нь чи хаана байна гэхэд гэрээс нь урагш айлын гадаа байна гэсэн. Би хувцасаа өмсөөд яваад очиход Манлайгийн хашааны урд Баясаагийн хашааны гадаа ганцаараа доошоо харчихсан нүүрээ дараад сууж байсан. Намайг очиход түүний баруун нүд нь битүү хавантай, хамар болон баруун шанаанаас нь цус гоожиж байсан. Тэгээд би түүнийг аваад Баянтал сумын эмнэлэг орсон. Батсайхан надад хэлэхдээ Манлайбаатарт зодуулчихлаа гэхээр нь яагаад зодсон юм бэ гэхэд гэрээ нь гараад ирэхэд намайг цохиод унагаасан, цаашаа юу болсныг мэдэхгүй байна гэж байсан. Эмнэлэг орж үзүүлэхэд түүний баруун талын хөхний дээд хэсэгт юмаар дүрсэн мөр байсан бөгөөд түүнээс нь цус гоожоод, эмч үзээд отверкоор дүрсэн байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд шууд аймгийн нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн машинаар авчраад хүлээн авахын өрөөнд хонуулсан. Өглөө нь үзүүлэхэд Улаанбаатар хот явж КТГ-ын зураг авхуул гэж хэлээд бид нар Улаанбаатар хот явсан. Улаанбаатарт КТГ-ы зураг Натур Үүдэн гэх хувийн эмнэлэгт тархи толгойны зураг авахуулсан. Хамарны хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Өмнө нь Манлайбаатар Батсайхан нар ноднин өвөл манай гэр хажуу айлын ядарсан эрэгтэй хүн байдаг юм. Тэр хүнийг манайд байхад нь дээрэлхээд байхаар нь түүнийг өмөөрөөд маргалдаж байсан. Өөр бол муудалцаж маргалдсан талаар надад мэдэх зүйл байхгүй  гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/

4. Гэрч Ц.Энхболор мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

Намайг 2017оны 02 сарын 06-ны өдөр гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт байж байхад орой 21 цагийн үед манай Манлайбаатар, Батсайхан нэг танихгүй залуугийн хамт орж ирсэн. Орж ирэхдээ нэг шил архитай орж ирсэн. Тэгээд бид нар түүнийг нь хувааж уугаад дуусахад Манлайбаатар, танихгүй залуу 2 дахиад нэг шил яваад ирсэн. Тэгээд бид нар манайд 2 шил 750 граммын Ерөөл архи уусан бөгөөд манайхаас караокед орно гээд гарцгаасан. Хэдэн цаг болж байсныг нь мэдэхгүй байна. Манайд бас галч Сандагсүрэн байсан бөгөөд тэр ажилтай байсан. Архинаас уугаагүй байх уувал ганц нэг л татсан байх тэгээд л би гэртээ үлдсэн. Тэд нар манайхаас гарахдаа инээлдэж хөөрөлдөөд гараад явсан. Манайд ямар нэгэн муудаж маргалдсан асуудал байхгүй. Түүнээс хойш юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Манлай, Батсайхан танихгүй залуу 3 манайхаас яг хэдэн цагт гарсан гэдгийг нь сайн санахгүй байна. 22 цаг л өнгөрч байсан байх гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28 хуудас/

5. Хохирогч Д.Заяат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би М.Манлайбаатар гэх хүнийг орчим жилийн өмнөөс танина. Манлайбаатарынх манай хашаанд байдаг байсан юм. Харин 2016 оны 8-р сараас эхлэн бид 2 дотно танилцаж хамтран амьдрахаар шийдэж нэг гэрт амьдрах болсон. Бид 2 бол албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Хамтран амьдрагч л гэж явдаг юм. 2017 оны 02 сарын 06-ны орой Баянтал сумын 1-р баг Сансар 1-64 тоот хашаанд байх гэртээ байж байтал 22 цаг өнгөрч байхад Манлайбаатар нь Батсайхан, Хүүбаатар нартай хамт 3-лаа согтуу орж ирсэн. Манай хашаанд Манлайбаатарын ээжийнх байдаг бөгөөд манай /зүүн талын гэр/ хашаанд 2 л гэр байдаг. Орж ирээд Манлайбаатар надаас мөнгө өгчих архи авах гэсэн юм гэхээр нь яах гээд байгаан юм бэ? гэхэд дэлгүүр хоршоо хаачаад байна гэхэд мөнгө өг пиздаа минь гээд байхаар нь би түүнд 20.000 төгрөг өгөхөд энэ мөнгө чинь хүрэхгүй дахиж мөнгө нэмж өг гээд байсан. Өөр нэмж өгөх мөнгө алга гэхэд миний өөдөөс 20.000 төгрөгийг буцаагаад пиздаа минь энийгээ ав гэж хэлээд шийдсэн. Намайг зодох гээд далайгаад байсан. Би түүнийг согтуу болохоор нь өөдөөс нь юм яриагүй. Надаас Манлайбаатарыг мөнгө нэхэж байхад Хүүбаатар гараад явчихсан. Тэгээд Батсайхан үлдсэн бөгөөд үүдэнд зогсож байсан. Манлайбаатарт Батсайхан мөнгө нэмж авч яах гээд байгаа юм бэ? гэхэд чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлээд Манлай үүд рүү түүн дээр очсон. Би гэрийнхээ зүүн урд хэсэгт бандан дээр буруу хараад аяга угаагаад зогсож байсан. Батсайханыг зодож цохисныг нь бол мэдээгүй. Тэгээд удалгүй Батсайхан гэрээс гараад явчихсан. Манлайбаатар намайг хараагаад зодох гээд байхаар нь би түүнд юу ч хэлээгүй. Тэгээд Батсайханы араас Манлайбаатар гараад явчихсан. Тэгээд гэрт аяга угаагаад дуусахад гадаа хүмүүс хоорондоо муудах маргалдах чимээ гарахаар нь гараад очиход гэрийн үүдэнд хашаан дотор Манлайбаатар Батсайхантай маргалдчихсан Батсайхан газар доошоо хараад хэвтчихсэн байхаар нь би Манлайбаатарт хандаад чи болиоч гэхэд над руу дайраад чамд хамаагүй пиздаа минь гээд дийлдэх шинжгүй болохоор нь би гэртээ эргээд орсон. Тухайн үед хэдэн цаг болж байсныг бол мэдэхгүй байна. Тэгээд гадаа нам жим болохоор нь гараад очтол Батсайхан нөгөө газраа хэвтэж байсан бөгөөд Манлайбаатар хашааны гадаа Хүүбаатартай хэрэлдээд чаддаг юм бол хүрээд ир гээд орилоод байсан. Тэгээд намайг гэрийнхээ үүдэнд зогсож байхад нөгөө гэрээс Манлайбаатарын дүү Оюунтунгалаг гарч ирээд Батсайхан дээр очоод босгож өндийлгөсөн. Харанхуй байсан бөгөөд би гэрийнхээ үүднээс хараад зогсоод байсан. Батсайхан ямар байдалтай байсныг би хараагүй. Оюунтунгалаг Батсайхныг босгоод байж байхад Манлайбаатар хашааны гаднаас орж ирсэн бөгөөд дахиад зодох гээд Батсайхан руу дайраад байсан. Тэгэхэд нь харин Оюунтунгалаг хориод Батсайхныг хашааны хаалгаар гаргаж явуулсан. Тэгэхээр нь би Манлайбаатар дээр болиоч чи гэхэд дахиад над руу агсраад байсан. Тэгснээс Хүүбаатарын араас Манлайбаатар хашаанаас гараад явчихаар нь Оюунтунгалагтай хамт айлд очиж цагдаад дуудлага өгсөн бөгөөд эргээд гэртээ ирэхэд Манлайбаатар гэртээ ирчихсэн байсан. Гэртээ ороход чи муу пиздаа надад мөнгө өгсөнгүй гээд уурлаад байхаар нь бие засаад ирье гэж хэлээд гарсан бөгөөд гараад гэрийн баруун талд зогсож байхад Манлайбаатар араас гараад ирэхээр нь би хашаанаас гараад урагшаагаа түүнээс зугтаагаад гүйсэн бөгөөд тэр намайг дагаад туулгаад хөөж байгаад хашаанаасаа нилээн урагш 70-80 орчим метр газар барьж аваад намайг шууд зодсон. Баруун гараараа зангидаж байгаад миний нүүрний зүүн нүд, хамар, зүүн нүдний доод хэсэгт 1 удаа цохисон. Цохиулаад миний нүүр их өвдсөн бөгөөд намайг тэр мөрнөөс татаж босгоод гэр рүү чирээд явж байхад манай гэрийн үүдэнд цагаан машинтай хүн ирсэн. Тэгээд тэр машинаас цагдаа бууж ирээд Манлайбаатарыг аваад явсан. Намайг Манлайбаатар намайг зодоход хажууд хэн ч байгаагүй бөгөөд Оюунтунгалаг гэртээ орчихсон байсан. Миний биеийн байдал хэвийн болсон өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Батсайхан Манлайбаатар нарыг юунаас болж маргалдсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Манлайбаатарыг надаас архины мөнгө нэхэж байхад Батсайхан түүнд боль гэж хэлэхэд л Батсайханд уурлаад байсан. Түүнээс болсон ч байж магадгүй юм гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-22-р хуудас/

6. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 84 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 

  • М.Манлайбаатар-н биед хамрын нуруугаар зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  • Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг саринулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
  • Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно. ...” /хх-ийн 39-р хуудас/,

7. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 

  • Д.Заяатын биед зүүн нүдний зовхинд, зүүн хацарт цус хуралт, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд учирчээ.
  • Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  • Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 30-х хуудас/

 8. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 

  •  Б.Батсайханы биед баруун хоншоор ясны өмнөд хана, баруун нүдний ухархайн доод ирмэг дайрсан цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун нүдний салстын цус хуралт, духанд, хамрын зүүн талаар, баруун чамархайд, цээжинд хатгагдсан шарх гэмтэл учирчээ.
  • Баруун чамархайн, цээжний баруун талын хатгагдсан шарх гэмтэл нь иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн чиглэлээр үүсгэгдэнэ.
  • Баруун хоншоор ясны өмнөд хана, баруун нүдний ухархайн доод эрмэг дайрсан цөмөрсөн хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам –ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  • Хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд доод зовихны цус хуралт, баруун нүдний салстын цус хуралт, духанд, хамрын зүүн талаар, баруун чамархайн цус хуралтууд, баруун чамархайн цээжинд хатгаглсан шарх гэмтлүүд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно. /хх-ийн 34-35-р хуудас/                                                                          

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглууж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, Говьсүмбэр аймгийн прокурорын газраас М.Манлайбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч М.Манлайбаатарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 02 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сансарын 1-64 тоотод иргэн Б.Батсайханыг зодож бие махбодид нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Манлайбаатарт ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч Б.Батсайхан нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх, хувийн байдал зэргийг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Шүүгдэгч М.Манлайбаатарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн певор бариултай, 19.5 см урттай, ажлын хэсэг 10 см урттай отверка 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж устгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Манлайбаатар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, бичгийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Рэгзэн овгийн Мягмарсүрэнгийн Манлайбаатарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Рэгзэн овгийн Мягмарсүрэнгийн Манлайбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч М.Манлайбаатар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч М.Манлайбаатар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, бичгийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч М.Манлайбаатарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн певор бариултай, 19.5 см урттай, ажлын хэсэг 10 см урттай отверка 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говьсүмбэр аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж устгуулсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Манлайбаатарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ