Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/202

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Манзушир,

Шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********* холбогдох ********* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: *********.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч ********* нь тус аймгийн Есөнбулаг сумын ********* багийн нутаг дэвсгэрт 2025 оны 08 дугаар сарын 26-ны шөнийн 04 цагт улсын дугааргүй мустанг-150 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

1.1. Гэмт хэргийн тухай гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ********* 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Физик химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 1-3-р тал/

1.2. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ЗШ/556 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 8-10-р тал/,

1.3. Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“...2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09 цагаас 08 дугаар сарын 26-ны өдрийн 09 цаг хүртэл цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллаж байсан юм. 2025 оны 08 дугаар сарын 25-аас 08 дугаар сарын 26-нд шилжих шөнө ********* багийн нутаг дэвсгэрт ажиллах үед Борхүү хүнсний дэлгүүрийн хажуу талд мотоцикл хөдөлгөөнд оролцож байхад нь зогсоож шалгасан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шалгах багаж дээр тухайн мотоцикл жолоодож явсан жолоочийг шалгахад ********* гэх хүн байсан. ******* А ангилал буюу мотоцикл жолоодох ангилалгүй, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. ********* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үнэртэж байхаар нь тандагч багажаар шалгахад согтуу байсан. ********* цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд авчирч, 7510 маркийн драгер үлээлгэхэд драгер үлээлгэхэд 0.46%-н согтолтой байсан тул тээврийн хэрэгслийг саатуулж ажилласан. Би ********* гэх хүнийг танихгүй. Садан төрлийн холбоо байхгүй. 2025 оны 08 дугаар сарын 01-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Тодруулбал тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Мөн “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг мөн, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор хуульчилсан тайлбарыг хийжээ. Энэ нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд урьд өмнө нь адил үндэслэлээр шийтгэл хүлээж эрхээ хасуулсан тохиолдолд хамаарна.

Шүүгдэгч ********* тухайд өмнө нь 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодох зөрчил үйлдэн 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан тул түүний энэ удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6(зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 6(зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасныг журамлан шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 6(зургаа) сарын хугацаагаар тэнсэж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жил 3(гурав) сарын хугацаагаар хассугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд шүүгдэгч ********* хүлээлгэсүгэй.

4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч ********* сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ОЮУНБИЛЭГ