| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1996 |
| Огноо | 2025-08-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1996
2025 08 19 2025/ШЦТ/1996
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** холбогдох эрүүгийн ********** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******************
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч *******нь 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ********** тоотод тухайн үед үүссэн үл ялих шалтгааны улмаас хохирогч С********** маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар, хацар, уруул, мөр, бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хохирогчтой учраа олсон уучлал гуйсан. Хохирол төлбөр төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
Хохирогч *******гийн:
“...2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 33-р хороо Баян-уул 16-5-1 тоотод байх гэртээ байхад 16 цагийн үед урьд хамт амьдарч байсан ******* портер машинтай хүрээд ирсэн. Тэгээд би усыг чинь аваад өгье гэхээр нь би усны саваа аваад машинд нь суусан чинь явж байснаа хойшоо эргээд өөрийнхөө гэрийн зүг яваад байхаар нь чи яах гэж байгаа юм бэ гэж асуусан чинь манай ус бас дуусчихсан байна лээ гээд гэрийнхээ гадаа ирж зогсоод машинаасаа буусан. Хашаан дотроо нэг майхан барьчихсан байсан, тэгснээ намайг чи майхан руу ороод ирээч гэхээр нь би орохгүй гэж хэлсэн чинь чи ороод ирээ гээд байхаар нь би майханд орсон чинь 0,75 литрийн архи гаргаж ирээд надад хийж өгөөд уучих гэхээр уухгүй гэсэн чинь чи уучих л даа уудаг биз дээ гэж хэлээд шахсаар байгаад надад нэг уулгасан, тэгснээ өөрөө гарч явчхаад хэсэг байж байгаад буцаж орж ирээд дарс ундаа бариад ороод ирсэн. Тэгснээ надад дарс хийж өгөөд уучих гэхээр нь уухгүй гэж хэлсэн чинь архиныхаа шилийг хагалаад над руу далайж уу гэсээр байгаад тэр дарсыг би ганцаараа уусан. Тэгээд би за одоо явъя гэж хэлсэн чинь ******* шууд миний хамар луу гараараа цохисон, тэгээд толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд миний хамраас цус гарахад май энүүгээр арч гээд алчуур шидсэн. Тэгж байтал хажуу гэрээс нь ээж нь орж ирээд *******оо чи яаж байгаа юм бэ хүүхэд зодоод байгаа юм уу гэж асуухад зүгээрээ ээжээ зүгээр гэж хэлээд намайг бас зүгээр гэж хэл гээд байхаар нь би зүгээр гэж хэлсэн. Тэгээд би явах гэтэл чи хүүхдэдээ юм хэлэх юм бол ална шүү гэж хэлсэн. Тэгээд ******* намайг гэрт хүргэж өгөөд гэрийн гадаа би зогсохоор нь буусан. Тэгээд цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэрэгт 8-9 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн СХД0725/034 дугаартай:
“...*******гийн биед хамар, хацар, уруул, мөр, бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь/,
Шүүгдэгч О.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцаад хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,
Шүүгдэгч О.*******ийн “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг хувийн байдалтай холбоотой баримт бичгүүд /хавтаст хэргийн 25-36 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч *******нь хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч *******нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *******нь:
2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ******** тоотод тухайн үед үүссэн үл ялих шалтгааны улмаас хохирогч *******тэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар, хацар, уруул, мөр, бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн СХД0725/034 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч *******нь хохирогчид 500.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогчийн зүгээс гомдол, саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Иймд шүүхээс шүүгдэгч О.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ