Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 158/2023/0003/З |
Дугаар | 158/ШШ2023/0001 |
Огноо | 2023-02-06 |
Маргааны төрөл | Татвар, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 158/ШШ2023/0001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаа,
Хариуцагч: Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Пүрэвцэрэн нарын хоорондын “Татварын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 0063024 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах ” шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Сувдаа, хариуцагч Э.Пүрэвцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнаас нотлох ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, оролцогчдын эрхийг хангаагүй, шийтгэл оногдуулахдаа хууль буруу хэрэглэсэн” гэж;
3. Хариуцагч “гомдлын дагуу шалгахад гомдолд дурдсан зөрчлүүд үйлдэгдсэн болох нь тогтоогдсон, шийтгэлийн хуудсанд зөрчлийн талаар буруу бичсэн боловч хуулийн зүйл заалтыг зөв бичсэн” гэж тус тус маргажээ.
4. Татварын улсын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 /төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага/-д заасан захиргааны байууллагад харьяалагдаж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч этгээд бөгөөд шийдвэр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зарчим, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулж, шийдвэр гаргах үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар маргаан үүсгэсэн хариуцагчийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 0063024 дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэж, уг шийтгэл оногдуулсан шийдвэр хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ.
5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн ... хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна” гэж заасан байх бөгөөд хариуцагч татварын улсын байцаагч Э.Пүрэвцэрэн нь иргэдээс Татварын нэгдсэн системд цахимаар ирүүлсэн гомдлын дагуу хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шалгалт хийн, худалдан авагчид “төлбөрийн баримтыг олгоогүй” гэх агуулгаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй ..., хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг баримтлан шийтгэл оногдуулах шийдвэрийг гаргажээ.
6. Мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дах хэсэгт “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж заасны дагуу хяналтын прокурор Ц.Сувдаа нь татварын улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж ирүүлсэн байна.
7. Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна., 6 дахь хэсгийн 6.12-т “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ...11.19.. дүгээр зүйл... хэсэгт заасан зөрчил” гэж тус тус хуульчилсан.
8. “Рашаан голын ундарга” ХХК нь татварын нэгдсэн системд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэлтэй хуулийн этгээд.
9. Иргэн Э.Мандахтуяа, А.Батхишиг нараас “Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт байрлах “Жаргалант Сүүдэр царам” зах дээр үйл ажиллагаа явуулдаг “Рашаан голын ундарга” ХХК-ийн дэлгүүр нь худалдан авагчид төлбөрийн баримтыг олгодоггүй, баримт авахаар бол үнийн дүнгийн 10 хувийг нэмж төлөх шаардлага тавьсан” гэх агуулгатай гомдлыг татварын удирдлагын нэгдсэн системд цахимаар гаргаж, уг гомдлын дагуу татварын улсын байцаагчаас хяналт, шалгалтыг хийсэн нь Зөрчлийн материалд авагдсан “гомдол мэдээлэл хүлээн авсан тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 3 дугаар тал/ болон гомдол гаргагч нартай утсаар ярьсан тэмдэглэлүүд /хх-ийн 4-5 дугаар тал/ -ээр тогтоогдож байна.
10. Хариуцагчаас дээрх гомдлын дагуу “Рашаан голын ундарга” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр тал/ үйлдсэн байх ба уг тэмдэглэлд “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй ..., хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д “Бараа, ажил үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээгээр торгоно” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдож байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэжээ.
Дээрх тэмдэглэлээс харахад хариуцагч нь “Рашаан голын ундарга” ХХК-ийн гаргасан зөрчилд “төлбөрийн баримтыг худалдан авагчид олгоогүй”, “төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээгээгүй” гэсэн 2 өөр зөрчил үйлдсэн гэх дүгнэлтийг хийсэн байх боловч холбогдогчоос зөвхөн “төлбөрийн баримтыг олгоогүй” агуулгаар мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/ авч, “төлбөрийн баримтыг системд илгээгээгүй” зөрчлийн талаар тодруулахгүй орхигдуулсан нь ойлгомжгүй байна.
11. Мөн маргаан бүхий шийтгэл оногдуулсан шийдвэр болох татварын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 0063024 дугаартай шийтгэлийн хуудас /хх-ийн 13 дугаар тал/ -ны ОЛСОН НЬ хэсэгт “холбогдогч төлбөрийн баримт олгоогүй болох нь тайлбар, системийн бүртгэл зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож...” гэж, ШИЙДВЭРЛЭХ НЬ хэсэгт “Холбогдогч ... ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад заасны дагуу 1500 нэгж буюу 1500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэж тусгасан байгаагаас дүгнэхэд зөрчлийн шинж, байдал нь шийтгэл оногдуулж буй хуулийн зүйл, заалтаас зөрүүтэй болжээ.
12. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд холбогдогчийн “худалдан борлуулсан барааны төлбөрийн баримтыг худалдан авагчид олгож, олгосон баримтаа татварын нэгдсэн системд илгээж баталгаажуулалт хийгээгүй” гэх үйлдлийг нотлосон баримт авагдаагүй, энэ талаарх бичгийн болон бусад баримтыг бүрдүүлэх ажиллагаа хийгдээгүй ба зөвхөн холбогдогчоос авсан тайлбараар хязгаарласан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:” гээд тус хэсгийн 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасныг,
Зөрчил үйлдэгч хуулийн этгээдийн хууль зөрчсөн үйлдлийн шинж байдлыг шийтгэл оногдуулсан шийдвэрт “төлбөрийн баримт олгоогүй” гэж дүгнэсэн атлаа “төлбөрийн баримт илгээх үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь дээрх хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “тухайн үйлдэл, ... нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж заасныг тус тус зөрчсөн нь захиргааны байгууллагаас гаргаж буй аливаа шийдвэр хуульд заасны дагуу шийдвэр гаргах бодит нөхцөл байдлыг тогтоосон байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
13. Хариуцагч нь зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд торгох шийтгэл оногдуулах шийдвэр гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтад заасан зөрчил тус бүрээр хууль зөрчсөн гэх үйлдлийг тогтоож, нотлох ажиллагааг хийгээгүй, гомдол гаргагч нарт хэдий хэмжээний хохирол учирсан талаар болон хохирлыг барагдуулах ажиллагааг явуулаагүй, шаардлагатай нотлох баримтыг зөрчлийн материалд хавсаргаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэх тусгай зарчим болон Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзлээ.
14. Хариуцагчаас “шийтгэлийн хуудас бичих, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд нотлох баримт цуглуулах зэрэг ажиллагааг байгууллагын хуулийн зөвлөхийн заавраар хийж, шийдвэр гаргасан” гэж тайлбарлаж байх боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар татварын хууль, тогоомж зөрчсөн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, зөрчлийг таслах зогсоох эрхийг зөвхөн татварын улсын байцаагчид олгосон тул дээрх тайлбар нь үндэслэлгүй ба хуульд заасан шаардлага хангаагүй эрх зүйн зөрчилтэй шийдвэрийг зөвтгөх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ