Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/04841

 

 

 

 

 

 

 

 

                              2022        11          16

            101/ШШ2022/04841

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц. Д /рд:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  О.А /рд:/-т холбогдох,

Бусдын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.З, хариуцагч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.А, өмгөөлөгч Т.З нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн засаг даргын 2016-04-28-ны өдрийн  дугаар захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн Туул зөрлөг 11-р хороонд байрлах 500м2 талбайтай, гэрчилгээний  дугаартай, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатайгаар Ц.Д надад олгосон. Миний хууль ёсны эзэмшлийн газар дээр 2018 оноос хариуцагч О.А нь миний зөвшөөрөлгүйгээр бууж амьдрах болсон. Миний бие удаа дараа очиж газар чөлөөлөх талаар шаардлага тавьдаг боловч газрыг чөлөөлж өгдөггүй, одоог хүртэл миний хууль ёсны эзэмшлийн газарт амьдарсаар байна. Иймд Ц.Д миний эзэмшлийн Баянзүрх дүүргийн Туул зөрлөг, 11-р хороонд байрлах 500м2 га газрыг хариуцагч О.А, түүний гэр бүл, хамаарал бүхий этгээдийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү.

Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар Туул зөрлөгт байрлах 500 м.кв талбайг 2015 олгосон. Гэтэл 2018 оноос хариуцагч амьдарч эхэлсэн ба олон удаа уулзсан боловч ойлголцоогүй. Газрын албанд гомдол гаргасан боловч шүүхээр шийдвэрлүүл гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хогийн цэг байсан гэдэг нь хорооны асуудал. Энэ асуудлаар биш газартай холбоотой асуудлыг шийдвэрлэнэ. Бичиг баримт гарсны дараа л газрын асуудлыг ярьдаг тул нэхэмжлэлээ дэмжинэ гэв.

 

Хариуцагч О.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гурван хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Миний бие 11-р хорооны Туул  тоотод 2016 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа билээ. Амьдарч байгаа газрынхаа гэрчилгээг гаргуулах гээд 2019-10-18-ны өдөр 4 хуудас материал өгч 4129-д бүртгэгдэж байсан. Мөн дахих 2020 онд 4 хуудас материалуудыг өгч 2590-д бүртгэгдэж байсан. Үүнээс газрын албаар бичиг баримтаа хөөцөлдөхөөр очиход хүний нэр дээр бичиг баримт нь гарсан байна гэж хэлсэн. Биднийг 2016 онд анх бууж байхад битүү дүүрэн хур хогтой байсан тухайн газрын ойр орчмын хогийн чадахынхаа чинээгээр цэвэрлэж, хашаажуулж авсан минь үнэн. Харин 2021 оны дундуур гэнэт нэг эрэгтэй эмэгтэй хоёр манайд ирсэн энэ газар манайх бичиг баримтыг нь гаргуулаад авсан байгаа та нарыг нүүлгэнэ болохгүй бол шүүхээр нүүлгүүлнэ гэж хэлээд явсан. Дараа нь дахиад ирэхдээ хашаа чөлөөлж өг эсвэл худалдаж ав гэж хэлээд бидний дунд маргаан болж байсан. Ингээд 2022-06-16-ны өдөр БЗД-н иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэл ирсэн. Энэ нэхэмжлэлийн дагуу 2022-08-09-ны өдөр шүүх хурал болсон байдаг юм. Уг шүүх хурлын захирамж нь Ц.Дгийн нэхэмжлэлтэй О.А-т холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн захирамж гарсан юм. Гэтэл дахин 2022-09-23-ны өдөр Ц.Дгийн нэхэмжлэлтэй шүүхийн мэдэгдэх хуудас ирсэн. Миний бие хөгшин настай эмээтэйгээр 0-14 насны гурван хүүхэдтэйгээ амьдрах гэж яваа өрх толгойлсон /бүтэн өнчин/ жирийн нэгэн эмэгтэй. Надад эмээгээ үзүүлээд эмнэлгээр явах, сургуулийн хүүхдээ цэцэрлэг, сургуульд зөөх мөн ар гэрээ ажил хийж тэжээх үүрэг хариуцлага чамгүй байдаг билээ. Эмээгийн маань онош хоолойн бамбайн булчирхайн зангираа /хортой хоргүйн нь мэдэгдэхгүй байгаа/, нойр булчирхайн өвчлөлтэй гээд тоочоод байвал хэцүү зүйлс тохиолдоод байгаа билээ. Уг ажлын хажуугаар байнга ирж амьдарч байгаа газраасаа хөөгдөж байна. Байж байгаад л шүүхийн мэдэгдэх хуудас ирж дуудагдаж байна. Анх хогтой, гэрэл цахилгаан ч үгүй байхад үзэгдэх хүн амьтан байгаагүй. Мөн намайг анх буухад энэ хүнийг гэсэн таних тэмдэг болох ганц шон, дугуй зоогоогүй байсан шүү дээ. Амьдрах гээд мөртөө гүйж байгаа хэнд ч төвөг удаагүй яваа бидний болоод үр хүүхдийн минь амь амьжиргааны хэсэгхэн жаахан газрыг минь булаан авах гээд бидэнд хүндрэл учруулаад байгаа юм бэ. Иргэн Ц.Д гэгч эмэгтэй шүүх хуралдаа өөрөө ч оролцохгүйгээр бие төлөөлөгч, өмгөөлөгч аваад явуулдаг. Үнэхээр гомдолтой байна. Бидний энэхүү гомдлыг барагдуулж өгнө үү хэмээн өргөдөл билээ.

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2018 онд амьдарч байсан гэдэг нь худлаа. Би 2016 оноос амьдарсан. Хогийн цэг байсан. 2016.4.28-нд яаж гэрчилгээ гаргасан нь тодорхойгүй. 2016 оны сонгуулиар хог нь цэвэрлэгдсэн. Гэтэл нэг хүн гарч ирээд хөөх болсон. Би хоггүй болохоор нь ирлээ хогтой байхад нь ирэхгүй яасан юм бэ гэсэн. Би чөлөөлөхгүй. Энэ бол 2016 онд гэрчилгээгээ гаргасан гээд байгаа ба би 2016 онд амьдарч байсан. Яагаад тэр үедээ ирээгүй юм. Би хогийн цэг дээр 7 жил амьдраад хоггүй болсон тул би чөлөөлөхгүй. Би газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн  дугаар захирамж, хавсралтын хуулбар /хх8-10/, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2022 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 15/402 дугаар албан тоотын хуулбар /хх11/, 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн  дугаар албан тоотын хуулбар /хх36/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 18721 дүгээр захирамж /хх38-40/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: Ц.Пүрэвт эргэлтийн цэг хүлээлгэн өгсөн тухай акт, кадастрын зураг /хх21-22/, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх23/, өргөдөл хүлээн авсан баримт 2 ширхэг /хх24/, 6 ширхэг гэрэл зураг /хх25-27/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр: Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15/1853 дугаар албан тоотын хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар, мөн өдрийн хүсэлтийн хуулбар, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 15/1792 дугаар албан тоотын хуулбар, кадастрын зургийн хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дугаар захирамж, хавсралтын хуулбар /хх50-60/-г нотлох баримтаар гаргуулсан.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Туул тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн газрыг хариуцагч О.А-н хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.Д нь бусдын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч О.А нь уг газар анх хогийн цэг байхад нь цэвэрлэж, 2016 оноос хойш 7 жил гаруй оршин сууж байгаа, анх энэ газар хэн нэгнийх биш байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Ц.Д нь маргаж буй Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Туул- тоот хаягт байрлах, нэгж талбарын  дугаартай, 500 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болох нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дугаар захирамж, хавсралтын хуулбар, иргэний газар эзэмших эрхийн  дугаар гэрчилгээний хуулбар, холбогдох кадастрын зургийн хуулбараар тус тус тогтоогдсон. /хх8-10, 55-60/

 

Эдгээр баримтаас үзэхэд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар тухайн газрын шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй.

 

Харин хариуцагч О.А уг газрыг эзэмших эрхгүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан “би газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй” гэх тайлбараар тогтоогдсон.

Цаашлаад маргаж буй газарт хариуцагч нь оршин суудаг эсэх талаар маргаагүй.

Түүнчлэн аливаа этгээд зөвшөөрөлгүйгээр ямар нэг газар удаан хугацаагаар оршин суух, газрыг цэвэрлэх зэрэг нь эзэмших эрхтэй гэж үзэх  үндэслэл болохгүй.

 

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар гуравдагч этгээд буюу энэ хэргийн хариуцагчийн хувьд газар эзэмшигч буюу энэ хэргийн нэхэмжлэгч нь тухайн газрын өмчлөгч гэж тооцогдоно.

 

Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар нэхэмжлэгч нь маргаж буй газрыг эзэмших эрхтэй боловч хариуцагч нь тус газарт оршин сууж байгаагийн улмаас эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байх тул албадан чөлөөлөхийг шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулах зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Туул- тоот хаягт байрлах, нэгж талбарын  дугаартай, 500 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн газрыг хариуцагч О.А-н хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.А-с 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Дд олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.ГАНБОЛД