Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар  2021/ДШМ/611

 

 

 

 

 

          

      2021           6             22                                         2021/ДШМ/611                                

 

     Д.Од холбогдох

          эрүүгийн хэргийн тухай    

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Анармөнх,

хохирогч Д.О-Бийн өмгөөлөгч К.Бауиржан,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч А.Энхбуйр,

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

             Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/224 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Од холбогдох эрүүгийн 1808 03318 1053 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

             Б овгийн Дын О, ...... оны ... дугаар сарын ...-ны өдөр ............. хотод төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ................. дүүргийн .... дүгээр хороо, .............. хотхоны  ...... дүгээр байрны ..... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:......................./;

 

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.

 

            Шүүгдэгч Д.О нь үргэлжилсэн үйлдлээр иргэн Д.О-Бээс “барилгын ажлын 4 тэрбум төгрөгийн зээл бүтээж өгнө” гэж хуурч, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын хооронд 59.500.000 төгрөгийг “Хаан банк” дахь Б.Эын нэр дээрх 5029329549 дугаарын дансаар, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр бэлнээр 25.000.000 төгрөгийг тус тус авч, нийт 84.500.000 төгрөгийг залилан авч,

            иргэн Ц.Таас “Бүгд Найрамдах Хятад Ард улсаас их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа, уг мөнгөнөөс их хэмжээний зээл танд авч өгнө” гэж хуурч, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас, 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 4.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Улсын их дэлгүүр дотор байрлах Хаан банкны салбараас, 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 10.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараас тус тус “Хаан” банк дахь өөрийн эзэмшлийн 5753628931 дугаарын дансаар шилжүүлэн авч, мөн бэлнээр 2017 оны 7 дугаар сард 1.000.000 төгрөгийг бэлнээр авч нийт 20.000.000 төгрөгийг залилан авч бусдад нийт 104.500.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.О нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тус хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.Од 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Д.Огийн цагдан хоригдсон нийт 51 /тавин нэг/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Д.Од шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Огоос нийт 57.600.000 /тавин долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Т /РД:УУ64060402/-д 3.100.000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөг, хохирогч Д.О-Б /РД:ШБ68061702/-д 54.500.000 /тавин дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Ц.Т нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт шүүгдэгч Д.Огийн нэр дээрх “Хаан” банкны 5431078834, 5753628931 дугаартай дансны орлого, зарлагын гүйлгээнд хязгаарлалт тогтоож битүүмжилсэн тогтоолыг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүхээс Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар түүнийг гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн бөгөөд шийтгэх тогтоолд “хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хохирогч нарын гомдолгүй” гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцсэн байх боловч хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хавтаст хэрэгт авагдсан баримтаар Ц.Тт 3.100.000 төгрөг, Д.О-Бт 54.500.000 төгрөгийн хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, анхан шатны шүүхэд ч гомдолгүй гэдэг хөнгөрүүлэх хүсэлт гаргасан бөгөөд харин энэхүү шүүхийн шатанд хохирлыг бүрэн төлсөн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлж болно...” гэж заасан хэрэглэвэл зохих ёстой хуулийг хэрэглээгүй. Шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цар тахлын улмаас шинээр байгуулсан гэрээ хэлэлцээрт гарын үсгээ зурж чадаагүй, бусад баримт бичгээ бүрдүүлээгүй, зээлийн болон хөрөнгө оруулалт, бусдаас авах авлага, мөнгө, төгрөгөө авч чадаагүй зэргээс хохирлын зарим хэсгийг төлж амжаагүй. Дээрх байдалдаа дүгнэлт хийж, хохирлыг гомдол гаргах хугацаанд бүрэн төлж барагдуулан, гэм хорыг арилгаж, хохирогч нар ч цаашид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бичгээр гаргаж өгсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал, насанд хүрээгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ асардаг, гэм хорыг арилгасан, хохирлыг бүрэн төлсөн зэргийг харгалзан хорих ялыг торгох ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Оросын Холбооны улсаас хөрөнгө оруулалт авах гэж Бадрах гэх хүнтэй холбогдож байсан минь үнэн. Энэ хугацаанд Тагнуулын байгууллага болон Авилгатай тэмцэх газарт гэрчийн мэдүүлэг өгч байсан. Зохиомлоор ийм нөхцөл байдлыг үүсгээгүй. Үүнээс болж би өөрөө болон эдгээр хүмүүсийг хохироосон. Би өөрөө Сүхбаатар дүүрэгт хохирогчоор тогтоогдоод явж байгаа. Энэ хэргээс болж гэр бүл маань салсан. Өөртөө дэндүү итгэлтэй зоригтой байснаас болж ийм байдалд хүрч өөрийн үл хөдлөх хөрөнгөө алдсан. Намайг уучлаарай .” гэв.

Хохирогч Д.О-Бийн өмгөөлөгч К.Бауиржан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ шүүх хуралдаан хүртэл хугацаанд ямар нэгэн байдлаар хохирлыг барагдуулаагүй. Анхан шатны шүүхээс хохирогч Д.О-Б 54.500.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралд дээр “Оросын Холбооны улсаас хөрөнгө оруулалт авах гэж Бадрах гэх хүнтэй холбогдож байсан” гэж хэлж байсан. Гэтэл бодит байдал дээр тийм зүйл болоогүй. Энэ хэрэгт Д.О-Б гэх хүнээс гадна Т, Магалжав гэх хүмүүсийг хохироосон талаар тайлбар мэдүүлэг хавтас хэрэгт авагдсан. Бүгд Найрамдах Хятад Ард улсаас их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх гэж байна. Тэр мөнгөнөөс маш бага хэмжээний хүүтэй зээл олгоно гэж хэлээд урьдчилгаа, зуучлалын хөлс гэх байдлаар эдгээр мөнгийг авсан. Энэ бүх нөхцөл байдал нь хэргийн баримт нотолгоо болох гэрч нарын мэдүүлэг тайлбар холбогдох баримтаар бүрэн дүүрэн нотлогдсон гэж үзсэн. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Д.Огоос хохирол төлбөрийг барагдуулчих гэж удаа дараа хандаж байсан. Д.О нь хохирол төлбөрийг барагдуулна гэж удаа дараа хэлж байсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Анхан шатны шүүхээс үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор Г.Анармөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирол төлбөр төлөгдөөгүй учир эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.О нь:

  1. Иргэн Д.О-Бээс “барилгын ажлын 4 тэрбум төгрөгийн зээл бүтээж өгнө”

гэж хуурч, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын хооронд 59.500.000 төгрөгийг “Хаан банк” дахь Б.Э-ын нэр дээрх 5029329549 дугаарын дансаар, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр бэлнээр 25.000.000 төгрөгийг тус тус авч, нийт 84.500.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

            Хохирогч Д.О-Бийн “...2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ...нөхөр Аб-ыг уулзуулсан чинь “4 тэрбум төгрөгийн, хүү багатай зээл авч өгье, чи зуучлалын хөлсөнд нь 50.000.000 төгрөг бэлэн өг, зээл авсны дараа 6 хувийг надад өг” гэж хэлсэн байдаг. ...би өөрөө Отгонхорол гэдэг эмэгтэйтэй утсаар яриад чи үнэхээр бүтээж чадах уу? Ямар хугацаанд бүтээж чадах вэ? гэсэн чинь “би 1 сарын дотор бүтээж чадна, гэхдээ 50.000.000 төгрөгөө бэлнээр өгөх юм бол болно гэж надад хэлсэн. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэрт нь буюу замын цагдаагийн хажууд нэг айлд явж очоод Отой уулзсан чинь дээрх хэлсэн үгийг бүгдийг дахин хэлээд Хятад улсаас мөнгө орж ирэх гэж байгаа гэж ярьсан. Тухайн үед манай нөхөр Од мөнгө өгөхгүй, нэг л бүтэхгүй, худлаа яриад байна гэхээр нь би зөрөөд өгнөө, гэрээ хийгээд өгье гээд тухайн өдөр нь буюу 5029329549 дугаартай дансанд 25.000.000 бэлэн өгсөн. Үлдсэн 25.000.000 төгрөгийг Центр пойнтын хажууд талын 145 дугаартай нотариат дээр бэлэн өгч авалцсан. Гар хөлийн үсэг зураад баталгаажуулан өгсөн байгаа. Сарын дараа барилгын ажлын 4 тэрбум төгрөгийн зээл бүтээж өгнө өө гээд тэр цагаас хойш нэг ч мөнгө төгрөг буюу 50.000.000 төгрөгийг авч чадалгүй одоог хүртэл явж байна...хууль хяналтын байгууллагад хандах болно гэхээр өнөө маргааш өгнө, одоо зээл бүтэж байна, бараг гарчихлаа гэх мэтээр удаа дараа хэлээд 50.000.000 төгрөг надаас авчхаад одоог хүртэл өгөхгүй залилсан. ...Мөн Од гэрээ хийлгүйгээр нийт 34.500.000 төгрөг увуулж, цувуулж өгсөн. ...О нь одоо надаас нийт 84.500.000 төгрөгийг залилан мэхэлж авчихаад явж байгаа. ...О би зээл хөөцөлдөж явдаг, гаргаж өгч чадна гэж хэлээд жил гаран залилан мэхлээд алга болоод өдийг хүрлээ. ...3ээлийн гэрээ хийж мөнгө төгрөг өгсөн асуудал нэг ч удаа байхгүй. Харин хавтаст хэргийн 3 худаар хавтасны 130 дугаар хуудсанд байгаа зээлийн гэрээ бол Х ХХК нь гаднаас хөрөнгө оруулалт оруулж ирнэ, тэр мөнгөнөөс танайд өгнө гэж гэрээ байгуулж байсан. ...2017 оны 5 дугаар сарын 11-нд хийсэн байгаа...” /хх 157-158, 5 хх 6/,

гэрч Б.Аб-ын “...2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Х ХХК-ийн нэр дээр О нь Оросын Холбооны улсаас хөрөнгө оруулалт орж ирсэн байна гэсний дагуу хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Ингээд гэрээний хөрөнгө оруулалт орж ирээгүй. Дараа нь асуухад Оросын холбооны улсаас орж ирээгүй, ирсэн байна гэх мэт янз бүрийн үг яриа ярьсаар байгаад өдийг хүрсэн...Бид нарын гэрээнд бол би 4.000.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хүссэн байгаа. Гэтэл зуучлалын хөлсөөр бол эхнэр бид хоёр 84.500.000 гаргаж өгсөн байгаа... /3 хх 186/,

гэрч Б.Эт-ийн “...Тухайн үед О гэдэг хүнийг анх Даваа гэдэг хүн Барилгын хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа гэж ярьж байхаар нь гар утсыг нь тэмдэглэж аваад өөрийн найз О-Б, Ариунболд хоёрт тус болчих бодолтой нөгөө хүн рүү буюу О руу залгаад та барилгын хөрөнгө оруулалт хийж байгаа юм уу гэж асуусан чинь “тийм ээ, би барилгын хөрөнгө оруулалт хийж байгаа” гэж хэлэхээр нь нэг хүн дагуулж уулзуулъя гэж яриад өөрийн найз Ариунболдод энэ талаар яриад Отой уулзуулсан...Хэсэг хугацааны дараа залилчихлаа гээд над руу ярьж байсан...” /3 хх 187/,

шүүгдэгч Д.Огийн “...Х ХХК бол манай нөхөр байсан Батсүхийн компани байгаа юм. Тийм болохоор би Батсүхийн эхнэр болохоор тухайн компанийн итгэмжлэлтэй гэрээ хийдэг байсан. ...Би О-Бээс энэ бүх асуудал өрнөхөөс өмнө л мөнгө зээлээч гэж хэлсэн юм. Тэгээд мөнгө зээлэх үедээ ямар нэгэн байдлаар гэрээ байгуулаагүй байсныг дараа нь нэмж мөнгө зээлэхдээ зээлийн гэрээг нотариат дээр байгуулж мөнгийг нь авсан юм. ...Компани руу хөрөнгө оруулалт хийнэ гэсэн болохоор л Х компаниар гэрээ хийсэн байдаг юм. Гэхдээ энэ асуудалд компани ямар ч хамаагүй. Т, О-Б нараас орж ирсэн мөнгийг би авч цааш нь шилжүүлж байсан. Компанийн данс руу орсон асуудал байхгүй. ...Би хамгийн анх О-Бээс 50 сая төгрөг авч байсан. Хэзээ авснаа санахгүй байна. 2017 оны 4 дүгээр сард авч байсан. Тэгээд 34 сая төгрөгөө цувуулаад авч байсан. Нийтдээ 84.500.000 төгрөг авсан нь үнэн. Ингээд үүнээсээ 30 сая төгрөгийг нь буцаагаад өгчихсөн байгаа...” /4 хх 245- 247, 5 хх 12-13/,

            шүүгдэгч Д.О болон хохирогч Д.О-Б нарын хооронд байгуулсан гэх “Зээлийн гэрээ” /3 хх 130-131, 141-146/,

мөнгө хүлээн авсан тухай баримт /3 хх 134-135/;

2. Иргэн Ц.Таас “Бүгд Найрамдах Хятад Ард улсаас их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа, уг мөнгөнөөс их хэмжээний зээл танд авч өгнө” гэж хуурч, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас, 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 4.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Улсын их дэлгүүр дотор байрлах Хаан банкны салбараас, 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 10.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараас тус тус “Хаан” банк дахь өөрийн эзэмшлийн 5753628931 дугаарын дансаар шилжүүлэн авч, мөн бэлнээр 2017 оны 7 дугаар сард 1.000.000 төгрөгийг бэлнээр авч нийт 20.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Тийн “...2017 оны 6 дугаар сард Тамир гэх өөрийн танилаар дамжуулан О гэх эмэгтэйтэй танилцсан юм. О нь тухайн үед өөрийн “Х” гэх компаниар дамжуулан БНХАУ-аас их мөнгөний хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа, хөрөнгө оруулалт оруулж ирээд хэдхэн тоймтой хүнд их хэмжээний зээл бүтээж өгнө гэж ярьж байсан юм. ...Миний материалыг үзээд танд зээл өгч болох юм байна гэж хэлсэн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа О над руу өөрөө залгаад та бичиг баримтаа мэйл хаяг руу явуулчих гээд нэг хаяг өгсөн. Би тэр хаяг руу нь бүх бичиг баримтаа явуулсан. Материал явуулсны маргааш нь О над руу залгаад танд 800 сая төгрөг бид нар олгохоор боллоо. Одоо энэ хүмүүс хэцүү шүү дээ, урьдчилгаа болгож 50 сая төгрөг яаралтай олж өг гэсэн. Тэгвэл таны зээл 2-3 хоногийн дотор гарлаа гэж байсан. ...Би Од 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр танил Катя гэх хүнээс 10 хувийн хүүтэй 7 хоногийн хугацаатай 5 сая төгрөг авч Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн урд талын Хаан банкин дотроос шилжүүлсэн. ...Дараа нь 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Нараа гэх хүнээс 4 сая төгрөгийг 15 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж Улсын их дэлгүүрийн дотор талд байдаг Хаан банкнаас шилжүүлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Тогтох гэх хүнээс 10 сая төгрөгийг 7 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж О руу Урт цагааны урд талын Хаан банкин дотроос шилжүүлсэн. 2017 оны 7 дугаар сард О охин руугаа мөнгө явуулах гэсэн юм гээд 1.000.000 төгрөг авсан байсан юм. Ингээд нийт 20.000.000 төгрөг авсан. ...Мөнгө нь орж ирэхгүй болохоор нь би өдөр болгон асуудаг байсан. Тэгтэл их хэмжээний зээл авах гэж байж та хорьхон сая төгрөгийн эрсдэл үүрч чадахгүй байгааг манай Монгол банкны хүн сонсоод гайхаад байна гэж хүртэл надад хэлж байсан. ...Ерөөсөө гар утсаа авдаггүй. Дандаа мессежээр харьцдаг...” /2 хх 160-161/,

гэрч Д.З-ын “...манай эхнэр О гэх эмэгтэйтэй уулзаж зээл авах шаардлагатай байгаа талаараа хэлсэн байсан ба О нь БНХАУ-аас гадна хөрөнгө оруулалтын зээл оруулж ирнэ, тэр зээлэнд оруулж өгнө гэж итгүүлсэн байсан. Тэгээд О нь манай эхнэрт зээл авахын тулд урьдчилгаа 50 сая төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн байсан. Бидэнд ч тийм мөнгө байхгүй учраас 20 сая төгрөгийг л бүрдүүлж өгөхөөр болсон. ...мөнгийг өгсний дараа О нь болно гэж явсаар сүүлдээ цаг хугацаа их алдаж итгэл алдрах болсон...” /4 хх 5/,

шүүгдэгч Д.Огийн “...би ОХУ руу нэг удаа яваад зуучлагч хүмүүсээрээ дамжуулан хөрөнгө оруулагч компанийн Виктор гэх хүнтэй холбогдоод мөнгө авахаар тохироод ажил бүтэмжтэй болсон байсан учир Тийн асуудлыг шийдчих байх гэж бодоод түүнд мөнгийг бүтээж болно гээд хэлчихсэн. 2017 оны 6 дугаар сарын 23-нд би Увс аймаг руу ажлаар явсан бөгөөд очсон хойноо мөнгөний хэрэг гараад хүүхдийнхээ дансаар дамжуулан 1.0 сая төгрөгийг Таас удахгүй эргэж өгнө гэж хэлээд зээлж авсан. Үүнээс хойш хөрөнгө оруулалтын ажлаа бүтээх зорилгоор надад мөнгөний хэрэгцээ их гарсан. Тийм учраас Таас 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5 сая төгрөг, 9 дүгээр сарын 4-ний өдөр 4 сая төгрөг, 9 дүгээр сарын 6-ны өдөр 10 сая төгрөгийг зээлж авсан. 20 сая төгрөгийг хөрөнгө оруулалт авах гэж Увс аймаг руу 2 удаа явах замын зардал, ажилчдын цалин зэрэгт зарцуулаад л дуусгасан. ... Би тэр эмэгтэй Т гэгчээс 20 сая төгрөг авсан нь үнэн...” /2 хх 164-165, 5 хх 68-82/ гэх мэдүүлгүүд,

Хаан банкны 5753628931 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /4 хх 68-82/,

мөнгө хүлээлгэн өгсөн талаарх баримт /2 хх 152-153/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Ог үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

 

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Д.Огийн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх тул “...хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн  агуулга бүхий шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Д.О нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байх бөгөөд дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн хувийн байдал нь түүний засрал хүмүүжлийг олоогүй байдлыг илтгэж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/224 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ                                        

 

                        ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ