Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2022/04795

 

 

 

 

                                                                   

 

 

 

                             2022       11         14

         101/ШШ2022/04795

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, шүүгч Т.Г, шүүгч Д.Я нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Б.М /рд:/,

 

Хариуцагч: Ц. Б/рд:/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 6,626,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Ц.Б, иргэдийн төлөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Б2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хашаандаа хог шатааж байгаад гал алдаж, хөрш хашаанд 1-7-258 тоотод оршин суух Б.М миний 5 ханатай эсгий гэр /давхалгаатай/, эд зүйл хураасан модон амбаар болон бусад эд хогшлын шатааж, дахин ашиглах боломжгүй болгосон тул надад учирсан хохирлыг нэхэмжилж байна. Мөн энэ хугацаанд байр түрээслэн амьдарч байгаа бөгөөд байрны түрээсэнд төлсөн төлбөрийг давхар нэхэмжилж байна. Иймд хариуцагч Ц.Баас гэм хорын хохиролд 8,026,920 төгрөгийг гаргуулж өгнө үү.

            Б.М би иргэн Баас нэхэмжилсэн түрээсийн төлбөр болох 1,400,000 төгрөгөөс татгалзаж байна.

            Гэм хорын хохирол 8 026 920 төгрөг гаргуулна. Энэ хүн болгоомжгүйгээр гал алдсан ч гэсэн бид нартай эргэж холбогдоод уучлалт гуйж ойлголцсон бол заавал шүүхээр орохгүй байж болох байсан. Гэтэл надад ямар ч мөнгө өгөхгүй эд хөрөнгийг буцааж өгнө гэсэн боловч холбогдоогүй тул шүүхэд хандсан. Бид хөрөнгөөрөө хохирсон. 2022.4.20-нд би ажил дээрээ байж байтал дүүгийн охин над уруу утасдаад иртэл гал гараад шатсан байсан. Гэтэл энэ хүн гацуур мод шатааж байгаад гал алдсан байсан. Хажуу хашааны дүү маань өөрийн гэрээ хамгаалж чадсан байсан. Эсгий гэр нь манай дүүгийн гэр юм. Би тэнд 2 жил амьдраад 3 сарын 20-нд хүүхдээ сургуульд зөөхөөр байр хөлсөлж нүүгээд хамаг зүйлээ амбаарт хийгээд хадгалсан байсан. Дүү нар таны хамаг юм шатсан тул бүгд цуг үнэлгээ гаргуулъя гэсэн юм. Гэр нь 1 475 00 төгрөг гэж гарсан. Эд хөрөнгө нь 5 саяар үнэлэгдсэн. Түрээсийн гэрээ нь 4 сар бөгөөд авахгүй байж болно. Түрээсийн 1 400 000 төгрөгөөс татгалзаж байна. Учир нь би гэрээ хийгээгүй юм. Дүүгээсээ гэрийн үнийг асуухад тэр хүнээс хуучин гэр авмааргүй байна гэж хэлсэн. Гэрээс 3 хана л үлдсэн. Бүтэн шинэ гэр авахаар тохирсон. Би 3 сарын 20-ны өдрөөс байр хөлсөлсөн бөгөөд 4 сарын 20-нд гал гарсан. Хажуу өрөө хөлсөлсөн тул хувцас хунараа орхичихсон байсан юм. Багаж нь манай нөхрийнх. Шатсан хөргөгч нь манай дүүгийн хүүхдийн жижиг хөргөгч байсан юм. Бусад гутал хувцас нь манайх байсан гэв.

 

            Хариуцагч Ц.Бнь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022.04.20-ны өдөр хог шатааж, гал алдаж иргэн Цын 5 ханатай гэр, иргэний Мийн 200*260 хэмжээтэй амбаар бүхий эд хогшлыг шатааж айл хөршдөө хохирол үзүүлснээ хүлээн зөвшөөрч байна. Гэвч иргэн Мийн нэхэмжлэлд хэд хэдэн хариу тайлбар өгч байна.

1.             5 ханатай гэр 1,475,000  төгрөг. Уг гэр нь иргэн Мийн өмчлөлд биш дүү Ц-ын өмчлөл байсан. Ц нөхрийн хамт уулзаад хэлэхдээ нөхөр 5 толгойд ажилладаг байнга гэртээ байдаггүй, хүү бас хөдөө ажилладаг, 10-р сард тусдаа гарна түүнээс өмнө гэрийн хохирлыг барагдуулж өгөөрэй, эгчийг энд амьдар гэсэн боловч байр түрээслээд явсан юм, бид их яарч байгаа шатсан зүйлийг авчихвал гэр болчихно гэж хэлсэн. Би зөвшөөрч айл хөршөө шатаасны хувьд чадах ядахаараа мөнгөн туслалцаа үзүүлнэ гэж тохиролцсон боловч 10 сард уулзахад зөвхөн мөнгөө авна гэлээ. Шатсан гэрийн зураг болон бичлэгийг Нарантуул захын наймаачид дээр очиж үзүүлэхэд үнэ нь 1ш-10,000, хана 65,000, дээвэр, туурга 280,000 /бүгд шинэ/ төгрөгийн үнэтэй байсан ба тэдний үнэлгээгээр амбаар ороогүй 500,000 орчим гэж хэллээ. Уг нь бид хуучин байж болно гэж тохиролцсон байсан.

2.             Амбаар болон эд хогшил нь 5,151,200 төгрөг. Иргэний М гал гарсан өдөр анх 15,000,000 төгрөг нэхэмжилсэн. Хохирлыг бодитой үнэлүүлье, зарим зүйлийг өөрөөсөө өгье гэхэд мөнгө авна гэж хэлээд явсан. Удалгүй шатсан зүйлийг ачаад явсан. Тэр үед очиж уулзаад шинжээчийн дүгнэлт гартал хүлээгээч гэхэд юм яриагүй ачаад явсан. Түрээсийн байранд байдаг хүн дотуур болон унтлагын хувцсаа ч авч яваагүй, амбаарт хадгалсан, зарим зүйлийг цахилгаан хөрөө, дрил, плитка, хөргөгч, Р-20-н дугуй зэргийг өөрөөсөө өгье гэхэд зөвшөөрөхгүй зөвхөн мөнгө авахын тулд шинжээчийн дүгнэлт гаргасан үзэж байна.

3.             Байрны түрээс 1,400,000 төгрөг. Иргэний М нь гал гарсны улмаас байр түрээслээгүй, урьд түрээслэн амьдарч байсан. Дүү нарынхаа гэрт амьдраагүй мөртлөө урьд нь тохиролцсон тохиролцоог хүчингүй болгоод зөвхөн мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Их хэмжээний мөнгө нэхсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Гал алдсан талаар маргаангүй. Гэр нь нэг өмчлөгчтэй амбаар нь өөр өмчлөгчтэй юм. Энэ хүн тэнд байдаггүй. Гэр нь дүүгийнх нь гэр юм билээ. Энэ хүн байр түрээслээд явчихсан гэрт 2 сандлаас өөр юм байгаагүй юм. Гэр нь дүүгийнх өмч бөгөөд дүүтэй нь уулзахад гэрээ л босгоод авахад болно гэсэн. Би захаар явсан. Захын наймаачдаас асуухад энэ гэр 500 000 төгрөг болно гэсэн. Хуучин юм авбал бүр хямдхан болно гэсэн. Амбаарт байсан юмнууд нь дотуур хувцас гэж байсан. Үүнийг төл гэдэг. Багаж хэрэгсэл болон төмөр сав байсан байдаг. Хогоо ачаад явахад нь шинжээч авчирч үзүүлье гэсэн. Амбаарыг чинь бариад өгье гэсэн байхад арай их мөнгө нэхээд байгаа юм. Бичлэг хийсэн байдаг. Төмөр юмнууд нь үдсэн байх ёстой. Цуг байж байгаад үзлэг хийх ёстой байсан тул зөвшөөрөхгүй. Ингээд 1 700 000 төгрөгийг зөвшөөрнө. Цуг үнэлгээ гаргах боломжтой байтал шууд 15 саяыг эхлээд нэхсэн тул дахиж уулзаагүй. Дүү болох Цтай нь уулзаж 10 сарын сүүлээр захаар явсан. Энэ үед 11 сарын 5-нд нөхөр ирэхээр уулзъя гэсэн юм. Гэрээ л босгоод авъя гэсэн гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 1483 дугаар тогтоолын хуулбар /хх4-5/, хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар 2 ширхэг /хх6-15/, Голомт банкны мемориалын баримтын хуулбар 4 ширхэг /хх16-17/, 7 ширхэг гэрэл зураг /хх42-48/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр хариуцагчаас гэм хорын хохиролд 4,971,980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,654,940 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь гал гарсны улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 8,026,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад орон сууц хөлсөлсөн төлбөрт 1,400,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хохиролд 6,626,920 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн.

 

Хариуцагч нь гал алдаж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйл баримтын талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагаас 1,700,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхгүй гэж маргасан.

 

Хариуцагч Ц.Бнь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн хашаанд болгоомжгүйгээр гал алдаж, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нь Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 1483 дугаар тогтоолоор тогтоогдож байна. /хх4-5/

 

Нэхэмжлэгч нь өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг 2022 оны 05 дугаар сарын 17, 25-ны өдрүүдийн хөрөнгийн үнэлгээний  “Дамно” ХХК-иар тогтоолгосон, шинжээчийн дүгнэлтийн хуулбарыг нотлох баримтын шаардлага ханган шүүхэд ирүүлжээ. /хх6-15/

 

Энэхүү дүгнэлт нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст хэрэг шалгагдаж байх үед томилсон, “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт бөгөөд үнэн зөв эсэх, галын улмаас монгол гэр, модон амбаар, эд зүйлсийн хамт шатсан үйл баримтыг хариуцагч нь тухайн үед маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд санаатай болон болгоомжгүйгээр гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг арилгахдаа тухайн эд хөрөнгийг өмнө байсан байдалд нь сэргээх, эсхүл мөнгөн хэлбэрээр нөхөн төлнө.

 

Хэрэгт авагдсан гэрэл зураг болон зохигчдын маргаагүй эд зүйл галд шатсан үйл баримтыг харьцуулан үзээд тухайн эд зүйлсийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.”  гэж зааснаар тухайн эд хөрөнгийг өмнөх байдалд сэргээх боломжгүй болсон тул мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

“Д” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтээр шатсан эсгий Монгол гэрийн үнэлгээг 1,475,000 төгрөг гэж тогтоосон байна.

Гэвч энэхүү Монгол гэр нь нэхэмжлэгчийн өмч бус харин түүний дүү гэх н.Цын өмч болох нь зохигч хэн алины тайлбараар тогтоогдсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй зүйлийг шүүх нотлох шаардлагагүй.

Иймд тухайн Монгол гэр нь нэхэмжлэгчийн өмч биш тул тэрээр Монгол гэрт учирсан хохирлыг шаардах эрхгүй.

 

“Д” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтээр галд шатсан 47 ширхэг эд зүйлд учирсан хохирлыг нийт 5,151,920 төгрөг гэж тогтоосон байна.

Энэхүү үнэлгээ гарсан хэрэг бүртгэлийн хэрэг шалгагдаж байх үед хариуцагч нь үнэлгээний талаар маргаагүй байна.

            Дүгнэлтэд дурдсан 47 ширхэг эд зүйлийн 16 дугаарт бичигдсэн хөргөгч нь нэхэмжлэгчийн өмч бус харин түүний дүүгийн хүүхдийн өмч гэж нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарласан.

            Иймд нэхэмжлэгч нь энэхүү хөргөгчид учирсан хохирлыг мөн шаардах эрхгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй зүйлийг шүүх нотлох шаардлагагүй.

 

Эдгээр үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэлийн шаардлагаас Монгол гэр болон хөргөгчид учирсан хохирлыг хасаж тооцох нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагчаас эд хөрөнгийн хохиролд 4,971,980 төгрөгийг /6,626,920-1,475,000-179,940/ гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх Монгол гэрийн үнэ 1,475,000 төгрөг, хөрөгчийн үнэ 179,940 төгрөг нийт  1,654,940 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

           

            Улмаар иргэдийн төлөөлөгчийн гэм буруутай этгээд нь хохирлыг барагдуулах хэрэгтэй гэх агуулгатай тайлбар нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасантай нийцэж байгааг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

 

            Харин Монгол гэр болон хөргөгчид учирсан хохирлыг эрх бүхий этгээд жич нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

            Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

            Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч шаардлагын зарим хэсгээс татгалзсан бол татгалзсан хэсэгт холбогдох хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ц.Баас гэм хорын хохиролд 4,971,980 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,654,940 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Нэхэмжлэгч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,400,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,381 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,501.68 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД

 

                                     ШҮҮГЧИД                                          Т.ГАНЧИМЭГ

 

                                                                                                Д.ЯНЖИНДУЛАМ