Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/04842

 

 

 

 

 

 

 

 

                              2022        11          16

            101/ШШ2022/04842

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Х. М /рд:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  Д.А /рд:/-д холбогдох

 

10,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, хариуцагч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч О.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би иргэн Д.Атай 2021 оны 04-р сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр Бугын аж ахуйн аманд байршилтай 673 м2 газрыг 28,0 сая төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцэл хийж, мөн өдрөө газрын урьдчилгаанд 15,0 сая төгрөгийг Д.Агийн ХААН банк дахь  тоот дансанд шилжүүлж, газар дээр барилгын ажил явуулах зөвшөөрөл бичгээр авсан.

Ингээд “О” ХХК-р барилгын зураг, төсөв хийлгэж тус компанийн захирал Б.Чанцалмаагийн ХААН банк дахь  тоот дансанд 2021 оны 7-р сарын 07-нд 3,0 сая, 8-р сарын 17-нд 2,0 сая нийт 5.0 сая төгрөг шилжүүлсэн.

Гэтэл 2022 оны 6-р сарын 03-нд иргэн Д.А гэнэт газрын гэрчилгээ гарахгүй юм байна гээд, мөн өдрөө 5,0 сая, 6-р сарын 07-нд 6,0 сая, 6-р сарын 16-нд 0,5 сая, нийт 11.5 сая төгрөгийг миний ХААН банк дахь  тоот дансанд шилжүүлсэн.

Иймд миний газрын үнэд өгсөн мөнгөний дутуу 3,5 сая төгрөг, байшингийн зураг хийлгэсний үнэ 5.0 сая төгрөг, хэлцэлд заасан талуудын хүлээх үүргийн дагуу гарсан зардлын 40 хувь болох 2.0 сая төгрөг, нийт 10.5 сая төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт нэхэмжилж байна.

Хариуцагчтай 2021 оны 3 сард 673 м.кв газрыг 28 саяар авахаар хэлцэл хийж улмаар 15 сая төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Улмаар барилгын ажил явуулах зөвшөөрөл авч барилгын зураг хийлгэж нийт 5 сая төгрөг төлсөн. 6 сарын 3-нд хариуцагч нь гэрчилгээ гаргахгүй байна гээд 11.5 сая төгрөг болон сүүлд нэмж 3.5 буюу нийт 15 сая төгрөг буцаан төлсөн. Иймд 3.5 төгрөг гаргуулах шаардлага биелэгдсэн. Хэлцэлд заасан талуудын хүлээх үүргийн дагуу хэлцлээс татгалзвал 2.4-т зааснаар гарсан зардлын 40 хувиар тооцож хохирол шаардана гэсэн. Иймд одоо 7 сая төгрөгийг шаардаж байна. Хэлцлийн 3.1-г ярьж байна. Мөнгө хүлээн авсан баримт дээр 14 тоот газрыг шилжүүлж байна гэсэн байдаг. Барилга барихыг зөвшөөрч байна гэж байна. Хэлцлийн 2.2-д заасан нь гэрчилгээ гарсны дараа үлдэх 13 саяыг авна гэсэн бөгөөд гэрчилгээ гарсны дараа барилга барих зөвшөөрөл олгоно гэсэн үг биш юм. 1 жил гаран хугацаанд 15 сая төгрөгийг ашиглаад 2022 оноос гэрчилгээний асуудал яригдаж эхлээд газрын үнэ 60 сая төгрөгөөр яригдаад эхлэнгүүт хэлцлээс өөрөө татгалзаад урьдчилгааг ав гэсэн юм гэв.

 

Хариуцагч Д.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхээр Хан Уул дүүргийн 14-р хороо Бугын аж ахуйн аманд 5000 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар захиалж ажилтнууддаа 0.7 га газруудыг тус тус олгосон болно. Тус газарт дэд бүтэц байхгүй байснаас газар авсан ажилтан бүрээс 21 сая төгрөгийг гаргуулж дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийсэн. Миний бие 2021.04.13-нд иргэн Мт, ХУД-ийн 14 хороо Бугын аж ахуйн аманд байршилтай 674 м.кв газрыг 28,0 төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцэл хийж зарсан. 2021.4.3-ны өдөр 15,0 сая төгрөгийг дансаар авсан. Тус газрын гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл 13,0 сая төгрөгийг авахаар тохирсон боловч дараах шалтгааны улмаас газрын гэрчилгээ гараагүй болно.

ХУД-ийн газрын албанаас ЕТГ-т олгосон 5000 м.кв газрыг ажилтнуудад 0,7 га -гаар хуваарилан нэр дээр нь шилжүүлж өгөх хүсэлтийг ЕТГ-ын дарга Ц.Баярсайхан тус дүүргийн газрын албанд 2017.06.14 өдрийн ТГ/331 тоот албан бичгээр хүргүүлсэн байдаг. Гэвч ХУД-ийн газрын алба энэхүү хүсэлтийн гүйцэтгэлийг өнөөдрийг хүртэл хангаагүйгээс газрын гэрчилгээ гараагүй байна. Энэ байдлаас шалтгаалан иргэн Х.М худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж газрын төлбөрт өгсөн мөнгөө авах тухай саналаа надад хэд хэдэн удаа мэдэгдсэн /чамайг шүүхэд өгнө гэх зэргээр уурлаж/ тул наймааг буцааж 11,5 сая төгрөгийг Х.Мын тоот дансанд 2022 оны 6 сард шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар би Х.Мт 3,5 сая төгрөгийн өглөгтэй байгаа боловч 2022 оны сард тэтгэврийн зээл 1 жилийн хугацаатай авсан тул уг мөнгийг буцаан төлөх санхүүгийн боломжгүй байна. Иймд Х.Мын нэхэмжлэлийн шаардлагаас 3,5 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тус хэлцлийн 2.2-т

Худалдагч талын хариуцлага, тухайн газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гарсны дараа худалдах, худалдан авах гэрээг хийж, нотариатаар батлуулж газрын албанд өгсөн өдөр буюу үлдэгдэл 13,0 сая төгрөгийг хүлээн авна гэж заасан байгаа. Тэгэхээр энэ хэлцэл бол худалдах, худалдан авах гэрээ биш юм. Иргэн Т.А, М нарын хооронд байгуулсан газар худалдах, худалдан авах процессын тухай тохиролцоо хэлцэл юм.

Мөн хэлцлийн 3.2-т

Худалдан авагч талын хариуцлага тухайн газрын гэрчилгээ Д.Агийн нэр дээр гарсны дараа худалдах, худалдан авах гэрээг хийж, нотариатаар батлуулж, газрын албанд өгсөн өдөр 13,0 сая төгрөгийг шилжүүлнэ гэж заасан байгаа. Тус хэлцлийн 2.2, 3.2-т газрын гэрчилгээ гарсны дараа худалдах, худалдан авах гэрээг байгуулна гэж заасан. Гэтэл Х.М нь хэлцлийн 2.2, 3.2 заалтуудыг зөрчиж, газрын гэрчилгээ албан ёсоор Д.А миний нэр дээр гараагүй, газар худалдах, худалдан авах гэрээ Х.Мтай байгуулаагүй нотариатаар баталгаажаагүй байхад байшингийн зураг хийлгэж 5.0 сая төгрөг төлсөн нь өөрийнх нь хариуцлагагүй байдал гэж үзэж байна. Иймээс X.М байшингийн зураг хийлгэж 5.0 сая төгрөгийг төлсөн гэх нь миний хариуцлага биш тул тус нэхэмжлэлээс татгалзаж байна

Хэлцлийн 2.4 -т

Газрыг худалдагч тал буюу Д.А хэлцлээс татгалзсан тохиолдолд тухайн газар дээр гарсан зардлыг 40 хувиар өсгөн тооцож хохирол барагдуулна гэж заасан байгаа. Гэтэл би хэлцлээс татгалзаагүй. бөгөөд хэлцэл хийснээс хойш даан ялангуяа 2022 оны 4-5 саруудад Х.М удаа дараа утасдаж газрын гэрчилгээ гаргаж өгөхийг шаардаж, хэрвээ гэрчилгээ гарахгүй бол төлсөн мөнгөө буцааж авахыг дахин дахин хатуу шаардаж мөн энэ асуудлаар шүүхэд хандах тухайгаа мэдэгдэх болсон. Ингээд би ЕТГ-ын удирдлагад байсан хүмүүстэй уулзаж газрын гэрчилгээг яаралтай гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч Хан-Уулын дүүргийн Газрын алба /ЕТГ-ын ажилтнуудын зуслангийн газрын гэрчилгээг тус газарт дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийсэн нийт 35 айл өрхийн нэр дээр шилжүүлж өгөхгүй байгаа төдийгүй нэлээд удаан хүлээгдэх тухай мэдэгдсэн. /Айл бүр дэд бүтцийн хөрөнгө оруулалтад 21 сая төгрөгийг 2011 онд төлсөн болно./

2011.06.17-ны өдрийн Хан-Уул дүүргийн газрын албанаа: Ерөнхийлөгчийн Тамгын газарт амины орон сууцны зориулалтаар олгосон 5000 м2 газрыг, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийсэн 35 айлын нэр дээр шилжүүлэн гэрчилгээ гаргах үйл ажиллагаа нь миний хариуцах ажил биш юм. Х.Мт энэ тухай мэдэгдэхэд тэрээр газрын урьдчилгаа төлбөрөө буцаан авъя гэж хэлсэн. 2022 оны 6 сард Х.Мын шаардлагаар газрын төлбөр болох урьдчилгаа 11.5 сая төгрөгийг түүний Хаан банкны тоот дансанд буцаан шилжүүлсэн. Үлдэгдэл 3,5 сая төгрөгийг 2022.9.23-нд мөн шилжүүлж бүх төлбөрийг барагдуулаад байна.

Хэлцлийн 2.4-т газрыг худалдагч тал буюу би хэлцлээс татгалзаагүй тул газар дээр гарсан зардлыг 40 хувиар өсгөн тооцож 2.0 сая төгрөгийг барагдуулах нь Д.А миний хариуцлага биш тул татгалзаж байна. Хан-Уул дүүргийн газрын албанаас Д.А миний нэр дээр болон нийт 35 айлын нэр дээр газрын гэрчилгээг гаргахгүй байгаагаас иргэн Х.Мтай хийсэн хэлцэл цуцлагдаж байгаа нь миний буруутай үйл ажиллагаа биш юм. 2022 оны 6-р сарын 03-нд 5.0 сая, 6-р сарын 7-нд 6.0 сая, 6-р сарын 16-нд 0.5 сая, 9-р сарын 23-нд 3.5 сая нийт 15.0 сая төгрөгийг Х.Мын  тоот дансанд буцаан шилжүүлж төлбөрийг бүрэн барагдуулаад байна.

Х.М хэлцлийн 2.2, 3.2 заалтуудыг зөрчиж газрыг худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй байхад байшингийн зураг хийлгэсэн гэх 5.0 сая төгрөгийн нэхэмжлэл, мөн Д.А миний бие хэлцлээс татгалзаагүй байхад /хэлцлийн 2.4-т газрыг худалдагч тал буюу Д.А хэлцлээс татгалзсан тохиолдолд тухайн газар дээр гарсан зардлыг 40 хувиар өсгөн тооцож хохирлыг барагдуулна./ намайг татгалзсан мэтээр гүтгэж 2.0 сая төгрөг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй.

7 сая төгрөгийг зөвшөөрөхгүй. Зурагтай холбоотой зардал бол 3.1-д зааснаар би бичгээр зөвшөөрөл олгоогүй. Гэрчилгээ гараагүй байгаа тул барилга барихыг зөвшөөрөхгүй шүү гэж хэлж байсан. Гэрчилгээ миний нэр дээр гараагүй байхад зураг хийлгэсэн нь өөрийнх нь хариуцлагагүй байдал юм. Олон жил гэрчилгээ гарахгүй байсан ба 2.2-т зааснаар гэрчилгээ гарсны дараа үлдэх төлбөрийг төлөхөөр тохиролцсон юм. Энэ нь газар худалдах худалдан авах гэрээ биш эзэмших эрх худалдахаар тохиролцсон тохиролцоо юм. 2021 оны 4-5 сард над уруу их утасдаж мөнгөө шаардаж байсан. Ингээд би 11.5 сая төгрөгийг төлсөн юм. Мөн 2022 оны 9 сард үлдэх 3.5 саяыг  төлсөн. Анх хэлцэл хийх болсон нь зарим айл хөрөнгө оруулалтаа хийж чадахгүй байсан тул тамгын газраас бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн. Гэхдээ албан ёсоор зар гээгүй харин бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн. Ингээд Голомт банканд ажилдаг танил энэ талаар надтай яриад таньдаг хүнтэйгээ холбож өгсөн юм. Мын ах нь бас газар худалдаж аваад гэрчилгээгүй байж зарах гээд байгаа юм. Өөрөө хэлцлээс татгалзчихаад надаас хохирол нэхэх үндэслэлгүй. Намайг бичиг бичиж өгсөн гэж байна. Уулзах үед дүүтэй цуг байшин барих гэж байгаа юм гэхэд нь маргаантай байгаа шүү гэж хэлсэн. Тэгэхэд намайг бичээд өгчих гэсэн ба би болгоомжтой байгаарай гэсэн. Би ёс зүйгүй байгаагүй. Би зарж байгаа хүн тул үнэ нэмэгдсэн гэж хомхой загнасан гэдэг нь харин ёс зүйгүй байгаа юм. Одоо дүү нь үнэ газар авчхаад үнэтэй зарах гээд байж байгаа юм. Утсаар ярихдаа аштайхан байгаарай хохино шүү гэж ярьсан. Би учрыг тайлбарлахад заналхийлсэн тул мөнгийг буцааж өгсөн. Би гэрээнээс татгалзаагүй гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хэлцэл /хх4-5/, Хаан банкны 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл /хх9, 13, 15/, Хаан банк дахь дансны хуулга /хх10, 14, 16, 51-55/, Голомт банкны шилжүүлгийн баримт /хх11/, Голомт банк дахь дансны хуулга /хх12/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: Хаан банк дахь дансны хуулга /хх35-37, 44/, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтийн хуулбар /хх38/, тэтгэврийн зээлийн гэрээний хуулбар /хх39-40/, тэтгэврийн зээл авах өргөдлийн хуулбар /хх41/, Хаан банкны орлогын мэдүүлэг /хх43/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х.М нь худалдах худалдан авах гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэх хэсэг 3,500,000 төгрөгийг буцаан гаргуулах, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохиролд барилгын зургийн үнэ 5,000,000 төгрөг, гэрээнд заасны дагуу хохиролд 2,000,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Д.А нь гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэх хэсэг 3,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буцаан төлсөн. /хх55/

Ийнхүү төлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн тул 3,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Энд нэхэмжлэгч Х.Маас 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдөр олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүх эрхийг төлөөлөгч О.Бд олгосон болохыг дурдах нь зүйтэй. /хх64/

 

Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нь барилга барих зөвшөөрөл олгоогүй тул барилгын зураг хийлгэсэн нь хамааралгүй, мөн нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан тул гэрээнд заасны дагуу 40 хувийн хохиролд 2,000,000 төгрөг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

 

Зохигчид 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Багын аж ахуйн аманд байрлах 50,000 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай, эзэмших эрхтэй гэх газраас  тоот гэж дугаарласан газрын эзэмших эрхийг 28,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцож хэлцэл хийгдсэн байна. /хх4-5/

 

Энэхүү хэлцлээр худалдагч буюу энэ хэргийн хариуцагч нь газар эзэмших эрхийг худалдан авагч буюу энэ хэргийн нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэх, хариуцагч нь үнийг төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээдэг.

 

Үүнээс үзэхэд зохигчдын хооронд газар эзэмших эрх худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул хариуцагчийн гэрээ байгуулагдаагүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

Улмаар нэхэмжлэгч нь хэлцэл байгуулагдсан өдөр 4,600,000 төгрөг, 10,400,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь Хаан банк, Голомт банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /9, 11/

Үүний дараа хариуцагч нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 7-ны өдөр 6,000,000 төгрөг, 16-ны өдөр 500,000 төгрөг, нийт 11,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосон болох нь Хаан банк дахь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдсон. /хх51, 54/

 

Ийнхүү мөнгөн хөрөнгийг буцаан олгосон үндэслэлийг нэхэмжлэгч нь газар эзэмших эрх олгогдоогүй гэж тайлбарласан бол хариуцагч нь өмнө нь ажиллаж байсан газраас эрх олгосон боловч холбогдох газрын алба энэхүү эрхийг баталгаажуулаагүйн улмаас газар эзэмших эрх шилжүүлэх үүргээ биелүүлж чадаагүй гэж тайлбарласан.

 

Дээрхээс үзэхэд хариуцагч нь өөрт үүсээгүй байсан эзэмших эрхийг бусдад худалдсан үйл баримт тогтоогдож байна.

 

Иймд зохигчдын хооронд хийгдсэн хэлцлийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-т заасан ноцтой төөрөгдсөний улмаас хийгдсэн хэлцэл гэж үзэх боломжтой байна.

Зохигчид энэхүү эрхийн зөрчлийн талаар хэн аль нь мэдэж байсан байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.7-д зааснаар хохирол шаардах эрхгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийг барилга барих зөвшөөрөл олгосны дагуу барилгын зураг хийлгэж, улмаар хөлс төлсний үндсэн дээр хохирол учирсан гэж тайлбарласан.

Хэрэгт байгаа хэлцлийн ард цэнхэр өнгийн будагчаар гараар бичсэн барилга барихыг зөвшөөрсөн агуулга бүхий баримт авагдсан. /хх5/

Гэвч зохигчдын хооронд үүссэн хэлцлээр хариуцагч нь газар эзэмших эрх шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд харин барилга барих эрх олгох боломжгүй.

Тодруулбал, Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.10-т зааснаар барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийг Засгийн газар батална. Цаашлаад, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг Барилгын тухай болон Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар зохих эрх бүхий этгээд өөр өөрийн мэргэжлийн чиг үүргийн дагуу тус тус олгодог.

Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч нь барилгын зураг гүйцэтгүүлж, ажлын хөлс төлсөн байх боловч энэхүү үйл ажиллагаа нь гагцхүү нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригоос хамаарсан байх тул хариуцагчийн “зураг хийлгэсэн нь надад хамааралгүй” гэх тайлбар үндэслэлтэй.

 

Мөн нэхэмжлэгч нь барилгын зураг гүйцэтгэх ажлын хөлсөнд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг төлсөн байна. Харин мөн оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүй байх тул энэхүү мөнгөн хөрөнгийн хувьд шаардах эрхгүй. /хх13, 15/

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь барилгын зураг гүйцэтгүүлж, хөлс төлсөн байгаа нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан хохиролд хамаарахгүй.

 

Цаашлаад нэхэмжлэгч нь гэрээний 2.4-т зааснаар хохиролд 2,000,000 төгрөг шаардаж байна.

Зохигчид гэрээнээс аль тал эхэлж татгалзсан талаар маргаж нэхэмжлэгч нь хариуцагчийг эхэлж буцаан мөнгө шилжүүлсэн гэж тайлбарласан бол хариуцагч нь нэхэмжлэгчийг мөнгөн хөрөнгийг удаа дараа буцаан шаардсан гэж маргасан.

Гэвч хэн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу өөрийн тайлбарыг эргэлзээгүй баримтаар нотлоогүй.

Түүнчлэн гэрээний 2.4-т зааснаар зардлын 40 хувиар тооцож хохирол шаардах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Учир нь ийнхүү хохирол тооцох нь Иргэний хуулийн 227, 232 дугаар зүйлд заасан гэрээний үүрэг зөрчсөнөөс тооцогдох хариуцлагад хамаарахгүй юм.

Мөн хэн аль нь хэлцлээс татгалзсан үйл баримтыг зөвшөөрч нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь мөнгөн хөрөнгийг буцаан олгосон болохыг дурдах нь зүйтэй.

 

Эдгээр үндэслэлийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн 7,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Мөн биелүүлсэн шаардлагын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцож, хуульд зааснаар хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.             Хариуцагч Д.А нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,500,000 төгрөгт холбогдох хэсгийг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Хариуцагч Д.Ад холбогдох 7,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Х.Мын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Агаас 35,475 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Мт олгосугай.

4.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД