| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2025/0945/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1274 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Билгүүн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1274
2025 5 15 2025/ШЦТ/1274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
улсын яллагч Х.Билгүүн,
шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Нт холбогдох эрүүгийн “2411026140110” дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О.Н.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Н нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч болох хохирогч Э.Аг хардаж, улмаар түүний биед халдан зодож “тархи доргилт, 2 гарын шуу, сарвуу, зүүн хацар, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн хацар, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18:59 цагт 80037954 дугаарын утаснаас Шуурхай удирдлагын төвийн 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 8 дахь тал/,
- Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Даваадуламын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 170 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 15 дахь тал/,
- Хохирогч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Чулуунсүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13317 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
- О.Нын хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 55-58 дахь тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч О.Н нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч болох хохирогч Э.Аг хардаж, улмаар түүний биед халдан зодож “тархи доргилт, 2 гарын шуу, сарвуу, зүүн хацар, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн хацар, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18:59 цагт 80037954 дугаарын утаснаас Шуурхай удирдлагын төвийн 102 тусгай дугаарын утсанд ирсэн: “...хажуу айлын хүн эхнэрээ аймар зодоод алах гэж байна.” гэх дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 8 дахь тал/,
- Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Даваадуламын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 170 дугаартай “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан зөрчил шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /хавтаст хэргийн 15 дахь тал/,
- Хохирогч Э.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би О.Н гэх залуутай 2022 онд танилцаад үерхээд тухайн ондоо хамт амьдарч эхэлсэн юм. О.Н Япон хэлний орчуулагч ажилтай. 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би ажлаасаа тараад гэртээ 18 цагийн үед иртэл манай хамтран амьдрагч О.Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед надад “даавуунаас өөр эрэгтэй хүний үнэртэй ус үнэртээд байна” гэж хэлээд хардаад миний нүүр, цээж рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд миний үснээс зулгааж зодсон. Тэр үед О.Н миний хүзүүн дээр өвдөглөж суусан. Би ухаан алдах гээд байсан тул О.Ноос “би ухаан алдах гээд байна. Намайг босгочих” гэж хэлээд гуйгаад гэрийнхээ хаалгаар гарч зугтаад хажуу айлын хаалгыг цохиж тусламж хүсээд цагдаа дуудсан юм. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Би тухайн өдөр О.Нт зодуулсны дараа ямар нэгэн эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах хэмжээний бэртэл гэмтэл аваагүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Чулуунсүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13317 дугаартай: “...Э.Агийн биед тархи доргилт, 2 гарын шуу, сарвуу, зүүн хацар, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн хацар, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн алгадах, цохигдох үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “хамтран амьдарч байсан, хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүдийг тогтоосон байх ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн сэдэлт зорилго нь үл ялих зүйлээр шалтагласан, шалтаг шалтгаангүй, эрхшээлдээ байлгах гэсэн шинжийг агуулж байдаг тул прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүхээс дүгнэлээ.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Н нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хохирогч Э.Аг хардаж, улмаар түүний биед халдан зодож “тархи доргилт, 2 гарын шуу, сарвуу, зүүн хацар, зүүн нүдний зовхинд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн хацар, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал” гэмтэл учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Э.Агийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч О.Нын идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч зүгээс шүүгдэгч О.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр ял оногдуулах саналыг гаргав.
Шүүгдэгч О.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, өрнөл, хохирогчийн үйлдэл оролцоо, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч О.Нт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Иймд шүүхээс шүүгдэгч О.Нын хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Э.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч О.Н нь бусдад төлөх төлбөргүй байна
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ныг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч О.Н нь энэ хэргийн улмаас бусдад учирсан шууд хохиролд төлөх төлбөргүй ба хохирогч Э.А нь гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ