| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/03050/И |
| Дугаар | 102/ШШ2022/03472 |
| Огноо | 2022-10-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2022/03472
2022 оны...сарын 00 өдөр
| Дугаар 102/ШШ2022/0000 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...
Хариуцагч: ...
Нэхэмжлэлийн шаардлага: 3,921,750 /гурван сая есөн зуун хорин нэгэн мянга долоон зуун тавин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.....,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч ...ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г..... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
...ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Л.... болон түүний охин Д..... нарын Имарт худалдааны төвийн 6 дугаар давхарт 10 м.кв талбай түрээслэх тухай хүсэлтээр мөн өдрөө хөнгөлөлттэй нөхцөл бүхий 3 жилийн хугацаатай Түрээсийн гэрээ байгуулсан. Ингэхдээ түрээсийн гэрээний дагуу нийт 10 м.кв талбайд түрээслэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах, түрээслүүлэгч нь дээрх хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсны урамшуулал болгож Л...., Д..... нарт 1,705,000 төгрөгийн буюу 1 сар 18 хоногийн турш 100% хөнгөлөлт, 3 сарын турш 50% хөнгөлөлтийг олгох, хэрэв 3 жилийн хугацаанаас өмнө гэрээ цуцлагдсан тохиолдолд хөнгөлөлтийн нийт үнэ 1,705,000 төгрөгийг Л...., Д..... нар буцаан төлөхөөр хүлээн зөвшөөрсөн. Түрээслэгч нар линз худалдааны чиглэлээр түрээслэн авсан 5 м.кв талбайд 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд, Үнэртэй ус, нүдний шил худалдааны чиглэлээр түрээслэн авсан 5 м.кв талбайд 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус түрээсийн үйл ажиллагаа явуулсан. Гэвч түрээслэгч нар түрээсийн төлбөр огт төлөөгүй. Харин 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Л.... нь Д.....гийн хамт байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн .... тоот линз худалдааны чиглэлийн, мөн өдрийн .... тоот үнэртэй ус, нүдний шил худалдааны чиглэлээр түрээслэсэн гэрээний үүргийг бие даан хариуцах хүсэлт гаргасныг хүлээн авч, дээрх 2 гэрээний дагуу харилцан тооцоо нийлж, түрээсийн үлдэгдэл 3,150,000 төгрөгийг гаргуулахаар Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Гэвч Л.... нь төлбөр барагдуулах гэрээний үүргийг огт биелүүлээгүй тул уг гэрээний үүрэг 3,150,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 49 хоногийн алданги 771,750 төгрөг, нийт 3,921,750 төгрөгийг Л....ээс гаргуулж өгнө үү. Талууд харилцан тооцоо нийлсний дагуу төлбөр барагдуулах гэрээг нотариатаар баталгаажуулсан. Хариуцагч нь 3,150,000 төгрөгийг зөвшөөрч гарын үсэг зурж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Тогтоосон хувиараа зөрчсөн учраас нэхэмжлэл гаргасан тул хариуцагчаас төлбөрийг гаргуулж өгнө үү...гэв.
2.Хариуцагч Л.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлбөр барагдуулах гэрээний үнийн дүн 3,921,750 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. ...ХХК-ийн хуулийн зөвлөхтэй төлбөр барагдуулахаар гэрээг 2022 оны 12 дугаар сарыг дуустал төлөхөөр хуваарь гаргуулан гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан ч хугацаанаас өмнө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй...гэжээ.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор: 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээний эх хувь /хх-6/, Л....ийн бичгээр гаргасан хүсэлт /хх-7/, Л....ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-8/, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Түрээсийн гэрээний эх хувь /хх 9-22/, Л...., Д..... нарын гэрээ цуцлах тухай хүсэлт /хх-23/, ...ХХК-ийн түрээслэгч Л.... нарт хүргүүлсэн гэрээ цуцлах тухай мэдэгдэл /хх-24/, Л....ийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Гэрээ цуцлах тухай хүсэлт /хх-25/, ...ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2/319 тоот Гэрээ цуцлах тухай мэдэгдэл /хх-26/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
4.Хариуцагч Л.... шүүхэд гаргасан тайлбар татгалзлаа нотлох аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх ...ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хариуцагчтай 2020 оноос эхлэн түрээсийн гэрээний харилцаатай байсан бөгөөд түрээсийн гэрээний төлөгдөөгүй төлбөр болох 3,150,000 төгрөгийг барагдуулахаар Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, хариуцагч уг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир 3,150,000 төгрөг болон уг гэрээгээр тохирсон алдангийг хугацаа хэтэрсэн 49 хоногт тооцсоноор 771,750 төгрөг, нийт 3,921,750 төгрөгийг шаардах эрхтэй гэж тодорхойлсон.
3.Хариуцагч Л.... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ Төлбөр барагдуулах гэрээгээр 3,150,000 төгрөгийг төлөхөөр тохирсон 2022 оны 12 дугаар сар болоогүй байхад шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан байна.
4.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Төлбөр барагдуулах гэрээ, Түрээсийн гэрээ, гэрээ цуцлах хүсэлт болон мэдэгдлүүдү зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1.Талууд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ..., .... тоот Түрээсийн гэрээнүүдийг байгуулж, түрээслүүлэгч ...ХХК нь Баянзүрх дүүргийн ... хороо, ..... хороолол, ... тоот хаягт байршилтай Имарт худалдааны төвийн 6 дугаар давхар дахь 5 м.кв бүхий 2 талбайг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд 1 м.кв талбайг 55,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл түрээсэлсэн байна.
4.2.Түрээсийн зүйлийг ашигласан хугацаанд түрээслэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдаж, талууд харилцан тохиролцсоноор 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр талууд Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, Л.... нь түрээсийн гэрээний өр төлбөр 3,150,000 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 6 хувааж төлөхөөр харилцан тохиролцсон байна.
4.3.Төлбөр барагдуулах гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч нь гэрээний 1.3-т заасан хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлөөгүй зөрчсөн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцож, төлбөр дээр нэмж төлөхөөр, мөн уг төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцохоор гэрээнд тусгасан байх бөгөөд гэрээний дагуу төлбөр төлөгч Л.... хуваарийн дагуу төлбөр огт төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
5.Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан Түрээсийн гэрээний харилцаа үүссэн боловч тэд 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн гэрээг дүгнэн, өмнөх үүргээ солихоор тохиролцож, үлдэгдэл төлбөр болох 3,150,000 төгрөгийг тодорхой хугацаа зааж төлөхөөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт нийцжээ.
6.Хариуцагч нь Төлбөр барагдуулах гэрээний дагуу 3,150,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлээгүй байх тул тэдний байгуулсан гэрээний 2.1 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хуваарьт төлбөрийн хугацаа хэтрүүлсэн 49 хоногийн алданги 7771,750 төгрөг, нийт 3,921,750 төгрөгийг нэхэмжлэгч ...ХХК нь хариуцагч Л....ээс шаардах эрхтэй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
7.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 77,698 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 77,698 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л....ээс 3,921,750 /гурван сая есөн зуун хорин нэгэн мянга долоон зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 77,698 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 77,698 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА