Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2022/03575

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2022/03575

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .... дугаар хороо,...... тоот хаягт оршин суух, эмэгтэй, Б овогтой Б.Э /РД/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянгол дүүрэг, .... дугаар хороо, ... гудамж, A барилга,.... тоот хаягт оршин байрлах, “М” ХХК /РД:/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,543,484 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, Э.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “М” ХХК-нд холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 2,543,484 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Э нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн портер маркийн автомашиныг унахаар халааж байгаад автомашиныг унтраагаад, гар тормос татаад буусан. Гэтэл автомашин өөрөө өнхөрч хажуу хашаа буюу Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, Хадтын ... тоот хаягт байрлах М.Б-ийн гэрийг мөргөж осол гаргасны улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулж 2,543,484 төгрөгийн үнэлгээ тогтоосон. Б.Э нь М даатгал ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 9.... УНГ улсын дугаартай Hyundai porter маркийн автомашиныг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулж гэрээ байгуулсан байсан. М даатгал ХХК-аас зам тээврийн улмаас эд хөрөнгө учирсан хохирлыг даатгалын нөхөн төлбөрт гаргуулахаар шаардсан.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “М даатгал” ХХК нь Б.Э-тэй 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр .... тоот жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулсан. Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 16.4-т жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдад хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдлыг хамруулахаар заасан. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1-т жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусад этгээдийн өмнө хүлээх хариуцлагаа даатгуулахаар заасан байна. Жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр олгох урьдчилсан нөхцөл нь жолооч замын хөдөлгөөнд оролцсон, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан байх. Энэ тохиолдлын хувьд хохирогч М.Б-ийн эд хөрөнгөд хохирол учирсан боловч тухайн үед жолооч нь зам тээврийн хөдөлгөөнд оролцож байсан эсэхийг тодруулах шаардлагатай. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар замын хөдөлгөөн гэж “нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа”, Замын хөдөлгөөнд оролцогч гэж “замаар яваа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигч” гэж тодорхойлсон байдаг. Жолооч тухайн тээврийн хэрэгслээр шилжих үе болон замаар яваа тохиолдол хамаарахаар байна. Харин энэ тохиолдлын хувьд, Б.Э нь машинаа унтраагаад явсан хойно машин нь урд айлын хашаа руу өнхөрч хашаа болон гэрийг нураасан байх тул даатгуулагч нь замын хөдөлгөөнд оролцоогүй байх үед тээврийн хэрэгсэл нь уруу газар өнхөрч хохирогч М.Батсүхийн өмчлөлийн хашаа болон гэрийг мөргөж нураасан байх ба энэ нь даатгалын гэрээний 1.2-т хэсэгт заасан даатгалын эрсдэлд хамаарахгүй байх тул даатгалын нөхөн төлбөр олгох тохиолдол биш гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн .. дугаартай даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягт, М үнэлгээ ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээний тайлан,  Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн магадлагаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШЗ2022/05794 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, М.Б-ийн Б.Э-т холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар, даатгалын гэрээ, “Ж капитал ББСБ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаартай тодорхойлолт, “Ж капитал ББСБ” ХХК болон Б.Э нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн болон фидуцийн гэрээ, Б.Э-ийн хаан банк дахь дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, даатгалын тохиолдлын тэмдэглэлийн маягт зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн, 9... УНГ улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн түүхчилсэн лавлагаа, “М даатгал” ХХК болон Б.Э нарын хооронд байгуулагдсан даатгалын гэрээ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч “М даатгал” ХХК нь даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлээгүй.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Жолооч Б.Э нь тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцоогүй байх үедээ бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нь даатгалын тохиолдолд хамаарахгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэг талаас Б.Э, нөгөө талаас “М даатгал” ХХК-ийн хооронд 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр жолоочийн албан журмын даатгалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр даатгуулагч тал болох Б.Э 2... УНГ улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл даатгуулж, хураамж төлөх, даатгагч тал болох “М даатгал” ХХК нь гэрээнд заасан эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцсон байна.

 

4.2. Нэхэмжлэгч Б.Э нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д “жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно” гэж заасныг зөрчиж 2... УНГ улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгслээр М.Б-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо ... тоот хашаа, гэрийг мөргөсөн зам тээврийн осол гаргасан болох нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар тогтоогдож байна.

 

4.3. Дээрх зам тээврийн ослын улмаас М.Б-ийн эд хөрөнгөд 2,543,484 төгрөгийг хохирол учирсан болох нь “М үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй.

 

5. Нэхэмжлэгч Б.Э болон “М даатгал” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасан даатгалын гэрээний харилцаан үүссэн байх бөгөөд талууд гэрээ байгуулагдсан эсэх, түүний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

6. Нэхэмжлэгч Б.Э нь тээврийн хэрэгслээс бууж, түүнийг орхиж явахдаа тээврийн хэрэгслийг үл хөдлөх арга хэмжээ аваагүйгээс бусдын эд хөрөнгөд 2,543,484 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдож байх ба энэ нь даатгалын тохиолдолд хамаарах эсэх талаар талууд маргаж байна.

 

7. Зохигчийн хооронд байгуулагдсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 3.1 дүгээр зүйлийн 3.1.3-т зааснаар жолооч нь авто тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан эрсдэлийг даатгуулжээ.

 

8. Нэхэмжлэгч Б.Э нь зам тээврийн осол гаргасан болохыг эрх бүхий этгээд тогтоосон бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгохоор заасан.

 

9. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Э нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн бусдын эд хөрөнгөд хохирол учирсан болох нь эрх бүхий этгээдийн магадлагаагаар тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1 дүгээр зүйлийн 3.1.3-т заасан даатгалын эрсдэл бий болсон гэж үзэхээр байна.

 

10. Жолооч тээврийн хэрэгслээс бууж, түүнийг орхихдоо тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах нь замын хөдөлгөөнд оролцож буй хэлбэр бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нөхцөлд түүнийг замын хөдөлгөөнд оролцоогүй гэж хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.4 дүгээр зүйлд заасан даатгалын тохиолдолд үл хамаарах нөхцөлд маргаан бүхий үйл баримт хамаарахгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзлээ.

11. Иймд талуудын хооронд байгуулагдсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 3.1 дүгээр зүйлийн 3.1.3-т заасан жолооч авто тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан даатгалын тохиолдол бий болсон байх тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.2-т зааснаар даатгагч “М даатгал” ХХК нь даатгуулагч Б.Энххишигт даатгалын нөхөн төлбөр 2,543,484 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

12. Дээрх үндэслэлээр хариуцагч “М даатгал” ХХК-аас 2,543,484 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-т олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

13. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.2-т зааснаар хариуцагч “М даатгал” ХХК-аас 2,543,484 /хоёр сая таван зуун дөчин гурван мянга дөрвөн зуун наян дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-т олгосугай.

                                                                                                                 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,646 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М даатгал” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 55,646 төгрөгийг, төсвийн орлогоос илүү төлсөн 31,854 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Э-т олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.БАТЧИМЭГ