Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0940

 

 

 

 

 

 

 

 

    2022         12          12                                  128/ШШ2022/0940

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Н******

Хариуцагч: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.У*******

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Н******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******, гэрч Б.А******, нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Х.Н******аас “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/315 тоот дугаартай тушаалыг хүчингүй болгож, Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ

2. Нэхэмжлэгч Х.Н****** нь 2007 оноос мэргэжлийн хяналтын байгууллагад мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн даргаар ажилласан байна.

3. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/315 дугаартай “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалаар нэхэмжлэгч Х.Н******т “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан байна.

4. Нэхэмжлэгч Х.Н****** нь уг тушаалыг эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад өгсөн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1884 дүгээр  албан бичгээр “... шүүхийн байгууллагад хандах нь зүйтэй” гэх хариуг авсны дагуу шүүхэд ханджээ.

5. Нэхэмжлэгч Х.Н****** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад орж, тусгай шалгалт өгч тэнцэж томилогдсон байгаа. Өмнө нь тус газрын Экспортын бүртгэлийн хорио цээрийн хяналтын хэлтэст улсын байцаагчаар ажиллаж байсан. Тусгай шалгалтаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төрийн албаны салбар зөвлөлд шалгалтаа өгсөн. 2022 оны 01 дүгээр сараас Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар мэргэжлийн хяналтын хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гарсан. Албажаагүй ч гэсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд хэвлэлээр зарласан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсын Засгийн газрын дарга хэвлэлийн мэдээллээр зарлаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт шалгалтын удирдамж баталсан байсан ба тус удирдамжийг түр зогсоосон албан бичиг өгсөн. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төлөвлөгөөт хяналт шалгалт зогссон байсан. Төлөвлөгөөт бус буюу аж ахуй нэгж, иргэдийн гомдлоор хяналт шалгалт явагдаж байсан. Хяналт шалгалтын үйл ажиллагаа харьцангуй багассан байх үед 5 дугаар сарын 11-ний өдөр хэвлэлээр махны асуудал гарч ирсэн. “Нэгүн” цахим хуудсаар махны асуудал үүсэж 5 дугаар сарын 11-ний өдрөөс “Нэгүн” цахим хуудас гомдол гаргаж, гомдлын дагуу шалгаад шалгалтын үйл ажиллагаа явуулж байгаад Нийслэлийн хэмжээнд Шадар сайдын зүгээс чиглэл өгч, махны үйлдвэрүүдийг бүгдийг нь шалга, төлөвлөгөөт хяналт шалгалт зогсоосон нь хамааралгүй, төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийн дагуу шалга гэсэн. Эхлээд “Нэгүн” цахим хуудсын гомдлын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгээд түүнээс хойш үргэлжлүүлэн төлөвлөгөөт хяналт шалгалт явуулсан. 5 дугаар сарын 11-ний өдрөөс хойш махны бүх үйлдвэрүүдээр хяналт шалгалт хийгээд 6 дугаар сарын 01-ний өдөр “Нэгүн” цахим хуудаст дахин нэг асуудал үүссэн. Нэг газар махаа шөнөөр ачиж хот руу ард иргэд рүү нийлүүлэх гэж байна гээд тухайн үйл ажиллагааг нь зогсоогоод агуулахад нь аваачиж хадгалаад үйл ажиллагааг хийж байсан. Шалгалтын үйл ажиллагааг хийгээд, хяналтаа тавиад 5 дугаар сарын 11-ний өдрөөс хойш би өөрөө Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч, Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын даргыг байцаагч нарын хамт үйл ажиллагааг тасралтгүй ажиллаад зарим үедээ 24 цагаар, зарим үедээ ажлын цагаар ажиллаж хяналт шалгалтаа хийж байсан. Бүх махнуудын тоо хэмжээг гаргаад, лацадсан. Тухайн махнууд нь голдуу экспорт хийх зорилгоор дулааны аргаар боловсруулж хадгалж байсан. Бүх үйлдвэрт махнуудын тоо хэмжээг гаргаад, лацдаад, лабораторийн шинжилгээнд өгөхөд лабораторийн шинжилгээгээр зарим нэг махнууд нь аюулгүйн үзүүлэлт буюу эрүүл ахуйн үзүүлэлтээр шаардлага хангахгүй байсан. Тухайн бүтээгдэхүүнүүдээс давтан дээж аваад үйл ажиллагаа үргэлжлээд явж байсан. Тэр хооронд Шадар сайдад ажлын хэсэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргатай хамт дүгнэлтээ танилцуулсан. Шадар сайдын өрөөнд 12 цагт ороод 13 цагт бүх зүйлээ танилцуулсны дараа 14 цагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт бүх дарга нарыг дуудсан. Тухайн хурал дээрээ Шадар сайд үйл ажиллагаандаа хариуцлагагүй, удаан, хойрго хандсан байна гэсэн үндэслэлээр нэр бүхий хүмүүсийг дуудан ажлаас халах чиглэл ирсэн. Шалгалтын үйл ажиллагаа үргэлжлээд шинжилгээний хариу нь мэргэжлийн хяналтын зүгээс хамааралгүй лабораторид байдаг. Лабораторид шинжилгээний хариу 20 хоногоос 21 хоногт, заримдаа 30 хоногт гардаг ба шалгалтын үйл ажиллагаа дуусаагүй байсан. Улсын байцаагч нар авсан. 5 дугаар сарын 11-ний өдөр асуудал үүссэнээс хойш шинжилгээ аваад шинжилгээний хариу эерэг гарахад давтан дээж өгдөг. Давтан дээжийг өгөөд 2, 3 дахь дээжийн шалгалтын шатанд явагдаж байсан. Махнуудыг устга гэсэн чиглэл өгсөн. ...Тухайн махнуудыг устгах шаардлага нь аюулгүй үзүүлэлт, нян судлал, бактери илэрсэн гэж лабораторийн хариу гарснаар улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн устгах үйл ажиллагаа явагддаг ба тус ажиллагаандаа хүрээгүй байсан. 9 дүгээр сарын эхээр шинжилгээний хариу гараад тодорхой хэдэн компаниудын махыг устгахаар зөвлөлд өгсөн. Намайг ажлаа өгснөөс хойш шинжилгээний хариу нь муу гараад түүнийг устгахаар зөвлөлд өгөөд одоогоор бүрэн устгаагүй байгаа. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт нь зөвхөн ард иргэд, аж ахуй нэгжийн гомдлоор хийгддэг ба гомдол ирсний дагуу хяналт шалгалт хийсэн. Улсын байцаагч эсвэл дарга нь өөрөө үйлдвэр, аж ахуй нэгжийг шалгахгүй. Монгол Улсын Засгийн газраас аман байдлаар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас удирдамжаар олгосон гэсэн бичиг өгсөн байсан. Оны эхэнд удирдамжаа баталдаг ба удирдамжийн дагуу хяналт шалгалт хийгдэх байтал хяналт шалгалтын түр зогсоо Мэргэжлийн хяналтын газрын үүрэг ирсэн ... Зөвлөн туслах, ард иргэдэд сэрэмжлүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгдөг байсан. 2020 он, 2021 онд зөвхөн ковид цар тахлын хяналт шалгалт хийгдэж байсан. Ковид цар тахлын вакцины оочир дараалал, аюулгүй байдал гэсэн шалгалтууд байсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын тус тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Анх 5 дугаар сарын 18-ны өдөр 501 дүгээр удирдамж батлаад түүний дагуу Эмээлт орчмын мах боловсруулах, хадгалах үйлдвэрүүдээр төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамж баталж хяналт шалгалт хийсэн. Маргаан бүхий асуудал юунаас үүссэн бэ гэвэл “******” ХХК-ийн агуулахад хадгалагдаж байсан махыг улсын байцаагчид мэдээлээгүйгээс маргаан бүхий асуудал үүссэн. “******” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн мал эмнэлгийн байцаагч Д.Б****** болон хүнсний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч С.С******, Нийслэлийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Н.А****** гэсэн 3 байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 5 дугаар сарын 20-ны өдөр удирдамжаа гардан авч хяналт шалгалт хийсэн байдаг. 501 дүгээр удирдамж нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Б****** баталсан удирдамж. ... “Нэгүн” цахим хуудсын мэдээллээс болсон. “Нэгүн” цахим хуудсыг гомдол гаргасан гэж үзсэн. “Нэгүн” цахим хуудас тухайн сурвалжилгыг хийхдээ Эмээлт орчмын махны үйлдвэрүүд хяналт шалгалтгүйгээр ажиллаж байна гэсэн утгатай мэдээлэл ирсний дагуу удирдамж батлаад хяналт шалгалт хийсэн. Байцаагч нарын бүрэлдэхүүн тус бүрээр дотоод хяналт шалгалт хийсэн. Асуудал гарсан “******” ХХК-д тухайн 3 байцаагчийн бүрэлдэхүүнтэй ажилласан. Улсын байцаагч нар агуулах дотор нь 1 тонн орчим мах байгааг илрүүлсэн. Тухайн үйлдвэр нь 2018 оноос хойш ковид цар тахлаас хойш үйл ажиллагаа явуулаагүй байсан гэсэн албан бичгийг ирүүлсэн. Үйл ажиллагаагүй явуулалгүй мах хадгалагдаж байгаа гэдэг нь зөрчил болох үндэслэлтэй тул улсын байцаагч нар зөрчлийн хэргээ нээж цаашид үргэлжлүүлж явах боломжтой байсан гэсэн үндэслэлээр 3 байцаагч маргаж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад 2 байцаагчийн шийдвэр нь гарсан ба 1 нь маргааны шатандаа явагдаж байгаа. Тухайн 3 байцаагч ажлаас халагдсан байгаа. 2 байцаагч нь эрх үүргээ хэрэгжүүлээгүй халагдсан тушаал нь үндэслэлтэй байна гэсэн үндэслэлээр шийдвэр гарсан. Гол маргаан бүхий акт нь тус асуудлаас үүсэлтэй. Хяналт шалгалт хийгээгүй, эрх үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр тухайн 3 байцаагчийг халсан. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 01/1226 дугаар албан бичгээр нэр бүхий албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуул гэсэн. Тус албан тушаалтнууд дунд Х.Н****** даргын нэр байдаг. Тухайн байцаагчид нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан шаардлага стандартад заасан эрх үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй, тухайн улсын байцаагчдыг удирдах албан тушаалтны хувьд чиглүүлж ажиллаагүй гэсэн үндэслэлээр халсан байдаг.” гэжээ.

    ҮНДЭСЛЭХ нь:

 Х.Н******ын нэхэмжлэлтэй Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар цугларсан нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд  хангаж шийдвэрлэв.

1. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/304 дугаар тушаалаар Х.Н******ыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн даргаар томилсон байна.

2. 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шалгалтын мөрөөр арга хэмжээ авах тухай  01/1226 дугаар албан тоот, уг албан тоотын хавсралт “Дотоод хяналт шалгалт хийсэн тухай” танилцуулга, чиглэлийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/315 тоот дугаартай тушаалаар Х.Н******т “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/44 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, гүйцэтгэх чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон, төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан байна.

3. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/315 тоот дугаартай тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.15, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6. 10.7 дахь хэсэг. 10.9.7. 10.9.8, 10.9. 10. 10.9.11 дахь хэсэг, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.1, 3.3.1, 3.3.4, 3.4.3, 6.1, 8.1, 8.2, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/83 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 10.3 дэх хэсэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/78 дугаартай Дотоод хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу хийсэн Дотоод хяналт шалгалт хийсэн тухай танилцуулгад үндэслэжээ.

4. Үүнийг нэхэмжлэгч Х.Н****** эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөл хүлээн авч хянаад 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1884 дугаар албан бичгээр “Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 8.2 дахь хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 48.1.1, 48.1.2-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар Төрийн албаны зөвлөл, 48.1.3, 48.1.4-т заасан шийтгэл ногдуулсан талаар шүүхэд тус тус гомдол гаргана.” гэж заасан тул тухайн асуудлаараа шүүхийн байгууллагад хандах нь зүйтэй.” гэсэн хариуг өгсний дагуу нэхэмжлэгч Х.Н****** 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5. Нэхэмжлэгч Х.Н******ын  зүгээс албан үүргээ гүйцэтгэх явцдаа дээрх тушаалд заасан бүх хуулийн заалт, журмыг зөрчөөгүй ажлын байрны тодорхойлолт болон үр дүнгийн гэрээнд заасан бүх эрх үүргийнхээ хүрээнд ажилласан нь хяналт шалгалтын танилцуулга болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байхад хариуцагчаас “...Х.Н****** нь зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй, удирдамжид заасан хяналт шалгалтын арга хэлбэрийг бүрэн хэрэгжүүлээгүй, хууль тогтоомжид заасан удирдах албан тушаалтны эрх үүргийг хэрэгжүүлээгүй, мэргэжил арга зүйн зөвлөгөөнөөр бүрэн хангаж ажиллаагүй тул сахилгын шийтгэл ногдуулсан…” гэж  тус тус маргаж байна.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаар авагдсан, маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01/1226 дугаартай “Хяналт шалгалтын мөрөөр арга хэмжээ авах тухай” албан тоот, түүний хавсралт “Дотоод хяналт шалгалт хийсэн тухай танилцуулгын 5.3-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт  хийх тухай” 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02-01/501 дугаартай удирдамжийг  баталсан, хийгдсэн хяналт шалгалтыг ахалсан, удирдан зохион байгуулсан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын... ХАБХААХХ-ийн дарга Х.Н****** ... нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргыг 02-01/501 дугаартай 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулж, зөрчил илэрсэн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоож, лацдаж, битүүмжилсэн гэх үндэслэлгүй мэдээллээр удирдлагыг хангасан нь Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 37.1.15 “харьяа дээд шатны албан тушаалтныг ... асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад хуульд нийцсэн бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв... мэдээллээр хангах” гэснийг, Хяналт шалгалтын үйл ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулах, шуурхай удирдлагаар хангах, улсын байцаагчийн боловсруулсан хяналт шалгалтын бичиг баримтыг хянах, Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартыг мөрдүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг удирдан зохион байгуулах чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэснийг тус тус зөрчсөн байна гэжээ.

7.         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02-01/501 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу улсын байцаагчид Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Эмээлт байршилд үйл ажиллагаа явуулж буй мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 19, мал төхөөрөх, боловсруулах 15 үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Дээрх удирдамжийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Н.А******, Д.Б******, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч С.С****** нар нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр "******" ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийсэн гэх бөгөөд тус үйлдвэрийн захирал ирээгүй гэсэн шалтгаанаар эрх үүргээ хэрэгжүүлээгүй, хуульд заасан шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлээгүй. Энэ талаар тус бүрэлдэхүүнийг ахлан ажиллаж байсан удирдлагад танилцуулсан талаар Д.****** нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан. Мөн улсын байцаагчид нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тухайн үйлдвэрт очиход 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй бохир, хог хаягдал ихтэй бөгөөд очих үед нэг агуулахад нь 1000 кг орчим хураалгаатай /мах байж болох/ зүйл байсан, өөр бусад агуулахуудыг цоожтой, түлхүүр нь байхгүй шалтгаанаар шалгаагүй, 2022 оны 05 угаар сарын 20-ны өдрөөс хойш захирлыг нь ирэхийг хүлээсэн гэх зүйл дотоод хяналт шалгалт хийсэн тухай танилцуулгад дурдагдсан байна. Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 31-ний шөнө тус үйлдвэрээс "Улаанбаатар хот руу гарал үүсэл нь тодорхойгүй мах зөөвөрлөж байна" гэх гомдол, мэдээлэл ирсний дагуу хяналт шалгалтыг хийхэд дулааны аргаар боловсруулан савласан, хаяг шошгогүй 464 хайрцаг бүхий 8 тн махыг тээвэрлэж явсан нь тогтоогдсон. Улмаар Х.Н****** нь Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх явцад гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгогүй 1000 кг орчим мах илэрсэн зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй, удирдамжид заасан хяналт шалгалтын арга хэлбэрийг бүрэн хэрэгжүүлээгүй, хууль тогтоомжид заасан удирдах албан тушаалтны эрх үүргийг хэрэгжүүлээгүй, мэргэжил арга зүйн зөвлөгөөг бүрэн хангаж ажиллаагүй үндэслэлээр Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулж 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын  Б/315 дугаар тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.” гэжээ.

8. Гэвч хавтаст хэрэгт авагдсан Х.Н******ын албан тушаалын тодорхойлолтод албан тушаалын зорилтын 1 дүгээр зүйлд “Мэргэжлийн хяналтын холбогдох бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах, биелэлтийг тайлагнах” гэжээ. Мөн энэхүү нэгдүгээр зорилтын хүрээнд

- Байгууллагаас баталсан холбогдох бодлого төлөвлөлтийг нийслэл хэрэгжүүлэх, тайлагнах ажлыг удирдан зохион байгуулах,

- Хяналт шалгалтын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж цаашид авах арга хэмжээг төлөвлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээ авах,

- Хариуцсан хяналтын чиглэлээр эрсдэлийн шалгуур үзүүлэлт, хяналтын хуудсыг боловсронгуй болгох санал өгөх, хяналт шалгалтын объектын эрсдэлийн үнэлгээ хийх, хяналт шалгалтыг мэдээллийн цахим системд бүртгэх, хэрэглэгчийн хяналтын хуудсыг сурталчлах ажлыг арга зүйн удирдлага, зохион байгуулалтаар хангах,

- Харьяалах хяналтын чиглэлээр аж ахуй нэгж, байгууллагын дотоод хяналтыг сайжруулах, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэд, бизнес эрхлэгчдийг мэдээлэл, зөвлөмжөөр хангаж, соён гэгээрүүлэх, зөвлөн туслах ажлыг зохион байгуулах,

- Цаг үеийн шинжтэй болон онцгой нөхцөл байдалд зохих журмын дагуу ажиллах” гэж заасан байхад хариуцагч нь Х.Н******ыг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн даргын хувьд удирдах албан тушаалтны эрх үүргийг хэрэгжүүлээгүй, мэргэжил арга зүйн зөвлөгөөг бүрэн хангаагүй гэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан” нь үндэслэлгүй байна.

9. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь тухайн лацыг хөндөөгүй, мөн лац тавьсны дараа өөр албан тушаалтны заавар чиглэлийн дагуу тухайн дац нь хөндөгдсөн болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байхад “лац тавьсан гэх буруу мэдээллээр удирдлагыг хангасан” гэж үзсэн нь буруу байна.

10. Төрийн албаны тухай хуулийн 37.1.15-т “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах;” гэх үүргээ хэрэгжүүлсэн хэрэгжүүлж байсан гэдэг нь  гэрч Т.Б******ын мэдүүлгээр нотлогдож байна.

11.Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс “тухайн ажлын хэсгийг удирдан явуулж байсан боловч улсын байцаагч нарын үйл ажиллагаанд шууд оролцох, нөлөөлөх эрх хэмжээ надад байхгүй” гэсэн тайлбарыг буруутгах боломжгүй.

12. Тодруулбал, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.1.-т “Хяналт шалгалтын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:  9.1.3-т хяналт шалгалт хэрэгжүүлэх доод шатны нэгж, улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах” гэж заасны дагуу Х.Н****** нь удирдах албан тушаалтны хувьд доод шатны улсын байцаагчийн мэргэжил, арга зүйн удирдлагаа хангаж ажиллах үүрэгтэй байна.

12. Гэвч улсын байцаагч Н.А******, Д.Б******, С.С****** нарын гаргасан зөрчилд Х.Н******т хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй юм. Учир нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.-т “Улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 10.9.10.улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгөө болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй” гэж заасны дагуу улсын байцаагч Н.А******, Д.Б******, С.С****** нар нь хяналт, шалгалт, үзлэгийг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй байсан атал уг үүргээ биелүүлээгүй байхад Х.Н******т сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.  

13. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана: энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасныг тус тус зөрчсөн, дээрх актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/315 тоот дугаартай тушаалаар хүчингүй болгож, тухайн албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалингаас /Т3-9-5/ 994629+/төрийн алба хаасан хугацаа 10%/ 99462=192980 * 3 сар, ажлын 16 хоног =3817480 /гурван сая найман зуун арван долоон мянга дөрвөн зуун ная/ төгрөгөөс холбогдох эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12, заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхи хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Н******аас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/315 тоот дугаартай тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж, ахуйн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3817480 /гурван сая найман зуун арван долоон мянга дөрвөн зуун ная/ төгрөгөөс холбогдох эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОДМАА